Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Шинэ жил гарна гэдэг нь цаг хугацааны үргэлжлэл учраас сүсэгтэн олон өнгөрсөн хугацаанд өөрийнхөө амьдралыг бүтээж чадсан бол түүнийхээ хэрээр сайн сайхнаар үргэлжилдэг жамтай. Тиймээс урьд өнгөрсөн амьдрал, одоогийн цаг хугацааны үргэлжлэл гэдгийг санаж явах хэрэгтэй.

Энэ жилийн хувьд "Үзэсгэлэн болгогч" хэмээх ёгт нэртэй. Жилийнхээ өнгөнөөс шалтгаалаад ёгт нэрийн утга өөр өөр байдаг. "Үзэсгэлэн болгогч" хэмээх нэрийн утгыг "Цагаан лянхуа" сударт тайлбарласнаар "Энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно" гэж буусан.

Монголчууд туулайг хөнгөн, уян, зөөлөн гэсэн утгаар нь их бэлгэшээдэг. Туулай жилдээ туурвина ч гэж ярих нь бий. Туулай жилд зуд болж байсан түүх их ховор байдаг. Энэ жилийн төлөв ч сайн буусан. Цаг агаар сайхан байна.

Хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хур ус ихтэй хүйтэн болох учир хүйтэн талын өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.

Онцлоход, залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаан байна. Дээдэст сайн, дунд хүмүүст дунд зэрэг. Нялхаст халтай" хэмээв.

Түүнчлэн тэрбээр "Орон орны нар, сарны тусгал ялгаатай учраас цагаан сарууд нь өөр өдрүүдэд болдог. Монголчуудын хувьд нүүдэлчин ахуйтай учраас сарны явдлаар зурхайгаа хэмждэг.

Битүүнд сар битүүрнэ, шинийн 1-н, 2-нд үзэгдэх төдий болоод 3-наас хавирган сар болж арвижсаар шинийн найманд тал дугуй болно. Тэр нь томорсоор шинийн 15-нд тэргэл сар болно. Харин шинийн 22-нд буцаж буцаж хомстоно.

Энэ сарын шинийн 27, 28-нд ирэх жилийнхээ ажил амьдралыг даатгаад ард түмнийхээ сайн сайхны төлөө "Арван хангал" гэх номыг тахидаг. Хуучин жилээ өнгөрөөгөөд шинэ жилд орж байгаагийн даатгал явагддаг тул эдгээр өдрийн хуралд сүсэгтэн олон морилон ирж, дараа жилээ даатгаж сүсэглэж болно.

Цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж ирсэн ёс заншил, бэлгэдлийн баяр. Мөн ахас ихсээ хүндэлж, үр хүүхдээ асардаг, найз нөхөдтэйгөө найрсдаг асрал, энэрэл хайрын баяр” гэсэн юм.