Фэйсбүүк дэлхийн улс орнуудын хамгийн найдвартай гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын баттай эх сурвалж бүхий мэдээ, мэдээллийг “Newsfeed” буюу үндсэн цонхонд харуулахаар төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн найз нөхөд , гэр бүлийнхний сэтгэгдэл бүхий  пост үндсэн цонхны  эхэнд харагдах бол бизнесийн сурталчилгааг сүүлд нь гарч ирж байхаар тохиргоо хийж байгаа юм байна. Он гарсны  дараахан “Фэйсбүүк” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг фэйсбүүкийн системд томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа зарлаж байсан юм.

Шинэчлэгдсэн алгоритмын өөрчлөлтөөр “Newsfeed” хэсэгт харагддаг мэдээ цөөрөхөөс гадна хэрэглэгчдэд харагдах мэдээ мэдээллүүд  цензуртэй болж, “итгэл даах” мэдээллийн хэрэгслийн  бэлтгэсэн  мэдээлэл түлхүү харагдах юм байна.  Зукербэрг орчин үед олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан худал сенсаци, хуурамч мэдээлэл газар авах болсон тул эдгээрт хяналт тавьж, хэрэглэгчдэд илүү найдвартай эх сурвалжаас мэдээ мэдээлэл олж авахад нь дөхөм болгохын тулд ийм шийдвэрт хүрснээ мэдэгдсэн билээ.

Харин итгэлтэй эх сурвалжуудад ямар байдлаар цензур тавьж, хэрхэн сонгох вэ гэдэг нь хүндхэн асуудал болж байгааг тэрбээр онцолсон байна. Фэйсбүүк компанийн зүгээс өөрсдөө эсвэл гадны мэргэжилтнүүдээр итгэлтэй гэсэн эх сурвалжуудыг сонгуулж, хүмүүст хүргэх талаар бодолцож үзсэн ч энэ нь эцсийн дүндээ шударга, үнэн зөв дүгнэлт гаргаж чадахгүй гэж үзсэн тул бүх хэрэглэгчдээсээ санал асуулга явуулсны үндсэн дээр итгэл даах сурвалжуудыг сонгохоор болсон байна.