Хятадын хөршүүдийн төмөр замын бодлого

Ойрд БНХАУ-ын хөрш орнуудын төмөр замын бодлогын талаар дээр дооргүй л ярьцгаадаг боллоо. Зөв аль эсвэл буруу байх нь хамаагүй. Хамгийн сүүлд ийм мэдэгдэл ч юм шиг мэдээлэл ч юм шиг зүйл гарсан. “Төмөр замыг нарийн царигаар тавибал МУ-ын Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол авчрах вэ?.

Ганц Монгол гэлтгүй БНХАУ-тай хил залгадаг Мъянмар, Вьетнам, Лаос, Киргиз, Казахстан улсууд төмөр замын царигийн асуудлаар яагаад өөрсдийн бие даасан бодлого баримталдаг вэ?. БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг олон улсуудаас зөвхөн БНАСАУ л 1435 мм-ийн цариг буюу хятадын стандартыг баримталдаг.

Харин бусад хил залгаа улсууд нь төмөр замын царигаа зориуд бүгд өөр стандарттай байлгахаар төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлжээ.”Үүнээс өмнө нөгөөх шүүх цагдаа дээрээ тулаад буй “алдарт” нэвтрүүлэгт оролцсон н.Сэрээнэндорж дарга “ Хятад улсын тойрсон 14 орноос 9 орон нь өөр царигтай байдаг.

Жишээлбэл, Мъянмар, Тайланд, Камбож, Бангладеш, Вьетнам улсууд бол 1000 мм-ийн царигтай, Казакстан 1520-той, Энэтхэг бүр өргөн 1676-тай царигтай, мөн Казакстан улс 1520, Орос 1520, манайх 1520. Цариг чинь ерөөсөө л өөр өөрийн стратеги, тусгаар улсын стратеги байдаг байхгүй юу.”  гэж мэдэгдсэн.

За одоо бодит байдлыг харья

БНХАУ-тай хил залгадаг 14 орнуудыг дараахи байдлаар хувааж болно.

    Гималайн нуруугаар хил залгадаг орнууд:

Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афганистан.

Эдгээр орнууд нь Гималайн нуруу гэдэг асар том саадаас болж БНХАУ-тай төмөр замын харилцаа байхгүй болсон. Иймд энэ улсуудыг орхиё.

    Дараагийн бүлэг улсууд нь гэвэл хуучин ЗХУ-ын орнууд болон Монгол улс. Энэ улсууд нь яах ч аргагүй 1520 мм царигтай төмөр замтай. Энэ улсуудаас хамгийн сүүлд баригдсан төмөр зам нь манайх. Бусад төмөр замууд нь бүүр 19 зууны эцэс, 20 зууны эхээр баригдсан. Тэр үед Хятадын нөлөө гэж байгаагүй.

Энэ бол Оросын Хаант улсын төмөр замын бодлого шүү дээ. Жишээ нь,, өнөөгийн Казахстан, Киргизстаны төмөр замуудыг Туркестаны төмөр зам гэдэг байсан.
    За ингээд газарзүй болон  төмөр замын түүхээс үл шалтгаалсан 4 улс үлдэж байна. Энэ нь бол Лаос, Вьетнам, Хойд Солонгос, Мьянмар улсууд.

Вьетнам улсын хувьд 19 зуунд Францын колончлолын үед барьсан 1000 мм царигтай. Үүнээс гадна Ханой-Бээжин хоттой холбосон 1435 мм царигийн төмөр замтай. Маогийн үед барьсан. 1979 онд зэвсэгт мөргөлдөөнд орж байсан улсууд. Тэгээд тэр төмөр замыг хэн ч нураагаагүй.

Хойд Солонгос нь 6000 км гаруй төмөр замын сүлжээний 400 км орчим нь бүүр нарийн 762 мм царигтай. Саяхан Оросын төмөр замтай Ражин боомтыг ашиглах гэрээ байгуулж 54 км 1520 мм царигийн төмөр зам барьсан.

 Лаос, Вьетнам, Мьянмар, Тайланд гэх 4 улс БНХАУ-тай нийлж Кунминг (Юннан мужийн нийслэл)-Сингапур гэсэн чиглэлийн 3900 км хурдан төмөр замын томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд холбогдох замууд нь дандаа стандарт царигаар хийгдэж байгаа. Энэ нь дээр дурдагдсан орнуудад 1435 мм сүлжээ хөгжинэ гэсэн үг.



                                                                           Кунминг-Сингапурын хурдны төмөр замын зураг.

Казахстан улсын хувьд БНХАУ-тай ийм олон тээвэр, логистикийн гэрээ, хэлэлцээрүүдийг хийсэн байдаг.



Үүнд 1435 мм төмөр зам барих асуудлыг судлах санамж бичиг ч байдаг. Ер нь энэ тээвэр, логистикийн салбарт хэрхэн хамтран ажиллаж байгаад нь атаархаж болохоор.

Хятад-Киргизийн төмөр замыг барих асуудал бараг бэлэн болсон. Гэхдээ үүнд Казахстан, Орос гэх мэт улсууд өөрсдийн дамжин өнгөрөх тээврийн зах зээлийг хадгалах гэж их саад тавьж байгаа. Гэхдээ энэ хэзээ нэгэн цагт баригдана. Баригдахдаа Трансазийн төмөр замын сүлжээний нэг хэсэг болж 1435 мм баригдана.

Эдгээр баримтуудаас харахад хэн ямар царигийг сонгож, дэлхийн төмөр замын хөгжил алт зүг рүү урсаж байгаа нь бэлээхэн харагдана.

Техникийн ухааны доктор, Монголын Төмөр замын Инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо