Дунд сургууль даа бусдын л адил хөөрхөн царайнд татагдаж, дурлаж явлаа. Гэхдээ зүрх сэтгэл шархлуулах нь тун ховор. Ихэнх дээ дараагийн хөөрхөн царайг харах хүртэл ахархан хугацаанд үргэлжилдэг байв.

Гэтэл нэг өдөр түүнийг харж билээ. Бусдын л адил дурлаж эхлэв. Нүд, хөмсөг, ичиггүйрэн зогсох даруу төлөв байдал. Ер нь түүний байгаа байдал тэр чигтэй л намайг татаж, хөшиж байсныг санаж байна. Уг нь дөрвөн найз зуслан явах гэж байсан боловч, хоёр нь явахааргүй болж, нэг найзтайгаа явсан юм. Дөрвөн найзын хамт явахаар ярилцсан бүхэн унтарсанд сэтгэл дундуурхан. Гэхдээ шинэхэн дурлал, шинэ адал явдалд татагдаж, аян замдаа гарсан юмдаг. Галт тэргээр Улаанбаатар орж, тэндээсээ цааш зуслан руугаа явлаа. Өөр аймгуудаас нийлсэн 200-гаад хүүхэд одоо нэрийг нь санахгүй байгаа тэр зусланд зургаан өдрийн турш хамт байсан юм. Зуслан гол асуудал биш учраас нуршаад яах вэ гэж бодов. Энэ бүх хугацаанд би нөгөө охиныг алсаас харсаар л...

Зусланд очоод өөр бүлэг байсан болохоор хааяахан тааралдахдаа мэндтэй, устай л өнгөрдөг байлаа. Яагаад ч юм яриа өдөж чадахгүй байсаар тэр зургаан хоног дуусч байсан санагдаж байна. Харин харьж явахдаа галт тэргэнд нойроо хугаслан олон зүйлийн тухай ярьж, надад ч бас талтай юм байнаа гэдгийг мэдсэн юм. Гэртээ ирцгээж, зуслангийн найзууд өдөр бүр л уулзалддаг байлаа. Сүүлдээ уулзалт хувийн шинжтэй, өөрөө хэлбэл бид хоёрын уулзалт болж өрнөж эхэлсэн юм. Удалгүй үерхэл эхэлж, миний шохоорхол "бидний дурлал” болж, хамтдаа хамгийн сайхан гэх дурсамжуудаа үлдээж, хайрын түүхээ бичицгээв. Гэхдээ энэ гоё өдрүүд тийм ч удаан үргэлжлээгүй. Миний омголон зангаас болж гаргасан алдаа түүнд минь хүнд санагдсан байлгүй. Алдсан нөхрөө хамгаалах гэж яваад өөрөө хальтирч, муу нэртийнд гурав хоносноо түүнд тайлбарлаж чадаагүй миний буруу. Гэлээ ч юу гэж тайлбарлах билээ. Тиймээс л өөрийгөө нэг хэсэг "гэмт хэрэгтэн” мэтээр бодож, ханаж цадахгүй аз жаргалд умбаж байсан дурлалдаа сэв суулгаснаа одоо л ухаарч сууна. Цаг хугацаа явсаар. Уг нь бие биенээ гэх сэтгэл байв ч буцаад нийлэх зориг хүрэхгүй хааяахан уулзаж, гадуур алхаж, гэрт хүргээд буцах нь миний л хувьд жаргал мэт байдаг байж. Харин оюутны дөрвөн жил намайг түүнээс минь нэг мөсөн холдуулсан юм. Нэг жил болоод ирэхэд тэр яг урдынхаараа сэтгэл татам, үл ялиг ичингүйрч байлаа. Гэхдээ л түүний намайг гэх сэтгэл хөрчихсөн юм шиг санагдаж байв. Ахин нэг жил болоод ирэхэд түүний хайр бүр мөсөн унтарч, зүгээр л найзууд байхыг хүсч байгаа ч юм шиг санагдах болов. Тэр өөрөө хэлээгүй ч би л энэ бүгдийг дотроо бодож, өөрийгөө "гаранд нь зоогдсон өргөс” шиг санах болсон юм. Энэ л үед тэнгэрээс аянга буув уу гэлтэй, одоо ч дотор минь хөндүүрлэж буй "Би өөр хүнд сайн” гэх тэр үгийг тэр хэлсэн. Ойртож чадахгүй хэрнээ салж чадахгүй явсан миний гэнэн дурлал энд л төгсгөл болж. Би өөрийгөө азгүй нэгнээр өргөмжилж, "мартаж чадна” гэсэн хоёрхон үгээр өөрийгөө зоригжуулж, түүнийг орхин явсан юм. Тэсэхэд бэрх, гараад гүйчихмээр өдрүүд, нэг л мэдэхэд дор нь очоод зогсчихдог байсан тэр цонх ... гээд л бүгд аажмаар бүдгэрч, миний л гэж тодотгож болох тэр л жим бусдын хөлийн шороонд талхлагдаж, цаг хугацаа урссаар.

Одоо бодоход хоёр жил л "мартах” гэдэг үгийг үнэ цэнэтэй болгочихсон юм билээ. Өөрөөр хэлбэл хоёрхон жилийн дараа л би энгийн амьдралдаа орж, хөөрхөн царайнд дурлаж, нэгийг нь шохоорхож, нөгөөг нь мартаж эхэлсэн юм. Өсгий нь яагаачгүй эрт илэгдчихдэг байсан гутлууд минь өнгө орж, газраар биш байшингийн оройгоор харж, гельтэй үс, ганган хувцас, хэмнэлтэй алхасаар нэг л мэдэхэд их сургуулиа дүүргэж, дипломтой бас эхнэртэй болоод төгсч билээ. Албан ёсоор гэрлэж, айл гэр болоогүй ч дасаж дурлахын сайхныг мэдэрч, хоёул амьдралын төлөө хамтдаа зүтгэж эхэлсэн юм. Хамтын амьдрал удалгүй үрээ цацаж, хошуу дэвсэж өхөөрдөх хүүтэй боллоо. Цаг хугацаа өдөр өдрөөр урсан одсоор...

Гэтэл зуны нэгэн халуун өдөр нозооронгуй байдалтай интернетээр аялж байгаад тэртээд мартагдсан сэтгэлийн шархаа урж орхих нь тэр. "... Баяртай” ч гэж хэлэлгүйгээр салаад явсан түүнийхээ зургийг, одоо ашигладаг цахим хаягийг нь олоод баярлах, гайхах, тэвдэх ... гээд л сэтгэл дотор давхцаагүй зүйлс тун цөөхөн. Энэ олон жилийн дараа ядаж түүнтэйгээ мэндлэхсэн гэдэг хүсэл өөрийн эрхгүй "сайн уу” гэх зурвасыг илгээхэд хүргэв. Хариу ирсэнгүй. Нэг, хоёр хонолоо... "За даа намайг ч мартаа байлгүй дээ”, "Тэгээд ч үр хүүхэдтэй болж сайхан амьдарч байгаа хүнд хүүхэд насны дурлал ямар л үнэ цэнэтэй байх билээ” гэж өөртөө л тайлбар тавьж байлаа.

Тэгсэн нэг үдэш хариу ирэв. "... Сайн уу, ямар сонин хүн бэ, Төсөөлж ч байсангүй, маш их баяртай байна” гэгчлэнгээр удаан уулзаагүй найзтайгаа гэнэт таарсан хүн шиг л нэг дор хэт олон үгсийг цувуулан бичжээ. Хариу ирсэнд би ч баяртай байлаа. Гэхдээ хаанаас юу гэж бичиж эхлэхээ сайн мэдэхгүй л байлаа. Ямартай ч " ... Би сайн. Чи сайн уу. Хүүтэй болсон юм байна. Баяр хүргэе” гэх мэтээр албаны маягтай харилцан яриаг эхлүүлэв. Харин нэг цагийн дараа бидний бичиж буй сэдэв нэлээд гүнзгийрч, хүүхэд насны сайхан дурсамжуудаас хальж, "Чи үнэхээр өөр хүнд сайн байсан юм уу. Тийм байж яагаад надтай уулзаад байдаг байсан юм бэ. Би чамайг мартах гэж хэцүүхэн л цаг үеийг өнгөрүүллээ” гэсэн гомдлын үгс түүн рүү шидэж эхэлсэн байсан юм. Харин тэр "Би чамд хайртай... Хамгийн сайхан дурсамжуудтай хайр минь чи байсан. Чи бол миний анхны хайр. Гэхдээ бидний харилцаа хүйтэн хөндий байсан. Чамайг л сэтгэл чинь хөрч дээ гэж бодоод. Явуулахаар шийдэж өөрөө ч хэлэхгүй хүсээгүй хэрнээ өөр хүнд сайн гээд л хэлчихсэн. Ийм үг хэлсэндээ өөрийгөө буруутгаж, олон ч удаа уйлсаан” гэж тайлбарлав. Одоо яах вэ. Дэндүү хайртай байсан түүнтэйгээ ойлголцож чадахгүй явсаар замаа салгачихаад хэнийг буруутгах ёстой вэ. Тэр минь хөөрхөн охинтой. Би бас эхнэртэй, удам залгах хүүтэй. Тэр нэг халуун өдөр гэнэтийн учрал тохиолдоогүй бол бидний амьдрал энгийн, хэвийн, урдын адилаар үргэлжилсээр л байх байж.

Гэхдээ одоо урдын адил байхаасаа өнгөрчихлөө. Би түүнтэй хайртай, тэр ч надад хайртай. Гэхдээ гэр бүл салж, хүүхэд өнчрөх ёсгүй. Энэ миний үзсэн зовлон учраас би хэзээ ч хүүгээ өнчрүүлэхгүй. Эрэг нурж, дэлхий сүйрсэн ч миний хүү л халуун ам бүлийн аз жаргалыг мэдрэх ёстой. Эхнэртэй ч мөн хайртай. Хамтдаа л тэр дороос босч, намайг түшиж, тулж яваа сайхан Монгол бүсгүй. Ийм хүнийг гомдоох эрх надад үгүй. Гэвч сэтгэл зүрх минь гэнэтийн учрал руугаа л тэмүүлээд байх юм. Хүүхэд насны шохоорхол сэтгэлийн минь гүнд орших дурлал болж. Мартах гэж хичээх бүртээ өөрийгөө шархлуулж байснаа бодохоор ганц ч хомрыг алдалгүйгээр түүнтэйгээ уулзаж, зүгээр л тэврээд зогсохсон. Гэвч би эр хүн, эцэг хүн. Миний яаж амьдрахаас эхнэр, хүүхдийн минь ирээдүй хамааралтай. "Сайхан хайр, сайхан дурсамж гэж байдаг юм. Түүнийгээ л нандигнаж явья” гэсэн сэтгэлээр эцсийн удаа чамтайгаа мэнд мэдэхээр явж байна...

Харин сэтгэл минь чамайг явуулж, өөрийгөө татаж авч дийлэх л байгаа даа... Одоо ч хөндүүрлэн өвдөж байна. Туслаач бурхан минь ... Цаг хугацааг ухраах боломжгүй би мэдэж байна. Гэвч бидний уулзах энэ мөчид ухардаггүй цагаа зогсоож туслаач. Тэгвэл би бутарсан зүрхийг нийлүүлж, салсан сэтгэлийг учруулж, ганц удаа ч болов түүнийгээ мэдрэхсэн. Би сайн нөхөр, хүүхдийн сайн эцэг, гэрийн сайн эзэн байж чадна. Ганцхан энэ цаг мөчид боломж олгож, тэртээд мартагдсан хайраас минь багахан ч болов амсуулж, түүнийгээ ядаж нэг удаа тэврэх боломж олгооч... Баярлалаа.