Өнөөдөр Улсын Онцгой комиссын ээлжит хурал боллоо.Гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийх, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад ирсэн Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн танилцуулга дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын  өнөөгийн  байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар   Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Улсын онцгой комиссын гишүүн, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир нар мэдээлэл хийлээ.

 

2015 он олон жилийн дундажтай харьцуулахад  манай орны нийт нутгаар хур тунадас багатай, олон хоног өдөртөө хэт их халуун, шөнөдөө хүйтэн хонож байгаагаас зарим аймагт гандуу нөхцөл үүсч байна.    

Цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны 7 дугаар тушаалаар гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийх, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах зорилгоор Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, ХХААЯ-ны газрын дарга Ц.Болорчулуунаар ахлуулсан Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг Төв, Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 10 суманд буюу нийт 13 аймгийн 42 суманд 2015 оны 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд ажиллаж, үүссэн нөхцөл байдалтай танилцан, аймгийн Онцгой комиссуудад холбогдох үүрэг даалгавар, заавар зөвлөгөөг өгч, гамшгийн үнэлгээ хийж ажиллалаа.            

Нэг. Цагийн нөхцөл байдлын тухай

            Он гарснаас хойш улсын хэмжээнд 3081 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдэж, гамшгийн голомтод давхардсан тоогоор 27,0 мянга гаруй  онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид, орон нутгийн иргэд 4093 автомашин, техник хэрэгсэлтэйгээр дайчлагдан ажиллаж, 754 хүний амь насыг авран хамгаалаад байна.  

            Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 90 % нь гал түймрийн, үүнээс ой, хээрийн түймэр 224 удаа, обьектын гал түймэр 2577 удаа тус тус гарсан. Үлдсэн дуудлагыг цаг агаарын онц аюултай үзэгдэл, хүн, мал амьтны гоц халдварт өвчин  (хамгийн их нь галзуу өвчин 138 удаа гарсан), усны осол болон тэсэрч дэлбэрэх бодисын тохиолдол эзэлж байна.    

Гамшгийн аюулд 46 хүн бэртэж гэмтэн, 79 хүн нас барсны 33 хүн нь усны ослоор, 32 нь обьектын гал түймрийн улмаас нас барсан.  

7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хушаат, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар дээрх аймгуудын Онцгой байдлын газар, ОБЕГ-ын Аврах тусгай анги, нутгийн иргэд нийт 290 хүн 17 техник хэрэгсэл, 30 ердийн хөсөгтэй унтраахаар 2-14 хоног ажиллаж байна.

Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Булган, Дархан-Уул аймгийн зарим суманд гарсан 4 түймрийг цурманд оруулаад байна.

Мал, амьтны гоц халдварт өвчний хувьд улсын хэмжээнд 6 аймгийн 8 сумын нутагт боом өвчний 1, галзуу өвчний 8, нийт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. 

 Ихэнх аймгуудад хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага орж,  өвс, ногооны гарц муу, мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй, хуй салхи олонтаа салхилж, зарим гол, горхи ширгэснээс зарим айлууд өвөлжөө, хаваржаандаа зусаж байна.  Өвс, ногоо муугаас хадлан, тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 %-ийг алдах эрсдэл үүсээд байна. Хэрлэнбаян-Улаан, Малхын аймаг дундын отрын бүс нутаг энэ жил отроор мал оруулж өвөлжүүлж, хаваржуулах боломжгүй байна.          

Гантай байгаа аймгуудын малчид, тариаланчид, ард иргэдийн сэтгэл санаа гундуу, тариалалт нь зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжийн эзэд сэтгэл зүйн гүн хямралд орсон байгааг далимдуулж зарим хувийн ашиг хонжоо хайсан лам, хувраг, бөөгийн дүр эсгэсэн хүмүүс хонь, адуу, малаар уул, усны тахилгыг хийнэ гэж хүмүүсийнсэтгэл зүйгээр тоглох явдал олноор гарах  болжээ.     

Мөн үер, усны аюул, төөрсөн, осолдсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид, усчин, аврагчдыг ажлаа хэвийн явуулахад лам, бөө, үзмэрч хүмүүс ихээр саад учруулж, гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нөлөөлж, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчихийг тулган шаардах зэргээр аврах ажиллагаанд саад учруулж байгаа талаар аймаг, орон нутгаас мэдээлж байна.

Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудад уулын гуу, жалгаар л  тачир өвстэй, бусад газраар ургасан жаахан өвс,  ногоо нь хатаж, гандсан, үлийн цагаан оготно, царцаа, сибирийн шөвгөр хошуут хорхой ихэссэн зэрэг нийтлэг байдал ажиглагдсан.

Аймаг, нийслэлийн Онцгой комисс Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Улсын онцгой комиссын 2015 оны 01 тоот “Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай”,  02 тоот “Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” албан даалгавруудыг удирдлага болгон, хэрэгжүүлэн ажиллаж байна.  

1.Архангай аймагт өдөртөө агаарт 29-31 хэм, шөнөдөө 2-8 хэм, хөрсний гадарга дээр өдөртөө 52-62 хэм хүрч халсан. 

2015 оны зургадугаар сард 8-17 өдрийн турш хөрсний гадарга дээр 40, агаарт 30 хэмийг давж халж, хур тунадас бага орсон нь бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, зарим сумдын нутгаар ургамлын ургалт муу, гантай. 

Мөн бэлчээрийн хөнөөлт хортон шавьж ихэсч, 1 м2 талбайд 2-9 ширхэг царцааны дэгдэлттэй, Цэцэрлэг суманд царцааны хэт олшролт ажиглагдсан. Зарим суманд 5 дугаар сарын 20-ны үед орсон уулын цас хайлаагүй байна.   

Мал аж ахуйн хувьд ихэнх сумдад бод мал төллөх, хонь хяргах, мал оторлох зэрэг ажлууд явагдаж байна. Хэдийгээр цаг агаарын таагүй байдал нөлөөлж байгаа ч ажил саадгүй, малын хорогдолгүй байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

2.Булган аймагт агаарын температур 30 хэмээс давж халсан өдрийн тоог олон жилийн дундажтай харьцуулахад 6 дугаар сард зарим сумдын нутгаар 1-14 хоногийн илүү халалттай, хөрсний температур аймгийн нийт нутгаар шөнөдөө 40 хэмээс давж халсан хоногийн тоо 20-29 өдөр үргэлжилжээ.  Нийт нутгийн 90 % нь гантай.

Хуурайшилт их, гантай байгаагаас ой, хээрийн түймэр нь хөрсний түймэр болж, гамшгийн голомтод дайчлагдан ажиллах албан хаагчид, иргэдийн ачааллыг нэмэгдүүлж, зурвас загон гаргах, хөвд газрыг ухаж цэвэрлэх, олон хоногоор цурмын харуул ажиллуулах шаардлага гарч, үүнээс үүдэн зардал хөрөнгө нэмэгдэх, бусад хүндрэл бэрхшээлүүд гарахад хүргэх боллоо.

Тус аймаг хур тунадсыг нэмэгдүүлэхийн тулд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг байгаа нөөцөөрөө 1 удаа зохион байгуулж, цаашид уг үйл ажиллагаанд хэрэглэгдэх пуужингийн сумыг Ховд, Завхан, Архангай аймгаас татан авах ажлыг зохион байгуулж байна.

3.Дархан – Уул аймагт хавар малын бэлчээр муу байснаас энэ жил гарсан 2700 гаруй төл хорогджээ. Аймгийн бэлчээрийн даац 4-4,5 дахин хэтэрсэн. 

Өнгөрсөн 5, 6 дугаар сард хур тунадас муу, чийг байхгүйн улмаас ургамлын соёололтод муугаар нөлөөлж, нийт бэлчээрийн 80  хувь нь ганд нэрвэгдсэн.

Хээрийн хадлангийн гарц байхгүй, голын хадлан бэлтгэх талбайгүй болсноос ургацын хэмжээ буурч, мал өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

4.Дорноговь аймгийн 4 сум гантай,  1 сум гандуу байна.

5.Дундговь аймгийн зарим сумын нутгаар ургамлын ургалт гандуу, 6 сум гантай байна.

6.Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум ургацынхаа 40 %-ийг алдах магадлалтай. Орхонтуул сум буудайн талбай бүхэлдээ ганд нэрвэгдэж, уринш боловсруулалтын ажил бүрэн зогссон. Тус сумын нутагт бэлчээрийн гарц муу, үлийн цагаан оготно их, Төв аймгийн 3 сумдын мал зусланд орж ирснээр бэлчээрийн маргаан үүсэж байна.  

7.Төв аймгийн нийт нутгийн 60 % нь гандуу, 30 % нь гантай, 10 % нь зуншлага хэвийн. Баянхангай, Баянцогт, Угтаалцайдам, Цээл сумдын нутагт тариалалт хийгдсэн талбайн ургалтын байдал муу, бутлалтын үе шатандаа ургалт нь бүрэн зогссон.

Ойрын хугацаанд хур тунадас орохгүй бол ургац авах боломжгүйд хүрч, хөрс хэт хатсаны улмаас уринш болосвруулах боломжгүй болсон байна.

 Зарим гол, нуур хатаж ширгэсэн, царцааны тархалт ихээр нүүдэллэж, цаашид мал бэлчээрлэх, онд бүрэн орох боломж муу байгаа тул отор нүүдэл хийх аймаг, сумдын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Тус аймгийн Цээл сумын малчид Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орж зусдаг уламжлалтай байсан ч энэ жил тус аймгийн ИТХ-ын захирамжаар малаас татвар авах, торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авах болсон нь аймаг, сум хоорондын зөрчил үүсгэсэн.

8.Хэнтий аймгийн нийт нутгаар хур бороо бага орсноос ургамлын ургалтын байдал удааширч, өмнөх онтой харьцуулахад 3 дахин бага ургацтай, нийт нутгийн 90 % нь гантай буюу гандуу байна.

Газар тариалангийн бүс нутгуудад хуурайшилт ихтэй, тариалалтын гүнд чийг байхгүй, тариа соёололт маш муу байгаа нь таримал ургамлын ургаж алдаж, нэгжээс дөнгөж 3-4 цн ургац авч, энэ онд ургац бүрэн алдах аюултай.

9.Орхон аймгийн нийт нутгийн 50 % нь зуншлага хэвийн, 50 % нь гандуу байна. 

Орхон сум буудай гол хатгалтын үе явж байгаа бөгөөд ганд арай бага өртсөн, хур тунадас орвол тодорхой хэмжээний ургац авах боломжтой.

10. Өмнөговь аймагт өнгөрсөн 6 дугаар сард хур тунадас орсон хэдий ч зарим суманд чийг байхгүйгээс бэлчээрийн ургамлын гарцад муугаар нөлөөлж байна.

Тус аймгийн 5 сум гантай, 4 сум гандуу байна. 

11. Хөвсгөл аймгийн буудай бүхэлдээ ганд нэрвэгдсэн, бутлалтын үе шатандаа өсөлт нь зогссон. Ойн хортон шавьж ихээр тархаж, мод их хэмжээгээр гэмтсэн байдалтай.

12. Говьсүмбэр аймгийн 3 сум гандуу байна.   

 Харин Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Ховд, Увс, Сүхбаатар аймгуудад зуншлага хэвийн байна.    

Улсын онцгой комиссын даргын 2015 оны 7 дугаар тушаалаар аймгуудын зуншлагын цагийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар орон нутагт ажилласан комиссын ажлын хэсгийн дүгнэлтээр 21 аймгийн 9 аймаг зуншлага хэвийн, 12 аймгийн нийт 133 сумын 66 нь  гантай, 67 сум нь гандуу байна.  

Энэ нь 2015-2016 оны зуншлага, намаржилт, өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг харуулж байна. 

Хоёр. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Улсын онцгой комисс ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох арга хэмжээ, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал,  ой, хээрийн түймрийн үед иргэдэд олгосон ажлын гутал, хувцас, улсын нөөцөөс гаргасан иж бүрэн гэр, автомашин, тээвэр, шатахуун, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах пуужин, Зэвсэгт хүчний жанжин штабын “Ми-171 Е” нисдэг тэрэгний нислэгийн төлбөр болон бусад зардалд шаардагдсан нийт 4,0 тэрбум  төгрөгийн хөрөнгийн асуудлыг 5 удаа Засгийн газрын хуралдаанд танилцуулан  шийдвэрлүүлэв.    

Аймгуудийн Онцгой комисс Монгол Улсын Засгийн газрын Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Улсын онцгой комиссын 2015 оны 01, 02  тоот албан даалгавруудыг хэрэгжүүлэх ажлуудыг аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвс бэлтгэхэд шаардагдах хөрөнгийн асуудлуудыг шийдвэрлэж, сумдад  өвс, тэжээлээ эртнээс сайтар бэлтгэх талаар  үүрэг чиглэл өгчээ.

            Цаашид улс, аймаг, орон нутгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, зуншлага муу байгаа газруудад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас ихэнх аймгуудад өвс, тэжээл, хадлан бэлтгэх ажил зогсонги байдалтай, мал сүрэг тарга тэвээрэг муу, отроор нүүдэллэж байгаа ард иргэд, нутгийнхны хооронд зөрчилдөөн маргаантай, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц муу, өвс, тэжээлийн шинээр татан байршуулах, хуваарилах, зуншлага сайн болон хэвийн байгаа аймаг, сумдад нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын малчдыг отроор зусаж, өвөлжүүлэх ажлуудыг орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. 

 

Улсын Онцгой комиссоос цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа

  1. Отрын бүс нутаг, хөрш зэргэлдээ сумдад отроор мал оруулах, бэлчээр сайтай газруудад худаг ус  гаргуулах ажлыг аймаг, орон нутгийн хэмжээнд маргаан, зөрчилдөөн үүсгэлгүйгээр хуулийн дагуу шуурхай зохион байгуулах,  
  2. 2015 оны 7 дугаар сарын 10-наас өмнө гантай болон, гандуу байгаа аймгуудад үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг өргөн далайцтай зохион байгуулах,
  3. Мал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, улсын нөөцийн өвс, тэжээлийг шинээр хуваарилан, татан байршуулах ажлыг шуурхай зохион байгуулах,
  4. Ард иргэдийн эмнэлгийн болон нийгмийн халамж үйлчилгээг шуурхай хүргэхэд зориулж хугацаа, гүйлтийн норм дуусч, актлагдсан, шуурхай албаны автомашингүй байгаа аймаг, сумдын судалгааг гаргаж асуудлыг шийдвэрлэх.
  5. Малыг эрүүлжүүлж, тарилга, туулга, угаалтанд хамруулах, 
  6. Өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байгаатай холбогдуулан хаагдсан, цасанд боогдсон  зам, давааг  нээх, малын бэлчээр гаргах зориулалтаар ачигч түрэгч трактор  /ковш/  шаардлагатай байгаа аймгуудын судалгааг гаргаж, асуудлыг шийдвэрлэх,  
  7. Ой, хээрийн түймэр унтраахад шатахуун, багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлэх
  8. Малчдын хувийн бэлтгэл, хадлан, тэжээл, хужир шүү бэлтгэх малын өвөлжөө, худаг усны дулаалгыг эртнээс эхлүүлэхэд анхаарч, малчдад хандсан уриалгыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилах шаардлагатайг танилцууллаа.

                Улсын онцгой комиссын 3 дугаар хурал дээр Монгол Улсын Шадар сайд,  Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх дараах үүргийг өглөө .

- 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаархи Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавин, шаардлагатай асуудлуудыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгоод байна.

- Гэнэтийн хүчтэй салхи, шуурга шуурах, аянга буух, аадар, усархаг бороо олон хоногоор үргэлжлэн орж үерийн аюул нүүрлэж болзошгүй тул малчид, ард иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж, үерийн аманд буусан айл, өрхийн судалгааг гарган нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,   

-Улсын онцгой комиссын 2015 оны 01 тоот албан даалгаврын хүрээнд ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, байнгын бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллах,   

-Малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, мал аж ахуйн тоног хэрэгслийг засварлах зэргээр өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах ажлыг аймаг, орон нутгийн хэмжээнд өргөн далайцтай зохион байгуулж,  хамтран ажиллах,  

- Гамшгийн голомтод дайчлагдан олон хоногоор ажиллаж байгаа албан хаагчид, иргэдийг хоол хүнс, дулаан хувцас, шатахуунаар тасралтгүй хангахыг үүрэг болголоо.

Мөн гантай болон гандуу байгаа аймаг, сумдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан үр тарианы гарц муудаж болзошгүй байгаа тул гурилын нөөцийг хангалттай бүрдүүлж, үнийг тогтвортой байлгах ажлыг зохион байгуулахыг, Өвөлжих малын тоог цөөлөхөд анхаарч, махны нөөц, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,

Газрын гарц сайн байгаа аймаг, сумдын нутагт малчдыг баг, бүлэг болгон хадлан тэжээлээ бэлтгэхэд туслах, дэмжих ажлыг зохион байгуулахыг,

-Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, нөөц бүрдүүлэх зорилгоор шаардлагатай эм,  эмнэлгийн хэрэгсэл, түргэн тусламжийн машин, багаж, хэрэгслээр хангаж ажиллахыг,

- Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаанд шаардагдах пуужингийн байнгын нөөцтэй байлгаж, ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахыг,   

-Цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээг шуурхай мэдээлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын мэдээг Улсын онцгой комисст тогтмол ирүүлэхийг тус тус үүрэг болгож байна.