Үнийн өсөлт “гаарлаа” гээд хүмүүс халаглаж байна. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Дамдин гурван кг үхрийн цул мах, 30 ширхэг өндөг худалдаж аваад 112 мянган төгрөг төлсөн аж.

Тэрбээр “Өнгөрсөн сард кг үхрийн цул махыг 17 мянган төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл өнөөдөр 25 мянган төгрөг болчихжээ. Амьдрал хүнд л байна” гэв. Түүний өрхийн сарын орлого 1.5 сая төгрөг.

 

Байр болон утас, кабелийн төлбөртөө 250 гаруй мянган төгрөг төлдөг аж. Түүнчлэн ипотекийн зээлдээ 514 мянган төгрөг төлнө. Ингээд сарын хүнс, ахуйн хэрэглээндээ 600 орчим мянган төгрөг зарцуулдаг байжээ. Тэгтэл үнийн өсөлт тэр гэр бүлийн сарын хүнсэндээ зарцуулдаг мөнгийг хоёр орчим хувиар үнэгүйдүүлж буй юм.

 

Статистикчид энэ сард инфляц улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн гэлээ. Үүнд хүнсний барааны үнийн өсөлт нөлөөлсөн гэж тэмдэглэсэн байв. Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 10 хувиар өссөн байна. Бүр тодруулбал, үхрийн махны үнэ 11.1 хувиар өсчээ. Тэгвэл нийслэлийн зах худалдааны төвүүдэд үхрийн цул махны үнэ дунджаар 20.614 төгрөг болсон гэдгийг долоо хоног бүр мэдээлдэг үнийн мэдээлэлдээ дурдсан байна.

 

сонин mn

Ямартай ч үхрийн махны үнэ өссөнийг статистикчид “нотлов”. Харин үнийн өсөлт хүмүүсийн хэтэвчинд хэрхэн нөлөөлөх талаар долоон буудлын Должин эмээ ч андахаа байсан. Тэгвэл үнийн өсөлтийг хэрхэх вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Магадгүй салбарын яам нөөцийн махны нийлүүлэлтээр хязгаарлагдахыг зорьж байна гэх болов уу. Гэвч зах зээлийн зарчим төрийн байгууллагын бодлогоос хүчтэй нөлөө үзүүлдэгийг бодитоор харж байна. Эдийн засаг, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшми “Үнийн өсөлт бүхий л хүмүүсийн амьжиргаа, өрхийн орлогод шууд нөлөө үзүүлнэ. Үнийн өсөлт төгрөгийг үнэгүйдүүлж байна хэмээн хүмүүс ярьж байна. Нэг талаас тухайн өрхийн орлого хэрэглээндээ хүрэлцэхгүй болж байгаатай холбоотой.

 

Нөгөөтэйгүүр богино хугацаанд бий болсон өсөлтийг шууд үргүй зарцуулах нь буруу. Учир нь урт хугацаанд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийг өдөөх хүчин зүйл болно гэсэн үг. Мэдээж инфляц буурна гэсэн хүлээлт байгаа боловч мөнгөний нийлүүлэлтийг нэмэх нь үнэ өсөх суурь шалтгаан болох юм” гэлээ.

 

Инфляцийг нэг оронтой тоонд барих зорилго Төвбанкных. Харин үнийн өсөлт эсрэг урсгал болж байгаа хэрэг. Тэгвэл эдийн засагт урт хугацааны тогтвортой байдал чухал уу. Эсвэл богино зайны тоглолтоор “амбийцлах” нь чухал уу гэдгийг эрэмбэлэх хэрэгтэй болжээ. Цалин, тэтгэвэр нэмэх нь зөв боловч инфляц, үнийн өсөлтөд огцом сөрөг нөлөө үзүүлэхгүй байх бодлого чухал гэдгийг хүмүүс хэлж байгаа. Энэ нь зах зээлийн зарчим, эдийн засгийн бодлого болоод онолтой хэр дүйцэх вэ. Гурван кг мах, 30 ширхэг өндөг 112 мянгаас хэзээ буух бол. 71.1 сая толгой малтай монголчууд гадаадад л үнэтэй мах хэрэглэнэ гэж цээжээ дэлдэх хэрэггүй болжээ.

 

 

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин