Математикийн олимпиад, физикийн олимпиад, химийн олимпиад, биологийн олимпиад, газарзүйн олимпиад, монгол хэлний олимпиад, түүх, нийгмийн ухааны олимпиад, стандарт олимпиад, стандарт бус олимпиад, оюутны олимпиад, багшийн олимпиад, балчир олимпиад, мэтгэлзээн олимпиад, мэдээлэл зүйн олимпиад,... 
 
 
 
Энэ яасан их  олимпиад вэ?  Яасан ч их олимпиадлаг улс вэ?  Ингэж их олимпиадсан улсад шинжлэх ухаан ч хөгжөөд өгсөн, их өгссөн байдаг байх даа?  Ингэж их олимпиадсан улсын иргэд мөн их ухаанжсан, нийгэм нь их л хөгжсөн, дэвжсэн байдаг байх даа? Ингэж их олимпиаджих нь их л учир шалтгаантай, цэцэн  хэрэг байдаг байх даа? Ингэж их олимпиаджих нь улсдаа мөн их ашиг орлого өгдөг байх даа?  
Эсвэл, эсрэгээрээ, олимпиад нь зүгээр л хурдан морины уралдаан лугаа хэсэг бүлэг, хэдхээн этгээдийн хялбар ашиг олох, гэнэн цайлган хүүхдээрээ мөнгөхүүлэх, хуурмаг алдар хүнд хүртэх бохир бүдүүлэг нэгэн заль мэх үү?  Аль нь болохыг ажигла л даа. Шинжил л  дээ. 
 
Стандарт олимпиадын полог
 
Саяхан Хан-уул дүүргийн  хачин нэг байгууллагад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд стандарт олимпиад гэгч зохион байгуулагдав. Хүүхдээ хүргэж өгсөн эцэг эхчүүд тэднийгээ гарч ирэхийг хүлээн стандарт олимпиадын 40 минутын турш элдвийг хөөрч, эргэцүүлж зогсох. Тэдний дунд ийм  л яриа өрнөж байв. 
Нэг аав “Яахав, хүүхэд орно гээд байх юм. Үнэндээ бол стандарт олимпиад гэж юу байхав дээ.  Медаль гэсэн жингэсэн дугуй төмрөөр л гэр дүүрч байна даа”  гэхэд  нөгөөдөх нь “Энэ хуваарийг хар даа. I-XII анги бүрд олимпиад байна. Анги бүрээр өрсөлдөх  “анги” хүүхдийг ойролцоогоор тоолоод, хүүхэд бүр дор хаяж таван мянгаас доошгүй төгрөгийн хураамжийг төлсний тооцвол, энд одоо 40-50 сая төгрөг элбэг эргэлдэж байна” гэх. Үүнийг сонсож зогссон нэгэн ээж “Хагас өдрийн дотор ийм их ашиг хийдэг бизнес нэг улсад бүү хэл энэ дэлхийд ховор юм. Мөнгөхүүлэлт, бохир наймаа. Төр засаг гэж байна уу. Хориглож, болиулдаггүй юм байх даа, Ядуурал. Хийрхэл гэж” ундууцан эвгүйрч зогсох. 
Энэ мэт стандарт гэх  олимпиад энд тэндгүй л  үргэлжлэх нь энгийн нэгэн үзэгдэл болж байна, энэ улсад. Хүүхдээрээ мөнгөхүүлэх “стандарт олимпиад” операцийн цаана ядуу багш нар, намчирхсан захирлын сүлжээ аль хэдийн бий болж ам нь ангалцан өрсөлдөх. Дүнд нь хүүхэд их дэмийрч, эцэг эх  тун гиюүрч,  харин стандарт олимпиадчид л их  шандуурч пологтож байх.    
 
Математикийн олимпиадын балаг
 
Мэргэжлийн магистрын зэрэг горилогчийн хөтөлбөр гэгчид хамрагдсан  математикийн багш нартай уулзаж, яриа өдөн “Эрүүл хүүхэд бүр математикийг их амжилттай сурна даа. Математикийг ингэж судлуулж, сургаж болох арга ухаан ч байна. Гэвч амьдралд дээр  бид тэднийг эргүү юм шиг  болгож, мөн ч их муу тавих юм даа ...” гэж хэлээд түр зогсоход, тэд чин сэтгэлээсээ ингэж хүүрнэв. 
 
“Багш аа, амьдрал дээр математикийн олимпиад гэж нэг айхтар юм бий болсон. Хүүхдээ олимпиадад байр эзлүүлэхгүй бол бид шууд муу багш болно. Үүнээс болоод ангиа нийтээр нь сайн сургах гэж хичээн ажилладаг багш нарын урам нь хугарч, тэд зүгээр л 1-2 хүүхдийг олимпиадад бэлтгэгч болон хувирч байна. Бас бид чинь багш нарын олимпиадад байр эзэлж байж л үнэлэгдэнэ. Ингэхээр бүх багш нар математикийн олимпиадад өөрийгөө бэлтгэх хэрэгтэй болсон. Таны энэ яриад байгаа багшлах урлаг, шийдэл, сэдвийн арга зүйн боловсруулалтыг тоож үзэх, түүгээр хичээл,  сургалтаа бэлтгэн явуулж эрүүл хүүхэд бүрийг баясган сургах багш одоо олдохгүй байх аа, монголд. Бид олимпиадад бэлтгэж байна” гэх.  
 
Математикийн олимпиадыг ингэж мандуулснаар сайн болдог бол математикийн хичээл, сургалтын чанар их л сайжирчихмаар юм. Гэвч тэгэж сайжирсангүй. Математикийн олимпиад ингэж хийрхэл, марзагнал болсноос хойш харин математикийн хичээлээр хүүхдүүдийнх нь үзүүлэх сурлагын амжилт улам дордсоор доройтсоор, доройтсоор дордсоор туйлдаа хүрсэнг олон талын судалгааны бодит баримтаар амархан нотолж болно (Математикийн хичээлээр монгол хүүхдийн 2016 онд үзүүлсэн сурлагын амжилтынх нь улсын дундаж хувь 30 хүрэхгүй байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс 5 хувиар өссөн гэж байгаа шүү дээ. Энэ мэт олон баримтыг дурдаж болно доо). 
 
Үүссэн цагаас 1990 он хүртэл маш энгийн, маш зарчимч, утга төгөлдөр, үр дүнтэйгээр зохион явуулж ирсэн математикийн олимпиад одоо маш нүсэр, маш түвэгтэй, аймгаас аймагт нүүж, туг далбаа хийсгэж,  төсөв мөнгө үрж, багшийг ажлаас хөндийрүүлж, сургуулийг хичээл, сургалтаас хадууруулсан нийгмийн нэгэн гаж үзэгдэл болов. Энэ яаж одоо байгаа юм бэ?  Энэ асуултын хариулт мөн л энгийн ийм юм. 
Хурдан морины уралдаанд морь, хүүхэд хоёр мэдээж жаргаагүй. Морь, хүүхэд хоёрын зовлон бэрхшээлийг харж мэдэрч байгаа  морь сойгч  бас л жаргаагүй. Энэ зовлонд тэгэхээр, харин, хэн жаргалтай вэ?  Морины уралдаанаар мөнгөхүүлэгч  хэсэг хүн, хэдхээн эзэд жаргалтай. Морины уралдаан, математикийн олимпиад хоёрт хийрхэх, мөнгөхүүлэх утгаар мөн чанарын ялгаа огт байхгүй.  
 
Хурдан морины уралдаанаар хийрхэгч, мөнгөхүүлэгчдийн ил хэлбэр, гар хөл нь Монголын Уяачдын Холбоо бол математикийн олимпиадаар хийрхэгч,  мөнгөхүүлэгчдийнх нь Монголын Математикийн Олимпиадын Хороо юм. Хоёулаа төрийн бус байгууллага. Хоёулаа эзэдтэй. Ашиг  сонирхолын бүлтэй. Ижилсэх шинжтэй.Эздийн хүүхэд морь уралддаггүйн нэгэн адил математикийн олимпиадын боссуудын хүүхэд түүнийг сонирхдоггүй.
 
Хийсвэр, хэрэглээ, тунгалаг чанараараа хүн төрөлхтний үнэт зүйлийн дээд, эрдэм ухааны дээж болсон математикийг ингэж марзан олимпиад, хийрхэл хийгээд мөнгөхүүлэх хэрэгсэл болгон хувиргахад багш үндсэн ажил, үүргээсээ  хөндийрч сургууль зорилгоосоо муруйж, хүүхэд нь медалиар эвдэрч, эвгүйрч байна. Энэ нь математикийн олимпиадын үнэнхүү балаг мөн. 
 
Математикийн олимпиадын балаг ингээд бас дуусаагүй. Хуулбарлах, хулгайлах, хувилбарлах сэтгэлгээний дон шүгэлсэн энэ цагт математикийн олимпиадаар баллан мөнгөхүүлж байгаа харсан бусад нь “яг л түүн шиг байя” гэсэн  мундаг ухаан гарган шуурч, физикийн олимпиад, химийн олимпиад, биологийн олимпиад, газарзүйн олимпиад, монгол хэлний олимпиад, түүх, нийгмийн ухааны олимпиад, стандарт олимпиад, стандарт бус олимпиад, оюутны олимпиад, багшийн олимпиад, балчир олимпиад, мэтгэлзээн олимпиад, мэдээлэл зүйн олимпиад гэгчийг “муугаар л сайн байя” гэсэн шиг сүрхий мандуулж  бүр баллаж байна. Муу ер нь их сайн үржих юм. Тэр муугийн энэ сайн үржилт эргээд боловсролын салбарыг бүхэлд нь нөмөрч, дүнд нь тэр  мунхаглал, доройтол, дордолтын туйлд хүрч балрав.
 
Ийм олон олимпиадтай болсноор; ийнхүү  их олимпиадлаг улс байснаар  шинжлэх ухаан, математик  бусдаасаа тасарч илүү их хөгжөөд дэвжээд байгаа баримт, шинж одоогоор лав л алга, энд. Дэлхийн нийтийн математикийн хөгжил монголын математикийн олимпиадаар лав л дутахгүй байх. Тэр бас олимпиаджисан монголынхоор мэдээж дутаагүй. XVIII зууны Шаарайн Мянгатаас илүү дэлхийд танигдсан, зөвшөөрөгдсөн, математикийн түүхэн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан математикч XXI зууны эхэн үеийн олимпиаджисан монголд хэр олон байна даа?  Тийм ч олонгүй л болов уу. За, ер нь, бараг л байхгүй л болов уу.
 
Ингэж их олимпиадсан улсын иргэд бусдаас илүү ихээр ухаанжсан, нийгэм тун хөгжсөн, дэвжсэн нь одоогоор лав л баригдахгүй, харагдахгүй байна. Харин математикийн хичээлээр улсаараа муу сурч байна. Монгол хэлээр улсаараа дүрэмжин хийрхэж байна. Монгол бичгээрээ улсаараа мөн л муу сурч байна. Нөгөө, “яг л түүн шиг байя” гэж муугаар сайн уралдаад байгаа физик, хими, биологи, газар зүй гэх зэрэг туршилтын шинжлэх ухааны хичээл, сургалт жам ёсоороо үнэндээ явагдахгүй болоод удаж байна. Бодит туршилт хийгддэггүй. Харин үглэх, хуулан бичүүлэх, муу тавих нь тэнд багшлах, сурахын ид шид болж харагдах. Шинжлэх ухааны хичээлээр улсаараа ийнхүү худал, хуурмаг дүнгийн золиос  болж хохирч байна. Энэ бүх муугийн дүнд  хүнээр дэвжих нийгмийн хөгжлийн жам ёсны боломж, чадамж энэ улсад өдрөөс өдөр үгүйрч, харин мухар сүсэг, тэнэглэл, дэмийрэл, хийрхэл, мунхаглал, баардалт, архидалт, ажилгүйдэл л цэцэглэж байх.
 
Ингэж их олимпиаджихад ер нь учир шалтгаан ч үгүй, цэцэн зүйл ч үгүй. Ашиг тус ч үгүй. Орлого, өглөг ч үгүй. Харин хурдан морины уралдаан лугаа  хэдхээн этгээдийн хялбар ашиг орлого олох, хүүхдээрээ мөнгөхүүлэх, худал хуурмагаар алдар хүнд олж хийрхэх бохир бүдүүлэг нэгэн заль мэх; ардчилсан гэх алийгаа алдсан  он жилийн гажуу нийгмийн гандуу салхинд гундан мэргэжлийн ёс зүйгээ улиндаа гишгэн яваа хэсэг бүлэг хүний увайгүй нэгэн ааш авирын хөөрхий нэг илрэл юм. 
 
"Муу муудаа жанжин" гэдэг байх аа. "Чоно борооноор" гэдэг байх аа. Бас "тос дотроосоо өтдөг" гэдэг байх аа....
 
Ц.Лувсандорж