Саяхан УИХ-аар хэлэлцэн баталсан Эрүүгийн, Зөрчлийн хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар академич, хуульч С.Нарангэрэлтэй ярилцлаа.

 

-Та өнгөрсөн долоо хоногт баталсан Эрүүгийн шинэ хуулийг төсөл байхад нь үзэл баримтлалын хувьд хурцаар шүүмжилж байсан. Эрүүгийн хууль судлалын нэрт эрдэмтэн таны шүүмжийг хэрхэн хүлээж авсан бол?

 

-Аливаа улсын Эрүүгийн хуулийг Үндсэн хуулиас бусдынх нь эцэг хууль гэж нэрлэдэг. Учир нь, энэ хуулиар Монголын ард түмний язгуур эрх ашигтай холбоотой, Монгол Улсын хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг гэмт халдлагаас хамгаалж, юуны өмнө хохирогчийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьдаг. Хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр төр, өмчийн бүх хэлбэр, байгаль орчин, нийгмийн дэг журам, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг гэмт халдлагаас хамгаалдаг. Иймээс Эрүүгийн хуулийн үзэл баримтлал бол юуны өмнө хохирогчдын эрх ашгийг гэмт халдлагаас хамгаалахад тэргүүн зэрэгт чиглэх ёстой. Төсөл энэ шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хуулиар нэгдүгээрт, Монгол Улсад ямар хэргийг гэмт хэрэг гэж тооцох, хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хэлбэр, хэмжээний ял ногдуулах вэ гэсэн хоёр үндсэн асуудлыг зохицуулдаг. Гэмт хэргийн үндсэн шинж, ялын тухай хуульчилсан тодорхойлолтууд нь шинжлэх ухааны үндэслэлттэй, уламжлалаа хадгалсан, дэлхий нийтийн жишигт хүрсэн байх шаардлагыг төсөл хангаж чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

 

-Хуулийн төслийг өргөн барьсны дараа УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн хавар таныг урьж, ярилцлага хийсэн гэж сонссон. Энэ талаар?

 

-УИХ дахь сөрөг хүчин энэ хуулийн төслийн талаар хуульч эрдэмтдийн санал бодлыг сонсох шаардлагатай гэж үзээд намайг намынхаа бүлгийн хуралд зориуд урьсан. Би бараг 1.30 цаг төслийн талаар мэдээлэл хийсэн. МАН-ын бүлэг эрдэмтэн мэргэдээ түшиж байна даа гэж бодсон шүү.

 

-УИХ-ын гишүүн мэргэжлийн хуульчид энэ хуулийг хэлэлцэн батлахад бараг оролцсонгүй. Энэ шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

 

-Одоогийн УИХ-д хэд хэдэн хуульч бий. Тэд яагаад оролцоогүй гэхээр энэ төслийг батлах боломжгүй, шаардлага хангаагүй гэж үзсэн байх. УИХ-ын гишүүдээс Ц.Нямдорж гишүүн Эрүүгийн хуулиар нэлээд мэргэшсэн хүн. 2002 оны Эрүүгийн хуулийг батлуулахад тэрбээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Бас практикт их нухлагдсан хуульч. Ер нь Эрүүгийн хуулийн төслийг мэргэшсэн, эрдэмтэн, хууль зүйд гаршсан хуульчид боловсруулах ёстой. Ийм төслийг парламент Монголын хууль сахиулах байгууллагын удирдлагыг байлцуулан шүүсийг нь шахтал, тал бүрээс нь нухацтай хэлэлцэн байж батлах ёстой хууль. Асар их үр дагавартай. Хэрэв энэ хуульд ноцтой буруу заалт ороод хэрэгжүүлээд эхэлбэл засч залруулахын аргагүй алдаанд хүргэдэг юм. УИХ мэргэжлийнхээ хуульчдыг тэр тусмаа Ц.Нямдорж гишүүн шиг хал дол үзсэн, салиа нь арилсан хуульчдынхаа үгийг аваагүйд үнэхээр харамсч байна. Ингэхээр энэ хуулийг УИХ дахь мэргэжлийн хуульчид хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэхэд хилсдэхгүй. -Эрүүгийн хуулийг батлахад ашиг сонирхлын илэрхий зөрчилтэй зарим гишүүн идэвхтэй оролцлоо гэснээ та тайлбарлаач? -Хууль зүйн сайд байхдаа салбараа самарчихсан хүн Монгол Улсын Эрүүгийн хуулийг дахиад самарчихлаа гэж зориуд онцлон хэлмээр байна. Энэ гишүүн төрсөн хүүхдээ бусдад хууль бусаар үрчлүүлж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь хэвлэл мэдээллээр нэгэнт илэрхий болсон. Даган мөрдөж буй Эрүүгийн хуульд хүүхэд хууль бусаар үрчлүүлэхийг гэмт хэрэгт тооцсон. Гэтэл шинэ хуулиар гэмт хэрэг биш болгочихлоо. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө үйлдсэн хэргийг хууль тогтоогчийнхоо эрхийг хортойгоор урвуулан ашиглаж, гэмт хэрэг биш болгож байна. Иймд шинэ Эрүүгийн хуулийг батлуулахад зарим нэг гишүүн хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа биз.

 

-Та Эрүүгийн шинэ хуулийг шинжлэх ухааны үндэслэл муутай болсон гэлээ?

 

-Энэ хууль дэлхийн аль ч улс орны хувьд шинжлэх ухаанд тулгуурласан, нийтээр хүлээн зөвшөөрсөн нэр томъёо, тодорхойлолттой байдаг. Гэтэл шинэ хуулийг би л лав уншаад ойлгохгүй байна.

 

-Гэмт хэргийн ойлголтыг буруу хуульчилсан гэж үзэж байгаагаа тайлбарлана уу?

 

-Дагаж, мөрдөж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэргийн үндсэн шинжийг нийгэмд аюултай, гэм буруутай, Эрүүгийн хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүй гэж тодорхойлсон. Гэтэл Эрүүгийн шинэ хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гээд заачихлаа. Тодруулбал, ямар ч хор уршиг учруулаагүй үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүнийг цээртэй үгээр хараавал энэ хуулиар гэмт хэрэгтэн болохоор байна. Жишээлбэл, иргэн, захиргаа, сахилгын эрх зүйн зөрчлөөс заагладаг гол шинж нь гэмт хэрэг заавал нийгэмд ноцтой аюултай, бусад зөрчлөөс илүү их хэмжээний хор уршиг учруулсан байдаг. Шинэ хууль маш олон хүнийг хэлмэгдүүлэх, ялимгүй жижиг зөрчлийг гэмт хэрэгт тооцох нөхцөлийг буй болгочихлоо.

 

-Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг өмнөх хуулиар хориглож байсан. Гэтэл шинэ хуулиар төсөөтэй хэрэглэхийг албан ёсоор хүлээн зөвшөөрчихлөө гэж та дүгнэжээ. Гэтэл Эрүүгийн шинэ хуульд “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан байна. Хэнийх нь зөв болж байна аа?

 

- Эрүүгийн шинэ хуульд хохирол, хор уршиг учруулахгүй байх талаар хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр үүссэн үүргээ биелүүлээгүйн улмаас хор уршиг бий болгосон бол гэмт хэрэг гэж үзнэ гэж заасан байгаа. Түүнчлэн захиргааны хэм хэмжээний актыг энэ хуулийн нэр томъёоны ухагдахууныг тайлбарлахад ашиглаж болно гэж заажээ. Энэ нь Эрүүгийн хуулийг тайлбарлахад бусад хууль байтугай Засгийн газрын тогтоол, аймаг, нийсэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжийг удирдлага болгоно гэсэн үг. Эрүүгийн хуулийг тайлбарлахдаа гэрээ хэлцлийг хүртэл авч үзнэ гэсэн хэрэг. Энэ нь Монгол Улсад аймшигтай хэлмэгдлийг дахин бий болгож болзошгүй. 1930-аад оны үеийн хэлмэгдүүлэлтийн үеэр 40 гаруй мянган гэм буруугүй иргэнийг улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн. Үүний 20 мянга гаруйг нь цаазалж, бусдад нь 10 жилийн хорих ял ногдуулсан. Ингэж бөөнөөр нь хэлмэгдүүлэхэд тэр үеийн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байсан явдал шууд нөлөөлсөн.

 

-Гэмт хэргийн ухагдахууныг Эрүүгийн хуульд маш зөв тодорхойлохгүй бол бусад бүх асуудал нь бурууддаг гэлээ. Таны ярианд “Гэмт хэргийн үндсэн шинж”, “Гэмт хэргийн бүрэлдэхүүн” гэсэн нэр томъёо гараад байх юм. Энэ хоёр ойлголт ялгаатай юу?

 

-Дагаж, мөрдөж байгаа Эрүүгийн хуульд энэ хоёр ойлголтыг ялгаатай заасныг шинэ хуулиар ижил болгосон. Гэмт хэргийн шинж гэсэн ойлголт нь түүнийг иргэн, захиргааны эрх зүйн зөрчлөөс ялгах гол шалгуур болдог. Хэрэв шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч тухайн үйлдлийг гарцаагүй гэмт хэрэг гэж үзвэл гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоох ёстой. Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол тодорхой төрлийн гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлдог ойлголт. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн олон гэмт хэрэг бий. Тэдгээрийн хоорондох ялгаа заагийг энэ шинжээр тодорхойлдог юм. Тиймээс цаашид тодорхой төрлийн гэмт хэргийг зааглаж ялгах шинжлэх ухааны үндэслэлгүй болгочихлоо.

 

-Зарим хуульч гэмт хэргийн ангиллыг оновчгүй тодорхойлсон гэж шүүмжилж эхэллээ. Энэ шүүмжлэлтэй та санал нийлж байгаа юу?

 

-Эрүүгийн шинэ хуульд гэмт хэргийн ангиллыг хүнд, ердийн гэж хоёр ангилсан байна. Хүнд гэмт хэргийг таваас дээш жил, ердийн гэмт хэргийг таваас доош жилийн хорих ялтай байхаар хуульчиллаа. Энэ шалгуурын нэг ноцтой алдаа нь гэм буруугийн хэлбэр, өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийг санаатай, эсвэл болгоомжгүй үйлдсэн үү гэдгийг харгалзах боломжгүй болгосонд оршино. Энэхүү ангилал нь Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн маш олон чухал асуудлыг шударга, оновчтой, зөв шийдвэрлэх боломжийг алдагдууллаа.

 

-Өмнө нь та Эрүүгийн хуулийн хамгийн гол асуудлын нэг нь ял байдаг гэсэн. Харин энэ удаад ялын талаар хэр зэрэг тусгав?

 

-Хууль зүйн шинжлэх ухааны хувьд эрүүгийн хариуцлага ба ял гэсэн хоёр ойлголт нь харьцангуй бие даасан шинжтэй байдаг. Эрүүгийн хариуцлага гэдэг нь тодорхой гэмт хэрэг үйлдэгдээд эзэн холбогдогч нь илрээгүй өдрөөс уг хэргийг мөрдөн шалгах эрх төр түүний тусгай байгууллагад байна гэсэн үг. Гэмт хэрэг үйлдсэн этгээд илчлэгдвэл хэргээ шударгаар шийдвэрлүүлэхийг төрөөс шаардах эрх түүнд үүсдэг. Хэрэв хэрэг илрэхгүй байсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал хэргийг хэрэгсэхгүй болгоно. Үүнийг эрүүгийн хариуцлага гэж үздэг. Харин ял бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутайг шүүх тогтоож, түүнд ногдуулсан шийтгэл юм. Энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага ял ногдуулахтай холбогдоно. Ингэж зааг ялгааг нь нарийвчлан тогтоож чадсангүй.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч цаазгүй улс болсноо дэлхийд зарласан. Гэтэл Эрүүгийн хуульд цаазын ял байсаар ирсэн. Харин энэ удаад бүрмөсөн хасч хаясан нь дэвшил үү?

 

-Ерөнхийлөгч цаазын ялгүй боллоо гэж тунхаглаж байхад би эсэргүүцлээ илэрхийлсэн. Аливаа ял тэр тусмаа цаазаар авах ял хохирогчдын эрх ашгийг гэмт халдлагаас хамгаалдаг. Бусдад урьд чилан сэргийлэх дохио, сур-гамж болдог. Манай улсад сүүлийн жилүүдэд үйлдсэн эрүүл хүний ой ухаанд багтамгүй, гал голомтоор нь хүйс тэмтэрсэн аймшигт гэмт халдлагаас эгэл иргэд хамгаалалтгүй болж байна. Эсрэгээр ийм хэрэг үйлдэгчдийг өөгшүүлэх эрх зүйн үндэс бүрдчихлээ

 

-Хуулийн этгээдэд ял ногдуулах гэсэн заалтыг шинээр нэмлээ. Үүний учир холбогдлыг уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

 

-Хуулийн этгээдэд захиргааны шийтгэл ногдуулдаг журмыг манай улсын захиргааны хууль тогтоомжид хэдийнэ тогтоочихсон байдаг. Одоо Эрүүгийн хуульд дахин заана гэдэг улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхнийг дампууруулах замд оруулж байна гэсэн болгоомжлол төрүүлж байна.

 

-Гэм буруугаа хүлээсэн хүнд ялыг хэрхэн ногдуулах талаарх цоо шинэ зохицуулалтыг Эрүүгийн хуульд бий болгож байгаагийн учрыг тодотгож өгнө үү?

 

-Энэ бол барууны хуульд байдаг заалт. Манайх хуулбарлаад оруулж ирж байна. Гэхдээ барууны улс орнууд чухам ямар төрлийн гэмт хэрэгт энэ журмыг хэрэглэж байгаагийн утга учрыг манайхан олж чадсангүй. Шинэ хуульд хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж ялыг нь хөнгөрүүлэхээр баталсан. Энэ нь гэм буруутай этгээдэд шударга ял ногдуулахад харш заалт боллоо гэж үзэж байна. Яагаад гэвэл, нийгмийн хор аюул маш их, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд “Гэм буруугаа хүлээж байна” гэсэн ганцхан өгүүлбэр хэлэхэд ял нь хөнгөрөөд явчих ийм л нөхцөл байдлыг амьдрал дээр бий болгоно шүү дээ.

 

-Бүх насаар нь хорих ялыг шинээр бий болголоо. Энэ тухай?

 

-2002 оноос өмнөх Эрүүгийн хуульд цаазаар авах ялаар шийтгүүлсэн этгээдийг Ерөнхийлөгч амийг нь уучилсны дараа хугацаагүй хорих ялаар сольдог байсныг 2002 оны Эрүүгийн хуулиар болиулсан. Хэрэв хугацаагүй хорих ял байсан бол бүх насаар нь хорих ялыг бий болгоход одоогийнх шиг ийм их хэмжээний хөрөнгө шаардахгүй байсан. Одоо бүх насаар нь хорих ялыг шинээр бий болгоход бүх зүйлийг тэгээс эхэлнэ шүү дээ.

 

-Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг хамт баталсны учрыг та хэлж өгөөч?

 

-Нийтийн эрх ашгийг гажуу-дуулсан, гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюулаар ялимгүй бага Эрх зүйн зөрчлийн тухай хуулийг баталлаа. Уг нь Зөрчлийн тухай хуулийг ингэж яаравчлан батлах онцын шаардлагагүй байсан. Яагаад гэвэл, Эрүүгийн хуульд заасан ижил төрлийн гэмт хэргээс энэхүү зөрчлийг хэрхэн зааглан ялгах вэ гэдгийг нарийвчлан боловсруулж, нухацтай хэлэлцэн батлах ёстой. Явган зорчигч гарцгүй газраар гарвал зөрчил болно. Олон нийтийн газар нус цэр, тамхины иш, хог хаявал мөн ийм зөрчил болно. Зөрчлийн хуулиар ийм асуудлыг зохицуулж, хүлээлгэх шийтгэлийг заах ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийн бүрэлдэхүүн хэрэг болгочихлоо. Би өмнө захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг Эрүүгийн хуулийн нэг хэсэг болгосон тухай ярьсан. Иймээс Эрүүгийн шинэ хуулийн учрыг олоход мэргэшсэн эрдэмтэн, судлаач, багш миний бие асар их бэрхшээлтэй тулгарч эхэллээ. Ингэхээр жирийн хуульчид амьд-ралд яаж хэрэглэх бол гэхээс хамаг бие жихүүдэст автах боллоо.

 

- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ талаар таны үзэл бодол?

 

-Нэг үгээр хэлэхэд Монгол Улсад нэг хүний буюу Ерөнхий сайдын тоталитар дэглэмийг тогтооход чиглэсэн төсөл. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг ганцаарчлан томилно. Томилсон хүнээ хэдийд ч өөрчилж чадна. Энэ асуудалд УИХ ямар ч эрх мэдэлгүй болно. Аймаг, нийслэлийн Засаг даргыг ИТХ-ын тэргүүлэгчдийн саналыг харгалзахгүйгээр Ерөнхий сайд шууд томилно. Ерөнхийлөгчийн одоогийн статусыг эрс доошлуулж, УИХ-аас сонгогддог болгохоор Ерөнхий сайд улс орны дотоод, гадаад бодлогын нэн чухал эмзэг асуудлыг дангаараа шийдвэрлэж, Ерөнхийлөгч нэр төдий үлдэнэ. Ерөнхий сайд шүүх эрх мэдлийн хүрээ рүү хутгалдан орж, Улсын Ерөнхий прокурорыг томилох юм байна. Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг нэр дэвшүүлэх болохоор түүний гарт үндсэн хуулийн хяналтыг яах нь дур зоргын хэрэг болно.

 

-Гишүүдийн тоог 99 болгохыг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?

 

-Үндсэн хуульд Монгол Улсын иргэн шууд буюу төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй гэж заасан. 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн сонгох эрх эдэлнэ. УИХ-ын гишүүд сонгох эрх бүхий эдгээр иргэнийг төлөөлнө. Дөнгөж төрж байгаа буюу учраа мэдэхгүй хүүхэд багачуудыг төрд төлөөлнө гэж байхгүй биз дээ. Өнөөдөр манай улсын гурван сая иргэнээс сонгуулийн эрхтэй иргэн хэд билээ. Дэлхий нийтийн жишиг гэж яриад байгаа 30 мянгад хуваахад манай улсад 50 гаруй гишүүн байхад хангалттай. Тиймээс одоогийн 76 бол багадсан биш эсрэгээр ихэдсэн тоо юм шүү.

 

-УИХ-аас олгодог Б.Чимидийн нэрэмжит шагналд таны бүтээлийг ШУА-ийн Философийн хүрээлэн нэр дэвшүүлсэн. Та Эрүүгийн шинэ хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хурцаар шүүмжиллээ. Энэ шагналаас хасчихна гэж эмээхгүй байна уу?

 

-1992 оны Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимид багш намайг оюутан байхаас байнга дэмжиж, МУИС-д шууд багш болгож, насан туршийн зам мөрийг зассан эрхэм дээд багш. Багшийнхаа үг сургаалыг биелүүлж, бүтээлээ нэр төртэй үргэлжлүүлж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэж байгаагаа илэрхийлэх гэж миний гучин жилийн хөдөлмөрийн үр дүн болсон Монгол Улсын эрх зүйн англи, орос, латин, хадмал тайлбар толь бичгийг нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн. Улс төрийн хэлмэгдэл намайг болон миний ойр дотныхныг сүүдэр мэт дагасаар удаж байна. УИХ 1999 онд Үндсэн хуульд оруулсан “Дордохын долоон нэмэлт”-ийг Үндсэн хуулийн Цэцээр хүчингүй болгуулсны дараа Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан миний төрсөн дүүг ажилгүй болгосон. Сүүлийн нэг баримт дурдахад, миний төрсөн охин ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тэндэхийн Олон улсын харилцааны их сургууль дүүргээд Гадаад харилцааны яаманд мэргэжлийн дагуу ажиллаж байхад нь цомхотголоор өнгөрсөн жил гэнэт ажлаас нь халсан. Тэр үед миний охин бие давхар байсан. Хөдөлмөрийн хуулийн100 дугаар зүйлд жирэмсэн эмэгтэйг ажлаас нь халахыг хатуу хориглосон байдаг. Гэтэл Гадаад харилцааны сайд одоо хүртэл ажилд нь эргүүлж томилоогүй. Уг нь бид хуулиар удирд даг нийгэмд шилжсэн биш бил үү.

 

Б.Цэцэгдэлгэр

- See more at: http://www.unen.mn/content/57650.shtml?alias=unen#sthash.dgi6Jr9R.dpuf