Үр, хүүхдийнхээ араас гашуудсан эцэг, эхчүүд нуур манан зогсох энүүхэнд ажээ. Цэл залуухан насандаа хорвоог орхиод одсон хүүгийнхээ зурагны өмнө бөгтгөр өвгөн зул асааж хүрд эргүүлнэ. Энэ өвгөн мөсөн дээр амьсгал хураасан талийгаач Баттулгын аав М.Ширмэнтогоо юм. Тэрээр “Насаараа нуур түшин амьдралаа залгуулж, найман сөөсгөр хүүхдээ загасаар тэжээж хүний зэрэгт өсгөсөн. Эргээд хариуд нь хүүгээ өгөх юм гэж даанч санасангүй” хэмээн халаглах түүнтэй хэдэн хором ярилцаж, сэтгэлийн шаналлаас нь бага ч болов хувцаалцсан юм.

Талийгаач Баттулгын аав М.Ширмэнтогоо. Тэрээр цочирдож сэтгэлээр унаснаас болж өрөөсөн нүд нь ийм болжээ

-Таны бие яаж байна. Ослын дараахан таны зүүн нүд юм харахаа больсон гэж хүмүүс ярих юм?

-Яахав дээ, хүн амьд яваа цагт юм юм л үздэг юм байна. Муу хүүгээ эндсэнээс хойш хэдэн өдөр нойргүй хонож, тавгүйтээд өрөөсөн нүд хүртэл таталт өгөөд сүрхий хавдаад хаагдчихсан. Эмчид үзүүлсэн чинь ядаргаанд орсон, сэтгэл санааны хямралд орсноос болсон гэх юм. Өчигдрөөс хавдар нь овоо буугаад, нүд ч нээгдээд юм харахтайгаа болоод байна.

-Одоо тэгээд зүгээр үү?

-Айх юу байхав дээ зүгээр. Ингэж байгаад хэвэндээ орно биз.

-Хүүгээ хэзээ нутаглуулав. Мөнгө төгрөг хайж нэлээд зүдэрсэн сурагтай?

-Хүүгийнхээ буяны ажлыг элбэг, дэлбэг сайхан хийгээд айл, хөршийн хүүхэд хөгшчүүлийг оруулах гээд хэдэн төгрөг олчих санаатай хэд хоног явсан. Хүү тулгуур эрхтний бэрхшээлтэй. Тоглож байгаад юмнаас унаад түнхээ эвгүй болгочихсон юм. Халамжаас хэдэн төгрөг авдаг байсан чинь өнөө жил орж чадалгүй мөнгө төгрөг ч авахаа больсон. Ажил хийж байгаагүй болохоор халамжаас буяны ажлын ч мөнгө олддоггүй юм байна. Хөгшин бид хоёрын тэтгэвэр ямар хүрэх биш. Тэгээд ч зээлтэй. Ах дүү нарын буянаар хүүгээ нутаглуулж, хойдохыг нь чадах чинээгээрээ л уншууллаа.

-Талийгаач таны хэд дэх хүү юм бэ?

-Ах нь дөрвөн сайхан охин, дөрвөн сайхан хүүтэй баян өвгөн байхгүй юу. Баттулга маань манай дөрөв дэх хүүхэд. Хамгийн бага хүү сая арванхоёрдугаар анги төгссөн. Хоёр эгч нь хотод амьдардаг. Бусад нь аавтайгаа бараасаад айл явна. Би энэ тосгонд анх загасны цех байгуулагдахад л тракторын жолоочоор ирсэн. Цех татан буугдсанаас хойш арав гаруй жил загасчилж байна. Нуурын загасаар олон өдөр хоолтой хоносныхоо горыг амслаа. Миний үйлийн үрийг хүү минь үүрээд буцчихлаа гэж бодохоор үлдсэн насандаа бүтэн нойртой хонож чадах болов уу, үгүй л байх. Муу хүүгээ мөсөн дээр амь гуйж, яажшуухан тарчилж, эцсийн мөчид нүд анихдаа ч цэвдэг хүйтэнтэй тэмцэж байсан бол гэж бодохоос шар махтайгаа хатах юм.

-Ээж нь хүүдээ тэнгэр муудах шинжтэй байна гэж сануулсан гэсэн. Та тэр үед нуур руу явахыг нь хориглож болоогүй юм уу?

-Би хэлсэн. Салхи хүчтэй байна гэж. Яаж ийм аймшигт юм болно гэж санах вэ дээ. Өмнө нь өглөө зургаад гараад найман цагийн үед ирчихдэг байсан. Тэр өдөр ес болчихоод байхад алга. Тэгэхээр нь нуур руу явах санаатай гэрээсээ гартал хүмүүс гүйлдээд нэг л биш ээ. Ийш тийшээ машинтай давхиад л. Юу болов гээд хүнээс асуутал хоёр хүн мөсөн дээр гарчихсан, аврах хэрэгтэй байна. Нэг нь танай хүү мөн дөө гэсэн. Хартал завь байхгүй. Мөсөн дээр бүтэн хоёр цаг ийш, тийшээ гүйсэн байгаа юм. Тэгээд застав дээр очоод дөрвөн хүн ингэж гараад хоёр нь амьд мөсөн дээр байна. Аврах боломж байна гээд завийг нь гуйсан байна лээ. Миний хүүгийн амь секундээр хэмжигдэж байхад заставын дарга Дээрээс зөвшөөрөл авах ёстой, зөвшөөрөлгүй бол өгөхгүй” гэж хэлсэн байсан. Хэрвээ завиа өгсөн бол миний хүүг, нөгөө залуутай хамт аврах боломж байсан уу гэвэл байсан.

-Та хүүгээ мөсөн дээр гүйхийг харсан уу?

-Би хаа байсан 12:00 цагийн үед очсон. Харж чадаагүй. Угтаа миний хүү загасчид дундаасаа ганцаараа мөсөн дээр үлдэж, эцсийн мөчөө хүртэл үхэлтэй тэмцэлдсэн байгаа юм. Тийм аймар ослоос тэгж үлдэнэ гэдэг үнэхээр дайчин байгаа биз дээ. Хугацаа алдахгүй жаахан эртхэн тусалчихсан бол ч...үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Бүтэн хоёр цаг гүйсэн байгаа юм. “Завь аваад ир, завь аваад ир” гэж орилсныг зарим хүн сонссон байна лээ. Уг нь манайхан салхины дээрээс хашгирч байсан учраас сонсогдох ёстой. Гэвч айж сандарсан хүмүүс хүний хэлэхийг тогтож сонсохгүй шүү дээ.

-Заставынхан завьтайгаа ирж хүүгийн тань цогцсыг авчрахад ямар байдалтай байсан бол?

-Ядаж л хүүгийнхээ цогцсыг хаана байгаа бол гэж урд айлын хөгшин шиг нуур сахисангүй. Хүү комбинзоноо тайлаад ноосон цамц, нимгэн өмдтэйгөө осгосон байсан.

-Уг нь хүү тань усанд сайн гэсэн. Эрэг тийм ч хол биш байсан. Сэлээд эрэг рүү дөхөх боломж байгаагүй юм байх даа?

-Миний хүү усанд маш сайн сэлдэг. Сайн сэлдэг байлаа гээд яахав дээ. Тэр хүйтэн усанд унаад хамаг хувцас нь норчихсон, дээрээс нь бээрчихсэн хүн хагас км орчим сэлээд эрэг хүрэх нь битгий хэл, байрнаасаа ч хөдөлж чадахгүй живнэ шүү дээ. Аягатай халуун цай гаргаад тавихад минут ч хүрэхгүй зайрмагтах тийм л хүйтэн өдөр байсан. Бас их салхитай.

-Загасчлах хорио тавигдаагүй байхад загасчилсан гэж буруутгах нэгэн ч бий. Ер нь та нар хэдийд загасчилдаг юм бэ?

-Хавар загасчлах эрх бараг л өгдөггүй. Нуулгүй хэлэхэд хулгайгаар л загас барьдаг. Амьдрахын эрхэнд хууль зөрчиж яваад л ийм байдалд хүрчихлээ шүү дээ. Гэхдээ хууль зөрчиж явсан юм чинь та нарын буруу, үхэх нь зөв гэх гээд байгаа юм уу. Хилийн цэргийнхэн бараг л иймэрхүү байдлаар хандаж хөдлөөгүй шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой байгаа биз дээ. Ямар ууж, наргиад, ааг омгоо гаргах гэж нуур явсан биш. Хэдэн төгрөг олж амьдралаа залгуулахын тулд л мөс ч бүрэн гэсээгүй байхад загасанд явсан байна.

-Хүү тань агнасан загасаа зарж мөнгө олно гэсэн зорилготой явсан гэлээ. Тосгоныхон загасаа хаана зардаг вэ?

-Шууд зарчихдаггүй. Өөрсдөө аваад хаа байгаа аймаг руу явдаг. Заримдаа зарна. Заримдаа буцаагаад авчирна. Хоол хүнсэндээ хэрэглэнэ. Хавар хятадууд энэ хавиар явж иргэдээс загас худалдаж авсан. Тэр үндсэн дээр л манайхан гурил будааны мөнгө хийх санаатай загасчилсан хэрэг. Тэгээд л ийм байдалд хүрчихлээ.

-Танайх өнгөрсөн өвөл хичнээн кг загас нөөцөлсөн бэ?

-Манайх тонн гаран загас барьсан. Өвөл хятадууд ерөөсөө загас аваагүй. Намар “Азийн бүргэд” гээд компанийн захирал гэж хүн ирээд та нар загасаа бариад нөөцөлж бай, хавар ирээд авна гэсэн. Тэгсэн хавар ирээд нэг нь таван кг-аас дээш жин татдаг загас л авна гээд хөдлөөгүй. Тонн загаснаас хэдхэн кг нь тавьсан шаардлагыг нь хангасан. Яаж тийм “загас их хэмжээгээр байхав дээ. Ингээд хаяхаас өөр нөхцөлгүй болсон.

-Хэдэн төгрөгөөр авах уу?

-Кг нь 5000 төгрөг. Уг нь энэ урд газрын тосны компани загас авдаг байсан, бас л авахгүй байгаа. Бид хэдхэн км зайд байгаа боомтоор Хятад руу нэг ч кг загас гаргаж чадахгүй байхад хятадууд ганцхан шөнийн дотор арван тонн загас хилээр гаргадаг гэж байгаа. Би бүр хэрэг болгож нэг очоод та нар ямар аргаар гаргадаг юм, бид нэг ч загас гаргаж чадахгүй юм гээд хятадууд руу уурласан чинь “Манайх зоосыг нь өгч гаргана аа” гэсэн. Хятадууд манай энд ганц шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй улс болчихоод байна.

Г.Дарьсүрэн: Хүргэн өглөө нь инээж хөхрөөд л утсаар ярьж байсан

Талийгаач Д.Мөнхжаргалын хадам ээж Г.Дарьсүрэн

Талийгаач Д.Мөнхжаргалын хадам ээж Г.Дарьсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Талийгаач тантай осол болдог өдрийн өглөө нь утсаар ярьсан гэв үү?

-Тийм. Өглөө би охинтойгоо утсаар ярихад хүүхдүүд бүгдээрээ хамт байсан. Цаана нь инээж хөхрөлдөөд бид босчихсон байна гээд ярьж байсан. Өглөө зүв зүгээр ярьж байсан болохоор нэг л итгэж өгөөгүй.

-Та хаана байсан юм бэ?

-Би энэ өвөл аймагт өвөлжсөн. Тэгсэн энэ сарын 24-нд үдээс хойш манай хүү утсаар яриад “Ээж Буйр дээр том осол болсон байна.Явахгүй бол болохгүй нь. Та хувцсаа өмсчих. Би очоод авъя” гэж хэлсэн. Хүүхдүүд л хоорондоо утсаар ярьсан байж л дээ. Юу болов, яав ийв гэсэн чинь дөрвөн хүн загасанд яваад завьтайгаа живчихэж. Хүргэн дунд нь явсан байна гэсэн. Дотор пал гээд л явчихсан. Замдаа даралт ихсээд арай гэж л ирсэн. Бүх юм дууссан байсан. Муу охин минь намайг тэврээд л их уйлсан даа. Дөнгөж хүнтэй ханилаад үрийн зулай үнэрлэж ч амжаагүй байхад ямар олиг байхав дээ.

-Танай хүргэн болоод хэр удаж байгаа вэ?

-Манай охин Т.Болормаатай талийгаач маань хамт амьдраад бараг дөрөв, таван жил болж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумынх. Хүүхдүүд хамт аймагт нэг хэсэг амьдарсан. Саяхнаас л энд өвгөн бид хоёрын хуучин байшинд амьдрах болсон. Би зарим хүүхдүүдээ дагаад аймгийн төв бараадаад охиноо хүнтэй суугаад айл болсон юм чинь орох оронтой байг гээд байшиндаа оруулсан. Өөрсдийн гэсэн гэр оронтой болтлоо хоёр хүүхдээ эндээ амьдраг гэж бодсон юм. Манай нөхөр Төмөрбаатар энэ тогсонд анх загасны цех байгуулагдахад үйлдвэрийн даргаар ирж байлаа. Энэ газарт ч дасчихаж дээ. Үе удмаараа л амьдарч байна.

-Худууддаа болсон явдлын талаар хэзээ мэдэгдсэн бэ?

-Ах дүүст нь хэлэх л хүнд байсан даа. Манай хүргэн архи уудаггүй. Зан ааш сайтай. Тусч хүү байсан. Портертой. Портероороо ус зөөнө, айл нүүлгэнэ. Хар бор ажил голохгүй хийнэ. Аав, ээж нь өөд болоод удаж байгаа юм. Аавтайгаа адилхан сайхан хүү байсан. Ажил явдлынх нь үеэр хамгийн том эгчийнх нь нөхөр гээд хүн хэдэн хүнтэй хамт ирээд явсан.

-Охин тань ажил хийдэг үү?

-Охин газрын тосны компанид хятад хэлний орчуулагч. Охиноо харахаар өрөвдөх юм. Хүний хань ижил гэдэг чинь энэ амьдралд ах дүү хамаатан садангаас илүүтэй тулж түших багана байдаг юм шүү дээ.

-Танд хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ олон жилийн өмнөх нэгэн эмгэнэлт ослын талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй нь. 2003 онд болсон ослын талаар бидэнд ярьж өгч болох уу?

-Их удаж дээ. Гэхдээ надад өчигдөрхөн л юм шиг санагддаг. Одоогоос яг 13 жилийн өмнө Буйр нуурт бас аймшигтай осол болсон. Олон ч сайхан залуу амь үрэгдсэн. Арваад хүн машинтай явж байгаад орой нуурын мөсөнд цөмрөөд орчихсон юм билээ. Өвөл байсан юм даг. Хоёр хүн амь үлдэж долоон хүн машинаасаа гарч чадалгүй нууранд живж амиа алдсан. Талийгаачдын дунд миний хоёр сайхан хүү явсан. Хайран сайхан залуучууд. Хайран сайхан эрчүүд. Одоо бас охины минь нөхөр. Үнэнийг хэлэхэд би нуурандаа гомдож байна гэв.

Нутгийнхны ярьснаар бол 1999 онд Буйр нуурт бас осол болж дөрвөн хүн амиа алдсан байна. Анзаараад байхад 13 жилийн давтамжтай гурван удаа осол болж нийт 15 хүнийг авч оджээ. Эхний удаад дөрөв, хоёр дахь удаад долоо, гурав дахь удаа дөрвөн хүн амиа алджээ. Эдгээр тохиолдлоос өмнө осол болж байсан үгүйг бид сайн мэдэхгүй шүү дээ. Байгаль дэлхий өөрөө аливааг тэнцвэржүүлж байдаг ч гэж ярих нь бий. Магадгүй нутгийнхны ярьж буйгаар жилд хэдэн тонноор нь загасаа хядуулсан нуур өш хонзонгоо ийм хэлбэрээр авдаг байхыг ч үгүйсгэхгүй. Эсвэл хүний өөрийн хэнэггүй зан, буруутай үйлдлээс улбаатайгаар цаг хугацааны хувьд тэгж давхацсан ч байж болох. Хүмүүс чинь мөсөн дээр амь тавьж буй нэгнээ хараад өрөвдөх нинжин сэтгэлгүй, тусын тухай бүр ярилтгүй цэвдэг араатан болчихсон юм уу хэмээн Буйр нуурынхан гомдоллож сууна.

Үргэлжлэл бий