УИХ-ын дарга З.Энхболдын энэ сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид болон Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр багтсан бөгөөд тэд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Япон Улсад хийсэн ажлын айлчлал хүрээнд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки нартай уулзаж, парламент хоорондын харилцааг хөгжүүлэх талаар ярилцсан болохыг УИХ-ын дарга хэвлэлийн хурлын эхэнд онцоллоо. Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзан, хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцсан болохыг дуулгав. Мөн 2014 онд байгуулсан Монгол, Японы стратегийн дунд хугацааны хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай байгаа. Дараагийн 5 жилийн дунд хугацааны төлөвлөлтийг хийх нь энэ удаагийн айлчлалын нэг чухал зорилт байсан юм.

Энэ сарын 07-ны өдрөөс Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Япон Улсын төлөөлөгчид ирж, хариу мэдэгдэл гардуулснаар энэ хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хоёр улс хооронд 8000-9000 орчим нэр төрлийн бараа татваргүй болж байгаа. Мөн технологийн дамжуулалт, хөрөнгийн эргэлт чөлөөтэй боллоо. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ажлын айлчлалын үеэр мэргэжилтэн солилцоог хоёр улс хооронд чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлсэн. Уул уурхайн сайд Р.Жигжид цэвэр нүүрсний технологийн тал дээр хамтран ажиллах, судалгааны баг байгуулах, нүүрсийг бусад төлөвт оруулах гэх мэтээр ирэх 40, 50 жилийн ажлын эхлэлийг тавьсан ажлуудыг хийсэн юм гэлээ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зургадугаар сарын 7-ноос эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил хэр хангагдсан юм бол. Монгол Улсаас 10 мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татварын хөнгөлөлттэйгээр Япон улсад экспортлогдох нөхцөл бүрдсэн үү. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Японы талтай бусад чиглэлээр хамтрах бодитой ямар ажлууд байгаа вэ?

-Айлчлалын үеэр бид гурван газрын ажилтай танилцлаа. Нүүрсийг шууд шатаахгүйгээр хамгийн өндөр үр ашигтайгаар, өндөр хүчин чадалтай 3-4 жил тасралтгүй ажиллаж байгаа энэ төрлийн станц зөвхөн Япон улсад байна. Энэхүү шинэ технологийн судалгаа, туршилтыг үргэлжлүүлэх зорилгоор Монголд судалгааны төв байгуулаад байна. Тэр бол Р.Жигжид сайдын ажил.

Монгол Улсад үйлдвэрлэсэн нарны зайгаар Япон улсад нарны эрчим хүчний станц байгуулан ажиллуулж байгаа компанид Баянхонгор аймгийн залуу мэргэжилтнээр ажиллаж байна. Тэгэхээр “Монгол залуусыг Япон улс руу дадлагажигчаар явуулах нь шинээр эхэлж байгаа ажил биш, хэрэгжээд 10-аад жил болсон ажил юм. Тэр хүмүүс Японд очиж ажил сураад, эргэж эх орондоо ирж нарны зай үйлдвэрлээд, тэр нь Япон руу экспортлогдож байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хийгдсэн, зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа. Дээд сургууль биш гэхдээ дунд шатны мэргэжилтнүүд хэдэн зуун мянгаараа л Монголд хэрэгтэй байгаа. Үүнгүйгээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилт олохгүй. Энэ хэлэлцээрт нэгдэн орсны хамгийн гол зүйл нь бид одоо “Тоёото”-той өрсөлдөөд автомашин хийгээд дэлхийн зах зээл дээр гаргахад биднийг хэн ч хүлээхгүй. Гэтэл "Шибасаки" гээд өчигдөр /уржигдар/ очсон үйлдвэр машины эд ангийг үйлдвэрлэдэг. Хичнээн машин зарагдана, тэднийх баталгаатай ажлын байртай. Тэнд монгол залуучууд ажиллаж байна. Мөн салбар нь Монголд байна. Одоо энэ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна. Тэгэхээр нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хангасныг удахгүй та бүхэн харах байх. Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна. Японы бизнесменүүд ирж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бодитой болж байгаагийн жишээ онгоцонд суудал олдохгүй байгаагаас харагдаж байгаа байх. Асашёорюү Д.Дагвадорж манай айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ч суудал олдохгүйгээс өглөөний нислэгээр ирсэн.

Манай ноолуурын компаниуд зургаадугаар сарын 7-ны өдрийг хүлээгээд экспортоо зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, зургаадугаар сарын 7-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна.

Одоо бид мэргэжилтний солилцоог хоёр тийш нь чөлөөтэй хөрвүүлэх талаар ярьж байна. Энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэврийн шимтгэл нь төлөгдөж байхаар ажиллаж байна гэх мэтээр хийх ажил маш их байгаа.

-Монголдоо ажиллах хүчийг Япон руу экспортлоод эхэллээ гэдэг шүүмжлэл гарах боллоо. Түүнийг дагаад нүүрсээ экспортолж чадахгүй байж хүнээ экспортлох хэрэг байна уу гэх шүүмжлэл байна?

-Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон учраас нүүрсээ өөр хэлбэрт оруулна. Нүүрсний үнэ 300 хувиар унасан. Нэг тонн нүүрс өнөөдөр 30-хан ам.доллар байна. Нэг тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-1500 ам.доллар байгаа. 30 ам.долларын түүхий эдийг далайн эрэг рүү төмөр замаар зөөх үү, 1000-1500 ам.долларын тонн жинтэй барааг далайн эрэг рүү зөөх үү гэдэг сонголт л бидний өмнө байна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тэрийг эхлэхэд бидэнд энэ ажлыг хийж чаддаг, олон мянган Монгол залуусыг Косен гэдэг сургуулиар нь нь дамжуулан сургана. Цэвэр нүүрсэн дээр ажилладаг. Ийм маягаар ажил урагшаа явна уу гэхээс хэдхэн жилийн өмнө байсан 100 гаруй долларын нүүрсний өндөр үнийг санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил явахгүй. Тийм учраас эдгээр ажлуудыг Япон улстай өндөр хэмжээнд ярьсан.

Залуусаа Япон руу илгээж байгаа нь гурван жилийн хугацаанд ажил сураад, мэргэшээд буцаж ирэх зорилготой юм. Ажил хийж байгаа хүн цалин авна, цалин нь Монгол, БНСУ-д авдаг цалингаас өндөр.

Хоёрдугаарт, 100 мянган хүнийг өнөөдөр шууд ажиллах хүчнээр гаргаад явуулчихгүй, 8, 10 жилийн ажил. Энэ ажлыг авдаг Азийн бусад орнуудтай адил замаар л явна. Хувийн компаниудын зуучлалаар 1500 хүн гарсан, өндөр босго байгаа. тэр босгыг гол нь байхгүй болгохыг зорьж байна.

-Тавантолгой төсөл дээр Японтой хамтрах нь гэж ойлголоо. Төмөр зам баригдаагүй нөхцөлд гуравдагч зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулаад ч экспортод гаргахад хүндрэлтэй гэж үздэг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, яаж уялдах юм бол?

-Ерөнхий сайд Ш.Абэтэй ярьсан гол зүйл бол бүх төслүүдээ цогцоор нь авч үзье. Төмөр зам гэдэг бол энэ том төслийн нэг жижиг хэсэг юм байна. Цэвэр нүүрсний технологиор Япон улс дэлхийд тэргүүлж байгаа учраас түүнийгээ манайд нэвтрүүлээч ээ. Тэр технологиор нь зарагддаггүй Тавантолгойн нүүрсийг пластмасын түүхий эд болгож хувиргая. Тэгвэл нүүрсээ өндөр үнэтэй түүхий эд болгон боловсруулаад, экспортлох боломжтой болно. Зүүн төмөр зам, Чойрт байгуулагдах нүүрс химийн цогцолбор, тэрнийг хийдэг туршилтын үйлдвэрүүдэд ажиллах ажилчдыг Япон улсад бэлтгэх юм. Энэ хамтын ажиллагаа Японд ямар хэрэгтэй гэхээр Монгол Улсад цэвэр нүүрсний судалгааг дэлхийн номер нэг судалгаа болгож өргөжүүлээд тэндээс өөрсдийн экспортлох IGCC технологио, утаа гаргадаггүй цахилгаан станц, нүүрс хийжүүлдэг, шингэрүүлдэг төслүүдээ бусад улс оронд экспортлох юм. Япон улсад нүүрс байхгүй, манайд байна. Хоёулаа хамтраад дэлхийн зах зээл дээр цэвэр нүүрсээр амжилт олох боломж бүрэн байна. Тиймээс энэ төсөл цогц болж дунд хугацааны зорилт болох юм, Эхний зорилт биелэсэн. Дараагийн зорилтоо тодорхойлсон гэж хэлж болно.