Хумигдсан эдийн засгийг нэмээд базчихвий

“Лангуу түрээсэлж ажиллуулаад, олсон ашгийнхаа 10 хувийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж татварт хураалгах болсноо та мэдсэн үү” гэж "Баянзүрх" хүнсний захад ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн зардаг Л.Алтанцэцэгээс асуухад “Мэдэхгүй” гэж хариулав.

Тэрбээр сар бүр татварт таван мянган төгрөг төлдөг. Харин он гарахтай зэрэгцээд сард 100 орчим мянган төгрөг хамгийн багадаа татварт өгөх нь ээ. Учир нь тэрбээр сард сая төгрөгийн цэвэр ашиг олдог. Зарим сар үүнээс ч илүү ашигтай ажилладаг гэнэ. Одоо төлдөг татвараасаа 95 мянган төгрөгөөр ахиу мөнгийг татварт төлнө. Татвар хураамжийн энэ өсөлтийг мэдээгүй яваа худалдаачид Л.Алтанцэцэгээр дуусахгүй.

“НОУ ХАУ”-Г ИРГЭД ИЛЧИЛНЭ

УИХ дээр хэдэнтээ бүдэрсэн НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга энэ онд батлагдав. Үр дүнд нь Татварын ерөнхий газрынхан хэвлэл мэдээллийн салбараар дамжуулж, иргэдэд анхааруулга өгөх боллоо. Хүнсний дэлгүүрээр үйлчлүүлснийхээ дараа билл буюу тооцооны хуудсаа битгий хаяарай гэж зурагтаар ярьж байгааг нь та сонссон биз дээ. Тэгэхээр та, бид бүгдээрээ үйлчлүүлсэн газар бүртээ шаардлага тавьж, тухайн газрын орлогыг татварынханд яг таг “барьж өгөх” юм. Манайхны алдагдалтай ажилласан гэж татварынханд мэдүүлдэг “ноу хау”-тай тэмцэх нэг арга нь энэ болж байна.

Иргэдээр шаардлага тавиулдаг НӨАТ-ын хуулийг дагаад өнөөх ТҮЦ, цайны газар, үсчин ажиллуулдаг хүмүүсийн орлогыг тодорхойлох боломжтой болжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Орлогыг нь тухай бүрт тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай” хуульд заасан хэмжээгээр Л.Алтанцэцэг эгч таван мянган төгрөгийн татвар төлдөг юм. Хуульд зааснаар машин угаалгын газар сард 3000, мэрэг төлөгчид 1200, сүү зардаг эмэгтэй 2400 төгрөг тус бүр төлдөг байна. Энэхүү хуульд өчнөөн олон “мэргэжилтэн” онцолсон бөгөөд дийлэнх нь 10 мянган төгрөгт багтах татвар төлөгчид. Харин НӨАТ-ын хуулийг дагаад энэ хуулийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болгохоор тогтсон.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс ирэх жил 15 тэрбум төгрөгийн татвар хураана

Үр дүнд нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн (ХХОАТ) дагуу үйл ажиллагааны ашгийн 10 хувийг авахаар болжээ. Ингээд л Л.Алтанцэцэг эгч 100 мянган төгрөгийн татвар төлөхөөр болсон нь энэ. Харамсалтай нь тэрбээр ХХОАТ төлөх болсноо өдий хүртэл ухаж ойлгоогүй яваа. Түүнтэй адил хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч мэдээгүйг онцолмоор байна. Ер нь гурил будаанаас аваад сүү цагаан идээ зардаг хүнгүй айл Монголд байхгүй байх. Хэчнээн хүн хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаар барин тавин хэлэх нарийн тооцоо судалгаа ч алга.

ЭДИЙН ЗАСАГ ХУМИГДСАН ЦАГААР ТАТВАР НЭМЭХ ЗӨВ ҮҮ

Энгийн ярианаасаа халиад, дээрх татварыг авснаар эдийн засагт ямар үр нөлөө авчрахыг хамтдаа сонирхоцгооё. Эхний ээлжинд 2016 оны Төсвийн тухай хуулийг эш татъя. Сангийн яамныхан ирэх жил хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс 15 орчим тэрбум төгрөгийн татвар хураахаар тооцжээ. Тэднээс энэ жил 5.1 тэрбум төгрөгийн татвар авахаар төлөвлөсөн бөгөөд ирэх жил үүнийгээ гурав дахин өсгөхөөр болсон нь энэ юм. Гэхдээ эрсдэлээ тооцоод, ердөө гурав дахин нэмсэн хэмээн онцолж байна билээ. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг 2001 онд баталсан. Тиймээс өнөөх гурав, таван мянган төгрөгийн татварт инфляцийг тооцолгүй 14 жил үргэлжилснийг сануулав. Мөн үсчин болон цайны газруудад судалгаа хийж үзэхэд одоо авч байгаа татварын хувь хэмжээг хамгийн ихдээ 10 дахин өсгөх боломж байсныг тайлбарласан юм.

Нэг талаас, цалингийнхаа 10 хувийг шуудхан ХХОАТ-т төлдөг хүмүүст одоо л шударга хандаж эхэллээ. Та бид ялгаагүй л хөлс хүчээ шавхаж орлого олдог ч нэг нь 50, 60 мянган төгрөг сар бүр татварт төлж байхад нөгөө хэсэг нь тав аравхан мянган төгрөг өгдөг шүү дээ. Тэгэхээр одоо л зөв голдиролд орж буйг онцлох хэрэгтэй.

Нөгөө талаас эдийн засаг хумигдаад, хаа сайгүй худалдан авалт буурч байгаа энэ цагт хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс татвар авах болсон нь оновчтой юу гэсэн асуулт урган гарч ирж байна. Энэ талаар СЭЗДС-ийн багш Ш.Батцэнгэлээс тодруулахад “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хувиараа бизнес эрхлэгчдэд халтай шийдвэр гарсан гэдгийг үгүйсгэхгүй” гэсэн юм. Мөн тэрбээр “Эхний ээлжинд төсвийн орлогоо нэмэхийн тулд чинээлэг иргэдээс татвар аваад, үүний дараа хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс татвар авах хувилбар бий” гэсэн. Харин Сангийн яамны зүгээс чинээлэг иргэдээс ахиу татвар авахыг шударга бус гэв. Хуулийн дагуу л татвар хураамжаа авна гэж тайлбарлалаа.

ЭЦЭСТ НЬ

Монгол Улсад хувиараа хөдөлмөр эрхэлдэг хэчнээн хүн байдгийг бид мэдэхгүй. Гэхдээ айл бүрт ядаж нэг бий гэдгийг та бид мэдэж байгаа. Тэд бага татвар төлчихөөд, их татвар төлсөн хүмүүстэй адил л төрийн үйлчилгээ авдаг явдлыг болиулж байна. Шударга уу гэвэл тийм.

Харин энэхүү шударга ёсыг хэзээнээс эхэлж хэрэгжүүлэх нь хамгийн хачирхалтай нь юм шиг ээ. Угтаа эдийн засаг хумигдаад, гурав дөрөвдүгээр хорооллын лангуу хэрхэн хоосорч байгааг та бид хараад л сууж байна. Үүн дээр нэмээд өгөх ёстой татвараа яг таг өг гээд байгааг яалтай. Хамгийн гол нь хумигдсан эдийн засгийг дахиад базчих юм биш биз. Хэдэн хүн хувиараа хөдөлмөр эрхлээд, хэчнээн төгрөг албан бус эдийн засагт эргэлдэж байгаа нарийн тооцоо үнэндээ алга. Чухам энэ цагт тэднийг дарамтлах хэрэг бий юү гэдэг нь асуулт болон үлдэж байна.

Мэдээж татварынхан болоод сангийн яамныхан “Өгөх ёстой татвар. Бид нэмээгүй” гээд байгаа боловч таван мянга болоод 100 мянган төгрөгийн хооронд асар их ялгаа бий. Бодитоор төлөх үнийн дүн 20 дахин өсчихөөд байхад, нэмээгүй гээд гүрийгээд байгаа нь бас хачирхалтай. Мөн хоёр сарын дараагаас эхлэн 20 дахин нэмэгдсэн татвар төлөхөөр болсноо мэдэхгүй яваа хүмүүсийг яах вэ? Тэдэнд ойлголт ч алга, зөв бурууг дэнслэх хугацаа ч алга.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ