Аливаа юм шударга бус байхад, хууль дүрэм хэн нэгэнд илт давуугаар үйлчилж, бусдыг нь дорд үзэхэд хэний ч гэсэн зэвүү хүрдэг. Ийм нэг хүнлэг бус иргэдээ алагчилсан, монголчуудын өнөө л нэг увайгүй, бөх тэх гэх нөхдийг шүтсэн хөгийн өрөвдмөөр байдал саяхан давтагдлаа.

Харийн нутгаас эх орондоо ирэх гэж хоног тоолон онгоц хүлээж байгаа, өдөр шөнөгүй харуулдаж буй иргэд энэ дэлхийн өнцөг булан бүрт байна. Ялангуяа Солонгост 4800 гаруй бараг таван мянга шахам иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд бүтэн жил тэнд нойр хоолгүй шахам тэмцэж байна. Чадах юм хөөрхий, цахим ертөнцөд дуу хоолойгоо хүргэж үхлээ хатлаа, уйлаан майлаан болдог. Саяхан 30-н хэдхэн настай залуу амиа алдсан харамсалт мэдээ ирсэн. Талийгаачийг өнгөрөгч оны 12 дугаар сард Монгол руугаа ирэх хүсэлтээ өгсөн гэдгийг Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдэгдсэн. Улсын онцгой комисс, Засгийн газар “Болдог бол иргэдээ бүгдийг нь авчирмаар байна. Даанч боломжгүй байна” гэж зовлон тоочдог. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Катарын Доха хотноо болсон жүдогийн тэмцээнд Монголын шигшээ багийн 20 шахам тамирчин тусгай үүргийн онгоц хөлөглөн очиж оролцоод ирлээ. УОК тэднийг төсвийн зардлаар тусгай үүргийн онгоцоор явуулсан нь тэр. “Хүннү эйр” компани тамирчдын нэр усыг, мөн Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваариа олон нийтэд зарлаж мэдээлсэн.

Энэ бол өвчин зовлонтой, хүнд хэцүү цаг үед арай хэтэрсэн асуудал болсон. Монголд бүх юм хаалттай юун Арабын Катар байтугай аймаг, сумандаа хүртэл очиж чадахгүй байхад, Солонгост бүтэн жил жагсаж тэмцэж бүх л аргаа хэрэглээд ирж чадахгүй туйлдаж эхнээсээ үхэж байхад хэдэн бөх тэхийг бараг тив алгасан тэмцээнд оролцуулж эрхлүүлдэг нь ямар учиртай юм бэ. Хүний нутагт зовж суугаа ядарсан монголчууддаа гайхуулж байгаа нь энэ юм уу, Ерөнхий сайд аа, Онцгой комиссын дарга аа, Шуурхай штабын нөхөд өө. Хүмүүс энэ хүнд үед онц тусгай эрх эдлэж гадаад дотоод ниссэнийг нь ер ярихгүй медаль муу авлаа гэцгээж байна. Тэр алтан медалийг нь аваад бидэнд ямар хэрэг байгаа юм бэ. Тэр нэг тэмцээний алтан медаль бүү хэл нөгөө сүйд болоод байдаг олимпын хэд хэдэн аваргатай биз дээ. Тэглээ гээд ард түмэн амар жимэр болж аж жаргалд хүрсэн нь хаа байгаа юм. Хоёр чөргөр хүүхэн ноцолдож байхыг хараад “ертөнцийн хүчтэн” гээд тайлбарлагч нь амаа олохгүй магтаж орилоод байх юм. Тэр хоёр чөргөр хүүхэн ертөнцийн хүчтэн байхдаа ч яахав дээ. Ер нь монголчуудын бөх шүтсэн адгийн тэнэг сэтгэлгээг өөрчлөх цаг болсон. Бүх юм хаалттай байхад бөх гэх нөхдүүдэд бүх юм нээлттэй байдаг энэ бичигдээгүй хуулийг больж, ерөнхийдөө бөх тэх гэх зүйлийг Монголд хориглох хэрэгтэй. Бөх гэдэг бол багийн спорт биш хувийн шинж чанартай ганц хүний спорт. Тиймээс бүх гавьяа шагнал, алдар нэрийг тэр хүн өөрөө л авна. Ёстой амьд домог, бурхан шүтээн нь болно. Монголчуудын аминчхан үзэл, зөвхөн өөрөө алдаршиж, өөрөө л магтан мандуулахыг боддог, бусдадаа хайргүй, тус дэмгүй хар амиа хичээдэг энэ байдал ерөөсөө бөх гэх энэ зүйлээс улбаатай.

Бид бөх шүтэж, бөхөөр удирдуулж, бөхөд хувь заяагаа даатгасан цагт хөгжил дэвшлийн тухай санахын ч хэрэггүй. Тиймийн учир багийн биш нэг хүний спортыг бодлогоор үхүүлэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл бурхан мэт шүтэгдсэн хүн орчин үед эх орноо хорлоод байна. Үүний хамгийн тод жишээ Б.Бат-Эрдэнэ аварга. Энэ хүний үзүүлсэн амжилт, бөх гээчийнх нь цол гуншинг цувуулаад бичихэд сонины хэдэн нүүр болно. Энэ бөх ганц хүний спортын буянд Монголын ард түмэнд бурхан шиг шүтэгдсэн. Түүнийхээ эр бяраар улс төрд орж Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д одоогийн байдлаар таван удаа дараалж сонгогдоод байна. Үндсэндээ 2004 оноос хойш тасралтгүй Монголын парламентад суудал бөглөж сууна. Энэ хугацаанд зүгээр нэг гишүүн биш Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга гээд төрийн өндөр дээд албуудыг хашсан. Ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж өрсөлдсөн. Гэвч тэрээр энэ 20 жилийн хугацаанд улс орны эдийн засагт нэмэр болохоосоо нэрмээс болсоор ирсэн. Улс төр, эдийн засгийн суурь мэдлэг боловсрол байхгүй, сонгуульд нэр дэвшитлээ бөх барилдаж, ганцаараа мандаж, ард түмнээр худлаа хоосон магтуулснаас өөр шидгүй байсан учир төрийн жолоог атгалцсанаасаа хойш Монгол Улсаа ямарч шинжлэх ухааны үндэслэлгүй удирдсаар ирлээ. Өөрөө мэдэхгүй учир хүний үгэнд ч ордог юм уу, яадаг юм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох уул уурхайн бүх л төсөл, концевцууд, хууль дүрэм энэ бүхний эсрэг хар мангараар зүтгэсэн. Урт нэртэй хуулийг санаачлан баталж, эдийн засгийн хөгжлийн суурь болсон алт олборлогч нарт ашигт малтмал олборлох эрх өгөхгүй гэж улайран тэмцэж, Монгол орон цөлжлөө, гол ус ширгэлээ, хүнтэй малтайгаа үхэх нь гэж хөөс сахартал орилсны хүчинд уул уурхай зогсож, Монголын эдийн засаг элгээрээ харуулдсан.

Бат-Эрдэнэ гэх энэ бөх Их хуралд хоёр дахиа сонгогдсоны дараа урт нэртэй хуулийг санаачилж эдийн засгийг боомилсон бол гурав дахиа сонгогдсоны дараа бүр дархан эрхтэйгээр гадны хөрөнгө оруулалт бүхнийг нухчин дарсан. Оюу толгойн гэрээн дээр яаж хөндлөн хэвтсэнийг бид мэднэ. 2013 онд гэхэд л улсын хэмжээнд олгогдсон 3287 тусгай зөвшөөрөл, үүнээс стратегийн ордод хамаарагдах 11 ашиглалтын тусгай зөвшөөрөл, алт шороон ордны 242 тусгай зөвшөөрлийг тэр цуцлуулсан. “Бороо гоулд”, Оюу толгой гээд гадны том хөрөнгө оруулалт бүхний аранга нь тэр байсан. Тэгээд зогсохгүй “Хэрлэн тоонот” усан цогцолборын төсөл хэрэгжих болтол “Хэрлэн мөрөн хэрчигдэх ёосгүй” гэж дайрч, Хэрлэн гол минь байхгүй боллоо, одоо бүгдээрээ харангадаж үхнэ гэж нутгийн иргэдийг турхиран босгож уг төсөл зогссон. Усны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг бол дэлхийн улс орнуудын хөгжлийн тэргүүлэх зорилт байдаг. “Усан цогболборууд манай хөгжлийн гурван гол стратегийн нэг” гэдгийг солонгосчууд хэлдэг. Мөн хойд хөрш Орос гэхэд Ангар мөрөн дээрээ дөрвөн том усан цахилгаан станцтай. Энэ бүгдийг манай бөх яаж мэдэх билээ. “Төслийн ач холбогдол, технологийн нарийн горимыг мэдэхгүй сэтгэлийн хөөрлөөр хандаж байгаад харамсаж байна” гэж тухайн үед судлаач, эрдэмтэд хэлж байсан. Бөх хүн улс төрд орж ирээд хөмхийгөө зуугаад, хөмсгөө атируулаад хөндлөн хараад зогсчихоор улс орны хөгжил уруугаа явдаг. Д.Сумъяабазар гэж бөх нийслэл хотыг удирдах гэж яаж баллаж, улс амьтны элэг доог болж, ямар ч стратеги төлөвлөлт байхгүй, зүгээр л хар мангараар зүтгэн дайрч ороод бахардан унаж, бүр сүүлдээ ор тас хаяад алга болсныг бид бүхэн нүдээрээ харж байна.

Дэлхий нийтийг сөхрүүлж байгаа цар тахал Монголд ороод ирчихсэн Улаанбаатар хот голомт болчихсон байхад Сумъяабазар гэдэг бөх “Нойр хоолоо хасч ажиллаж байна, би ядарч туйлдаж байна” гэх юм яриад сууж байсан. Тэгээд өнөө л бөх тэхийн ганцхан хар амиа боддог арчаагүй адгийн зангаараа алтан гуутай бурхан шиг өөрийгөө тусгаарлаад сууж байсан. Ингээд зогсохгүй хамгаалалтын хэрэгслээ би өөрийнхөө мөнгөөр авсан, та нарт түй ч хамаагүй гээд нийслэлийн онцгой комиссын дарга, иргэдээ загнаж зандраад сууж байв. Түүнээс хойш хэсэг хугацаанд бүр таг алга болсон, бодоход биеэ эмчлүүлсэн байлгүй. Харин энэ хугацаанд Улаанбаатар хотод өвчин тахал хэрээс хэтэрч, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Ачтан, Мөнххада гээд арав гаруй голомт бий болж, хүний амь эрсдэж, нийслэл хот тэр чигээрээ тахлын голомт болсон. Харин бөх маань саяхан амьтай байгаагаа мэдэгдэж зурагтаар харагдах шиг болно лээ. Гэтэл тахлын голомт үүссэн Дархан хотыг Засаг дарга нь тэг зогсолт хийгээд ямар богино хугацаанд яаж дарав, ямар зөв стратеги төлөвлөлтөөр ажиллав. Гэтэл манай хот нэг дүүрэг байтугай, нэг хороонд гарсан голомтоо дарж чадахгүй байна. Энэ бол цэвэр удирдлагын ажлын буруу арга барил. Бөхөөр удирдуулж байгаа бид яаж өөдөө нар харах вэ. Түрүү жил Оросын ДУМ-аас тамирчдыг думаас хөөгөөч гэсэн уриалга гарч байсан, дэлхий нийт ч бөхчүүдийг улс төрд оруулах, тэдэнд эрх мэдэл олгохоос ихээхэн болгоомжилдог болсон байна лээ.

Дэлхий нийтийн энэ хандлагыг соргогоор мэдэрч зөвхөн хар амиа хичээж, өөрөө алдаршихыг боддог бөх тэх нараар улс орноо удирдуулахаа болих цаг нь болжээ. Улсын тэргүүнээс аваад сумын засаг хүртэл бүх л дарга, дархан эрхтэй сэтэртэй бүхэн нь бөх шүү дээ. Орон нутгийн сонгуулийн дараа хичнээн аймаг, сумын даргаар бөхчүүд болсныг “Өдрийн сонин” нэр устай нь бичиж байсан, манай улс ингэж сүйрэл мөхөл рүүгээ явж байна. Сүүлд нь хэлэхэд, солонгосоос монголчуудаа авчирах ямар хэрэгтэй юм, түүний оронд тамирчидаа тэмцээнд оролцуулсан нь улсын нэр гарна биз дээ гэж асуух хүн гарна. Энэ хүнд цагт хүний нутагт хоригдсон өвчин зовлонтой иргэдээ эх орондоо авчирна гэдэг хүмүүнлэг сайхан заншил бий болох нь мэдээж. Энэхүү заншил хүний амьдралын мянга мянган жилд итгэл үнэмшил болж үлдэнэ. Харин хүчтэй нь дийлж, бусдыгаа хорлон хохироодог, тэгээд түүнээ улсын нэр гаргахын төлөө явсан гэх байдал цаашид амь бөхтэй орших аваас улс орны сайн сайханд муугаар нөлөөлнө. Улсын нэр шинэ нээлт, шинэ үйлдвэр иновацаар гарч улс орноороо баяжиж дэгжидэг болохоос тамирчин тэмцээнд гаргаад нэг их нэмэр болдоггүйг бид одоо мэдэхээрээ нэг болсон . Товчхондоо ийм л ялгаатай, бүх хүн тэгш эрхтэй байхад бөх хүн бүр илүү дархан эрхтэй байх нь улс оронд ийм хорлонтой.

Р.БАТСҮХ