Хэдэн жилийн өмнө би ганц бие ээж байлаа. Гадаа гарч эр болсоор эмэгтэй хүн гэдгээ мартах шахчихсан байсан юм. Үсээ үргэлж доор боодог, өөр засалт гэж мэдэхгүй. Хүүгээ бусдад муу хэлүүлэхгүй, боловсролтой мундаг хүн болгоно гээд үнэтэй сургуульд оруулчихсан байсан тул төлбөрийг нь төлөхийн тулд өглөө нь ажлаа, орой нь нэг айлд цагийн ажил хийсээр өөрийгөө гээсэн байсан юм л даа. Нэг өдөр ээж хүү хоёр гэртээ хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэтэл сандал дутаад Баянзүрх зах руу гарсан юм. Тэндээс бид хоёр хоёр гартаа нэг нэг сандалтай, би дээрээс нь нэмээд салатны төмс, ногоо авчихсан гэрийн зүг ачаатай тэмээ шиг хоёр юм гэдэн годон хийж байтал нэг залуу гүйж ирээд “Би туслая” гээд миний ачаанаас авалцлаа. Замдаа “Ийм хүнд юмыг ээжээр нь өргүүлдэг ямар муухай аав бэ, тэ?” гэхэд нь намайг юм хэлэхийн завдалгүй хүү маань “Ээж бид хоёрт аав байдаггүй ш дээ” гэж хэлээд намайг эвгүй байдалд оруулав. Дэмий юм асуусандаа бантсан уу, бид хоёрыг өрөвдсөн үү, тэр залуу бид хоёрын бүх юмыг гэрт оруулж өгөөд цай ууж, танилцаж авснаа гэнэт босч ийш тийшээ харан “Эр хүний хийх ажил байна уу? Хадаас хадах, бөглөөс гаргах ч юм уу” гэж асуулаа. Би “Бүгдийг нь би өөрөө хийчихдэг юм өө” гэж хэлэхэд хариуд нь “Би энэ хажуу байранд 79 тоотод амьдардаг юм. Хэрэг гарвал намайг дуудчихаж бай. Май, миний утас. Харин та хийх хэрэггүй. Та чинь эмэгтэй хүн ш дээ” гэсэн. Гарсных нь дараа би чинь нээрээ эмэгтэй хүн ш дээ гэж бодогдоод өөрийгөө толинд харж нэг их уйлж билээ. Одоо бид гурав хамтдаа тайван амгалан сайхан амьдарч байна аа. Урьдны сэтгэлийн шархууд бүгд аньсан. Ер нь үүрдийн шарх гэж байдаггүй бололтой