Олон жилийн өмнө нэгэн япон жуулчин манзушир хийдийн модон жорлонд хөлөө жийгээд суучихсан байсан гэдэг. Соёлт нийгмээс нэлээд хоцорсон монголд бие засах аргаа олж ядсан уг түүхийг бид хэдэн жилийн өмнө сонссон бол инээд наргиа болгоод өнгөрөх байсан биз.

Гэтэл өдгөө хөгжлөөс хоцорсон гэдгээ илүү мэдэрдэг болсон цаг. Бохир заваан, залхуу, зохион байгуулалтгүйгээсээ ичдэг монголчууд олон болжээ. Үүгээр саймшрах гэсэнгүй. Харин ч гадаад үйлчлүүлэгчдийн өмнө нүүрээ улайлгадаг тур оператор, хөтчийн зовлонг одоо л ойлгож эхэлсэн хэрэг.

Манайд амарсан нэгэн аялагчийн “Монголын жорлон” хэмээх гарчигтай сэтгэгдлийг интернэтээс олж уншив. Клаудиа гэх нэрээр бичсэн тэрхүү сэтгэгдэлд “монгол орон ямар үзэсгэлэнтэй гэж санана. Говь, хангай хосолж, тал нутаг нь нүд булаам гоё. Малаа дагаж, улирал тутам нутаг сэлгэх нь нүүдэлчдийн амьдрал. Тэд зөвхөн малдаа л санаа зовдог. Нүүдэлчид гэртээ бие засдаггүй. Гэрээсээ хэдэн метрийн зайд нүх ухаж, модоор хашаалаад асуудлаа шийдчихдэг.

Цаасан дээр буусан “загас барих арга”-аар таагүй үйлчилгээгээ сайжруулъя

Өвөл нь -40 хэм хүрдэг ч, тэндээ л бие засна. Жорлонгийнх нь үнэр халуун зун аймшигтай болдог ч асуудал биш. Эрэгтэй, эмэгтэй гэж тусгаарладаггүй. Ер нь монголчууд жорлондоо огтхон ч санаа зовдоггүй” хэмээжээ. Эдийн засагт оруулах хувь нэмрээрээ уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын дараа бичигддэг аялал жуулчлалын хөгжил ямар түвшинд байгааг дээрх сэтгэгдлээс түвэггүй ойлгоно. “Жуулчид манай орны байгалийг үзэх гэж ирдэг нь үнэн. Гэхдээ тэд тав тухтай орчинд амарч, найрсаг үйлчилгээ авсныхаа төлөө мөнгө төлдөг. Бас дахин ирэх, эсэхээ шийддэг” хэмээн олон жил жуулчдад үйлчилсэн нэгэн танил маань учирлав. Хөлөө олсон аялал жуулчлалын компаниудыг эс тооцвол энэ салбарын хувь хүний ахуйд чиглэсэн үйлчилгээ нь хэдэн зуунаар хоцрогдсон нь үнэн. Ялангуяа улсын гэх тодотголтой аймаг, сумдын төв, зам дагуух үйлчилгээний төвүүдийн бие засах газрын талаар онцлох нь илүүц биз.

Хот хоорондын тээврийн үйлчилгээг сайжруулснаар жуулчид хувийн унаа тэргээр төдийгүй нийтийн тээврээр идэвхтэй үйлчлүүлдэг болсон. Цагийн хуваарьтай, үнэ хямд тул үүргэвчтэй болон хувиараа ирсэн жуулчид долдугаар сард нийтийн автобусаар орон нутаг руу зорчих нь түгээмэл. Гэтэл орон нутгийн авто вокзалын нийтийн бие засах газар гэж хүн орохын аргагүй бохир байдаг нь эргэн тойрныг нь бохирдуулах шалтгаан болдог юм билээ. Саяхан л гэхэд Узбекистанд манайх шиг модон жорлонд гурван хүн угаартаж үхсэн харамсалтай тохиолдол гарсан. Тиймээс эрүүл ахуй, жуулчдын тав тух, байгаль орчноо бодсон ч орон нутгийн засаг захиргаа энэ асуудалд нэн түрүүнд анхаарах ёстой.

Уг нь модон жорлонгийн нөхцлийг сайжруулах, хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллагууд бий. Барилга, хот байгуулалтын яам байгууламж гэдэг утгаар нь агааржуулалт, битүүмжлэл нь ямар байхыг шийддэг бол Эрүүл мэндийн яаманд эрүүл ахуйн нөхцлийг нь сайжруулах үүрэгтэй бүх л бүтэн хэлтэс ажилладаг. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд экологийн сөрөг нөлөөллийг нь багасгахад чиглэсэн мэргэжилтнүүд бий. Мөн цагдаа, мэргэжлийн хяналт, тухайн орон нутгийн удирдлага шат шатандаа хяналт тавьж ажиллах ёстой. Гэтэл модон жорлон Монголын хөгжлийг хойш чангаасаар байгаа нь төрийн байгууллагууд ажлаа хэрхэн хийж буйн тод илрэл. Байгальд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ариун цэврийн байгууламжтай болох тухай дуугарч эхэлсэн үе аль 10 гаруй жилийн тэртээ. Гэвч мэдэхгүйн зовлон, залхуугийн балагтайгаа бид өнөөг хүртэл зууралдсаар байна.

Гэтэл дэлхий дахинд байгальд ээлтэй, тав тухтай, цэвэр төдийгүй тансаг ариун цэврийн байгууламжаар жуулчдыг татах гэсэн өрсөлдөөн өрнөж буй. Энэ оны аялал жуулчлалыг дэмжсэн ариун цэврийн байгууламжийн бүтээн байгуулалтаар Австралийн Шинэ Өмнөд Уэльс дэх Миттагон хотын жуулчдын мэдээллийн төв шалгарчээ. Бие засах газрыг цэцэг, зурагт хуудас, дуут дохио дамжуулагч, сонирхолтой санамжаар тохижуулж, wifi үйлчилгээ үнэгүй авах боломжтой болгосноор орон нутагт аялал жуулчлалын орлогыг 11 сая ам.доллараар нэмэгдүүлж чадсан аж.

Түүнчлэн хаяа залгасан Хятад л гэхэд хойд бүс нутгууддаа аялал жуулчлалыг дэмжиж, жуулчид татах зорилгоор гурван жилийн хугацаатай нийтийн ариун цэврийн байгууламжийн хувьсгал эхлүүлсэн. Мөн Япон 2020 оны Токиогийн олимпийн үзэгчдэд зориулан ухаалаг суултуураа улам сайжруулж буй бол Франц, Норвеги зэрэг улс эрүүл ахуйд нь онцгойлон анхаарч байна. Харин аялал жуулчлал орлогынх нь гол эх үүсвэр болсон Энэтхэгийн Гоа муж 2011 оноос хойш нийтийн ариун цэврийн байгууламжаа үе шаттай сайжруулж байна.

Ерөөс дэлхий нийтээр ил задгай болон хөрс шууд бохирдуулдаг нүхэн жорлонгоос аль эрт татгалзчихсан. Манайд ч Хог хаягдлын тухай хуульд хөрс, ус шууд бохирдуулах нүхэн жорлонг аль ч түвшинд хориглосон. Мөн ариун цэврийн байгууламжийн зургаан стандарт байдаг ч харамсалтай нь огт мөрдөгдөхгүй байна.

Хог хаягдлын тухай хуульд хөрс шууд бохирдуулах нүхэн жорлонг хориглосон

"Өнөөдөр улсын тусгай хамгаалалттай 102 газарт нийт 2660 аж ахуйн нэгж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Үүнээс 1800-аад нь Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт байрладаг" хэмээн БОАЖЯ- ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Мөнх-Оргил ярьсан. Өнөө цагт ихэнх жуулчны бааз нэг үеэ бодоход боловсон ариун цэврийн байгууламжтай болжээ.

Харин орон нутгийн иргэд нийлж байгуулсан, зөвшөөрөл аваагүй гэр буудлууд тусгай хамгаалалттай газар олон бий аж. Тиймээс тэдгээр амралтын газрыг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болохыг шаардах, хүмүүс их зорчдог суурин, төвүүдэд эко ариун цэврийн байгууламж барих нь БХБЯ, ЭМЯ, БОАЖЯ, мэргэжлийн хяналтынхан, орон нутгийн удирдлагын яаралтай шийдэх ёстой тулгамдсан асуудал болж байна.

  • Орон нутгийн авто вокзалын нийтийн бие засах газар гэж хүн орохын аргагүй бохир байдаг нь эргэн тойрныг нь бохирдуулах шалтгаан болдог.
  • Дэлхий дахинд байгальд ээлтэй, тав тухтай, цэвэр төдийгүй тансаг ариун цэврийн байгууламжаар жуулчдыг татах гэсэн өрсөлдөөн өрнөж байна.
  • Монголын нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжийн технологийг мэргэжилтнүүд олж, зөвлөмж гаргачихаад буй.

Зөвхөн зам дагасан ариун цэврийн байгууламжуудыг сайжруулж, төлбөртэй тохитой үйлчилгээ нэвтрүүлвэл жуулчдын сэтгэл ханамж, ажлын байр, орон нутгийн орлого хэр зэрэг нэмэгдэх талаар тооцоо хийвэл чамлахааргүй тоо гарах биз. Хөвсгөлөөр жишээ татаж үзье. Наадмын дөрвөн өдөр зорчсон 40 мянган жуулчин бүр 200 төгрөгөөр өдөрт хамгийн багадаа гурван удаа үйлчлүүлнэ гэж тооцвол бие засах газрын үйлчилгээний орлого 24 сая төгрөг болж байна. Нуур тойрсон таван сум, нэг тосгонд тус бүр хоёр ариун цэврийн байгууламж байгуулахад 12 хүн ажлын байртай болно. Тэрчлэн ил задгай бие засахгүй тул аялагчдын сэтгэл ханамж сайжирна гээд багахан зохион байгуулалтаас хүртэх ашиг орлого үлэмж нэмэгдэж байна.

Нөгөөтэйгүүр, Монголын нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжийн технологийг мэргэжилтнүүд олж, зөвлөмж гаргачихаад буй. Модон жорлонгийн агааржуулалт, битүүмжлэл, тав тух, хийц, бохирыг нь соруулах боломж гээд бүхий л шийдлийг гаргажээ. Тиймээс цаасан дээр буусан “загас барих арга”-ыг ядаж Хөвсгөл, Туул, Тэрхийн цагаан нуураа хамгаалахад хэрэгжүүлье. Бас үүнийг дагаад найрсаг монголчуудын таагүй үйлчилгээ ч замхрах учиртай. Гагцхүү иргэд, аж ахуйн нэгжтэй шууд харьцдаг орон нутгийн удирдлага, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа юм.

З.Цэлмэг

 

Засгийн газрын мэдээ