Есдүгээр сар дундаа орлоо. Хөдөөгүүр хүйтэн бороо асгаж уулынхаа оройгоор нойтон цас хаялж байна. Яг энэ цаг мөчид хөдөөнийхөнд өвс хадлангаа бэлтгэх, мөн өвлийн түлээ түлш модоо бэлтгэх амаргүй хоёр ажил тулгарч ирдэг. Өвс хадлангийн хувьд ургац сайтай байхад асуудалгүй. Олныхоо дэмээр болчихно. Харин мод бэлдэж авна гэдэг хэн бүхэнд амаргүй даваа. Өвлийн бэлтгэл гээд байгаагийн хамгийн гол ажил энэ. “Яаж нэг өвлийнхөө түлштэй залгаж авдаг юм байгаа. Хотод суугаа хүүхдүүд нэг юм бодож л байдаг байлгүй. Өвгөн бид хоёрын хувьд уулнаас мод хийж гаднаа буулгана гэдэг ч санаад санаад сачий хүрэхгүй ажил байх аа” гэж айл гэрийн хөгшид бодолд дарагдаж суудаг. Хөдөө сум суурингийнхны яг бодит амьдрал өнөөдөр ийм л байгаа. Бүгд л модоо яаж бэлдэж авна даа, яаж ийгээд ганц машин мод хашаандаа буулгаад авбал ч болох нь тэр хэмээн шаналж суугаа.

Хөдөө аймаг сумынхны айлууд хашаандаа наад зах нь нэг машин, зарим айл нь 2-3 машин мод буулгана. Одоо бол портероор зөөдөг болсон. Нэг портерт дунджаар дөрвөн метр куб мод багтдаг. Найман метр куб мод хоёр портер болно. Хуучны ЗИЛ-130-ын урт тэвшинд бол 8-9 метр куб мод багтдаг байсныг бид мэднэ. Ингэхээр жирийн нэг айл гэр өвлийн түлшиндээ бараг л 16-18 метр куб мод хэрэглэдэг гэх тооцоо гарч байна. Тэр их модыг хоёр хөгшин, хөрөө сүх барьж ууланд гараад хөрөөдөөд цагаалаад, ачаалаад ирж чадахгүй нь мэдээжийн учир хотоос үр хүүхдүүд нь очиж тусалдаг болсон. Ер нь тэгээд мод хөрөөдөж унагах, унагасан хойноо салаа мөчрүүдийг нь цавчиж салгах, том том ярыг нь авч хаях, холтос зомголыг нь түүхээс аваад хөгшид байтугай залуу идэр хүмүүсийн санааны зоргоор хийгээд байдаг ажил ч биш л дээ. Дээхнэ үед Монгол Улсын модны төлөвлөгөөг хангаж байсан Сэлэнгийн Бэрлэг Бугантын хорих ангийн хоригдлууд мод хийх, уулнаас үхрээр цагаалж буулгах ажлаас бүр нэг нуруугаа авахуулсан морь гэдэг шиг зүрх нь үхчихсэн байдаг сан. Хөөрхий Хадаа аварга хэцүү нэртэд суухдаа хатуу хөтүү гэлтгүй зүтгэж байсан гэдэг. Ийм хүнд хүчир ажил учир хөдөө гадааныхан намрын намар модоо бэлдэж авна гэхээс зүрх алдаж суудаг. Хашаандаа модоо буулгаад авсан айл бол мэдээж өвлийнхөө бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангачихлаа гэсэн үг.

Сум суурин олноор бий болсон 1940, 1950-иад оноос монголчууд модоо түлж эхэлсэн. Түүнээс өмнө нь аргал хөрзөнгөө түлээд амар суудаг байсан. Байшин, хашаа хороотой болоод эхлэхээр аргалын гал гэр орныг нь дулаацуулж дийлэхээ болиод уулнаас мод бэлддэг болсон. Мөн сургууль, эмнэлэг, захиргааны түлээ бэлтгэх гэж бас нэг тамын ажил. Сургуулийн галч, байрны багш, захиргааны зарлага, эмнэлгийн ажилчид гээд олон хүн энэ тамын ажилд дайчлагдана. За тэгээд мод бэлтгэх явцад түймэр ёс юм шиг гарна. “Тэр уулын ар шатаж байна. Арайхийж галыг нь цурманд орууллаа. Модонд явсан нөхдүүд түймэр тавьчихжээ” гэсэн яриа хаа сайгүй дуулддаг. Модонд явсан нөхөд түймэр тавьж уул хангайгаа шатаахаас гадна нойтон мод огтолж ёс бусын үйлдэл гаргадаг. Ёстой нэг гол харламаар, залуу сайхан нойтон моднуудыг толгой дараалан огтлоод алга болдог. Модны гоожин авсан нэрээр тухайн сум суурингийнхаа байцаагч нартай хуйвалдаад хулгайн нөхдүүд ойгоо тэр чигээр нь буулгаж аваад зөөдөг.

Өнгөрсөн өвөл Эрдэнэт хотод нэг машин мод 500 мянга хүрч байсан. Машин гэдэг нь портерийг л хэлж байгаа байлгүй. Тэгэхээр нэг портер мод л 500 мянгатай байх жишээний. Улаанбаатар хотод, модны Цайз захад нэг машин хуш мод 1-3 сая төгрөгийн үнэтэй байна гэж дуулдаж байсан. Одоо бол бүр л нэмэгдэж байгаа. Цайз захын модны худалдаачид нэг машинд 15-20 шоометр, бүр том машин бол 45 шоо метр мод багтдаг тухай хэлж байсан. Ургаа мод, урсгал усаа хайрлах тухай эцэг өвгөд минь сургасаар ирсэн. Энэхүү зарлиг сургаалын эсрэг явж байгаа нь харамсалтай. Гол мөрний ай сав газар, урсгал усны эх ундарга болсон газар цахилгаан хөрөө тачигнаж байдаг. Ингэж бид байгаа бүхнээ барж байгаа хүмүүс л дээ. Монгол орны нийт нутгийн найман хувийг ой мод эзэлж байна гэсэн нарийн судалгаа гарсан. Тэгвэл монголчууд бид тэрхүү найман хувийн ойгоо зүсэж мөнгө олно гэхээсээ түлж дуусгаж байгаа ард түмэн. Хуурай нойтон, хөгшин залуу гэлтгүй газар сайгүй модоо түлж байна.

Энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс зарахыг хориглосон. Үндсэндээ хотын иргэд түүхий нүүрс түлэх аргагүй болсон. Яг үүн шиг Монгол Улсын хөдөөх аймаг, сум суурин болон бүр хөдөөний нөхцөлд мод түлэхийг хориглох шийдвэр гаргавал яасан юм бэ. Хөдөөгийн бид чинь хаяанд байгаа модоо түлэхгүй өөр юугаа түлэх юм гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл нүүрсээ түлэхгүй юу. Тэртэй тэргүй Улаанбаатар хотод хориглочихлоо. Бүр ч таатай нөхцөл бүрдээд ирлээ. Монгол Улс бол нүүрсний хувьд жинхэнэ бассейн болсон орон. Дэлхийд нүүрснийхээ нөөц хэмжээгээр эхний аравт эрэмбэлэгддэг. Монгол Улсын нүүрсний батлагдсан нөөц 37.4 тэрбум тонн. Таамаг нөөц 173.3 тэрбум тонн. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн ердөө 30-аадхан хувьд хийсэн судалгааны дүн. Үүнээс зөвхөн Багануурын уурхай гэхэд л олон улсын JORC стандартаар үнэлэгдсэн нийт 812.сая тонн баталгаат нүүрсний нөөцтэй. Нүүрс шиг их юм Монголд үнэндээ алга. Улаанбаатар хотоос бусад суурин газар, хөдөөгийнхөн энэ намраас эхлээд нүүрсээ түлдэг болъё. Мод чулуу бэлтгэх гэсэн тэр их дарамтнаасаа одоо салах цаг нь болсон. Амьдралын хэв маяг, хэмнэлээ одоо өөрчилье. Хэрвээ хөдөө гадааны-хан, аймаг сум суурингийнхан нүүрсээ түлээд эхэлбэл Монголын эдийн засагт эргэлт ирнэ. Нүүрсний энэ олон орд уурхайгаа айл өрх бүр дэмжинэ. Дээрээс нь нүүрсийг хотод уурхайгаас нь авчираад айл өрх бүрийн хэрэгцээнд тааруулж шуудайлж савлаад зардаг шиг хөдөөх сууринд тийм нөхцөл дорхноо бүрдэнэ. Сум суурин бараадсан ядарсан хөгшин эмгэн хоёр уулнаас мод авчрах гэж бусдыг царайчлахгүй, хүн амьтны гар харахгүй гэрийнхээ гаднаас л нүүрсээ худалдаж аваад түлнэ. Ингэж өвлийн түлш хүн бүхний гарын дор болж ирнэ. Ийм л зохицуулалт хэрэгтэй харагдаад байх юм.

“Монголд 1.2 тэрбум шоо метр ой мод байна. Үүний 66 орчим хувь буюу 800 гаруй сая шоо метр мод одоо ургаж байна. Эдгээр модны 30 орчим хувь нь хөгширсөн. Харахад өндөр ч хөрөөдөөд үзэхээр өгөршсөн. Нийт ойн 30 гаруй хувь нь босоогоор эсвэл унаад хатчихсан. 240 гаруй сая шоо метр мод хатсан байдалтай байна. Энэ модыг цэвэрлэхгүй бол ой улам доройтно. Монгол орны ой бол байгалийн унаган ой. Тэр утгаар устах аюул ойрхон байна” гэж ойн чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн С.Батсүх хэлж байна. Ойгоо түлээд дуусчихвал юу болох билээ. Тэгэхээр Монголын төрөөс энэ салбарт зохицуулалт хийх цаг нь ирсэн байна. Нүүрс түлээд хөдөө аймаг сумынхан утаанд дарагдана гэж бодож байгаа байх. Гэвч Улаанбаатар шиг дөрвөн уулын дунд хашигдсан, утаа нь сарниж алга болох боломжгүй, дороо нам суудаг тийм суурин ховор. Дэрэээс нь аймаг сумын хүн амын тоо их хоттой харьцуулахад юман чинээ хүрэхгүй. Улаанбаатарт амьдарч байгаа 390 мянган өрхийн 60 хувь буюу 220 мянган өрх нь гэр хороололд амьдардаг.

Тэгвэл хөдөө суманд дунджаар 1000 гаруй өрх бий. 220 мянган айлын утаатай харьцуулах 1000 айлын утаа хөдөөгийн цэнгэг агаарт юу ч болохгүй. Тэгэхээр агаарын бохирдлын тухай ярихад арай хээнцэрдэнэ. Эдгээр судалгааг тал бүрээс нь аваад үзэхээр хотод хориглосон түүхий нүүрсээ хөдөөдөө түлж эдийн засгийн эргэлтэд оруулах нь цаг үеийн шаардлага болжээ. Тэгж байж Монгол Улс ой модныхоо экологийг хадгалж үлдэнэ. Харин энэ байдлаар цааш үргэлжилбэл бид ойгоо түлээд дуусна, нүүрсний зах зээлд дотооддоо ямар ч эргэлтгүй зогсоно. Өнөө л модоо бэлтгэдэг хуучин арга, амьдралын дарамт, ойн түймэр, дээрээс нь асар их аваар осол тэр бүгдээсээ салж чадахгүй. Улам ухарна гэсэн үг.