Шинжлэх ухааны академи утааг бууруулахаар шинжлэх ухааны үндэслэлтэй юу хийсэн бэ
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа. Зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй хэдэн арав дахин их байгааг албаныхан хэлж, иргэдийг амны хаалт зүүж явахыг зөвлөж буй.  

Засгийн газраас утаа  бууруулах ажлыг 2009 оноос эхлүүлж олон арван тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнгээ өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Утааг бууруулах ажилд улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг гаргасан байна. Хувийн хэвшлээс 200-аад тэрбум төгрөг гаргажээ. Гэтэл утаа улам бүр ихэссэнийг бид харж байна. Угаасаа хотын утаа зөвшөөрөгдөх хэмжээнээс хамгийн багадаа 10-20 дахин их буюу гамшгийн хэмжээнд хүрчихсэн.Тэгэхээр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн утааг бууруулах аргууд буруу байсан гэсэн үг. 

Тухайлбал, утааг бууруулахаар сайжруулсан зуух тарааж, сайжруулсан түлш хэрэглэсэн аргыг судалж үзсэн. Эхний удаадаа бол нэлээд үр дүнгээ өгч, агаарт дэгдсэн хөө, тортог нарийн ширхэглэгт тоосонцорууд багасч байсан. Гэтэл үүний араас "Нүүрс хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, их хэмжээний утаа тортогтой түүхий нүүрсийг хямд үнээр борлуулснаас болж агаарын бохирдол эрс нэмэгдсэн. Иргэдэд хямд нүүрс тараасан нь зөв хэдий ч агаарын бохирдлыг бууруулах бодлогын төвшинд бол маш том алдаа байсан гэдгийг  Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хэлж байна. 

Тэгвэл утааг бууруулахаар шат шатандаа тэмцэж, иргэдээс ч санаа оноо  гаргаж нийтээрээ  утааны эсрэг нэгдэж байгаа энэ үед тус байгууллага таг дуугүй суусаар байна. Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ШУА-ийн эрдэмтдэд утааг бууруулах шийдэл, арга зам олохыг даалгасан. Энэ дагуу тэд цахилгаан халаагуур гэр хорооллын иргэдэд хэрэглүүлэх нь зүйтэй гэдэг ганц шийдлийг хэлж өгсөн байх юм. Гэтэл энэ байгууллага  өөрсдийн санаачлагаараа, Ерөнхий сайдын үүрэг даалгаваргүйгээр утааны эсрэг гарц шийдлийг хайж олох үүрэгтэй бус уу хэмээн олон нийт шүүмжлэх боллоо.  

Дэлхийн олон томоохон хотууд олон жилийн өмнө утааны асуудалтай тулгарч байсан ч өдгөө бүх асуудлаа шийдэж чадсан. Энэ бүх арга туршлагыг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллах  нь чухал байгааг өнгөрсөн хугацаанд утааны эсрэг авч хэрэгжүүлсэн дээрх үр дүнгүй төсөл хөтөлбөрүүдээс харж болохоор. Тиймээс л  эрдэмтдийн шинжлэх ухааны үндэслэлтэй санаа оноо  яг одоо ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. 
 
Харин манай шинжлэх ухааны академынхан өнгөрсөн хугацаанд утааны асуудлыг судалж, стратеги төлөвлөгөө боловсруулж ирсэн гэх тайлбарыг өгч байна. Тэд хэлэхдээ “Манай Шинжлэх ухааны академийн дулаан, цахилгаан, эрчим хүчний чиглэлээр ажилладаг эрдэмтэд утаа бууруулах талаар төр засагт маш олон санал, төсөл хүргүүлж байсан. Гэтэл шалгаруулдаг комисс нь нээж ч харж байгаагүй. Олон жилийн өмнөөс бид утаа бууруулах аргуудыг судалж, тооцооллыг нь гаргаж, судалсан. Зөвхөн стратегиэ боловсруулж, ямар тактикаар ажиллах вэ гэдэг нь л дутуу байсан гэж ойлгож болно. Тиймээс бид Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу эхний ээлжинд утааг бууруулах стратегиэ боловсруулан, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төсөл хөтөлбөр хариуцдаг хүмүүстэй уулзаж, санал бодол солилцож байна” гэлээ. 

Тэдний  хэлснээс үзэхэд Засгийн газар шинжлэх ухааны академитайгаа хамтарч ажилладаггүй байжээ. Тэгэхээр дээр хэрэгжүүлсэн утааны эсрэг  арга хэмжээнүүд нь бүгд шинжлэх ухааны үндэслэлгүй, тооцоо судалгаагүй ажлууд байсан болж таарч байна. Үр дүн нь ч үүнийг харуулаад өгсөн. Иймээс ирэх жилүүдэд төдий хэр хэмжээний мөнгийг салхинд хийсгэхгүйн тулд Засгийн газар, эрдэмтэдтэйгээ нягт хамтран ажиллаж утаанаас бүр мөсөн салах арга замыг хайх нь чухал байна. 
Б.Сансар
olloo.mn