Өнөөдөр /2021.10.07/ Ардчилсан намын төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах чиглэлд тууштай ажиллана гэж мэдэгдлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар үг хэлсэн юм.

Тэд иргэн Д.Монголхүүг үзэл бодлоо илэрхийлж, жагссаных нь төлөө цагдаа, хүчний байгууллага хүчээр баривчилсан тухай ярьж, Ардчилсан намын хувьд  иргэний эрх чөлөөг үргэлжид хамгаална хэмээлээ.

Мөн АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Нөхцөл байдал арай дэндлээ. Өчнөөн хүн нас барж байна. Одоо дээрээс нь хүмүүс жагсаж, үзэл бодлоо илэрхийлж болохгүй болчихлоо. Энэ Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд хоёр чинь ах дүү хоёр юм байна лээ, миний ойлгосноор. Тэр Андлалын өргөө байна. “Хос санаа” гэж компанийг Ерөнхий сайд өөрөө түдгэлзэж байгаад шалгуулах хэрэгтэй” гээд мэдээллийг дуусгалаа.