Улсын заан Цэдэндамбын Баярсайхан нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдоод удаж байгаа. Олон жилийн турш шалгагдсан  Улсын заан Цэдэндамбын Баярсайханд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар түүнд ял төлөвлөөд байсан юм. Тэрбээр анхан шатны шүүхээс 2016 онд Ц.Баярсайханд 11 жил хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан түүхтэй. Шүүхийн шатанд хуулийн цоорхойг ашиглан удаа дараа хойшлуулж, хугацаа хожсон.

Тэгвэл олон жил мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “сунжирсан” хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.07.07-ны өдөр хэлэлцсэн байна. Энэ удаад шүүхээс Улсын заан Ц.Баярсайханыг дахин гэм буруутайд тооцож, Т.Алтанцэцэгт “Мах импэкс” компанийн албан баланканд бичсэн, Г.Бүдрагчаа нарын гарын үсэг бүхий хуурамч гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэж үзсэн. Гэхдээ ялыг хөнгөрүүлсэн юм.

Тодруулбал, Ц.Баярсайханд бусдыг залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар 15 000, мөн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” гэх үйлдэлд нь 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Өөрөөр хэлбэл 390 сая төгрөг залилсан хэрэгт нь хуулийн дагуу 18 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Дашрамд мэдээлэхэд Улсын заан Цэдэндамбын Баярсайханы эхнэр Б.Оюундэлгэр нь Гаалийн Ерөнхий Газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эрдэнэбатаараас 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Батбилэгээс 500,000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт холбогдсон. Уг хэрэг мөн л шүүх мөрдөн байцаалтын шатанд “мөнхөрч” байгаа юм.

Улсын заан Цэдэндамбын Баярсайханы гэр бүлийнхний холбогдсон хэргүүдийн талаар бид эргэж мэдээлэх болно.