Зуны олимпийн XXXI наадам ирэх наймдугаар сарын 5-нд Бразилийн Рио де Жанейро хотноо нээлтээ хийнэ. 2012 оны Лондонгийн олимпод 204 орны 10768 тамирчин 26 спортын 302 төрөлд хүч үзэж байсан бол энэ удаад 206 орны 10500 тамирчин 28 спортын 306 төрөлд өрсөлдөнө гэсэн тоо гарчээ. Гэхдээ одоогоор 172 орны 7926 тамирчин оролцох эрхээ өвөртлөөд байгаа юм.

Олимп нь үүх түүх, ач холбогдлоороо, хүн төрөлхтний тэмдэглэдэг баяр, наадам, тэмцээн уралдаануудаас хамгийн нэр хүндтэй нь. Энэ наадмын нэр нөлөө асар их учир улс орнууд олимпод тамирчнаа илгээх нь улсаа сурталчлах том суваг гэж хардаг. Томоохон брэндүүд шилдэг тамирчинд өөрийн фирмийн өмсгөл, пүүз, малгай зэргээ бэлэглэж “Олимпоор өмсөөрэй” гэдэг нь цаагуураа манай брэндийг олон сая хүнд сурталчлаад өгөөсэй гэсэн утгатай. Марафоны гүйлтийн үеэр цээжинд яваа тамирчдыг маш сайн харуулдаг. Энэ үеэр түрүүлж яваа тамирчныг телевизээр долоон секунд гаргахад л тэр тамирчны өмсч байсан брэндийн хувцасны борлуулалт маргааш нь 10-17 хувиар өсдөг гэж үздэг. Аль нэг алдартай тамирчны зүүсэн нүдний шил, цаг, үсний боолт нь олимпийн үеэр трэнд болчих нь бий. Ингэхээр олимпийг тоймгүй олон хүн шимтэн харж, сонирхдог болох нь харагдана. Үйлдвэрлэгчид ингэж бараа бүтээгдэхүүнээ алдартай тамирчдаар дамжуулж сурталчлуулан олимпийн хорь гаруй хоногт борлуулалтаа нэмэгдүүлдэг бол улс орнууд хамгийн шилдэг, шалгарсан, тив дэлхийд гайхагдсан тамирчныхаа амжилтаар улсаа сурталчлуулдаг. Тамирчин нь өрсөлдөгчдөө илт давуу ялж, баг нь гайхалтай тоглолт үзүүлж, багийнх нь хэн нэг нь олимпийн рекорд тогтоох нь ямар ч үнээр хэмжишгүй сурталчилгаа болчихдог. Эсхүл нэг тамирчин нь спортын хэд хэдэн төрөлд зэрэг аваргалах нь улсынхаа нэрийг дахин дахин гаргах том боломж. Энэ мэтээр олимпийн үеэр улсаа сурталчлах, эх орноо олон улсын тавцанд гаргаж ирэх боломж олон бий.

Манай улсын хувьд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, С.Батцэцэг, О.Гүндэгмаа гэх зэрэг олимпийн медальтай, олон мундаг тамирчинтай. Өнөө жил манай баг тамирчдаас медаль хүртэх боломжтой тамирчин олон байгаа. Спортын мэргэжилтнүүд 2008 оных шиг шуугиулахгүй ч Лондонгийн олимпод үзүүлсэн амжилтаасаа ухрахгүй гэж үзэж байна.

Ямар ч мундаг бэлтгэлтэй, чадвартай тамирчин байлаа гээд урмыг нь сэргээх мэдээ сэлт, итгэл төрүүлэх урамшууллын хөшүүргийг сэтгэж олох ёстой л доо. Улс орнуудын хувьд олимпоос медаль авсан тамирчдаа мөнгөн шагналаас эхлүүлээд янз бүрийн зүйлээр урамшуулдаг. Улс эх орноо олон улсын тавцанд сурталчилж төрийнхөө далбааг олимпийн тэнгэрт намируулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчдын гавьяаг үнэлнэ гэдэг чухлаас чухал. Манай урд хөрш олимпийн алтан медаль хүртсэн тамирчнаа л онцгойлон шагнадаг. БНСУ нэг дор их хэмжээний мөнгөөр шагнадаггүй бөгөөд хорь гаруй жилийн турш сар бүр маш өндөр тэтгэмж өгч урамшуулдаг. Одоогоор гаднын орнуудаас хамгийн их хэмжээний мөнгөөр олимпийн медальтнуудаа байлдаг нь Гүрж болж таарч байна. Тус улс олимпийн алтан медальтандаа 1.2 сая ам.доллар, мөнгөн медальтандаа 300 мянган ам.доллар, хүрэл медальтандаа 200 мянган ам.доллар өгдөг. Азербайжан олимпийн аваргадаа 510 мянган ам.доллар, Казахстан 250 мянган ам.доллар, Киргизстан 200 мянган ам.доллар, Итали 172 мянган ам.доллар, ОХУ 125 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртээдэг. Харин манай улсын хувьд олимпоос алт авбал 120 сая, мөнгө авбал 60 сая, хүрэл хүртвэл 30 сая төгрөгөөр урамшуулдаг нь олон улсын жишигтэй харьцуулбал дунджаас доогуурт орж байгаа юм. Тэгэхээр “Монгол Улс олимпийн аваргадаа 120 сая төгрөг буюу ойролцоогоор 50 гаруй мянган ам.доллар өгдөг” гэх мэдээ нь хүний сонирхлыг татахаа хэдийнэ больсон гэсэн үг.

Эдийн засгийн хямралтай, гадаадын хөрөнгө оруулагчид зайгаа барьчихсан энэ үед Бразилийн олимп зохиогдож байгаа нь бидэнд бас нэг боломжийг олгож байгаа юм. Олимп эхлэх дөхөж байгаа энэ үед манай улс олимпоос алтан медаль хүртэж, улс орноо дэлхий дахинд сурталчилсан тамирчныхаа гавьяаг үнэлээд нүүрсний уурхай өгнө хэмээн нийтэд зарлах хэрэгтэй. Манай улсад юу л байна, нүүрс л байна. Манай улс чинь нүүрсний нөөц, баялгаараа дэлхийн улсуудад домог мэт яригддаг. “Монгол Улс олимпоос алт авсан тамирчиндаа нүүрсний уурхай өгөхөөр боллоо” гэсэн мэдээг түгээчихэд хүссэн хүсээгүй дэлхий нийтээрээ шуугина.

Газрын тосоор баялаг улс орнууд олимпийн аваргадаа баррель баррелиар нь нефть бэлэглэж байсан тохиолдол байдаг юм. Анголын алмааз эрдэнийн уурхайтай баян эрхэм олимпийн медальтанд чамгүй үнэтэй алмааз бэлэглэнэ гэдгээ ч нийтэд мэдэгдэж байсан удаатай. Эдгээр мэдээ нь тухайн үедээ шуугиан тарьж л байсан. Манайд ч тэр Н.Түвшинбаярт хэн ч билээ нэгэн бизнесмэн нэг кг алт өгнө гээд шууд нэвтрүүлгийн үеэр амласан нь олны анхаарлыг хүчтэй татаад л авсан сан. Дундад Азийн орнуудын хувьд олимпийн аваргадаа эдлэн газар бэлэглэж байсан тохиолдол бий. Улс орнуудын хувьд энэ мэтээр олимпийн аваргадаа юм амладаг нь улс орноо сурталчлах, нэр хүндээ өсгөх менежмэнтийн нэг арга болдог.

Харин энэ удаад Монгол Улсад хүрд эргүүлэх боломж гарч байна. “Монгол Улс олимпоос алтан медаль хүртэх тамирчиндаа нүүрсний уурхай өгөх гэнэ” гэдэг энэ мэдээ нь эргээд манай улсыг гадаадад, олон улсад сурталчилсан маш том мессэж болчихож байгаа юм. “Энэ юу гэнэ вэ. Монгол Улс олимпийн аваргадаа нүүрсний уурхай өгнө гэнэ үү” гээд л чихтэй болгон сураг тавьж “Монгол гэдэг чинь ямар улс байдаг билээ” гээд биднийг сонирхоод эхэлнэ. Томоохон хөрөнгө оруулагчид ч бидэн рүү эргэж харж мэднэ. Олимпод өрсөлдөж байгаа 200 гаруй орны 10 мянга орчим тамирчин ч хоорондоо жиг жуг гэлцэн “Түрүүлбэл нүүрсний уурхай өгнө гээд байгаа Монгол гэдэг орон чинь тийм баян юм уу. Тийм их баялагтай улс болж таарч байна уу. Яасан азтай нь Монголд тамирчин болж төрдөг байна аа” гэж биесээ нудралцаж ч магадгүй шүү. Хаа газрын хүмүүс хамаагүй бүгд сониуч, бас шуналтай л хойно “Аваргалбал нүүрсний уурхайтай болно” гэдэг өгүүлбэр аманд нь шар тос мэт л амтагдах биз.

Манай Засгийн газар, харьяа яам, газар нь олимпийн аваргадаа нүүрсний уурхай өгье гэдэг энэ санааг хэлэлцээд аль болох дэмжих талаас нь харвал эргээд ирэх эерэг үр нөлөө нь асар их гэдэгт эргэлзээд хэрэггүй л дээ. Олимпоос Монголын арван тамирчин нэгэн зэрэг алтан медаль зүүгээд ирсэн ч “Май” гээд өгчих нүүрсний уурхай бидэнд байгаа шүү дээ.