Монгол-Солонгосын хөрөнгө оруулалтайгаар анхлан байгуулагдаж байсан үүрэн телефоны “СКАЙТЕЛ” компанийг манай манай томоохон кампаниуд үүсгэн байгуулж байсан түүхтэй.
Он цаг өнгөрөх тусам дээрх компаниуд хумигдаж одоогоор “АПУ”-гийн эздийн мэдэлд дийлэнх хувь нь шилжсэн “Скайтел”-ийн шинэ гүйцэтгэх захирлаар холбооны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан “Мобиком”-ын экс гүйцэтгэх захирал Д.Болорыг урьж өндөр цалин хөлс амлан өөрийн удирдлагын багийг толгойлуулсаар багагүй хугацаа өнгөрч байна. Аливаа компани өөрийн гэсэн бэлгэ тэмдэгтэй байдаг билээ. Тэгвэл оны өмнө нэгэн сонирхолтой “шум” чих дэлсээд өнгөрсөн юм. Утга нь, Сүхбаатар дүүргийн иргэн Б.Буян “Скайтел” компанийг оюуны өмчийн эрхийн асуудлаар шүүхэд өгөв гэсэн мэдээ байлаа. Иргэн Б.Буянгийн нэхэмжлэлтэй “Скайтел” компани хариуцагчаар дуудагдсан хэргийг шүүх хурал тус дүүргийн шүүхэд 2013 оны гуравдугаар сарын 06-ны өдөр болох байсан ч үүрэн телефоны байгууллагын хүсэлтээр түр хойшилжээ. Чухам юу болоод өнгөрөв гэхээр, иргэн Б.Буян “Дүрсийн гайхамшиг” хэмээх номоороо 2010 онд зохиогчийн эрх авчээ. Гэтэл “Скайтел” компанийнхан дээрх номонд орсон нэгэн дүрсээр логогоо хийчихсэн бөгөөд түүндээ 2011 онд барааны эрхийн гэрчилгээ авсан байжээ. Зохиогчийн эрхийн хуулиар юмуу өөрчилөн ашиглахыг хориглоно гэдэг ажээ. “Скайтел”-ийнхан дээрх дүрсийг цоолборлон хуулбарласан байна. Ингээд хэрэг дэгдэж, шүүхдэлцэхдээ тулсан нь энэ. Шүүх хурал хэзээ нэгэн цагт болно. Монгол зохиогчийн эрхийн асуудал хэрхэн шийдэгддэг нь үүгээр харагдах бизээ.

Эх сурвалж: Маш нууц сонин