Татвар төлөгч та бидний мөнгийг төрийн байгууллагууд үр дүнтэй зөв зарцуулсан эсэхэд Аудитын ерөнхий газраас жил бүр шалгалт хийдэг. Тэгвэл энэ шалгалтад Батлан хамгаалах яамны харъяа  Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ бүдэрсэн байна. Тус байгууллагаас хэд хэдэн алдаа зөрчил илэрчээ. Тухайлбал,

  1. Тайлант онд нууцын зэрэгтэй гэсэн шалтгаанаар нийт 45.2 сая төгрөгийн бараа материалыг иргэдээс шууд худалдан авалт хийсэн нь: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.4-т дэх Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно гэсэнтэй нийцээгүй байна. 2017 оны байгууллагын зорилтот түвшин буюу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө үйл ажиллагааны зардал болон худалдан авалтын төлөвлөгөө батлуулаагүй нь үр ашиг тооцох болон зардлаа хянах бололцоогүй байна.
  2. Он дамжсан нийт 215.1 сая төгрөгийн өглөг, 95.3 сая төгрөгийн авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй нь: НББ-ийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах" гэсэн заалттай нийцээгүй байна. Тодруулбал, 7 байгууллагаас авах 2005-2013 онуудад үүссэн 58 сая төгрөг,15 хувь хүнээс авах 2004-2013 онуудад үүссэн 42.5 сая төгрөг нийт 95.3 сая төгрөгийн авлагын үлдэгдэлд тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, насчилт өндөртэй авлага барагдаагүй байна
  3. Байгууллагын кассаас 11.0 сая төгрөгийг бэлнээр зээл өгсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” гэсэн заалттай нийцэхгүй байна.
  4. Тайлант онд зочин төлөөлөгч хүлээн авах батлагдсан төсвөөс 1.1 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан нь: Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-д “Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэсэн заалттай нийцэхгүй байна.
  5. Тайлант онд худалдан авсан 39.9 сая төгрөгийн бараа материалыг данс бүртгэлд тусгаагүй шууд зардлаар бүртгэсэн нь Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 тоот тушаалын хавсралт “Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн заавар”-ыг зөрчсөн буюу “Иж бүрэн байдал” батламж мэдэгдлийг хангахгүй байгаа.

Өөрөөр хэлбэл тус байгууллагад хийсэн аудитын тайлангаар 19 алдаа зөрчил илэрсэн юм. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 970.4 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн ба үүнээс аудитын явцад 655.0 сая төгрөгийн алдаа, зөрчлийг залруулж, 2.1 сая төгрөгийн алдаа зөрчилд акт тогтоож, 1.7 сая төгрөгт албан шаардлага өгч, 266.4 сая төгрөгийн алдаа зөрчилд зөвлөмж өгсөн байна.