Машинаа гаражид хийхээр Сүхбаатар дүүрэг дэх гэрээсээ гарсан 27 настай залуу Хөвсгөл далайд живж, амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан билээ. Талийгаачийн гэр бүлийнхэн болон ойр дотныхон нь түүнийг амиа хорлох хүн биш бөгөөд хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан гэдгийг ярьжээ.

Тодруулбал 2014 оны 5 сард МУИС- аас гараад шөнийн 11-12 цагт гэртээ харж явтал замд нь хуучин 4-р дэлгүүрийн зүүн байрнуудын дундаас үл таних 4 залуу талийгаачийг хүч хэрэглэн сүрдүүлж, гүрээ, гарын шуу хавьд нь хутгалж, ухаан алдуулаад хаяад явчихсан байна. Ингээд тэрбээр үүрийн 4-5 цагийн орчимд ухаан орж гэртээ ирсэн бөгөөд тухайн үед гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулаад, эмчид учир шалтгаанаа хэлж бүртгүүлсэн байдаг аж.

Түүний дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 5-ны орой 7.00 цагийн орчимд ажлаасаа гараад, харих замд нь буюу 5-р сургуулийн баруун урд орчимд хар машинтай танихгүй залуус таарч, түүнийг машиндаа хүчээр суулгаж яваад, хотоос 30 гаруй клометрийн зайд очоод дарамталсан байна. Тэдний машин жолоочийн араар тусгаарладаг, хар хаалтаар тоноглогдсон байсан бөгөөд тэр залуус “Чи хөдөө байхдаа их цорцгонодог бацаан гэл үү, Хуулийнхан бидний гарт байгаа та нар олж чадахгүй” зэрэг үгээр сүрдүүлж, шөнөжин зодож байгаад, хотын төвд оруулж, ирээд машинаасаа буулгаж хаясан байна. Буулгахдаа эргэж харах юм бол шууд ална гэсэн учир машин руу нь харж чадаагүй аж. Ингэх үеэрээ тэр залуус өөр хэн нэгэн рүү утсаар ярьж, заавар зөвлөгөө аваад байсан юм билээ.

Үүний дараа 2015 оны 4 сарын 30-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг Хүрэн даваа гэдэг газар судалгааны ажилтай мотоцикльтой явж байхад нь нүүрэндээ маск өмссөн хоёр хүн замын хажуу дахь хадны араас гэнэт гарч ирээд нэг нь цохиж, нөгөө нь хэвлийн тус газар нь гурван удаа хутгалан хүнд гэмтэл учруулсан аж. Хутгалуулсныхаа дараа 3 цаг орчим 30 км яваад, отог дээрээ очиж хүн эмнэлэг болон Өмнөговийн Гурвантэс сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байдаг. Улмаар хот руу яаралтай онгоцоор ирж, Цэргийн госпитальд дотуур цус алдалттай гээд, хагалгаанд орж байсан юм байна.

Ингээд дахин халдлагад өртөхөөс айсандаа хөдөө гэр рүүгээ очоод, нуугдмал байдалтайгаар тэндээ зусчихаад, хот руу ирээд сар болж байхдаа ийнхүү амиа алдсан байна.

Тодруулбал түүнийг алга болсноос нь хойш 6 хоногийн дараа Хөвсгөл нуурын эргээс машиныг нь олсон байдаг. Онцгой бадлынхан эрэн хайх ажиллагаа явуулж, цогцосыг нуураас гаргасан. Харин машинаас олдсон гар утсан дээрээ “Завь завь завь” гэж орилж байгаад машинаасаа гараад явчихсан бичлэг олдсон аж.

Энэ талаар түүний аав Ж.Төмөрсүх ярихдаа “завьтай хүмүүс хараад аврал эрсэн үү, эсвэл хүн амьтан аврах гэж өөрөө нуур луу оров уу мэдэхгүй байна. Харсан хүн байхгүй. Ямар их дарамт, хэцүү байдалд орсон болохоороо миний хүү хаа байсан хотоос Хөвсгөл рүү зугтсан байх вэ. Далай руу өөрөө яваад орсон байлаа гэж бодоход тэр хэмжээний дарамт шахалт байсан гэсэн үг. Амьд явж чадахааргүй болтол нь сүрдүүлсэн байна шүү дээ. Хотод байсан хүн хаа байсан Хөвсгөл рүү ухаан алдаж айж сандарч зугтаж гарна гэдэг бол хотод асар их дарамт байсан, дээрэмчин алуурчин нөхөд хүүг минь барьж авсан нь ойлгомжтой. Намайг дөрөв дэх удаагаа барьцаалж, сүрдүүлж байна гэж ярьсан нь утсанд нь хүртэл бас хураагдсан байгаа.

Цагдаа нар нь бүгд хуйвалдчихсан. Би энэ хэргүүдийн эзэн олдохгүй гэж боддог. Яагаад гэхээр цагдаа нар энэ хэрэгт холбоотой гэж үзэж байгаа. Эрүүгийн шинж чанар байхгүй гэх мэтчилэн өргөдөл гомдлыг байнга замхруулж байсан. Цагдаад хандаж бичиж байсан бичиг баримтууд надад бий. Өмнөговийн Гурвантэс, Өмнөговь аймгийн цагдаагийн газрынхныг хэлж байна” гэжээ.

Талийгаач ирвэс хамгаалах нийгэмлэгт ажилладаг бөгөөд ихэнхдээ судалгааны ажил хийдэг байсан юм байна. Тодруулбал Өмнөговь аймагт байдаг түүний ажиллаж байсан газрыг нь тусгай хамгаалалтад оруулах гэж 7-8 жил болсон ч одоог болтол шийдэгдээгүй юм байна. Хэрэв тухайн газрыг хамгаалалтад авчихвал тэнд олгогдсон лицензүүд, хүчингүй болох ёстой аж. Тэгэхээрлицензээ цуцлуулахгүй гэсэн хэн нэгэн эрх мэдэлтэн түүнийг сүрдүүлж, барьцаалдаг байсан байж болох юм байна. Аль эсвэл хууль бусаар ан хийж их хэмжээний ашиг олдог хүмүүс байж болох аж. Учир нь тэр дарга биш энгийн нэг судлаач залуу. Түүнд лиценз, зөвшөөрөл олгох эрх мэдэл гэж байхгүй. Мөнгө төгрөгтэй баян хүн ч биш болохоор ингэж таамаглахаас өөр зүйл байхгүй ажээ. Гэвч Өмнөгөвь болон Улаанбааатар хотын цагдаа нар уг хэрэгт, огт хөдөлж өгдөггүй бөгөөд, халдлага гэж монголд байдаггүй юм гэж хэлээд, ямар ч арга хэмжээ авч шалгадаггүй байсаар ийм байдалд хүрчээ.

Дээрх сүрдүүлэг дарамтаас харахад нэг хүний явуулгаар, захиалгат дарамт үзүүлдэг бүлэг залуус байж болохоор харагдаж байгааг уншигч та ч гадарлаж байгаа байх. Өөрөөр хэлбэл тэд ихэнхдээ хутга хэрэглэдэг, мөн хар машинтай, бас мотоциколтой, хар хувцас маск хэрэглэл бэлдсэн зэрэг нь нэлээд зохион байгуулттай байж таарах гээд байгаа юм. Олон удаагийн халдлагад өртөөд байхад иргэнийхээ амь насыг хамгаалж, чадаагүй, манай улсын хууль хяналтын байгууллагынхан ер нь юуны төлөө ажилладаг болж таарах нь вэ. Хүний амь насыг хамгаалахын төлөө биш үү. Мөнгөтэй эрх мэдэлтэй харгис хүмүүс юу ч хийж болдог, цөвүүн цаг үеийн айдаст нийгмийн нэг жишээ энэ байна шүү дээ. Үнэхээр шудрага байж чаддаг бол уг хэргийг үнэн зөвөөр хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.

 

Н.Ганчимэг