Н.ТҮВШИН

Нийслэлд амьдарч буй нэг иргэн өдөрт хэдий хэмжээтэй хог хаядгийг уншигч та мэдэх үү. Тэгвэл бидний өдөр тутамдаа үйлдвэрлэдэг хогны хэмжээг судалгаагаар гаргажээ. Улаанбаатарын гэр хороололд амьдарч буй нэг иргэн зуны улиралд, өдөрт 371.9, харин орон сууцны иргэд 376.8 грамм хог хаягдал үйлдвэрлэдэг байна.

Өвлийн улиралд энэ тоо өснө. Тухайлбал, гэр хорооллынхон өдөрт 1.06 кг, орон сууцныхан 466.3 гр болж нэмэгддэг байна. Эндээс харвал бид хог үйлдвэрлэдэг оргил үедээ байна. Гэр хорооллын хог хаягдлын багагүй хувийг үнс эзэлдэг бол орон сууцны оршин суугчдын хог хаягдлын 36-41 хувийг хоол, хүнсний хог хаягдал эзэлдэг бол үлдсэн нь дахин боловсруулах боломжтой хог байдаг юм билээ. Хөгжилтэй орнууд үнсийг барилгын материал, хоолны хаягдлаа бордоо болгодог цаг үед та бид амьдарч байна. Харин Монголд бүгдийг нь булсаар ирсэн, булсаар л байна. 

АНГИЛАХГҮЙ УЧРААС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД “ТӨРӨХГҮЙ” 

Ер нь, ахуйн хаягдлаас маш бага хэмжээтэй дахин боловсруулж болохгүй хог гардаг. Төрөл бүрийн зай хураагуур, химийн бодис гэх мэт. 

Манай улс 390 төвлөрсөн цэгт буюу 7700 орчим га талбайд жилдээ 3.5 сая тонн хог хаягдал тээвэрлэн хаядаг байна. Энэ их хог дотор аюултай, хортой, энгийн гээд төрөл бүрийн хаягдал багтана. Одоогоор манайх энгийн хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч одоогоор 10 хүрэхгүй хувийг л дахин боловсруулж байна. Уг нь, дахин боловсруулах үйлдвэрүүд бий болж байгаа ч ангилан ялгаж чадахгүйгээс хогийн цэгт булсаар байгаа юм. Дэлхийн улс орнууд хогийг дахин боловсруулж, түүхий эд болгон ашиглах зам руу хэдийнэ орсон. Улс орнуудын жишгээс харахад нийт хог хаягдлынхаа 85 хувийг дахин боловсруулах боломжтой байдаг аж. Харин бид булсаар, байгаль орчноо бохирдуулсаар л. Эндээс харвал эх үүсвэр дээр ангилан ялгах ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай аж. Эх үүсвэр дээр гэдэг нь иргэдийг хог ангилах боловсролд сургах явдал юм. Ингэж ангилж гэмээнэ байгаль орчин, нийгмийн, эрүүл мэнд, эдийн засгийн гээд олон талын үр ашигтай. Харамсалтай нь, ялгахгүй булж байгаагаас дахин боловсруулах үйлдвэрүүд “төрөхгүй”. Дахин боловсруулдаг үйлдвэр байгууллаа гэхэд өдөр тутам тонн тонноороо холилдсон хогноос түүхий эдээ ангилж ялгах хүн хүч, цаг хугацаа тэдэнд байхгүй. Харин хогоо ангилж ялгавал худалдаж авахад бэлэн дахин боловсруулах үйлдвэр ар араасаа төрнө. Эдийн засгийн хувьд ч үр ашигтай. Нэгэнт хүн байгаа цагт хог гарах нь тодорхой учраас хогоо ангилж ялгаагүй иргэн, аж ахуйн нэгжид хаясан хогных нь хэмжээгээр торгууль тавьдаг тогтолцоо үйлчлэх цаг болжээ. Олон орон энэ зарчмаар иргэдээ хогоо ангилдаг соёлд сургажээ.

Хотод хүн амын төвлөрөл нэмэгдэж үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбар олноор байгуулагдаж байна. Тэр хэрээр иргэдийн хэрэглээ, хог хаягдлын хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдсээр. Одоогийн байдлаар дахин боловсруулах боломжтой цаас, цаасан бүтээгдэхүүн, шил, хөнгөн цагаан, төмөр, хуванцарыг ч хогийн цэгт булдаг. Түүнчлэн химийн болон аюултай хог хаягдал ч энгийн хог хаягдалтай холилдон булагдсаар байгаа нь нууц биш. Уг нь, УИХ 2017 оны тавдугаар сарын 19­ний өдөр Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэхүү хууль нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дээр дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Гэвч одоог хүртэл манай улс хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь битгий хэл ангилж ч чадахгүй байна. Ямар ч бодлого байхгүй гэж болно. Нийт хог хаягдлын 91.8 хувийг ахуйн хог хаягдал эзэлдэг бөгөөд дийлэнх нь дахин боловсруулах хог. Хэрэв ангилдаг бол дахин боловсруулах хэчнээн үйлдвэр байгуулж, хэдэн ажлын байр бий болох боломжтойг харж болно. Харин 8.2 хувийг л үйлдвэрлэлийн хог хаягдал эзэлдэг. Хуванцрыг дахин боловсруулдаг ганц нэг үйлдвэрийг эс тооцвол бид чинь шил ч хайлуулж чадахгүй хэвээр байна.

 Химийн хортой хог хаягдлыг устгах үйлдвэргүй 

Монгол Бидний өдөр тутам булаад байгаа хог хаягдал нь хүрээлэн байгаа орчин буюу ус, агаар, хөрс болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг уг нь надаар хэлүүлэлтгүй булуулж байгаа нь булж байгаа нь ч мэднэ. Хавдар, астма, харшил, халдварт өвчин, сүрьеэ, ханиад, суулгалт гээд олон өвчний эх үүсвэр. 

Үнэндээ, ахуйн хог хаягдлаас илүү хор хөнөөлтэй химийн болоод аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах техник тоног төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд байхгүй гэхэд хилсдэхгүй. Саяхныг хүртэл Монгол Улс эрүүл мэндийн байгууллагаас гарсан аюултай, эрсдэлтэй хог хаягдлыг халдаргүйжүүлэлгүй шууд л булдаг байлаа. Харин 2009 оноос эм, эмнэлгийн хог хаягдлыг устгадаг “Элемент” компани байгуулагдаж эдгээр хогийг халдваргүйжүүлэн устгалд оруулдаг болсон. Одоогоор “Элемент”, “Элемент медикал” гэж хоёрхон компани бүхэл бүтэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Тэд л эмнэлэг, эмийн сангаас хог хаягдлыг нь хүлээн авч устгадаг. Эмнэлэг, сувиллаас халдвартай, хурц үзүүр иртэй зүү тариураас эхлээд цус цусан бүтээгдэхүүн мэтийн халдварт хог хаягдлыг халдваргүйжүүлэн устгана. Харин Эмийн сангаас хортой бодис агуулсан хаягдлаас эхлээд хугацаа нь дууссан эм тариаг устгалд оруулдаг.

 Гэвч айл өрхөөс гарсан зүү тариур мэтийн хог хаягдыг шууд хогийн цэгт хаядаг учраас цааш нь өнөөх булах устгалд ордог байгаа. Бид чинь гэрээрээ, дур мэдэн эмчилгээ хийгээд сурчихсан ард түмэн. Ковидын үед эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болж бараг гэрээрээ эмчилгээ хийлгэ гэсэн шийдвэр гарсан. Хордлого тайлах дуслаас эхлээд л халдвар тарах магадлалтай зүү тариурыг зүгээр л энгийн хог хаягдалтайгаа нийлүүлээд булчихдаг. Бусад оронд ийм төрлийн аюултай хог хаягдлыг тусгай саванд хийж зориулалтын компаниар нь устгуулдаг. Гэтэл бид орон сууцныхаа гаднах ганц хогийн савандаа юу дуртайгаа чихэж дүүргээд, ачиж булсаар.

 Монгол Улсын хэмжээгээр хог хаягдлын менежмент гэгч ойлголт огт үйлчлэхгүй учраас өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд химийн хортой хог хаягдлыг устгах, агуулах ганц ч үйлдвэр байдаггүй. Статистик мэдээллээс харвал “Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл” авсан аж ахуйн нэгжийн тоо 2018 онд 345 болжээ. 2017 оны байдлаар нийт химийн бодисын тоо хэмжээний 40 хувийг химийн бодис худалдаалдаг, 47 хувийг уул уурхай болон тэсэлгээний бодис үйлдвэрлэгчид, дөрвөн хувийг ноос ноолуур, арьс ширний үйлдвэрүүд, хоёр хувийг хөдөө аж ахуйн бордоо, ургамал хамгааллын бодис импортлогч, гурван хувийг барилгын материалын үйлдвэрүүд, үлдсэн дөрвөн хувийг нь бусад салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд тус тус импортлох, ашиглах, худалдах зөвшөөрөл авсан байна.

Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн олгохоор хуульчилсан. Гэвч одоогоор манай улс химийн бодис агуулж байсан төмөр, хуванцар торхоо ч яаж устгах учраа олохгүй л байна. Нэг хэсэг Цагаан даваанд химийн хортой хог хаягдлыг агуулах, саармагжуулах, устгах үйлдвэр барих гэж байсан ч одоо хэр нь баригдаагүй. Аюултай хог хаягдлынхаа нэгээс бага хувийг боловсруулдаг 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Европын Сэргээн Босголт, хөгжлийн банктай хамтран 2018 онд хэрэгжүүлсэн ”Монгол Улсын аюултай хог хаягдлын үнэлгээ” төслийн хүрээнд хийгдсэн аюултай хог хаягдлын урьдчилсан тооллогоор улсын хэмжээний нийт аюултай хог хаягдлын 99 хувийг уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас үүсч байна гэж тогтоосон. Зөвхөн уул уурхайгаас 179 мянган тонн химийн хог хаягдал гардаг. Бусад салбар жилд 150 мянга орчим тонн аюултай хог хаягдал гаргаж байгаа ба үүнийхээ ихэнхийг хот, суурин газрын хатуу хог хаягдлын цэгт булсаар байгаа. Манай улс аюултай хог хаягдлынхаа нэгээс бага хувийг дахин ашиглах зорилгоор боловсруулдаг. Тэр нь ажилласан маслыг нэрж дизель түлш гаргадаг “Алтан оршихуй групп” ХХК­ийн ажлын үзүүлэлт. Энэ үйлдвэр уул уурхайгаас гарсан хаягдал тосыг нэрж “Евро 4” стандартын түлш гаргадаг. Ийм үйлдвэр дахиад хэд хэд хэрэгтэй. Учир нь “Алтан оршихуй групп” ХХК нийт хаягдал тосны 20 хувийг л боловсруулах хүчин чадалтай юм. Одоогоор манай улс жилдээ 12 мянган тонн хаягдал тос гаргадаг гэсэн албан бус тоо байна. Дахин боловсруулагдаагүй хаягдал тос хаачдагийг таашгүй. Энэ олон жил бид булсаар ирсэн үү. Химийн хаягдал бол маш хор хөнөөлтэй. Нэг литр тосыг газарт асгахад 70м/кв талбайг хордуулж ургамал ургах нөхцөлгүй болгодгоос гадна доош нэвчиж хөрсний усанд шингэх эрсдэлтэй. Нэг литр автомашины ашигласан тос нэг сая литр цэвэр усыг хордуулах хүчтэй гэхээр бид өдий болтол эх орны хөрсийг хэчнээн хэсгийг ашиглах боломжгүй болгож “амжсан” бол... 

Устгах шаардлагатай химийн бодисын тооллогыг 2014 онд улсын хэмжээнд хийсэн удаатай. Энэ тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн, 69000 л бодис хадгалагдаж байгааг тогтоосон байдаг. 2015 онд хөрсний бохирдлын шинжилгээ хийж үзэхэд 72 хувь нь нянгийн бохирдолтой гэж байсан бол ердөө гуравхан жилийн дараа 89 хувь болж өсчээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН