Шинэ сонголтын эздээр  М.Зоригт, Б.Болор  нар тодорлоо

Шийдлийн засгийн газар удахгүй шинэ бүрэлдэхүүнээр ажиллаж эхлэх нь ээ. Танхимын зургаан сайдын суудалд сэлгээ орсноор тодорхой өөрчлөлтүүдийг авчирч,  зарим асуудлууд гацаанаас гарна гэж олон нийт харж буй.

Шинэ сайд нарын нэрсэд АН-аас Зам тээврийн сайдад М.Зоригт гишүүн, Сангийн сайдад Б.Болор, Хөдөлмөрийн яамны сайдад Г.Баярсайхан нарыг, харин Шударга-Ёс эвслээс Шадар сайдад Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын яамны сайдад З.Баянсэлэнгэ, БОНХАЖЯ-ны сайдад Н.Батцэрэг нарыг тус тус томилуулахаар Ерөнхий сайдад УИХ-л өргөн бариад байна. 

Ерөнхий сайд урьд нь АН-аас нь Сангийн сайдад  Н.Батбаяр, Зам тээврийн сайдад Г.Эрдэнэчимэг нарыг   томилуулахаар илгээсэн саналыг хүлээж аваагүй. Мэдээж,  гадны зочид буудалд дээд тэнгэрээ буулган, бөөлөн байж “Чингис” бондыг авч ирсэн хэмээн хэнэг ч үгүй ярьдаг Н.Батбаяр, Тавантолгойг гацаасандаа бөөн баяр яваа Л.Эрдэнэчимэг нарыг засгийн  танхимд хүлээн авахад бэрхтэй. Шуудхан хэлэхэд, ерөнхий сайд Ч.Сайханбилэг ядаж л хэвийн бөгөөд бүтээлч сэтгэлгээтэй улсыг танхимдаа авах  шаардлагатай байгаагаа намын нөхдөдөө учирласан гэх.

Ингэснээр АН-аас гаргасан гурван сайдын нэрсэд өөрчлөлт орж,  Сангийн сайдад Б.Болор, Зам тээврийн сайдад М.Зоригт нарыг дэвшүүлэхээр тогтжээ.

Б.Болор гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хороог толгойлж байсан гэдэг утгаараа олон нийт харьцангуй эерэг байдлаар хүлээн авч байна. Гэхдээ Монгол улс хоёр төсөвтэй юм шиг байдлаар явж ирсэн Монголбанкны данхгар хөтөлбөрүүдийг нэг эгнээнд оруулж,  төсвийн зарлагдах хувь хэмжээг багасгах тал дээр богино хугацаанд сайн ажилласан сайд асан Д.Эрдэнэбатын туршлага түүнд байгаа эсэх нь тодорхойгүй.

Их мөнгө атган суух уг сайдын суудалд анхнаасаа Монгол улсын толгой эдийн засагчдын нэг Р.Амаржаргал яригдаж байсан ч нам доторх ганцаардмал “УУЛ”-ын жишгээр хусагдав. Одоо  харин Б.Болор гишүүн сайдын суудлыг  хэрхэн авч явах нь цэвэр өөрөөс нь шалтгаалах асуудал юм.

Харин М.Зоригт гишүүний хувьд МоАХ буюу фракцийн нөлөөллөөр гарч ирж буйг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч түүнд Иргэний агаарын тээвэр, Төмөр замын бодлого зэрэг улс орны томоохон асуудлуудыг ерөнхий чиг шугмаар нь удирдаад явах зүтгэл, улстөрийн туршлага бийг онцлууштай. “Бодь” хэмээх их айлыг толгойлж явсан хүний хувиар бас чиг нэгж салбарын хар хайрцагны бодлого гэгчийг  бариад явах боломжтой.  Ингэж сүүлийн үед  хөдөө хээр, чөлөөт байдлыг эрхэмлэдгээрээ олны таашаалд нийцэх болсон хэт бүтээлч “фоточин” маань сайдын суудалд томилогдохоор яригдаж буй нь магадгүй нүдээ олсон сонголт байж мэднэ.

Хөдөлмөрийн сайдын албыг Г.Баярсайхан чухам ямар байдлаар залахыг бурхан л мэдэх  байх. Энэ суудалд бие даагчдаас С.Ганбаатар гишүүний нэр яригдаж байсан ч АН доошоо орж, тэднийг гуйхыг хүссэнгүй. Басхүү  хошноор хэлэх юм бол С.Ганбаатарт боломж олгохгүй байх  төрийн бодлого ч бий.  

 

“Шударга ёс” эвсэл жагсаалтаар гарсан гишүүдээ сайдын суудалд зүтгүүлэв

“Шударга ёс” эвслийн сонголт ерөнхийдөө  төрийн ордон салхилахаар түр ирээд буй Н.Энхбаярын үзэмжин дор явагдсан гэхэд хилсдэхгүй. 

Сайдын суудалд чухам хэнийг суулгах эсэх дээр “Шударга ёс” эвсэл удтал нэгдсэн байр суурь хүрч чадаагүй. Улстөрийн  шинж чанартай томоохон асуудлууд дээр “Н.Энхбаяр даргын шийдийг хүлээж байна” хэмээн шуудхан хариулж орхидог тус эвсэл энэ удаа мөн  Солонгосоос  зөвлөгчөө дуудахад хүрэв.

Ингээд Н.Энхбаяр ахлагчтай  ажлын хэсггийнхэн нэлээд хэд хоног  дотооддоо зөвлөхийн зэрэгцээ ерөнхий сайдын өрөөнд өнжин зөвлөгөөн хийсний эцэст сайд нарынхаа нэрийг баталллаа. Хамгийн сонирхолтой нь, “Шударга ёс” эвслийн сайдад дэвшин гурван эрхэм бүгд жагсаалтаар УИХ-д суусан рэхмүүд байгаа юм.

За яахав, Их хурлын танхимд гайгүй хэдэн жинтэй үг шидэж орхидог,  бүлгээ дажгүй нэр хүндтэй удирдаж яваа Н.Батцэрэг гишүүнийг сайдад нэр дэвшихэд эвслээс нэг их маргаад байх хүн гарахгүй. Нөгөө талаас нэгэн үес АН-ын эд эс болж явсан түүнд бусад сайд нартайгаа ойлголцоход хялбар байж мэдэх. Харин яам нь баахан эмэгтэйлэг болсон мэт санагдана. 

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын хувьд Өршөөлийн хуулийг санаачлан боловсруулахад зүтгэл гаргасан, Гацууртын ордыг эргэлтэд оруулахгүй байх асуудлаар жинтэй дуугарсан хийгээд хуульзүйн байнгын хороон дахь нөлөө бүхий гишүүдийн нэг гэдэг утгаараа бас чиг жагсаалтаар гарсан гэлтгүй, бүлгийн зүгээс дэмжсэн байх нигуртай.

Хамгийн гажиг байдлаар гарч ирж буй нь З.Баянсэлэнгэ юм. Нотаритч,  дүүргийн Цагдаагийн хэлтэст бүртгэгч, хороон засаг дага төдийхэн хийж явсан, төрийн албаны гавьтай  туршлагагүй эл эмэгтэй  өлсгөлөн зарлагчаас гэнэт гишүүн болон заларсан. Мөнхүү одоо гэрлийн хурдаар сайдын суудалд дэвшихээр яригдаж буй нь Н.Энхбаяртай салшгүй холбоотой. Түүний төлөө нэгэн үес өлсгөлөн зарлаж, Цагдаа сэргийлэх дээр тулж явсан хатуу цагийн дурсамжаар одоо жигүүр хийн давхиж яваа нь энэ.

Тэд МАН-ын  огцорсон сайдууд болох Д.Цогтбаатар, Д.Оюунхорол, У.Хүрэлсүх нарын суудлыг “эзэмшинэ”.Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар бол ард түмнээс ОНЦ үнэлгээ авсан. Одоо З.Баянсэлэнгээс ард түмэн тийм л зүйл хүснэ. Байрны урьдчилгаа төлбөрийн 10 хувь, сайдын гэнэтийн шалгалт, евро стандарт гэхчлэн үргэлжлүүлэх ёстой олон асуудал бий.

Төв цэвэрлэх байгууламжаас үүдэн баахан муу нэртэй буусан Д.Оюунхорол сайдын ажлын туршлагыг Н.Батцэрэг  давж унах нигуртай ч яамны ерөнхий чиг нь олон асуудал хамаардаг гэдэг утгаараа бас л эрсдэлтэй салбар. Харин шадар сайдын суудал Ц.Оюунбаатарт магадгүй их зохицох бөгөөд Ч.Сайханбилэгтэй ойлголцох  болон  харьяа нэгжүүдээ цэгцтэй аваад явж чадах л хүн.

Одоо тэднийг УИХ-ын ээлжит бус чуулганы том даваа хүлээж байна. Гишүүд чухам сайд нарыг ямар байдлаар хүлээн авах, индрээс хэн хэн тоглолт хийхийг таах аргагүй. Гэхдээ нэрс нь буцаад явахгүй нь л ямар ч байсан тодорхой юм.

Ж.Мядагбадам

 

Эх сурвалж: www.TODAY.mn