Хөвсгөл аймагт 16 нас хүрсэн хүүг тарчлааж, гурван жил амбаарт хорьсон хэрэг дуулиан тариад байна. Насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгийн ноцтойгоор зөрчсөн  хэрэг шил шилээ даран гарч байгаа нь хүүхдийн байгууллагууд хангалтгүй ажиллаж байгаа, ухамсар дорой эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт мэдээлэл муу өгч байсных.

13 наснаасаа хойш нийгмээс тусгаарлагдан  амьдарч байсан хүүгийн талаар гурван жил болоход хэн ч мэдээгүй байв.

Иргэдийн мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагынхан авга эгчийнх нь хашаанд очиход хүүг цонхгүй, 1.3:3 м-ийн харьцаатай модон амбаарт хорьж, нэг хөлд нь гинж зүүсэн, толгой нь хатуу зүйлээр цохиулснаас болж цус гарч хатсан, нуруу нь маш олон сорвитой, турж эцсэн байжээ.

Түүгээс зогсохгүй, гутал нь багадсан тул урд хэсгийг нь тайрч, хөлийн хуруунууд нь ил гарсан, төмөр савтай жигнэмгийн хайрцаг, жимсний чанамлын шилэнд хоол, цай өгдөг, ундааны сав, гялгар уутанд биеийг нь засуулдаг байсан аж.

Түүнийг нялх байхад эцэг эх нь гэр бүлээ цуцлуулжээ. Шүүх хурлаас болж, хүүг аавынх нь асрамжинд үлдээх шийдвэр гарч, гэр бүлээ цуцлуулах шийдвэр гармагц ээж нь хотод суурьшихаар шилжжээ.  Дараа нь  аав нь цаг бусаар хорвоог орхиж, хүү гэртээ ганцаараа үлдэж авга эгч Д нь өөр дээрээ авч  өсгөхөөр болсон гэнэ.

Амбаарт гурван жил хоригдсон хүүг олж гаргаж ирэхэд  биеэрээ дүүрэн шарх, сорвитой, байнгын зодуур, дарамтад байсан нь илт байжээ.

Ингээд цагдаагийнхан түүний авга эгч, ерөнхий боловсролын дунд сургуулийн багш Д-д Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан тарчлаах, 109 дүгээр зүйлд заасан насанд хүрээгүй хүнийг хууль бусаар хорьсон гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Хүүгийн хувьд 2009 онд аав нь нас барснаас хойш дээрх айлд ирсэн бөгөөд Б гэх хүүгийн төрсөн ээж нь уулзахаар удаа дараа Хөвсгөл аймагт хотоос очдог байсан боловч авга эгч Д нь огт уулзуулдаггүй байсан гэнэ.  

Харин энэ хэрэг олон нийтэд ил болсноор хүүгийн ээж Хөвсгөл аймагт очсон бөгөөд цагдаагийн хамгаалалтад байсан хүүг ээжийнх нь асрамжид шилжүүлжээ.