2019 оны хамгийн сүүлчийн амралтын өдөр уншигч та бүхэндээ энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улс төр Зангиагаа засаад ирнэ гэсэн Ц.Элбэгдоржийг гурван удаа дуудахад АТГ-т очсонгүй. Харамсалтай нь, тэрбээр Тавантолгойтой холбоотой болон өөр бусад хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр мэдүүлэг авахаар дуудахад очоогүй нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж буй үйлдэл гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар хууль сахиулах байгууллагын шалгалтаас зугтан гадаад оронд гарч, өөрсдөө байгуулахаар тэмцсэн Ардчиллын 30 жилийн ойн баяртаа ч оролцоогүй юм.

2020 он айлчлан ирэхэд дөрөвхөн хоног үлдээд байна. Нийтээрээ шинэ жил тэмдэглээд тун чиг завгүй гүйлдэх хооронд улсын асуудал ард хоцорч байгааг улс төрчид нь хүртэл анзаарах сөхөөхгүй явна. Улс төрчдийн шинэ жилийн баярт явахын цаана...

СОНГУУЛийн тухай хуулийг зоргоороо өөрчлөж сууна. Сонгуулийн дуу ойртоод ирэхээр эрх баригчид өөрсддөө зориулан уг хуульд өөрчлөлт оруулах нь жирийн үзэгдэл болжээ. Улс төрчдийн шоу: Сонгуулийн хуулиар хандивын хэмжээгээ нэмэгдүүлжээ

Нийгэм Манай улсад залуус банкнаас зээл авахын тулд л нийгмийн даатгалын шимтгэлийг төлж буй гэхэд буруутахгүй. Учир нь нийгмийн хамгийн эрэлт хэрэгцээтэй орон сууцны асуудал жил ирэх тусам сөхөгддөг. Нийгмийн даатгалын шимтгэлийг доод тал нь 600 мянган төгрөгөөр төлдөг байж гэмээн хамтран зээлдэгч болж, хосууд байранд орох зээлийн нөхцлийг давах болдог. Манай улсын тэтгэврийн тогтолцоо ирээдүйн батлагаа болж чаддагүй гэдгийг мэргэжилтнүүд ярьдаг. Өнөөдөр өндөр цалин аваад түүнээс шимтгэлээ төлөөд харин ирээдүйд хамгийн ядуу хөгшин болж хувирч байгаа юм. Үүнийг ч эдийн засагчид ярих болсон ч эрх мэдэлтнүүд иргэдэд мөсөн чихэр долоолгосоор.  Өнөөдөр өндөр цалин аваад ирээдүйд хамгийн "ядуу хөгшин" болдгоо болиулъя

Нэр бүхий шүүгчдийг хахуулийн хэргээр шалгаж эхэллээ

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлээд байгаа билээ.  Улмаар уг 17 шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн болон хахуулийн хэргээр шалгагдаж байгаа. 

Тэгвэл дээрх нэр бүхий 17 шүүгчэээс  гадна бусдаас хээл хахууль авсан өөр хэргүүдэд хэд хэдэн шүүгчийн холбогдуулан шалгаж байгааг эх сурвалжууд баталлаа. Тухайлбал, тэдний дунд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна.  Түүнтэй хамт ОХУ-аар дамжин АНУ-ыг зорьсон, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг  шалгах үндэслэл тогтоогдож байгаа талаар эх сурвалжууд хэлэв. 

Нийслэлчүүдийг түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буюу 30-50 хувь буурна хэмээн үзэж Засгийн газар үзсэн.

Гэтэл өвлийн урьтай золгох цагаас эхлээд хүмүүс олноороо угаартаж, цаашлаад нэлээд хэдэн хүн амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Харин өнөөдөр Улаанбаатарын гэр хорооллынхон "гал алдаж" байна. Учир нь шахмал түлшийг хэрэглэгчдэд картаар олгож буй. Энэхүү картаараа нэг айл долоо хоногт 6 шуудай шахмал түлшийг авах ёстой. Тэрхүү худалдаж авсан нүүрс нь долоо хоногтоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг олон иргэд учирлаж байна. "Хүүхдүүд минь хөнжилдөө даарч суугаа, торгуулиа төлөөд нүүрсээ аваад явья" хэмээн эцэг хүн нулимс дуслуулж байна

Эдийн засаг 2019 оны НӨАТ-ын төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болно.

 

Тухайн өдрийн 23:59:59 цаг хүртэл баримтыг бүртгэх бөгөөд 2019 онд худалдаа хийсэн ebarimt-ыг бүртгүүлэх хугацаа дуусахад хэдхэн хоног үлдээд байна. 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд олгох бөгөөд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг татварын байгууллагаас анхааруулж байна.

 

Спорт  “Visa team” хөтөлбөрт хамрагдсан анхны тамирчин тодорлоо. Сүүлийн 30 жилийн хугацаанд 40-өөд орны 500 орчим тамирчдыг “Visa team” хөтөлбөрт хамруулаад байна. Уг хөтөлбөрт хамрагдах тамирчдыг сонгохдоо тухайн тамирчны амжилтыг голлох боловч хөдөлмөрч зан чанар, нийгэмд үзүүлэх нөлөө, шударга байдлыг нь чухалчилдаг гэдэг. Тэгвэл энэ шаардлагад нийцсэн гэж үзсэн учраас ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин, жүдоч М.Уранцэцэгийг энэ төсөлд хамрууллаа.

Урлаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ. Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг ийнхүү 30 жилийнхээ ойгоор төрдөө дахин үнэлүүлэв.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр буюу өнөөдөр /2019.12.29/ морин цагт Монголын рок попын домог болсон “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртэж, фэнүүдээ баярлууллаа.

Тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар өнгөрөгч аравдугаар сарын 29-нд  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнуулсан билээ.

Тодруулбал, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медалийг гардуулсан юм.