Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа төрийн сангийн дансанд орох ёстой улсын мөнгөнөөс 71,553,464 төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдож, түүнийг АТГ оны өмнөхөн шалгаж байсан билээ. Мөн түүнийг уг хэрэгт буруутган Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар албан ажлаас нь чөлөөлсөн байгаа.

Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 60 жилийн ой нэрээр хандив цуглуулж, эмч ажиллагсдаас гурван сар дараалан нэг өдрийн цалинг хандивт авчээ. Ингээд нийт 24,456,977 төгрөгийг ажилчдынхаа цалингаас бэлэн бусаар суутган ҮЭ-ийн татвар нэрээр шилжүүлж, ойн үйл ажиллагаанд зарцуулсан болохыг мөн л тогтоосон байдаг. Үүнээс гадна тэрбээр өөртөө зориулан захирамж гаргаж, өөрөө өөртөө урамшуулал олгосон байсныг өнгөрөгч дөрөвдүгээр сард АТГ-аас илрүүлэн шалгаж, хариулага тооцсон юм билээ. Гэхдээ АТГ түүнд хариуцлага тооцохдоо “нүглийн нүдийг гурилаар хуурсан” байдаг. Өөрөөр хэлбэл АТ-аас түүнийг дуудаж, сануулга өгөөд л өнгөрөөсөн гэж байгаа юм.

Тэгвэл Ш.Хажидмаа гэх энэ эмэгтэй улсын мөнгөөр удаа дараа тоглочихоод хариуцлага хүлээдэггүйд нэг учир байгаа бөгөөд тэр том артай юм байна.

Тодруулбал Ш.Хажидмаа нь Ардчилсан намын гишүүн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хэмээх сонгуульт ажилтай нэгэн аж. Албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө завшсан хэрэгт гурван жилийг дамнуулан, гурвантаа холбогдож буй, АТГ-аас ч айдаггүй түүнийг энэ удаа Ардчилсан нам мөн л хамгаалаад, дээш нь татаад авчээ. Тодруулбал Ш.Хажидмаа Эрүүл мэндийн төвийн даргын албанаас хөөгдсөн дариудаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор очсон байна. Нам дагаж, хошуу тосолсон энэ мэт хүмүүсийг төсвийн мөнгөөр тансаглуулан тэжээхээ больмоор байна. Удаа дараа АТГ-д шалгагдаж, улсын мөнгийг хувьдаа завшсан нь тогтоогдчихоод байхад дахин төрийн албанд ажиллах эрхгүй болгохгүй юм уу Ардчилсан намын эрх баригчдаа. Та бүхний идээд буй улсын мөнгө гэдэг чинь дунд давхаргын эгэл жирийн иргэдийн татварын мөнгө шүү дээ.

Ш.Хажидмаа гэж хэн бэ

1988 онд АУДС-ийг эмч мэргэжлээр төгссөн бол 1992 онд Дотрын эмчийн курс төгссөн. Их эмч, Ангаах ухааны магистр , Төрийн удирдлагын менежер доктрант хэмээх цолтой. 2008 оноос МӨАУМХ-ны эмч, гүйцэтгэх захирал 2001 оноос СХД-ийн 15-р хорооны Мичид Асрал ӨЭМТ-ийн дарга 1998-2001онд СХД-ийн ЭМН-ийн дотрын тасгийн их эмч
1994-1997 онд НЭ-н дарга,1988-1994 онд Эрдэнэт хотын хялгант тосгоны НЭ-т их эмчээр ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд ийнхүү Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргын албыг хашиж, удаа дараа улсын мөнгийг хувьдаа завшсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан эмэгтэй. Харин одоогоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Чинболдын орлогч. Чинболд ч мөн л улсын мөнгөөр тансаглаж, олонд танигдсан нэгэн. Энэ хоёр хоршиж ажиллахад санаа нийлээд амар биз ээ. Уг нь амташсан энэ мэт хулгайчдыг төрийн албанд байлгамааргүй байна.

Н.Ганаа

Өмнөх нийтлэлийг энд дарж үз