Манай улс эдийн засагтаа сэргэлт авахын тулд “гал унтраах машин”-ы сураг сонсоод зургаан cap, албан ёсоор гурван cap болж байна.

Тодруулбал, шинэ Засгийн газар гарч ирсэн даруйдаа эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлаас гарахын тулд хамгийн эхэлж авах арга хэмжээ нь “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх байв. Энэ хөтөлбөрийг нийгэм, эдийн засгийн нөхцөл нь хүнд байдалд орсон улс орон богино хугацаанд сэргэлт авахын тулд хэрэгжүүлдэг учраас гал унтраах машин, түргэн тусламж зэрэг янз бүрээр нэрлэдэг. Өнгөрсөн оны аравдугаар сард Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар АНУ-ын Вашингтон хотод Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад оролцсон. Шалтгаан нь мэдээж нийгэм, эдийн засаг хүндхэн байгаа тул тусламж үзүүлэхийг хүсч, одоо байгаа байдлаа танилцуулсан. Үүний үр дүнд ОУВС-ийн ажлын хэсэг аравдугаар сарын 20-нд манай улсад ирж долоо хоног ажиллаад буцсан билээ. Тэгэхдээ хэлэлцээрийн түвшинд биш техникийн ажлын хэсэг ирсэн. Түүний дараахан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн ажлын хэсэг хэрхэн ажилласан талаар “Энэ удаагийн ажлын хэсэг Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалтай танилцах, тогтвортой мэдээлэл авах, цуглуулах зорилготой ирсэн. Бид ажлын хэсэгтэй бүх боломжтой аргаар ажиллаж, мэдээллээ өгсөн. Ажлын хэсгийнхэн Захирлуудын зөвлөлдөө Монгол орны талаар мэдээллээ танилцуулах ёстой. Үүний дараа Монгол Улсын Засгийн газартай цаашид хамтарч ажиллахаар бол ОУВС-ийн хэлэлцээрийн ажлын хэсэг ирнэ. Арванхоёрдугаар сарын эхээр ирэх болов уу гэж харж байна.

Хэлэлцээрийн ажлын хэсэгтэй ярилцаад төслөө ОУВС-гийн зөвлөлөөр оруулна. Үйл явц цааш үргэлжилбэл төсөл хөтөлбөр 2017 оны эхээр хэрэгжих байх” гэсэн ярилдлага өгч байж. Түүнээс хойш “Стэнд бай” хөтөлбөрийн талаар хэсэг чимээ тасрав. Шинэ жилтэй холбоотойгоор тодорхой хариу байхгүй, хэлэлцээрийн түвшинд албан ёсоор ажил эхлээгүйг Монголбанкны Ерөнхийлөгч хэлж байсан. Ингэж явсаар дараагийн ажлын хэсэг нь өнгөрсөн баасан гаригт ирэх байсан ч энэ долоо хоногт ирэхээр болж дахин хойшлуулжээ. Мөн л хэлэлцээрийн түвшинд биш техникийн ажлын хэсэг. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар албан ёсоор хэлэлцээр эхлээгүй, хэзээ эхлэх нь тодорхойгүй л байгаа.

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараахан төсөв, санхүү, валютын нөөц, өр төлбөр гээд эдийн засаг, санхүүгийн хүндхэн асуудлуудтай байгаа тул “Стэнд бай” хөтөлбөрийн талаар ярьж эхлэхтэй зэрэгцээд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Тодруулбал, дэлхийн улс орны санхүүг үнэлдэг, олон улсын нийт зах зээлийн 95 хувийг хамарсан үйл ажиллагаатай Moody’s, Standard and Poor’s, Fitch агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Moody’s агентлаг манай улсын эдийн засгийн ирээдүйг сөрөг гэж харсан бол нөгөө хоёр байгууллага нь тогтвортой гэж таамаглаж байсан ч санаснаар нь бололгүй улам дордож зээлжих зэрэглэлээ дахин бууруулахад хүрсэн. Ийн богино хугацаанд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь гаднын хөрөнгө оруулагчдыг татахад улам бэрхшээл үзүүлсэн. Тиймээс “Стэнд бай” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. Хөтөлбөр хэрэгжүүлэх сургаар эдийн засагчид, төрийн бус байгууллага, холбоод, улстөрчид, судалгааны байгууллагууд санал бодлоо хэлж байв.

Тухайлбал, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ богино хугацааны зээлийн (“Стэнд бай” хөтөлбөрийн) хэрэгжих хугацааг тодорхой заах, эдийн засагт ямар сэргзлт үзүүлэх, дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй орлого нь одоо байгаа төвшнөөс доошлохгүй, дээрдэх зэргийг тодорхой заахыг хүсч байв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тодорхой бус үед ийм санал гаргаж байгаа нь иргэдийн оролцоо, санал хүсэлтийг хүргэж байгаа хэрэг хэмээн холбооны зүгээс тайлбарлаж байв. Зарим эдийн засагчид дуу нэгтэйтээр “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хамгийн зөв арга зам гэх болов. Учир нь, өмнө нь хоёр ч удаа хэрэгжүүлж байсан уг хөтөлбөр яг одоо манайд хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Өмнө нь хэрэгжүүлж байхдаа бага орлоготой, ядуу буурай иргэдийг хамгаалж, нийгмийн хамгааллын үр ашгийг сайжруулах, хүртээмжтэй өсөлтийг бий болгоход чиглэж ажиллах заавар өгч байж. Мөн төсвийн бүх зарлагыг нэг дор төвлөрүүлж, төсвийн бодлогыг төсвийн тогтвортой байдлын тухай хууль, өрийн хязгаарыг хангахад чиглүүлэх зэрэг нөхцөлийг санал болшж байжээ. Хамгийн сүүдд 2009 онд ОУВС-гаас Монгол Улсад нийт 229.2 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний санхүүжилт олгосон. Үүний үр дүнд инфляцийн түвшин буурч нэг оронтой тоонд хүрч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжсон. Мөн төсвийн алдагдал буурч, банкны системийн тогтвортой байдал нэмэгдсэн гэж үздэг. “Стэндбай” хөтөлбөр төсвийн сахилга батыг сайжруулах тул тэр талаас нь дэмжиж байгаа судлаачид, эдийн засагч, мэргэжилтнүүд цөөнгүй бий.

Үүнтэй холбоотойгоор Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн захирал Г.Бумчимэгээс тодруулахад “Олон улсын гэрээ хэлэлцээрт зайлшгүй цаг хугацаа зарцуулдаг. Хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр арай өөр түвшинд хүрэх байх. Мөн хөтөлбөр хэр удаан хэрэгжих нь эдийн засагт ихээхэн шалтгаална. Гэсэн ч түр зуурынх болохоор цаашид яах талаар асуудлаа шийдвэрлээд, төлөвлөөд явах хэрэгтэй. Хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна түүхий эдийн үнэ хэзээ сэргэхээс шалтгаалж эдийн засагт нөлөөлнө. Ямар улс, ямар зориулалтаар авч буйгаас шалтгаалаад тусламжаар олгох үнийн дүн өөр. Тухайлбал, ОУВС зээл, тусламж үзүүлэхдээ эдийн засаг нь тийм түвшинд байгаа улсад ийм хэмжээгээр олгоно гэх мэтээр сангийн дүрэм, журам, үзүүлэлт, үүнээс илүүг олгохгүй гэсэн квот байгаа байх. Гэхдээ тухайн орны нөхцөл байдлаас шалтгаалаад зээлийн хэмжээгээ тусгай нөхцөлөөр олгох тохиолдол бий. Ирэх онд манай эдийн засаг ямар байх нь Олон улсын валютын сантай ямар тохироонд хүрэхээс ихээхэн шалтгаална. Гэхдээ ямар ч тохироонд хүрсэн эхний хагас жил эдийн засаг нэлээд хүндхэн байна. Учир нь ямар нэг арга хэмжээ авлаа гэхэд тодорхой хугацааны дараа л үр дүн нь гардаг” гэв. Энэ мэтээр эдийн засаг, судлаачид “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжих үгүйг анхааралтай ажиглаж, хүлээлт үүсгээд байна. Наад зах нь Оюутолгойн II үе шатны хөрөнгө оруулалт хэрэгжиж үр дүнг нь хүлээх хугацаанд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал байна. Энэ удаагийн техникийн ажлын хэсгийн дараа, гэрээ хэлэлцээрийн түвшинд албан ёсоор ажлаа яаралтай эхлүүлээсэй л гэж хүлээхээс өөр сонголт одоогор алга.

 

 

Ц.БААСАНСҮРЭН

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/