Цагийн аяс ба АСУУЛТ?

2005 оноос хойш зөвхөн миний бие ч биш Монголын цөөнгүй олон залуусын хувьд либертари онолоор амьсгалсан, урам зоригтой мөрөөдлөөр хөглөгдөж Английн хөгжил дэвшилийн түүхийг шүтэн бишрэгч болсон он жилүүд байлаа. Алтан Тариа компаний захирал Цэнгүүний ивээн тэтгэж байсан “Либертари сан” бидний төдийгүй бидний дээд үеийнхний хөгжлийн үзэл баримтлалтын философийг үйлдвэрлэгч болж эхэлсэн. Тэр л үеүүдэд Милтон Фридман, Людвик Фон Мизес, Фридрек Хайк, Дэвид Боаз, Айн Рэн, Жонатан Ноахбэргийн бүтээлүүдийг өдөр алгасалгүй уншин, автаж байлаа. Энэ үеэс эдгээр сартваахуудын эш онол Монголын сэхээтнүүдийг сэтгэлгээнд ноёлон гарч ирсэн юм.

Эдгээр бүтээл хамгийн их хүчээ авч байсан газар бол МУИС байлаа. МУИС ХЗС-н залуу багш Х.Тэмүүжин “Ёст үг”, “Үгс” номоо хэвлүүлж, түүнийг нь бидний хэдэн залуу багш бишрэн унших болов. Либертари үзэлт Ч.Батчулуун багшийн “Хувийн өмч”, “Төрийн дайсан” бүтээл нь газар авч хэвлэлийн Адмон компанитүүний орчуулсан бүтээлүүдийг багц багцаар нь нийтлэх болов. Би ч хэрдээ зүгээр суусангүй Боловсрол суваг телевизийн багтай хамтран “Капитал” хэмээх эдийн засгийн боловсролын 10 цуврал нэвтрүүлэг бэлдэж таван телевизээр зэрэг цацсан нь олны талархалыг хүлээв. Төрийн соёрхолт Д.Сосорбарам ах угаас оюунлаг, төрөлхийн эрх чөлөөний мэдрэмжтэй хүн тул Айн Рэнд-ын орчуулагдаагүй бүтээлүүдийг хувиараа орчуулуулж тайзнаа амьдруулах боллоо.

Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар Эрнэндо Сото, Фукуяама нар жил дараалан Монголд ирж лекц уншиж, заал дүүрэн чихцэлдсэн хүн цугларан сонсож байсныг санаж байна.Дээр нь Баабар гуайн нийтлэл хурц ширүүн бичвэрийг мушгин гуйвуулагчид байснаас ултайхан эсэргүүцэх хүн нэгээхэнч байсангүй. Эдгээр хүмүүсийн бичиж, ярьж, хэвлэж байсан бүх онол үзэл баримтлалыг нэгтгэвээс 17-р зуунаас хойшхи дэлхийг эзэгнэсэн Британы капиталист бодлогыг сурталдах Австрийн Эдийн засгийн сургууль, түүнээс салбарласан 20-р зууны эдийн засгийн оюун санааны охь Чикагогын их сургуулийн онол юм.

Гэтэл 17-р зуунаас өмнөх Англи хөгжихийн тулд ямар бодлого явуулсан юм бэ?Хөгжингүй орны бодлого хөгжиж буй Монголд таарна гэжүү гэх асуултыгхаяа би өөртөө тавьдаг байлаа.

 

Сөхөх түүх 1:

Аж үйлдвэрийн хувьсгалын тулгуур бодлого

Англичууд дэлхийд юу өгсөн бэ гэвэл Шекспир, Хөл бөмбөг гээд өчнөөн л зүйл ярьж болно. Гэхдээ тэдний хүн төрөлхтний өмнө бүтээсэн хамгийн том гавьяа бол аж үйлдвэрийн хувьсгал юм. 2010 онд Докторт сурахаар Солонгост очоод байхдааШинжлэх ухааны академаас нь зохиогддог Солонгосоос гаралтай дэлхийн хэмжээний судлаач, бизнес эрхлэгчид оролцдог хөгжлийн семинарт нь идэвхитэй суудаг байлаа.Тэр үед Кембрижийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшилдаг Чан Ха-Жүн хэмээх эрхэмийн тавьсан лекц одоо ч санаанд тод байна.Чан Ха-Жүн доктор Их Британы хөгжлийн гол үндэсийг тавьсан хүн нь 14 дүгээр зуунд амьдарч байсан Хэнри VII хаан болох тухай барим тавим ярьсан юм. Түүгээр зогсохгүй Хэнри VII хааныүндэслэсэн “Протекционист бодлого” Солонгос төдийгүй АНУ, Европ, Хятад, Сингапур гэх мэтолон улсын хөгжлийн түүхийн тулгуур болсон тухай сонирхолтой баримтуудыг дэлгэсэн юм.Цаг хугацаа өнгөрөх тусамтаван жилийн өмнө сонссон энэ түүх Монголд ямар чухал болох нь ойлгогдох боллоо.Тиймээс уг түүхийг илүү лавшруулан өгүүлье гэж саналаа.

Арван дөрөвдүгээр зууны Англи улс хөгжлөөр хоцрогдмол, үйлдвэрлэл гэхээр юмгүй орон байлаа.Импортоо санхүүжүүлэх гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй байлаа.Бүтэн жил хонио хариулаад хавартаа ноосоо аваад Бельги, Нидерланд зэрэг үйлдвэрлэл илүү хөгжсөн доод тивд худалдана.Цаад улсад нь авсан ноосыг нь хувцас болгоод буцаад өөрсдөд нь илүү үнэтэй зарна.Тэрээр эзэн хаан болоод Британийг үйлдвэржүүлэхзорилго тавьж хамгийн түрүүнд ноосны үйлдвэр барих боломжтой газруудын судалгааг гаргав.Ингээд гол зорилго болсон ноосны салбарт гаднаас ирэх чадварлаг боловсон хүчний тоог ихэсгэв.Хамгийн гол нь түүхий эд болсон ноосоо гадагшаа алдахгүйн тулд түүхий ноосны экпортын татварыг эрс нэмэв.

Тэрээр хүү Хенрид VIII–д ноосноос бусад салбарт эдийн засаг чөлөөтэй байж болно харин ноосны салбар болохгүй учир нь үйлдвэржих гол гарц энэ гэж ягштал ойлгуулсан гэдэг.Харин тэр үед Английн үйлдвэрлэгчид эзэн хаанаа муулж байсан ба доод тивийн үйлдвэрлэлийн салбарыг бид хэзээ ч гүйцэхгүй гэж мэтгэж байв.Ингээд Хэнри VII хаанаас уг бодлогохүү Хэнри VIII-аар дамжиж, Нэгдүгээр Элизабитийн үе гээд бүтэн 100 жилийн турш үргэлжилжээ.1512, 1513, 1536 онуудад бөс барааны экспортыг бүр хориглож ч байв.

Ингээд 100 жилийн дараа гэхэд Британи бүх ноосоороо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон тул доод тивийн улсууд түүхий эдгүй, харин Британи хүчирхэг үйлдвэрүүдтэй болов. Ноосны үйлдвэрээс олсон асар их ашгаар бусад салбаруудаа дэмжиж тун удалгүй дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч орон болжээ.

 

Сөхөх түүх 2:

Азийн баруудын анхлан хэрэгжүүлсэн бодлого

Азид хамгийн ихээр протекционист бодлогыг хүлээж байсан орон бол Япон.Учир нь Япон орон1853 оноос нээлттэй бодлого явуулж эхлэхэд барууны орнууд импортын татварыг 5 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн маш шударга бус шаардлага тулгасан байдаг.Тиймээс анхнаасаа өөр замаар протекционист бодлого явуулж байв.Тэд гангийн, усан онгоцны, төмөр замын салбаруудаа төрийн өмчит ААН болгон тусгайлсан татаасаар дэмжиж байв.Японы эхлүүлсэн хоёр протекционист аргыг Тайвань, Солонгос чадмагаар үлгэрлэн хэрэгжүүлсэн байна.Эхнийх нь,бүтээгдэхүүн экспортолж буй үйлдвэрлэгчид уг бүтээгдэхүүний орцонд орсон түүхий эдийн импортын татварыг буцааж өгөх.Хоёр дахь нь, экспортын бараа бүтээгдэхүүнд мөрдөх журам гаргаж хэрэв үйлдвэрлэгч журмаас доогуур чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргавал улс орны нэр хүндийг гутаасан хэргээр торгодог байв.

Энэ мэтээртоочоод байвал Финланд, Израйль, Автсри, Солонгос, Сингапур , Герман, Франц зэрэг орнуудын хөгжлийн түүх протекционист бодлоготой салшгүй холбоотой.

 

Сөхөх түүх 3:

Монголд бүх юм эсрэгээрээ

2012 оноос 2014 оны хооронд надтай хамт Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Одонгийн Цогтгэрэл хэмээх эрхэм Монголд хэрэгжүүлж болох маш зөв протекционист бодлогыг санаачилсан юм.Уг үзэл санаа нь голыг нь олсон санал байсан хэдий ч, харамсалтай нь бид хоёр түүнийгээ ажил хэрэг болгох гэж бүтэн дөрвөн сар гаруй зүтгээд эцэст нь эдийн засгийн шийдэл маань улс төрийн асуудал болж хувирсан.Ажлийн хэсэгт орсон Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн газруудын төлөөлөлтэй ойлголцолд хүрч, бодлогоо хэрэгжүүлж чадаагүй.О.Цогтгэрэл зөвлөх өөрөө үндэсний хэмжээний үйлдвэрлэгч болох “Тэсо” группийг босгосон хүн тул онол практик хоёрыг хослуулж чаддаг хүн. Бид хоёрын гаргаж тавьсан хамгийн гол санал нь “Ялгаатай татварын бодлого”.Хэрэв хилээр түүхий эд орж ирвэл бага татвар авъя.Учир нь тэр түүхий эд бараа болгохын тулд Монголд үйлдвэрлэгдэж нэмүү өртөг шингэнэ.Харин хилээр орж ирж байгаа эцсийн бүтээгдэхүүнд өндөр татвар тогтооё гэсэн санаачилга.

Монголд 25 жилийн турш Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж орилоогүй улс төрч алга, сайд алга. Бүгд л тэгж ярьдаг.Гэвч бодит байдал дээр Монгол хүн монгол бараагаа сонгохгүй байна. Монгол барааг сонгохгүй илүү хямд, илүү чанартай барааг сонгож байгаа хэрэглэгчийн буруу биш харин төр засаг л санаачлагагүйажиллаж буйн харгай. Үнэндээ үндэсний үйлдвэрлэлд ямарч дорвитой хөшүүрэг алга.Үр дүн харагдаж буйбогино, дунд, урт хугацааны төлөвлөгөө алга.Ямар буу бариад хүчээр Монгол барааг сонгуулалтай нь биш.Хэрэгчлэгч үндэсний үйлдвэрлэгчийн барааг авахад урамшуулах НӨАТ-ын тогтолцоо ядаж алга. Ингэж ярихаар ийм ч бодлого, тийм ч хөтөлбөр гээд шүүгээнээсээ гаргаад ирдэг дарга нар олон. Гэхдээ цэгээ олоогүй, цагаа ч олоогүй тэр олон хөтөлбөрөөс гарсан үр дүн үнэндээ байхгүй.

Гэтэл сангийн яамныхан бид үйлдвэрлэлээ дэмжихэд ихээхэн дэмжлэг үзүүлсэн хэмээн мэтгэв.Тэр дэмжлэг нь тоног төхөөрөмж авахад татвараас чөлөөлөхшийдвэр, мөн хөнгөлөлттэй зээл.Энэ нь Монголчуудын хэзээний лхэрэглэсээр ирсэнуламжлалт арга.Нэг авсан тоног төхөөрөмжөө үйлдвэрүүд 10-20 жилд солихгүй. Гэтэл үйлдвэрлэлийн орц, түүхий эдцаг тутам хилээр орж ирж байгаа.Нэг удаагийн дэмжлэг бол үнэндээтус биш ус. Үйлдвэрлэгчид хямдхан тоног төхөөрөмж зээлж аваад, үнэтэй түүхий эдээр бараа үйлдвэрлээд байвал яаж өсөж томрох юм бэ?

Гаалийн Ерөнхий газрын тайлбар мөн ялгаагүй.Ямар барааг эцсийн, ямрыг нь эцсийн биш гэж үзэх талаар ойлголт нь бүрхэг.Тэгээд бараа бүрийг кодлоно гээд унана.Ер нь бол яаж дотооддоо юм бүтээх тухай биш, хэрхэн шалтаглаж ажлаас хойш суух талаархэдэн талаас мэтгэсэн хурал болж дууссан юм.

За тэр ажлын хэсэг ч яахав. Сайдуудад явуулсан төслийг харсан чюмуу, үгүй юмуу бүү мэд. Асууж хөөцөлдөхөөр нэг л их завгүй хүмүүс байдаг.Улс оронд хэрэгтэй амин чухал асуудлын анхдагч шалтгааныг шийдэж чадвал тэр сайдын суудлыг долоо хоног хашсан ч яадаг юм.Аавынхүүгийн очиж байдаг, бууж л байдаг албан тушаал шүү дээ.Саналыг маань ганц дэмжсэн хүн тухай үеийн Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлогын газрын дарга н.Хүрэлбаатар байв. н.Хүрэлбаатар дарга шиг олон жил төрд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, мэргэжлийн хүмүүс цаанаа өөр.

 

Дэвшил ба итгэл

Харин саяхан өргөн баригдсан Үйлдвэрийг дэмжих тухай хуульд импортын татварт чиглэсэн сайн зохицуулалт тусжээ. Талархахаас яалтай. Гэхдээ протекционист бодлого буюу үйлдвэржилт, бүтээгдэхүүнээ хамгаалах бодлого олон зууны турш илүү нарийсаж, илүү олон талт хэлбэрт шилжсэнийг Засгийн газрын зүгээс сайн судлах хэрэгтэй байна.Гадаад орнууд өнөөдөр татвар, татаас, монопольт эрх, төрийн аж үйлдвэрийн тагнуул гэх мэт маш олон арга хэрэглэж байна.Тэгтэл манай тагнуул гэж шинэ үйлдвэрлэлийн шинэ технологи гаднаас тагнах биш харин дарга нарын тушаалаар Монголчуудаа л мөрдөж тагнадаг байх. Баян орнуудын шахалтаас зайлах хөгжиж буй орны стратегийг Монгол өөрийн нөхцөлдөө тохируулан гаргах хэрэгтэй.

Монгол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдэг бол дэлхийг дайтахаас илүү ялалт.Монголын үйлдвэрүүд өсөнхөгжихөөс илүү бахдал, омогшил21 дүгээр зуунд үгүй.Энэ бүхний хийх, хэрэгжүүлэх олон чадалтай хүмүүс Монголын төрд байгаа.Эрүүл ухаанаар ярилцвал эх орныхоо төлөө ямар ч шийдвэрийг юунаас ч айхгүй гаргах аавын хөвгүүд, ээжийн охидууд байгаа.

 

Буянаагийн Ган-Очир