Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/- ын Төлөөлөгчийн газрын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цогзолмаатай ярилцлаа.

 

-Сүүлийн үед насанд хүрсэн хүн гэлтгүй хүүхдүүд жингийн илүүдэлтэй байх болсон талаар ярих болжээ. Үүнтэй тэмцэхээр танай байгууллага ямар ажил хийж байна вэ?

 

-Энэ оны Дэлхийн эрүүл мэндийн дээд хурал буюу ассемблейгаар хүүхдийн таргалалтыг зогсоох комиссыг шинээр байгууллаа. ДЭМБ-ын жишиг орнуудаас тайлан мэдээ цуглуулсны үндсэнд комисс байгуулах шаардлагатай гэж үзсэн. Халдварт өвчин, хоол тэжээлийн эрсдэлийг бууруулах дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөө гэж байдаг. Үүний дагуу дэлхийн орнуудын хоол тэжээл, халдварт өвчний чиглэлээр ажилладаг нэгж байгууллагууд хамтарч ажиллаж байна.

 

-Манай улсад таргалалт ямар төвшинд байгаа талаар хийсэн судалгаа бий юү?

 

-2010 онд хийсэн судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 4.7 хувь нь тураалтай, 6.7 хувь нь илүүдэл жин эсвэл таргалалттай гэсэн үзүүлэлттэй байсан. Харин 2013 оны насанд хүрэгчдийн дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох судалгаагаар хоёр хүн тутмын нэг нь биеийн жингийн илүүдэлтэй буюу таргалалттай байна. Хүүхэд залуучуудын 10-аас дээш хувь нь таргалалттай гэж гарсан. 10-аас дээш хувь гэдэг маш их үзүүлэлт. Тиймээс Засгийн газраас энэ талд анхаарах шаардлагатай байгаа. Манай байгууллага олон улсыг хооронд нь харьцуулсан стандарт судалгааг шинжлэх ухаанд үндэслэж хийдэг. Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолттой холбоотой байдаг. Ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсч бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бага насны хүүхэд хоол, хүнс сонгохдоо хэлбэр, хэмжээ, амт, өнгө үзэмжийг нь хардаг учраас тэд чихэрлэг амттанд ямар нэгэн хязгаар тавина гэсэн ойлголт байхгүй. Амттанууд нь маш их сахартай учир хий хоосон илчлэг өгч хүүхдийг илүүдэл жин, таргалалтад хүргэж, хоол тэжээлийн дуталд оруулдаг.

 

-Сүүлийн үед манайд түргэн хоолны салбарыг олноор нээж байгаа нь таргалалттай холбоотой юу. Зарим мэргэжилтэн таргалалтыг түргэн хоолтой холбож тайлбарладаг шүү дээ?

 

-Таргалалт, жингийн илүүдэл үүсэх олон хүчин зүйл бий. Мэдээж төрөлхийн таргалах гентэй хүн байж болно. Мөн хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэргээс үүдэлтэй. Түргэн хоолны сүлжээг Монголд олноор байгуулж байгаагаас таргалалт нэмэгдэж байна гэж хэлж болно. Бид “Энэ бургер, пицца, шарсан тахиа ямар гоё юм бэ” хэмээн баярлан идэж суухад үүнийг дэлхийд эсэргүүцэж, татгалзаж байна. Учир нь, хүн өдөрт 2000 килокалори авах ёстой байдаг. Гэтэл ганц бургер идээд л бүтэн өдөрт өөр өөр бүтээгдэхүүнээс авах ёстой килокалорио авч болохгүй биз дээ. Түүнчлэн хийжүүлсэн ундааны зохисгүй хэрэглээ монголчуудын дунд газар авчээ. Нэг их сайхан юм оруулж ирж байгаа юм шиг энэ тэндгүй сурталчилж, бүр олимпын аваргыг хийжүүлсэн ундааны сурталчилгаанд тоглуулчихсан. Энэ талд ямар ч хяналт алга. Ирээдүй үр хойчдоо хор болох зүйлийг маш сайхнаар сурталчилж болохгүй шүү дээ.

 

-Нэгэнт ороод ирсэн түргэн хоолны сүлжээг зохицуулахад хүндрэлтэй байх?

 

-Үйлдвэрлэл эрхлэгчид ухамсартай баймаар байна. Мэдээж хийж буй бүтээгдэхүүнээ борлуулж болно. Үйлдвэрлэл эрхлэгч таны үр хүүхэд хойч ирээдүй чинь тэдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэж байна гэдгийг бодох хэрэгтэй. Манай улсын зах зээлд бургер, пицца, шарсан тахиа, хийжүүлсэн ундаа зэрэг нь маш ашигтай бизнес болоод байна. Гэтэл хөгжсөн орнууд эдгээр зүйлийг аль хэдийнэ хориглосон. Учир нь, түргэн хоолны хор уршгийн талаар иргэд нь мэдээлэлтэй дээрээс нь Засгийн газраас нь бодлогоороо хориглоод үндэстэн дамнасан үйлдвэрлэлийг зах зээлээсээ шахаж гаргасан. Тухайлбал, АНУ бол үндэстэн дамнасан энэ үйлдвэрлэлийг даваад гарчихсан орны тод жишээ. Тодруулбал, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама “Хамгийн ядарсан ард түмнээ түргэн хоол буюу хийжүүлсэн ундаанаас хамгаалъя” гэж идэвхтэй тэмцэж, үр дүнд ч хүрсэн. Юу гэж шаардсан бэ гэхээр алдарт Mc Donalds, Burger khing зэрэг бүтээгдэхүүнийхээ килокалорийг тодорхойлж, эрүүл цэс нэвтрүүлэхийг шаардсан. Түүний үндсэнд ногооны салатаар хачирладаг болсон шүү дээ. Гэтэл манайд эсрэгээрээ маш их килокалоритай бургер дээрээ нэмж шарсан төмс дагалдуулдаг. Энэ яав ч байж болохгүй зүйл юм. Одоо л хуулиар зохицуулахгүй бол ирээдүйд бидний эрүүл мэнд маш эрсдэлтэй байдалд хүрэхэд бэлэн болжээ.

 

-Таргалалттай тэмцэж, хийжүүлсэн ундаа, түргэн хоолны зохисгүй хэрэглээг бууруулахын тулд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

 

-Засгийн газарт зар сурталчилгааг зогсоож, зохицуулах бүрэн эрх бий. Мөн үйлдвэрлэл эрхлэгчид ухамсарлах хэрэгтэй байна. Мөнгөөр далайлган хаа хамаагүй сурталчилгаа цацаж байгаа нь зохисгүй хэрэг. Тиймээс үүнийгээ анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед гараад буй “Данагар бургер” гэхэд л дэлхийн аль ч улс оронд байхгүй том дээрээс нь килокалори ихтэй. Тэр чинээгээрээ хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн иргэд энэ талаар мэдээлэл аваад амьдралдаа хэрэгжүүлээч ээ. Хүүхэд тань таны өгсөн мөнгөөр пепси, кола ундааг ямар ч хяналтгүйгээр дураараа авч ууж байна. Тэгэхээр сургууль болон гэрийн орчимд нь хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлаач ээ. Сургуулийн орчинд байх хязгаарлалтад баг, сурган хүмүүжүүлэгч нь анхаармаар байна. Бүр сургууль дотор болон ойролцоох дэлгүүрт хийжүүлсэн ундааг хориглох хэрэгтэй. Үүнд төрийн оролцоо маш их чухал юм. Хуулиар зохицуулчихвал хязгаарлахад түвэггүй гэж бодож байна.

 

-Таргалалтаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

 

-Миний дээр хэлсэн зүйлээс гадна хөдөлгөөн маш дутмаг байна. Авсан килокалорио заавал зарцуулж байх хэрэгтэй. Зарцуулахгүйгээр ахиж нэмээд байвал энэ нь биедээ хадгалагдаж үлдээд улам жин нэмдэг. Ерөнхийдөө иргэд түргэн хоол, хийжүүлсэн ундаанаас нэн яаралтай татгалзмаар байна. Монгол Улсын иргэдийн нас барах тэргүүлэх таван шалтгааны нэг нь халдварт бус өвчин. Тэгэхээр хүүхдүүд маань таргалалтад өртчихвөл эрүүл мэндэд нь учрах эрсдэл маш өндөр болно. Маш аюултай сонсогдож байгаа биз. Яагаад гэвэл манай эрүүл мэндийн салбарын хөрөнгийг харвалт, зүрхний шигдээс, артерийн даралт зэрэгт зарцуулдаг. Гэтэл АНУ, Европын холбооны улсууд нь иргэдийн эрүүл мэнддээ нэлээд мөнгө зарцуулдаг, хөрөнгөтэй улс орон юм.

 

Ц.Заяа