Сайн байцгаана уу? Би 25 настай хувийн байгууллагад ажилладаг жирийн л нэгэн эмэгтэй. Гэр бүлтэй болоогүй байгаа хэдий ч сургуулиа амжилттай төгсөөд боломжийн ажил хийж, бас мэргэжлээ дээшлүүлэн суралцаж байна.

Ер нь багийн их даруу төлөв эрчүүдтэй харилцах тал дээр нээлттэй биш байсан болохоор бараг үерхэж ч үзээгүй байсан. 2015 оны өвөл гэнэт аав ээжийн минь гэр бүлийн найзын хүүхэд /залуу/ гараад ирсэн. Гараад ирсэн ч гэж анх надруу фээсбүүкээр чат бичээд би эхнэртэй болохоор нь хариу бичихгүй байснаа зүгээр л мэнд мэдэж байхад гэж бодоод дараа нэг бичихэд нь хариу биччихсэн юм. Аав ээжийг маань таньдаг болохоор тэднийг асуухаас эхлээд л нэг л танил дотно хүн шиг санагдсан.

Ер нь бол бүх зүйл их амархан байсан, хэн ч надтай тийм амархан харилцаа тогтоож байгаагүй ээ /би өөрөө их хэгжүүн, мэдлэггүй хүнд дургүй, эрэгтэй хүнд дээрэлхүү ханддаг юм шиг байгаан/. Нэг тийм хүндэлмээр, миний мэддэг хамгийн төгс хүн. Тухайн үед гадаадад байсан болохоор ирээд уулзсан, бүүр нэг хэзээний танил хүүн шиг халуун дотно санагдаж байсан, 10 жилд байхад их таалагддаг байсан чинь тэр маань бас надад сайн байсан юм байна лээ. Ингээд бид 2 уулздаг болоод жил гаруй хугацаа өнгөрчихсөн байсан. Энэ хугацаанд миний бүх муу муухай зан тэр хүний л өмнө нугарч би хатуу чанга нэгэн байхаа больсон байсан.

Алдаатай минь хамт хүн хайрлаад хайраа мэдрүүлэхээр хүн өөрчлөгддөг юм билээ. Харин одоо бид уулзалгүй бараг 4 сар болж байна. Тэр маань эхнэр хүүхэддээ санаа тавьж, гэр бүлдээ анхаарч байгаа. Энэ хугацаанд бодоогүй өдөр нэг ч байхгүй ээ. Гэхдээ хэзээч би залгаж байгаагүй, сууна, салгана гэж бодож байсангүй.

Түүний амьдрал, юм бүхэн надад их үнэ цэнэтэй учраас тэр биз. Намайг хамгийн ихээр шаналгаж, намайг хамгийн ихээр өөрчилж, хүнээр хайрлуулах ямар байдгийг мэдрүүлсэн түүндээ хязгааргүй их хайртай. Хойд нас гэж байдаг бол тэнд айдасгүй, шаналалгүй, нулмисгүй хайраар учирья.