ОБЕГ: Төөрсөн, сураггүй болсон, цасанд суусан 27 иргэнийг олсон
2023/03/22
Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1-7 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурч, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурсан.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас:
- Гуравдугаар сарын 20-нд Дундговь, Завхан аймагт тус бүр нэг, Увсад хоёр,
- Гуравдугаар сарын 21-нд Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймагт аймагт тус бүр нэг, Хэнтий аймагт зургаа (үүнээс нэг хүүхэд) буюу нийт 16 иргэн малдаа явж байгаад болон автомашинтайгаа төөрсөн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэний амийг аварч, нэг иргэний цогцсыг олж, ар, гэр, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймагт автомашинаар зорчиж яваад цасанд суусан 14 зорчигчтой гурван автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Хүчтэй салхи, шуурганы улмаас:
- Увс аймагт нэг, Өмнөговь аймагт 2 айлын гэр нурсан
- Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 35 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 дугаар тулгуур багана унажээ.
Тухайн эвдрэлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, тус өдрийн 22:00 цагт хэвийн ажиллагаанд оруулаад байна