Хэрвээ та аялал жуулчлалын компанитай, жуулчлалыг бизнес болгож, жуулчдыг соронз мэт татахыг хүсэгчдийн нэг бол Хөвсгөл далайн эрэг орчимд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Шинэ, содон санаагаар баялаг бизнесмэн таны Хатгал тосгонд гаргасан хөрөнгө оруулалт насан туршийн хөрөнгө, асар их ашиг олох боломж ч байж мэднэ.

Одоогоор тэнд тэнэгэр сайхан тал, далай, түүнийг бараадсан үйлчилгээ муутай, өнгө, үзэмжгүй гэрүүд, чийг үнэртсэн хэдхэн модон байшин, хүнсний цөөхөн дэлгүүр, хөдөлмөрлөхийг хүссэн нутгийн иргэд л байна. Байгалийн сайхан, Хөвсгөл далай хоёр л одоогоор жуулчдыг дулааны улиралд тийш нь хөтөлж байна. Адал явдал, амралт, тух хайж очсон хүмүүст үйлчилгээ, орчин, ер нь тэндэхийн юу нь ч дахин очих сэтгэгдэл төрүүлдэгтүй гэхэд болно. Гэтэл Хөвсгөл аймгийг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв хэмээн нэрийддэг. Гэвч дотоод, гадаадын аялагчдын тус аймгийг зорьж буй гол шалтгаан болох Хатгал тосгон, Ханх, Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын хөгжил яагаа ч үгүй байна. Энэ байдлаараа удвал хэчнээн засмал зам тавиад ч Хөвсгөл жуулчдын сонирхлоос гарч мэдэх нь.

Аялал жуулчлалын бүсийн гол зорилго бол тухайн газарт очсон нэг жуулчин төд удалгүй нэлээн олуулаа болон буцаж очихыг, тэндэхийн байгалийн сайхан, байгаа бүхэнд татагдан дахин дахин зочлох явдал билээ. Тиймээс Хөвсгөл далайн эрэгт догоодын болоод гадаадын жуулчин, амрагчдыг соронздоход хамгийн түрүүнд юу хэрэгтэй талаар цөөн санаа нэмэрлэе.

БААЗУУДЫН ТОХИЖИЛТ, БОХИР БАЙДАЛ ЖУУЛЧДЫГ ҮРГЭЭЖ БАЙНА
Хамгийн түрүүнд Усны тухай хууль болон бусад хууль, журамд нийцүүлэн эргийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсээс зайдуу жуулчны баазууд бий болгох. Далайн эрэг төдийгүй мод ихтэй бүс гэдэг утгаар модон байшингууд барьж, ирээдүйд их ашиг ольё гэж байгаа бол түүнийгээ жуулчдад зориулан тохижуулах хэрэгтэй. Байгалийн сайхан, далайн цэнгэг ус, хөвөөг сонирхохоор ирсэн хүмүүсийн сэтгэлд түрээсэлж буй байшингийн дотоод засал чимэглэл, тохижилт, байрлал дотно дулаан сэтгэгдэл төрүүлэх ёстой. Энэ нь бизнесийг чинь орлого, ашигтай байлгах бараг ганц урхи ч байж мэднэ.

Арван жилийн дараа очсон ч тэр л хэвээрээ өнгө зүсээ алдахгүй байхаар тохижилт, чимэглэлийг сонгох нь илүү үр дүнтэй байж болох юм. Дээр нь байшингийн цахилгаантай, нэмээд интернэт орчинг бүрдүүлэх нь аялагчдад таалагдана. Хамгийн гол зүйл нь, хүүхдийн тоглоомын талбайтай байх нь аялагчдыг илүү тав тухтай болгож, Хатгалаас явталаа байрлах нэг шийдэл болж ч мэднэ. Дээр нь био жорлон, усанд орох газар гэх мэт ариун цэвэр сахих газар нь цэвэрхэн байвал болоод явчихна. Өдгөө энэ бүхний аль нь ч Хөвсгөл далайн эргээр байрлах баазуудад байхгүй. Үйлчилгээ, зочид буудал, баазын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүдийн аль нь ч аялагч, жуулчныг ахин ирүүлэх сэтгэгдэл төрүүлэх, татах талаар тооцоо, төлөвлөгөөгүй байна гэхэд болно.

Жил бүр 40 гаруй аж ахуйн нэгж, иргэн Хатгал тосгоны нутагт гэр болон байшин бааз ажиллуулахаар зөвшөөрөл авдаг аж. Жуулчны баазууд үнийн дүнгээсээ шалтгаалан өөр өөр үйлчилгээ үзүүлнэ. 60 мянган төгрөгөөс дээш төлбөртэй гэр болон байшин буудлын орчин бусдаасаа арай цэвэр. Түүнээс бага үнэтэй нь бараг бүгд нэгэн хэвийн, тохь муутай. Монголчуудын амьдралын нийтлэг боломж нэг гэр буудлыг хоногт 30 мянга, байшин буудлыг 40 мянган төгрөгт хөлсөлнө. Үүнээс хямд үнэтэйг хайгч ч цөөнгүй байсан юм. Гэвч олонход буюу нийт амрагчийн 70-80 хувь нь хөлсөлдөг гэр баазын эсгийний эхүүн үнэр нь салаагүйн дээр ихэвчлэн тооно нь эргэжээ. Гэрт тавьсан орнуудын бүтээлэг бохир, сандал ширээ нь эвдэрч, хэмхэрсэн байх нь аялагч, жуулчлал таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Мөнгө л авч байвал жуулчлалыг ямар ч юманд хонуулсан яах вэ гэсэн сэтгэлгээ тэнд үйлчилж байгаа нь илт. Байшин буудлуудын хана нь цуурч, шал нь цөмөрч, заримынх нь хулдаас урагдаж, хавтангууд хөндийрсэн байх. Телевизор, гэрэлтүүлэг битгий хэл хоолны ширээ, суух сандал заримд нь үгүй. Ор хөнжил, цагаан хэрэглэлийн ариун цэврийн тухай бүр яриад ч хэрэггүй биз ээ. Яриад хэрэггүй зүйлийн тоонд жорлон орно. Зөвшөөрөлтэй нэг баазын хашаанд арав гаруй гэр, хэд хэдэн байшин байх бөгөөд дунд нь нэг жорлонтой. Жорлон нь аль хэдийнэ бохироор дүүрч, хүн орохын аргагүй болсон ч жуулчны баазын эзэд тоохгүй.

Жуулчдын адал явдалтай, аз жаргалтайгаар амралт зугаалгаа өнгөрүүлэх жуулчньг бааз бол аялагчдын хувьд хамгийн чухал зүйл нь. Гэвч одоогийн байдлаар Хөвсгөл далайн эрэг дээрх баазуудын нийтлэг дүр төрх ийм л байна.

ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭРЭГТ ДУРСАМЖ ХАДГАЛЖ ҮЛДЭХ ЮУ Ч АЛГА

Гаднын орнуудын далайн эрэгт жуулчдад зориулсан талбай, нийтээрээ зургаа татуулдаг хөшөө, дурсгал, сонин тогтоц хэлбэртэйгээр хийсэн баримал, чулуу, хөлөг онгоц, элдэв янзын зүйлийн музей, бэлэг дурсгалын дэлгүүр, ядаж л суугаад тухлах сандал хаа сайгүй байрлуулсан байдаг. Энэ бүхэн нь дотоод, гадаадын амрагч, аялагчдын тав тухыг хангахаас гадна нутгийн олондоо зориулсан амралт болдог гэхэд болно. Харин Хөвсгөл далайн эрэгт хүмүүст зориулсан юу ч одоогоор баригдаагүй, хийгдээгүй байна. Ядаж л хүүхэд, хөгшид суух сандал ч алга. Хогийн савны бараа ч алга. Ийм байхад сонин хачин тогтоцтой зориудаар байрлуулсан чулуу, хана, бусад тохижилт хараахан бий болоогүй нь ойлгомжтой. Ядаж л далайн эрэгт түргэн зураг, дурсгалын зүйлийн үйлчилгээ бараг алга. Байгаа нь Сүхбаатар хөлөг онгоцоор зорчих хэсгийн үүдэнд барааны зах шиг лангуунуудад дарсан болон хатаасан загас, Эрээний хаанаас ч олж болох хүзүүний хямдхан гоёл чимэглэл, шаазан аяга, хөргөгчний наалтууд л байна. Нутгийн иргэдийн урласан гар урлал, Хөвсгөл болоод Монголын онцлогийг харуулсан бэлэг, дурсгал тэндээс олдохооргүй юм. Үүнийгээ дагаад жуулчид ч гар дээрээс худалдаа наймаа хийж байгаа хүмүүсээс барагтай бол юм худалдаж авдаггүй бололтой. Бороо орж, салхи шуурвал тэнд бэлэг дурсгалын худалдаа эрхлэгч үйлчилгээ явуулах аргагүй.

Хамгийн чухал нь, онгон дагшин байгалийг тэр чигт нь хадгалан үлдээх, хамгаалах, түүний зэрэгцээ жуулчдын сэтгэлийг татах, гэрэл гэгээт сайхан дурсамж нь үлдэх уйдахааргүй бүс нутаг болгох ёстой юм. Монгол орон Төв Азийн их цөл, Сибирийн хөвч тайгийн уулзварт орших байгалийн унаган төрх байдлаа хадгалан үлдсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий цөөхөн орны нэг. Үүнээс гадна уран барималч, уран дархан олонтойгоороо гайхагддаг. Уран барималчидтай хамтраад Хөвсгөл нуурын эрэг Хөвсгөлийн онцлогийг харуулсан цогцолбор барьсан ч илүүдэх юмгүй. Энэ мэтээр байгалийн сайхныг аялал жуулчлалын сонгодог бүтээн байгуулалтуудтай хоршуулж байж Хатгал тосгон жуулчдын хот болно. Хөвсгөлчүүд, Монголын аялал жуулчлалд эдийн засгийн бодит урсгал орж ирнэ.

ГУРВАН САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ
Энэ оны эхээр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь” төсөл хэрэгжүүлэхээр болсон тухай мэргэжлийнхэн удаа дараа мэдээлж байсан. Уг төсөлд гурван сая ам.доллар зарцуулахаар болсныг ч зарлаж байв. Энэхүү төслийг санаачлагчид гурван зүйлд санхүүжилтийг чиглүүлнэ гэж байв. Нэгдүгээрт, Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх. Хоёрдугаарт, аялал жуулчлал хөгжүүлэхийн хажуугаар байгаль орчныг хамгаалж, ил задгай хог хаягдал, эко системд сөрөг нөлөөтэй байдлыг арилгаж, нэгдсэн менежменттэй ажиллана. Гуравдугаарт, нуурыг дагасан иргэдийн амжиргааны түвшнийг дээшлүүлнэ. Ингэхдээ Хөвсгөл нуурын орчим дахь таван сумын иргэдэд төслийг бодитойгоор чиглүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ.

Нэн тэргүүнд Хөвсгөл нуурын орчимд амьдардаг нутгийн иргэдийн амьжиргаагаа залгуулах боломж, эрхлэх боломжтой бизнес, аялал жуулчлалтай холбоотой ажлыг судалж, статистик бүрдүүлнэ гэж байв. Ингээд үүн дээр тулгуурлаад иргэдийн дунд сан бий болгох аж. Энэ сан дээр түшиглээд иргэд зээл авч бизнесээ эхлүүлэх боломж нээгдэнэ гэж үзжээ. Мөн нутгийн онцлогийг шингээсэн шинэ содон брэнд бий болгоход ч нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхэд уг санхүүжилтээс зарцуулахаа төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, дотоодын томоохон аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн хөрөнгөөр Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, хөл дээр нь босгоод ирж чадахгүй байгаа учраас гаднынхан хамжилцахаар болсон нь энэ. Гэхдээ уг төслийн хэрэгжилт одоогоор хэрхэн явж байгаа нь тодорхойгүй байна. Эндээс авах хамгийн чухал зүйл нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихгүйгээр Хөвсгөл нуурт аялал жуулчлалын бүс болохгүй, хөгжил ирэхгүй гэдгийг төсөл санаачлагчид олж харсан нь байгаа юм.

Калифорнийн их сургуулийн аялал жуулчлалын тэнхимийн профессор Ф.Жафари “Аялал жуулчлалын жинхэнэ мэргэжилтэн бол их хөрөнгө мөнгөтэй, чинээлэг бөгөөд нөгөө талаас оюуны маш өргөн мэдлэгтэй, өөрийн эх оронд маш их хайртай, түүнийхээ сайн сайхан бүхнийг мэдзж мэдэрдэг хэрвээ мөн нөгөө талаас дэлхийн хэмжээнд сэтгэж, хөдөлж, олон орны хүмүүстэй мөр зэрэгцэн нөхөрлөж явдаг” гэсэн байдаг. Хөвсгөлийг Монголын Аялал жуулчлалын тулгуур төв хэмээн зарлаж суугаа эрхэм төрийн түшээд, харъяа яамны мэргэжилтнүүд харин хөгжүүлэх тал дээр юу бодож суудаг бол. Засмал зам тавьсан төдийгөөр аялал жуулчлалыг хөгжүүллээ гзж бодож суугаа бол эндүүрэл. Аялал жуулчлалыг арай өөр түвшинд хөгжүүлэхгүй бол хөгжиж цэцэгаээгүй буйдхан сум, аялагчдад үзүүлж, сонирхуулах зүйлгүй цэлгэр тал, мянган нуур байгаад ч моодноос гардаг гэдгийг мартаж болохгүй. Одоогийнхоор бол Хөвсгөл нуурт дахиж очих хүсэл төрөхөөргүй байгаа юм.

 

 

Б.Энхмарт

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/