“Үнэн гэдэг ихэнхдээ гунигтай байдаг, яагаад гэвэл үнэн учраас” гэж Чех гаралтай, Холивүүдийн  нэрт найруулагч Милош Форман хэлсэн байдаг.

Өнөөдөр бид “ардчилал” гэгчид шилжээд улс нь улс шиг болж, хүн нь хүн шиг амьдарна гэж бодож байсан ч дээрдсэн зүйл огт байхгүй төрд гарсан хэдхэн хүн баяжиж, түмэн олон  ядуурсаар гучь шахуу жилийг ардаа орхижээ.

Гэвч горьдлого тасраагүй бөгөөд  жилийн өмнө “Монгол ялна” гэсэн уриатай гарч ирсэн  ерөнхийлөгчид найдсаар суугаа билээ. Ард олон уламжлалаа дагаж нэгэн гар доорхыг хүсэж хэн нэгэн хүчтэй хүнийг үгүйлсээр байгаа нь мөн л үнэн боловч илдчгүй бамбайчгүй ерөнхийлөгчтэй сууцгааж байгааг тэр бүр ухаарах нь ховор аж.

Хэрэг дээрээ манай улс парламентын засаглалтай орон тул  газрын баялгаа төрд буй хэдээс салгаж түмэн олонд  түгээх  зорилготой ерөнхийлөгчийн бүхий л ажлыг, тавьсан хориг бүрийг нь хятад ламд сунаж мөргөдөг даргатай УИХ гэх олонх -баячууд хазаарласаар  урагш явуулах шинж алгаа. 

Энэ бүгдийг бид бүгд мэдэх ч  нүүрэн дээрээ нэгийг хэлээд сэтгэл дотроо өөрийг боддог нь яг л хэвээрээ.

Хэрэг дээрээ бид бүгд мөнгөнд буюу сайхан элбэг амьдралд дуртай хэрнээ нүүрэн дээрээ элдэв худал үгээр түүнээ далдлахыг бүгдээрээ хичээцгээх бөгөөд баян болсон нэгнээ илтэд үзэн ядна. 

Уг нь капиталист нийгэм байгуулж буй (байгуулах ч гэж дээ дагаж буй) юм бол  капитал үнэт зүйл байх энгийн үнэн атал капиталтай болсон хэд нь зөвхөн төрийн сэнтийд заларсан цөөн хэд, бизнес хийж буй хэд нь тэдний нөмөр бараадаж тэндер, концессавдаг хэвээр, түмэн олон нийтээрээ түрийвч хоосон, ядуу  бөгөөд аргаа барсан ард олон ирэх 2020 оны сонгуульд нам бус, өөр шигээ ядуу хүнийг сонгоно хэмээн бухимдан бодох ажгуу. 

Тэгээд өөрчлөлт гарах болов уу? Ядуу хүн баянаасаа сувдаг байх ч нигууртай билээ. 

Өнөөдөр манай баячууд төрийн түшээ гэх том алдартай, хуулийн хамгаалалттай “төвөггүй мөнгө хийх газарт” бүгд байх тул хүн бүрийн шахуу  мөрөөдөл  нь төрд очих, үгүй ядаж тэдний нөөлгөнд орох хүслэн бөгөөд тийм учраас төрлүү очиж баяжсан хэдээ нэг нүдээр үзэхгүй үзэн ядаж хуйларна. Учир нь  гэвэл тэд нийтээрээ баян, бид нийтээрээ ядуу болоод тэрээ.

Саяхан бид хорин нэгдүгээр зуун Хятадын зуун гэж бүгд шахуу ярьцгаадаг байлаа. Энэ нь бас үнэн бөгөөд тэд удахгүй Америкийг гүйцэж түрүүлэх гэж байна.

Бид ардчилал  гэдгийг   “хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов “гэж ойлгох болж.Харин гуч шахам жил зовж ханаад, жаргахыгмэдээж бүгд хүсэж буй тул яаж ийгээд баяжна даа… хэмээн хий хоосон горьдсоор баяжсан нэгнээ илүү үзсээр гуч шахам жилийг өнгөрөөлөө. Тэхээр яавал одоо зөв бэ? 

Хойд хөрш Орос улс ерөнхийлөгчийн засаглалтай гучаад жилийг ардаа хийсэн,  өмнөд хөрш  Хятад улс социалист системтэй хэвээр гэх боловч  дээрээ бол ( дарга нарын буюу удирдах хүрээндээ )  авторитар тогтолцоотой,  доороо бол либерал тогтоцтой улс болсон гэдгийг юм хардаг, уншдаг хүн бүр мэднэ. Урд хөршийн  улс төрийн бүтэц  яг манай хуучин улс төрийн товчооны хэлбэртэй бөгөөд харин доороо бол хөрөнгө мөнгөтэй болохыг зүйл бүрээр дэмждэг гэдгийг ч бид бас мэдэх ч ярих, судлахыг үл хүснэ.  Яагаад гэвэл үнэн учраас тэр.

Гурав дахь хөрш хэмээн бид л өөрсдөө нэрлэдэг АНУ ерөнхийлөгчийн засаглалтай, Япон, Британи… зэрэг олон улс  өнгөн дээрээ ардчилсан улс гэвч хаант засагтай  буюу бүгд нэг гарт зангидагдсан орнууд билээ.

Ардчилал хэмээх бидний ойлгож дуурайж яваа үзэл би гэх хар амиа бодсон эгод суурилсан, хөрөнгө, мөнгө, эрх мэдэлд  дурлагч шуналт цөөнхийн төлөө нийгэм юм. Түүний энгийн жишээ бол өөрсдийнхөө хийсэн бүтээснээ хүртэл өөрийнхөө нэрээр нэрлэдгээс харж болно. Форд гэх баян хийсэн машинаа өөрийнхөө нэрээр нэрлэдэг гэх мэтийг жагсаавал хачин урт цуваа болно.

Бас сүүлийн хориод  жилд гарч ирсэн “глобалчлал” буюу “даяаршил” гэдэг мөн л хэдхэн том эзэн гүрэн “глобыг” ховх сорох, дэлхийг даяар нь  цөлмөх л бодлого бөгөөд  даяаршлын үр шимийг хүртсэн хоёрхон орон буй нь хүний олноор зодсон Энэтхэг, Хятад хоёр л ажээ.Тэд хүний хүчээ хаа сайгүй экспортолж байна. 

Бид өнгөрсөн түүхээ харвал Хүннүгийн үеэс 1924 он хүртэл хаант засаглалтай улс байсныг бүгд мэдэх ч мөн л үнэн учир дуугүй суусаар л.

Ер нь монголчуудын сэтгэхүй нэг гар дор зангилагдаж байж нэгэн үзүүрт хүч болдог нь нүүдлийн аж аж ахуйтай холбоотой сэтгэлгээ билээ. Хорьдугаар зуунд үүнийг суурин байдал руу хүч хэргэлэн өөрчилж , малыг нь хурааж нэгдэл болгох байдлаар хийж нэг үзсэн. Гэхдээ 1924 оноос хойш ердөө л хүний хоёр үе өнгөрсөн бөгөөд ЗХУ- ын бодлого нүүдлийн хийгээд суурин гэх хоёр иргэншлийн онцлогийг анзаараагүй байсанд оршино.

Монголчуудын нэг онцлог бол нэгэн гар доор л нэгдэж нэгэн үзүүрт сэтгэлээр хөдөлж байсанд хамаг нууц, хүч чадал нь орших бөлгөө . Ийм ч учраас бид хаант засагтай өнө удаан жил явсаар иржээ.

Хаант засагтай ойролцоо  ерөнхийлөгчийн засаглал ярихаар дарангуйлал тогтоно гэж хардаг хэрнээ (гучин жил дархлаа суугаа байлгүй гэж хэн ч эс бодно ) ерөнхийлөгчийн засагтай ОХУ -ын Путиныг шүтэж, мөн л ерөнхийлөгчийн засагтай найман жилийн циклтэй АНУ ыг ( АНУ ын түүхэнд ганцхан ерөнхийлөгч 4 жил төр барьсан бусад нь бүгд найман жил төр барьжээ) дуурайн тэдэн шиг хөгжихийг мөрөөдөх  ажгуу.

Гэвч бид парламент гэх 76 олигархийн засаглалтай шүү дээ. 

Манай нэрт түүхч, төрийн шагналт Д.Өлзийбаатар нэгэн нийтлэлдээ Х.Чойбалсан ч “хаан” л байсан, Ю.Цэдэнбал ч “хаан” л байсан хэмээн хэлсэн бөгөөд үнэхээр тэр л цагт  бид улс шиг улс байж сэргэн мандсан бөлгөө.

Ард түмний ядаж тал хувь гэдэс цатгалан, мөр бүтэн болсон цагт л хөгжил дэвшил яригдах  бөгөөд харамсалтай нь аль ч улс орны ард түмний бараг наян хувь нь өөрөө өөрийгөө авч явах чадваргүй хэн нэгнээс хамааралтай амьдардаг ажээ. Тийм ч учраас манайд өнөөдөр төрийн албан хаагчийн тоо хоёр зуун мянгыг давж сайд орлогч сайдынхаа тоогоор дэлхийд дээгүүрт орохорон болжээ. Тогтмол орлоготой хүн л тогтуун амьдрах нь үнэн бөлгөө.

Бид социалист нийгэмд байсан  тэр цагт л өнөөгийн эрх чөлөөгөөр дутуу байсан ч гэлээ өнөөдөртөө сэтгэл хангалуун гэдэс цатгалан, мөр бүтэн амьдарч, ирээдүйдээ өнөөдрөөсөө илүүтэй итгэж, улс орон сэргэн мандаж байсныг өнөөгийн иргэдийн тал хувь нь мэднэ.  

Хүн бүр зүгээр л сайхан амьдралыг хүсэж байдаг тул элдэв цэцэрхэл, элдэв “изм” гэж өвчигнөхөө больж хуучин социалист буюу нийт олноо  бодсон хэв маягаа эргэн сэргээж  иргэдийн амьдралын төвшнөөрөө үргэлж тэргүүлж буй Норвеги, Финланд … зэрэг социалист улсын жишгийг дагаад, түмэн олноо бодсон нийгмийг байгуулж дээрээ ганц хүний гарт орохтухай бодох цаг нь болжээ. 

Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин юм гэсэн үгтэйг санах цаг бас болжээ. Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэг!  

Бид дээд төвшиндөө авторитар дэглэм буюу нэгэн гарт төрөө зангидаж байсан  үедээ  л хөгжих дэвжих явсан түүхтэй   (эрт дээр цагт бол  бүр дэлхийн талыг эзэлж явсан ) улс билээ. 

Түүнээс бус өнөөдөр шиг дөрвөн жил дал, наяараа тус тусдаа эзэн болж тоглох  жүжиг хийж, хэн сайн чалчсан, хэн нь сонгогчдыг сайтар хахуульдсан, поп жүжигчин  хэд нь баяждаг  нийгмийг  нийтээрээ үзэн ядаж, төрд  ороод баяжсан нэгнээ шоронд хорь, шонд дүүжил  хэмээн хашхирсаар  суугааг тайлбарлах нь илүүц юм.

Эртний хятадын сонгодог зохиол болох зөөлөн хүчний бодлогын сурах бичиг гэгддэг “Гурван улсын үлгэр”

“Дэлхий дахины их байдал салаад удваас эрхгүй нийлмүй . Нийлээд удваас эрхгүй салах бөлгөө" гэсэн  үгээр эхэлдэг.

Одоо манай төрийн бүтцэд эзэн шиг эзэн хэрэгтэй болжээ. Гэхдээ сайн эр хайгаад ямар ч нэмэргүй бөгөөд нэг хүний гарт төрөө зангидах бүтэцийн өөрчлөлт хийхэд л хамаг учир, хамаг хүч оршино!

Энэ нь шуудхан хэлэхэд ерөнхийлөгчийн засаглал бөгөөд ядаж дал, наян хүнийг дөрвөн жилд амжиж хэрхэн цөлмөн идэхийг дараалан харж, ард олон хэрхэн төрөө  үзэн ядахыг үргэлж үзэж суухгүйн дээр,   тэр дөрвөн жил болоод л хоолондоо орцгоодог олон ховдог түшмэдтэй  ярих бус ард олноороо сонгосонганц хүнтэй хариуцлага тооцох болохоор ёстой өнөөх хэлэх дуртай “дээрээ ч суудлаа, доороо ч гүйдлээ” олох учиртай мэт санагдахын учраа үүнийг тэрлэв! 

Үнэн байдал ердөө л ийм ажгуу! 

Үнэн гэдэг ихэнхдээ гунигтай байдаг , яагаад гэвэл үнэн учраас хэмээх боловч бодож болгооно буй за!

Нийтлэлч Д.Төрмөнх