Энэхүү нэвтрүүлэг анхны дугаараа олон нийтэд цацсанаас хойш багагүй хугацааг туулж үзэгч түмний зүгээс магтаал сайшаалыг ч хүртсэн мөн хэл ам шүүмжлэл ч их дагуулсан байх.

 

Миний хувьд ч мөн адил...нэг их олон дугаарыг нь үзээгүй ч эхнээс нь дуустал анхааралтай сууж үзсэн цөөн хэдхэн дугаар нэвтрүүлгүүд надад дэлгэцээс авах мэлмий оюуны таашаалыг ч төрүүлсэн мөн жигшил зэвүүцэлийг минь ч олонтой бадрааж байлаа.

 

Нэвтрүүлгийн гол зорилго, найруулагчийн тавьсан сценарь, тухайн дугаарын зочны сэтгэлийн гүнийг хувь хүн талаас нь уудалж буй асуултууд, зураг авалтын сонголтууд, үзэгчдийг уйдаахгүй байх талаас бодож эвлүүлсэн нэвтрүүлгийн динамик зэрэг нь яах аргагүй Монголын хувь хувьсгалын олон телевизүүдээр гардаг улиг болсон шоу нэвтрүүлгүүдээс хамаагүй ШИНЭЛЭГ, СОНИРХОЛТОЙ хийгдсэн гэдэгтэй олонх маргахгүй болов уу.

 

Гэвч магтаалдаа бялуураад нэвтрүүлгийн баг балрав уу эсвэл бүрдсэн багийнхний потенциал шавхагдаад дууссан уу бүү мэд, сүүлрүүгээ хэтэрхий эрээ цээргүй, ёс суртахуунгүй, нийгмийг соён гэгээрүүлэхээсээ илүү хөшигний ард үлдвэл зохих шалиг самуун яриа хөөрөөгөөр дүүрсэн, улс эх орондоо бахдам сайхан гавьяа түүхээ үлдээгээд бурхны оронд заларсан олон буурлын ясыг өндөлзүүлсэн, магадгүй “үхсэний хохь, амьдын зол” гэгчээр нэр нь дурдагдаж буй тэдгээр тэнгэрт хальсан хүмүүс нэгэнт үг хэлэх нь өнгөрсөн тул амьд үлдээд нэвтрүүлэгт орж буй хүнд гүтгүүлж доромжлуулж байх ч магадлалтай гэмээр, хөтлөгч хоёрын зүгээс талийгчийг улам л доог тохуу болгохоор чиглэж хөтөлсөн асуултуудыг зочноосоо шалгаасаар байгаад яриулдаг, зарим үед хөтлөгч нь гол дүрийн зочин нь билүү гэж андуурагдтал өөрсдийгөө товойлгож шоуддаг, за бас эд нар чинь согтуу ч юмуу мансуурсан байдалтай байгаан бишүү гэж санагдтал элий балай юм ярьдаг...ерөнхийдөө тоочоод байвал дуусахааргүй олон сөрөг шинжийг агуулсан БАЛИАР, ЗАВААН, ГУДАМЖНЫ бичлэгийн эвлүүлэг болж хувирсан даа.

Нэгэнт шүүмж бичиж байвал жишээ баримттай байх ёстой.

 

• Ахмад дипломатч П.Шагдарсүрэн болон Ардын жүжигчин Жамьяндагва нартай хийсэн ярилцлаган дунд “Эрэлхэг Монголын ард түмэндээ Чимэг болон хайрлагдсан” Маршал Х.ЧОЙБАЛСАНг нэг бус удаа дурдахдаа өнөө цагт шинэ залуу үеийнхэнд сөрөг ойлголт өгөхөөр юмс олныг ярьсан. Надад юу гэж ойлгогдсон бэ гэхээр Х.Чойбалсан бол өөрийн албан тушаалаараа далайлган нэг бус эмэгтэйг бэлгийн дарамтанд оруулж байсан дарангуйлагч байжээ.

 

Тэрээр зөвхөн сексийн хүслээ эмэгтэйчүүдээр хангаад зогсохгүй хаяагаа хадардаг новшийн этгээд буюу өөрийн шууд удирдлаганд нь ажиллаж буй эрэгтэйчүүдийг дарамтлах замаар эхнэрүүдтэй нь унтдаг байжээ. Ийнхүү ёс бус авирлан, нэгэн аймгийн даргын эхнэрийг “янзалж” явсны үр дүнд өргөмөл гэх халхавч зүүлгэсэн хүү Нэргүй нь төржээ. Төрсөн хүүгээ хууль ёсны эхнэр Гүндэгмаагийн хамт өргөж авсан юм байна.

 

Мөн түүний дарамтанд олны танил урлагийн эмэгтэйчүүд олноор өртөж байв. Жишээ нь Чойбалсан дуурь үзэж суугаад гол дүрийн эмэгтэйг хараад чичирсэн үү яасан... хамгаалагчдаа “энэ Рэнцэнноровыг дуулаад дуусахаар нь манайд аваад ир!” гэж зарлигджээ. Маршалын тушаал ёсоор хамгаалагчид нь сонгосон хүүхнийг нь зарлигдсан газар нь аваачдаг байв.

 

• Бөхийн Бааст гэж зохиолч бол шар сэмжилж байгаад хэсэг “нөгөөх” нь ажиллагаагүй болсон буюу 80 орчим насандаа “бор өвдөглөсөн” юм байна. Тэгэж байснаа гэнэт сэргэлт аваад “шар сэмжилтийнх нь 2-р үе” эрчимтэй эхэлсэн юм байна. (Ардын жүжигчин Жамьяндагва гуайтай хийсэн яриан дунд гардаг)

 

• Монгол Улсын Төрийн Дууллыг зохиосон алдарт Мөрдөрж гуай нэлээн архичин нөхөр байгаад зогсохгүй уухаараа маш тавьтаргүй нэгэн байжээ. Солонгос авгайтай байсан юмуу даа. Тэр авгай нь тагнуул ч байсан байх магадлалтай юмуу хайшаа юм бэ ямартаа ч согтохоороо “Ягаанаа муу тагнуул пизда минь!” гэж орилдог байжээ. (Ардын жүжигчин Жамьяндагва гуайтай хийсэн яриан дунд Б.Лхагвасүрэн гуай өөрөө тэгэж ярьсан)

 

• Үеийн үед гайхагдаж үлдэх яруу сайхан дуу бичсэн С.Гончигсумлаа гуай бас л “даралттай” нэгэн байсан бололтой. Зөвхөн “даралттай” байгаад зогсохгүй секс-д хандах хувь хүний мөн чанар нь ЦУГЛУУЛАГЧ нэгэн байж. Учир нь тэрбээр энгэр зөрүүлсэн эмэгтэй бүрийнхээ нэр усыг өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээдэг байсан ба үе үе түүгээрээ онгирч архины халуунд “Миний унтсан хүүхний тоо 300 хол давчихаад байна” гэж анд найзууддаа магадгүй уулзсан хүмүүстээ жагсаалтаа үзүүлж онгирдог байжээ. (Ардын жүжигчин Жамьяндагва гуайтай хийсэн яриан дунд гардаг)

 

• Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа гуайтай хийсэн нэвтрүүлгийг хүмүүс маш сайхнаар хүлээж авсан. Гэвч сэтгүүлч хүн гэхэд Амбасэлмаа гуайн үгийн баялаг муутайг болон дуу хоолойнх нь ядаргаатай чийртэй байдлыг мөхөс би их голлоо. За тэр хүний сэтгүүлчийн сайн мууг энд дурдах гэсэнгүй (яг сэдвээсээ халих гэж байна), гол нь түүний яриа? Амбасэлмаа гуай маш олон сэдэв хөндсөн. Түүн дундаас намайг цочроосон зарим ярианаас нь дурдвал: Нийгмээрээ тэмбүүрсэн үетэй Монгол улс улаан тариагаар тэмцэж байх үед мань хүн жаахан хүүхэд байжээ.

 

Тэр үед 7 хоногийн тогтсон нэг өдөр сумын/аймгийн төвийн эмнэлэгийн байранд тэмбүүрсэн толгойтой болгон очиж тариулдаг байж. Голдуу залуухан залуухан сайхан хүүхнүүд өнгө өнгийн торгон дээлээ өмсөөд л сайн морио унаад л эгээтэй л наадамд явж байгаа мэт баяр ёслолын байдалтай явцгаадаг байж. Амбасэлмаа гуай тэр үед жаахан хүүхэд байсан бөгөөд тэр эгч нар тэр эмнэлэг дотор юу хийгээд байгааг мэдэх гэж шохоорхоод эмнэлгийн гаднаас нэг давхарын цонхоор өндийж байгаад харж л дээ.

 

Тэгсэн нөгөөдүүлийг чинь үзлэгийн орон дээр алцайлгаад, яр гарсан “нөгөөдөх” дээр нь тамга дарж байгаа юм шиг эмч эм түрхэж өгч байхыг харсан гэж ярив. Арай өөр үгийн сонголтоор тайлбарлаж болоогүй л юм байхдаа?

• За бас Амбасэлмаа гуай залуухан сэтгүүлч эмэгтэй байхдаа санамсаргүй хэд хэдэн зохиолчдын хамт хөдөө томилолтоор явж таараад тэр томилолтын үеээр болсон үйл явдал нь Төрийн шагналт Д.Пүрэвдорж гуайг “Сэгс Цагаан Богд” найраглалаа бичихэд хүргэж онгодыг нь хөглөж л дээ. Олон юм нуршилгүй ойлгосноо л ганц өгүүлбэрээр тайлбарлахад:

 

Тухайн үед томилолтын багийн нэг гишүүн зохиолч Нямаа гуай л насанд хүрээгүй (16 настай), Говийн жаахан охинтой наануу цаануу болсон юмуу даа, тэрийг ажсан Пүрэвдорж гуай тэр 2-ийг холбон шоолж, толгой холбосон мөртүүд хэлж байгаад сүүлдээ тэр нь найраглал болсон юм байх. Яахав уг найраглал өөрөө бодит эзэнтэй, бодит явдалаас сэдэвлэсэн энэ тэр гээд л 10 жилд байхад уран зохиолын багш хүртэл тайлбарладаг л байсан. Гэхдээ уг түүхийг хүний мууд дуртай хүмүүс хожим хойно арай л муугаар мушгин гуйвуулж болох байдлаар үзүүлчих шиг болсон доо.

 

• Зохиолч Удвал гуай бас л догдолцон нэгэн байсан юмуу даа. Хөдөө явж байгаад нэг цэргийн даргатай хамт нэг гэрт хонохоор болж. Удвал гуай “За одоо энэ хэзээ намайг татаж чангаах бол” гээд шөнөжин намрын навч шиг чичирч хоножээ. Гэтэл нөгөөх нь тоож оролдоогүй юмуу даа. Тэгсэн Удвал гуай түүнд дурласан юм байхаа. Хожим хойно нөгөө хүнтэйгээ таарсан чинь эхнэр авчихсан олон хүүхэдтэй болчихсон байсан гэж Амбасэлмаа гуайд ярьж л дээ. Үхсэн хүний хувийн нууцыг олон нийтэд зарлаад байх ер нь хэр ёс суртахуунтай явдал юм бол? Хэдийгээр гутаан доромжлоогүй ч хүний хувийн нууц шүү дээ.

 

• Лоохууз гуайн орсон дугаарыг бас л олон хүн гайхан биширч хүлээн авсан. Тэр хүний үзсэн туулсан, хавчигдаж хэлмэгдэж явсаныг нь ойлгож бас харамсаж л байна. Гэхдээ л сайн сайн гэхээр сахлаа будав гэгчээр 90 настай буурал толгой гэхэд Монголчуудыг дотор нь хагалган бутаргасан, залуу үеийг буруу үзэл сурталд турхирсан юм олныг л ярина лээ. Настай хүн гэртээ үр ачаа тойруулаж суугаад хэлэх сургааль захиас үг нэг өөр, олон нийтийн мэдээллийг хэрэгслээр “Монгол Тулгатны 100 Эрхэм” хэмээх тодотголын доор ярих ярианы өнгө аяс бас арай л өөр баймаар даа.

Зиа энэ мэтчилэн дурдаад байвал дуусахгүй.

 

Өөрсдөө бол энэ замбараагүй эвлүүлэгээ их гоёор тайлбарладаг юм байна лээ.

 

1. Тухайн нэвтрүүлгийн ноён хойморт зочилсон зочноо хувь хүн талаас нь нээж харуулах зорилготой болохоос биш тэртээ тэргүй нийт Монголчуудын мэдэх тэр гавьяа шагнал, хийсэн бүтээсэн ажлын талаар ярих гээгүй ээ. Тэрийг хүн бүхэн тэртэй тэргүй мэднэ гэдэг тайлбар тавьдаг.

 

Миний бодлоор одоо амьд байгаа хүмүүс олон нийтэд өөрийгөө яаж ч харуулж таниулж болдог юм байнаа гэхэд бас элийрэх мөрөөрөө элийрэхгүй нас барсан хүмүүсийн алдар хүндэд халддагаа болимоор юмаа. Ер нь ч тэгээд 100 эрхэмийн 1 болохоор тодорсон хүн, хөтлөгчийн арга залинд өртөөд, камерийн өмнө байгаагаа мартаад, үр ач нь өөрийг нь үзнэ гэдгийг умартаад сэтгэлийн хөдөлгөөнд автаж байна гэдэг чинь бас л болоогүй байгааг харуулж байгаан бишүү дээ?

 

2. За бас шүүмжлүүлж муу хэлүүлж байнаа гэдэг чинь тухайн нэвтрүүлэг хэдэн хүнд хүрч хэдэн хүний анхаарлыг татсаныг илэрхийлж байгаа явдал. Урьд өмнө хэзээ ТВ-ийн нэвтрүүлэг ийм их сенсаац тарьж байлаа даа. Энэ бол бидний амжилт гээд муугаа сайн болгоод тайлбарлачихдаг.

 

Миний бодлоор нийгмийн анхаарлыг өөртөө хандуулж сенсаац үүсгэх одоо үед маш амархан. Намайг оюутан байхад эрх зүйн философийн багш биднээс НЭР АЛДАРТАЙ байх НЭР ХҮНДТЭЙ байх 2 юугаараа ялгаатай эсвэл адилхан бэ гэж асуудаг байлаа. Багшийн тайлбар ёсоор: Нэр алдартай байх нь илүү их олны танил байх гэсэн утгыг агуулдаг ба сайнаар ч олон нийт чамайг таньж болно муугаараа ч чи олны танил болж болно харин НЭР ХҮНДТЭЙ байнаа гэдэг бол олны танил байхаас илүү дуудуулах Нэр чинь Үнэ Хүндтэй байгааг илэрхийлж байгаа юм гэдэг байлаа. Түүн шиг зөвхөн сенсаац үүсгэж байгаагаараа бахархаад бид хийж чадаж байна гээд байвал нөгөө нэвтрүүлгийн зорилго юу болох вэ?

 

3. Нэвтрүүлгийн хөтлөгч 2-ыг Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө аяс нэмсэн гэж магтдаг. Анужин ахай бол бусдыг яриагаараа гипнозддож чаддаг юм шиг байгаан. Зөөлөн зөөлөн дугарч байгаа, аальгүйтэж байгаа энэ тэрт нь авьяас бол байнаа байна. Гэхдээ түүний илтгэх чадвар нь оюунлаг гэхээсээ илүү сүлжээний бизнесийнхний залилангийн хэв маягтай санагддаг. Өнөөдөр сайн сэтгүүлч ховордсон орон зай дээр эфирийг маш чадварлагаар эзэгнэсэн эмэгтэй. Мань хүн ер нь салбар бүрт хүчээ үздэг туйлын “хөдөлмөрч эмэгтэй” юм шиг байгаан. Монголын Загварын салбарт ч хүчээ үзэхэд болохгүй юм алга. Япон кимоног Солонгос хамбуктай эвцэлдүүлж дээр нь монгол элемент оруулсан үндэсний хувцасны загвар гээд гаргахад лав Гоёл наадмаас нэг юм хүртэнэ шүү.

 

Би Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлгүүдэд дуртай. Гэвч нэвтрүүлгийн дугаар олширох тусам түүнийг хүндлэх хүндлэл минь унаад байгаа. Түүнийг үзэхээр “70 настанд даруулга хэрэгтэй” гэдэг үг санаанд ороод байдаг болсон. Пизда энэ тэр гэдгийг харамгүй урсгадаг болсон байна лээ дээ сүүл рүүгээ.

 

4. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр хэн дуртай нь бурдаг болсон. Гэвч олонх нь боломжыг өөрт ашигтай ч нийгэмд хортойгоор ашиглаж байна. Тийм хүмүүс шүүмж сонсох их дургүй. Байр сууриа хамгаалахаар оюунлаг баримт нотолгоо гаргахын оронд ганц хэлдэг үг нь “Таалагдахгүй бол групээс гарахгүй юу чи эсвэл Чи л уншихаа, үзэхээ больчооч гэнэ”. Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн багийнхан мөн ийм хандлага гаргадаг. Яг үнэндээ телевиз бол нийгмийн оюун санаанд нөлөөлөх чадвараараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс хамаагүй хүчирхэг хэрэгсэл шүү дээ. Тийм ч учраас илүү өндөр ёс зүйтэй бас гоо зүйтэй байх ёстой. Тэрийгээ олгохгүй, ойлгосон ч хүлээж авахгүй үзэгч бидэнд оюуны хүчирхийлэл үүсгээд байж болохгүй л санагдах юм.

За миний хэлэх гэсэн санаа ердөө л энэ. Болоо.

 

Чухам яагаад миний бие энэхүү нэвтрүүлгийг онцлон авч бодсон санаснаа бичив гэхээр ойрын үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр дуулиан шуугиан үүүсгээд буй HERO ENTERTAINMENT-ын нууц бичлэгүүд алдагдсантай холбоотой тэдний тайлбар болон олон нийтийн байр суурь юм.

Сенсаац үүсгээд буй “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг г ер нь ингэхэд ямар нэвтрүүлэг билээ гэж эргэцүүлэхэд хүргэсэн бөлгөө. Түүнээс өөр элдэв санаа зорилго үгүй билээ.

 

Б.Замилан

sonin.mn