“Аха” нэвтрүүлгээр орж байгаа хүмүүст “Монгол улсыг өнөөдөр хэн удирдаж байна? “ гэсэн асуулт тавиад үзэхсэн. “Мэдэхгүй...” хэмээн гүлдэгнэх хүн лавтайяа гарахгүй.

Гэм нь, хариулт янз бүр байх болов уу. “Ерөнхийлөгч”, “Эрх баригч нам”, “Улсын их хурал”, “Зандаахүүгийн Энхболд”, “Олигархууд”. Өөр хувилбарууд ч гарах магад.

Би бол үүнд “Америк тэргүүтэй барууныхан” гэчихнэ. Ингэж хэлснээрээ шууд хасагдана гэдгээ ч мэднэ, гэхдээ л хэлнэ. Нэг их өвөрмөц, гойд, брэнд царайлах гээд байгаадаа ч биш, зүгээр л, бодсон санаснаа шууд хэлж сурсных юм даа. Тиймээс энэ санаагаа үндэслэх хэрэгтэйг бол ойлгож байгаа.

Монголын эрх баригчид гэж өрх толгойлсон хөөрхий бүсгүй дүрлэсэн амьтад байх юм. Давуу тал нь авдартаа байгалийн баялаг гайгүйтэй, уул уурхайн хэдэн лицензтэй, гурван сая дөнгөж гарч яваа цөөн хүүхэдтэй. Өмнө нь Зөвлөлт холбоот улс гэдэг орос нөхөртэй овоо хэдэн жил хамтран амьдарч байснаа амьдрал өөдөлсөнгүй, алтан дээр суусан гуйлгачин шиг боллоо гээд хөөж явуулаад, хөрөнгө чинээ сайтай барууныханд сээтэн хаясныг тэд ч дуртайяа хүлээн авч, гэртээ ардчилсан дэглэм тогтооход нь зориулж, нууц албадынхаа хөрөнгөөс овоо хэдэн юмаар сүй бэлэг барьсан нь саяхан. Мань жаахан маанагдуу юм болохоороо барууныхан өөрийнх нь хөрш, коммунист үзэлтэй хуучин орос нөхөр, нөгөө талд нь айл саахалт байх, бас коммунист үзэлтэй хятад айл хоёрыг дундаас нь “дэлбэлэх”-ийн тулд ийнхүү сүй тавьсныг нь сайн ухааралгүй, өөртөө үнэхээр дурлачихаж гэж боджээ.

Барууныхан ч байнга бэлэг сэлт явуулж, “удахгүй очоод дэнж доргиосон нижгэр хурим хийнэ” гэж амлахаа мартсангүй. Эзэгтэй шинэ нөхөртэй болохоороо ямар сайхан амьдрахаа мөрөөдсөөр гэр орныхоо ажлыг орхиж, хүүхдүүд нь эзэнгүйдэж эхлэв.

Гэтэл энэ үеэр хуучин хамтран амьдрагч байсан орос нөхөр нь коммунист үзлээ дөрвөлжнийхөө чинад руу шидчихээд, барууныхантай дотносон найзлах, орон гэрээ хамтдаа тохижуулах санаагаа илэрхийлснийг барууныхан баярлан хүлээж авчээ. Энэ үеэс эхлээд барууныхан бүсгүйг анхаарч халамжлах нь сулраад ирэв. Юмандаа жаахан харам болж, хуримынхаа товыг хойшлуулав. Гэхдээ бүр ч хаячихсангүй, зан ааш нь хувирч, гэр орноо яаж тохинуулах, мөнгөө яаж зарах, хөршүүдтэйгээ хэрхэн харилцахыг нэлээд дээрэнгүй байдлаар зааж сургаж, сүүлдээ авдартай юм, лицензүүдээ надад өгөөд байвал хуримлана, үгүй бол “май” л байна, гэх зэргээр дарамталдаг болжээ. Хүүхэн ч үгнээс нь гарна гэж юу байх вэ, авъя гэснийг нь өгөөд, мөнөөх сайхан амьдралынхаа тухай мөрөөдлөөр сэтгэлээ тэжээсээр.

Түүнийг ингэж мөрөөдөж суух хооронд гэр орон нь хог шороондоо дарагдаж, хүүхдүүд нь өлсөж эхлэв ээ. Цөөн хэдэн сэргэлэн нь ээжийнхээ авдарт түлхүүр тааруулж, хөрөнгийг нь хулгайлж хөлжөөд, баян барууныхныг “аав аа” гэж дуудсаар гүйж очоод, хашаанд нь үл хөдлөх хөрөнгө худалдан авч, тусдаа гаран суурьшив. Хааяа гэртээ гар хоосон ирэх мөртөө “аав”-д тэр лицензээ өг, энэ байгалийн баялагаа бэлэглэ хэмээн ээжийгээ шавдуулах нь нажидтай. Цаанаа бол өөрөө хуурай аавтайгаа нууцаар шахуу гэрээ хийгээд, мөнгийг нь аваад хувийнхаа дансанд хийчихсэн байх. Бусад хүүхдүүд нь ээжийнхээ гарыг хараад нэмэргүй нь гэдгээ ойлгож, өөр өөрсдийгөө яаж ийгээд болгохоор оролдох боловч ээж нь түүнийг нь төдийлөн хайхрахгүй, туслахгүй. Түүний сэтгэлд хүүхдүүд нь биш, зөвхөн барууны хээнцэр ханхүү л эргэлдэнэ. Гэр орноо хайрладаг нэг хоёр хүүхэд нь орон байраа өөд нь татахыг шаардахад өөдөөс нь загнан “Та нар юугаа мэддэг юм бэ?” хэмээн хөөх бөгөөд, хэтэрхий ужиг хатуу шаардлага тавьсан зарим хүүхдээ цагдаа, шүүхэд ховлон матаж, ял янханд унагаж хүртэл үзлээ байна.

Ер нь Монгол хэмээх энэ их айл гэр, өрх толгойлж байгаагийн хувьд хамгийн их хариуцлага хүлээх ёстой энэ бүсгүйд огт хамаагүй юм шиг болж, гэрийн орлогоо бүгдийг нь өөрийгөө гоёж гоодоход зарцуулж суух ажээ. Өөртөө гайгүй долигоносон цөөн хэдэн ухаан муутай хүүхдэдээ бусад хүүхдээ захирах эрх мэдлийг өгч, нөгөөдүүл нь ч эрх мэдэлдээ ташууран хамаа замбараагүй шийдвэр гарган, асуудлыг бүрмөсөн хурцатгаж байгааг харахыг ч хүсэхгүй. Харин ч өрх гэрээ өөд нь татахаар чин үнэнчээр зүтгэж байгаа бусад хүүхдүүдээ ад үзэн, “хохь чинь, заяа чинь, та нар тэнэгтээ л ингэж амьдарч байгаа” хэмээн, өөрийнхөө түмэн бурууг тэдэндээ нялзаах билээ.

Цаана нь байгаа барууны ханхүүд үүн шиг сайхан, аятай таатай нөхцөл олдохгүй нь ойлгомжтой. Хэрэв гэр бүлээ батлуулчих юм бол түүний хувьд гурван сая хүүхдийг тэжээх, өмсөх зүүхээр нь хангах, тусдаа гарсанд нь өмч хөрөнгө тасалж өгөхөөс авахуулаад үй түмэн хариуцлага, асуудал толгой дээр нь бууна гэдгийг мань хашир мэдэхийн цаагуур мэднэ. Түүний оронд шилний цаанаас чихэр долоолгож, горьдлогыг нь таслахгүй шиг байлгаж байгаад бүх хөрөнгийг нь гартаа оруулж авах хүсэл л түүнд буй. Өмнө ийм байдлаар олон хүүхнийг хуурч, хагартлаа баяжсан туршлага ч бий. Тэрээр Африкийн хэдэн айлыг яг ийм байдлаар самарч, амаар нь шороо үмхүүлснээс хойш, Афганистан, Египет, Грек, Сири зэрэг, саяхан хүртэл цэцэглэн дэвжиж, цэмцийсэн цагаан гэрээрээ гайхуулдаг байсан айлуудын голомтыг түйвээсэн. Эргүүлээд байхад царай өгөхгүй яндаганаад байх юм бол хүүхдүүдийнх нь хамгийн тэнэгийг нь хахуульдан урхидаж, ээжийнхээ эсрэг бослого самуун гаргахад түлхэх замаар ах дүү нарыг хооронд нь алалцуулахаас ч сийхгүй албин аргыг чадварлаг хэрэглэнэ. Үүний дүнд мөнөөх айлын хамаг хөрөнгө, мал ахуй, эд хогшил, тэр бүү хэл орой хөөрүүлсэн тогоотой сүү хүртэл загссан өрмийнхөө хамт мань эрийн аманд орж, гэрийн эздэд нь хусам үлдвэл дээд заяа болох билээ.

Гэвч хамаг бүхэнд хэдийнэ илэрхий болсон ханхүүгийн энэ залийг монгол гэрийн эзэгтэй олж харахыг хүсдэггүйд л хамаг учир байгаа юм. Бусад айлын хүүхнүүд тэнэг болохоороо л ханхүү тэднийг ингэж хашраасан, харин надтай бол хэзээ ч тэгж харьцахгүй гэсэн хатуу итгэл түүнд бий. Хэзээ бий болсон, чухам юунд суурилсан, ямар тамгаар баталгаажсаныг нь үл мэдэх түүний энэ итгэлийг, алж идэх хонины өрцийг цоолохоор дээш нь харуулахад “хөөрхий, эзэн минь надад тэнгэр харуулж байна” гэж баттай итгэдэг итгэлтэй л зүйрлэж болно.

Хайрт ханхүүгийнхээ шаардсаны дагуу хэдийгээр хөөж явуулсан ч гэсэн найртай сайн харилцаагаа сэтгэлдээ хадгалсан орос хөршөө сэм муучлан, байсгээд л очиж тэрэгний тос, бензинийг нь авдаггүй юм шиг загнав. Орос нь орос зангаа гаргаж, гаднаа нэг их гомдсон царай гаргахгүй мөртөө дотроо бол нэг юм бодож л таараа л даа. Нөгөө хятад хөрштэйгээ бол бүр ч нэт, ойр зуурынхаа хамаг юмыг тэндээс авах мөртөө дайсан шиг л харьцана. “Муу хужаа” гэхээс өөрөөр дуудах ч үгүй. Хятад ч бас нэрээ бодоод, түүний ааш аягийг анзаараагүй дүрэм үзүүлэх. Хүн ядуурах тусмаа ааш зан нь ихэрхэг дээрэнгүй болдгийн жишээ л энэ гэлтэй.

Нарийн дээрээ бол ажил муутай, хогондоо дарагдсан хоосон шахуу гэртэй, ходоодоо дөнгөн данган зогоож буй гурван сая хүүхэдтэй энэ хүүхнийг үнэхээр хайрлан сууя гэх хүн ховорхон гэдгийг оюуны хомсдолтой хүн ч бараглаад ойлгоно. Гагцхүү түүний мэдэлд байгаа байгалийн баялаг, ашигт малтмалын лицензүүдэд шунасан хүн л шүлсээ гоожуулан, олз хайсан элээ шиг хааяа эргэлдэх билээ.Тиймээс түүний хувьд хамгийн сайн гарц нь хүүхдүүдээ хөдөлмөрт сургаж, үлдээд байгаа жаахан хөрөнгөө зөв бөгөөд ашигтайгаар эргэлдүүлэх замаар орон гэрээ өөд нь татаж, орлого ашгаа нэмэгдүүлэн, ядаж ойрын хоёр хөршдөө нэр хүндийг олж, хүндэтгэлийг нь хүлээн, айл хотлоороо дэвжин дээшлэх замыг л сонголтой. Гэтэл хойд, урд хоёр том, улаан халзтай өнгөлөг цагаан гэрийн дунд банага гэхэд ч ичмээр хар овоохой шахуу болсон ноорхой гэрт суух мөртөө мань бүсгүй өөрийгөө хорвоод ховорхон гоо үзэсгэлэн төгс, ажилч, сэргэлэн, хөрөнгөлиг мөнгөлиг, ааш зангаар дөрвөлжин бурам шиг, нэг үгээр хэлэхэд дахин олдохуяа ховор сайхан хүүхэн гэж ойлгоод, шуналаа нуулгүй нүдэндээ унагачихаад эргэлдээд байгаа харчуудыг надад үнэхээр унан тусан дурласан хүн л гэж хараад байдаг нь өөрийнх нь зовлон билээ. Өөрийгөө толинд цөөн хардаг нь л энэ зэрэгтэй. Тэрнээсээ болоод гэр орноо цэвэрлэх, угаах арчих, хүүхдүүдээ хооллох мэтийн хар бор ажлаас илт цааргалан, барууны баян хархүүтэй суусан хойно гэрээр дүүрэн зарц, аягач, шивэгчин хөлслөөд авсан ч дур болохоос хойш хэмээн, мөрөөдлөөр босгосон дүрдээ бүрэн итгэчихсэн байгаа нь л үнэхээрийн эмгэнэлтэй.

Бүсгүй өнөөдөр ч гэсэн ойрхи хөтлийг байн байн ширтэж, барууны ханхүү цагаан морио унасаар, хуримын бэлэг, хэрэглэгдэхүүн, мөнгөний авдараа ачсан “Хаммер” жипийн цуваагаа хөтөлсөөр гарч ирэхийг хүлээсээр сууна. Ямар ч байсан ханхүү ирнэ гэдэг итгэл нь цахиур чулуунаас ч хатуу бөгөөд тэр өөр юунд ч, тэр бүү хэл нүдэндээ илэрхий харагдаж байгаа юманд ч үнэмшихгүй. Тэр хөглөрч новширсон гэрээ хэзээ ч харахгүй, түүний нүдэнд зөвхөн хуримын ордон л харагдаж байгаа. Тэр тулгамдсан асуудлаа хэлж, тусламж эрэх хүүхдүүдийнхээ үгийг хэзээ ч сонсохгүй, түүний чихэнд зөвхөн Мендельсоны хөгжим л сонсогдож байгаа. Нэг үгээр хэлэхэд бүсгүй бодит байдлаас хол тасарсан мөрөөдлийн ертөнцөд л амьдарч байна.

Энэ бүсгүй нь “Ерөнхийлөгч” үү, “Эрх баригч нам”уу, “Олигархууд” уу, ер ямар нэртэй байх нь гол биш. Хэн нь ч байлаа гэсэн Монгол гэсэн их айлыг өөд нь татахад сэтгэл гаргахаа байж, зөвхөн эрх мэдлийг л авахаас биш, хариуцлагаас хумсын төдийг ч үүрэх сонирхолгүй байгаад л гол асуудал байгаа юм. Тэдний мөрөөдлөөр бол Монголыг удирдах эрх мэдлийг л өөртөө авчихъя, харин Монгол улсыг хөгжлийн замаар хөтлөн оруулах үүрэг хариуцлагыг барууныханд үүрүүлчихнэ гэж бодоод, үүндээ бүр итгээд байгаа нь харагдаад байна. Тиймээс тэдний яриа суманд барих цэцэрлэг, шугаманд гарах автобуснаас хэтэрдэггүй, хийж байгаа ажил нь гудамжинд нэг наст цэцэг тарих, гуйлгын тулам үүрээд гадаад явахаас хэтрэхгүй, ихэнх цаг заваа зөвхөн өөрийнхөө албан тушаалыг дээшлүүлэх, эрх мэдлээ нэмэгдүүлэх, тэр утгаараа төрийн хөрөнгөөр хөлжих, баяжих асуудалд л зарцуулаад байгаа нь гайхах зүйл биш. Тэр мөртөө сонгууль болохоор “Би л та нарын “халамжит ээж”-ийн үүргийг өлхөн гүйцэтгэж чадна” хэмээн чихэнд чийр болтол яншихыг яана.

Гэр орноо өөд татахын оронд зөвхөн өөрийгөө бодож, өдөржингөө хөтөл ширтэж, шөнөжингөө хуримын анхны шөнийг зүүдэлж хонодог ийм “ээж”, ийм өрхийн тэргүүн бидэнд хэрэгтэй ч юмуу даа, нохой долоо...

Чимэдийн ЭНХЭЭ