Уламжилж ирсэн намрын улс төр хоёр том намын удирдлагыг шинээр сонгох үйл ажиллагаагаар эхэлж байна. Чуулган эхэлтэл улс төрийн гол сэдэв энэ байх нь. Энэ дээр АН эхэллээ.

АН-ын даргын сонгуульд УИХ-ын гурван гишүүн, УИХ-ын гишүүн бус нэг гишүүн нэр дэвшлээ. Энэ дөрвөөс АН-ын ҮБХ-ны гишүүд сонголтоо хийлээ. Шуудхандаа: 28 оны Ерөнхий сайд тодорчихлоо.

АН-ынхан өнгөрөгч найман жил шахам өөр зууртаа учраа ололгүй, хэрэлдэж уралцаж ирсэн юм. хоёр дарга, хоёр тамга, хоёр гэрчилгээтэй, алийгаа алдаж, нам гэхэд хэцүү болсон. Нам байтугай хуучны фракцууд нь бут үсэрч шинээр бүрэлдэж тогтсон. МАН-ын гар дор хэдэн жилийг ийм дүр байдалтай үдээд 24 оны сонгуультай уралдан Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгож, ахин өндийсөн. Сонгуульд орсон, ялагдсан. Хэдэн жилийн туршид тархай бутархай байсан нам гэхэд УИХ-д өдий дайны гишүүнтэй болсон нь бараг их юм. Өмнөхөө мартдаг монгол хүний зангаар АН-ын зарим фракцынхан Лу.Гантөмөрийгөө өөнтөглөөд байгаа харагддаг. Энэ намынхан түүхээ бичих үед Лу.Гантөмөрийн үүрсэн ачаа ямар байсан нь ойлгогдох нь ойлгомжтой. Гэхдээ л хөндлөгөөс ингэж харагдавч АН-ынхан энэ намрын улс төрөө санасныг бодвол тунчиг сүрхий эв зүйгээ олсон байдалтай эхлүүлж байна. Гаднаас нь харах нь ээ нөгөөх л бие биенээ шахсан, шаардсан, шүүмжилсэн байдал нь хэвээр мэт. Гэвчиг цаанаа яах ийхээ хэдийнэ бодчихсон нь анзаарагдлаа. Шулуухандаа: АН-ынхан дотроо хөлөө жийлцдэг асуудлаа хойш тавьжээ. С.Баярцогт нарын туршлагатай улстөрчид урьдах алдаандаа тулгуурлаж, АН-ыг ринг дээр ахин авчрах координатыг сайн хийж байна. УИХ дотроос намын даргаа сонгоно гэдэг дээр нэгдсэн. Намын даргаа бодлогын мэтгэлцээнтэй сонголоо. Тэд: 27, 28 оны сонгуулиудыг авах итгэл үнэмшлээр хандаж эхэлжээ. Мөн эв нэгдэл л энэ намыг нам шиг байлгах юм байна гэдгийг ойлгожээ. Энэ бүгд нь угийн алдаа оноо нь олны нүдэнд ил байдаг АН-д ардчилал байгааг харуулав. Энүүгээр АН хэв шинжээ өөрчилж, массын намаас бодлогын нам байх чиг хандлага руу хөгжих санаачилгууд гаргаад эхэллээ гэхэд болохоор байна.

Эсрэгээрээ МАН улам задарч байна. 24 оны сонгуульд ялсныхаа дараа байгуулсан Засгийн газраа 1 жил ч болголгүй унагасан. Шинээр Засгийн газар байгуулсан. Ерөнхийлөгч Тамгын даргаа Ерөнхий сайд болгосон. Гэвчиг Г.Занданшатарын Засгийн газарт олны үнэлгээ тааруу байна. Засгийн газрынх нь ажлаас гадна улс төр бас явж байна. Г.Занданшатарыг: УИХ-д сонгогдож чадаагүй байтал нь Ерөнхий сайдаар томилсон гээд өөнтөглөх. Энэ нь удахгүй болох Их хурлаас нь намын даргад өрсөлдөх өөр дүр тодрох сэдлийг МАН-ын гишүүдэд өгч байна. Энэ бол МАН-ын задралыг дөгөөх бас нэг үндэслэл. Уул нь Ерөнхийлөгчийн зүгээс намын даргын өрсөлдөөн гаргахгүй гэж хичээж, намынх нь асуудалд хэт орооцолдох болсон. Гэвчиг энэнд нь УИХ-ын залуу гишүүдээс эхлээд МАН-ын дийлэнх олонх гишүүдийн эгдүүцээд эхэлж. МАН-ын тэр гишүүд: АН-ын ардчилал, байгаа байдал манай МАН-д хэрэгжээсэй. Бид асуудлаа сайн ярилцахгүй бол лавтай 2-3 сонгууль алдах эрсдэлтэй гэлцэх болж. Мөнхүү хамтарсан Засгийн газрыг унагаснаар Ерөнхийлөгч дээр хүч хуримтлагдана гэсэн тооцоо байсан. Гэтэл тэр нь эсрэгээрээ эргэв. МАН доторх үе хоорондын зөрчил нь туйлдаа хүрлээ. Саяхан тусдаа болсон МАСЗХ, НАМЗХ үеийнхний уулзалтууд ч үүний илрэл. Юм их өөр болсон. Ах нар нийгмээ мэдрэхгүй хэт тасарч байна гэж шүүмжлээд эхэлж. Тэрнээс даваад МАН-ын анхан шатны байгууллагуудаас ч хэдэн хүн цуглуулаад бодлого гэж бодлоо тулгадаг үе өнгөрсөн гэх эсэргүүцэл, дургүйцэл илрэх болсон байна. Ерөнхийдөө л МАН дотор сунгагдана, эсхүл намаа авна гээд дайраад байгаагаас намын задрал эхэлсэн. Тэгээд юм л бол өрсөлдөөн хязгаарладаг боллоо. Эсхүл хууль хяналтаар айлгадаг. Цаашдаа энэ баядлаар явмааргүй байна. Бас МАН-ынхан дарга нарыг ерөнхий нарийн бичгийн дарга маань Эсмил тайж шиг муудалцуулаад байгаа. 24 оны УИХ-ын сонгуульд хуруугаа ч хөдөлгөөгүй байж намаа самарлаа гээд Д.Амарбаясгаланг МАН-ын цагаан байрыг удирдаж байхад ийм зүйл болж байгаагүй. Намын даргыг сонгохдоо ерөнхий нарийн бичгийн даргыг ч шинэчлэх хэрэгтэй гэж ил цагаан ярьцгаах болжээ. Тэрнээс улбаалаад МАН-ын Их хурлаар намын даргыг сонгох үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшин өрсөлдөж магадгүй сонстож байна. Нэмж бас АН-ын туршлагатай улстөрчид МАН-ыг дуусгах хорыг супер найрууллаа гээд МАН-ын ахмад улстөрчид дүгнэлт хийгээд эхэлжээ.

Энэ бүгдийг дүгнэхэд, Монголын том намууд болох АН, МАН нь хагас клиентелист, хагас бодлогын намын хэв шинжтэй гэж үнэлэгддэг. Ард иргэд: Энэ хоёр намаас хүлээх хүлээлт маш бага. Ард иргэдийн 80 гаруй хувь намуудын өгсөн сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөр биелэхгүй гэсэн хүлээлттэй байдаг. Судлаач Филип Кийпэр: Залуу ардчилсан улсын намуудад амлалтаа амжилттай биелүүлсэн туршлага бага байдаг тул иргэд тэдний мөрийн хөтөлбөрт итгэдэггүй. Харин ардчилсан сонгуулийг удаа дараа зохион байгуулж, ялсан нам нь хөтөлбөрөө амжилттай биелүүлсний дараа иргэд намд итгэж эхэлдэг. Иргэд намд итгэдэг болсноор намууд илүү бодлогод суурилсан мөрийн хөтөлбөрөөр өрсөлддөг болно гэсэн байдаг. Гэвчиг АН даргынхаа сонгуулиас эхлээд нээлттэй мэтгэлцээнтэй зохион байгуулахаас улс төрийн өрсөлдөөний шинэ хэв маяг руу шилжив үү гэлтэй байна. Энэ байдлаараа тэдэнд 27, 28 оны сонгуулийн ялалт энүүхэнд гэсэн үг. Харин МАН бодлого гээд хуучин зуунаараа мангартсаар дараалсан ялагдлыг угтаж байх магадлал өндөр харагдах. Базах нь ээ: Ирэх өдрүүдэд АН улам нэгдэж, МАН улам задарсаар байх шинж нэгэнт бүрдэж. Уул нь АН-ынхан МАН-ынханд хичээл заагаад л байна даа…

Ө.Билэгт