ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр коронавирусийн талаарх мэдээлэл хийх үеэрээ Монгол улсын хилээр нэвтрэх үеэрээ коронавирусийн халдвар авсан гэх Алтанхундага гэх иргэний талаар “Нийгмийн сүлжээд Алтанхундага гэх хаягтай иргэн Монголд ирээд коронавирус авсан гэх мэдээллийн цацсан.

Иймд уламжлалын эмч Н.Алтанхундага өөрийн цахим хуудсаараа дамжуулж хариу тайлбар хийсэн юм. Тэрээр “ЭМЯ-наас мэдээлэл хийхдээ намайг Улан-Үдэд байсан оюутнуудад эмчилгээ хийсэн гэж хэлсэн.  Миний хувьд тэнд байхдаа ямар ч хүнд эмчилгээ хийгээгүй, хүмүүстэй уулзаагүй. Харин Санктпетербург хотод байхдаа л хийсэн.

Тэнд 400 гаруй оюутан байдаг, одоогоор 100-гаад оюутан үлдсэн. Тэр оюутнуудаас нэг сургуулийн 20-иод хүүхдэд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн юм. Гэхдээ би тэр хүүхдүүдээс халдвар аваагүй. Учир нь би нэгэнтэй нь ч уулзаагүй.

Харин би Монголын хилээр нэвтрэхдээ нэг зүйлийг анзаарсан. Тэнд хүмүүсийг 20, 20-иор нь оруулж байсан. Миний хувь энэ 20 хүнтэйгээ тусгаарлагдах юм байна гэж бодсон ч 40 хүнийг бүгдийг нь 5:5 хэмжээтэй аяны майханд оруулчихсан. Дараа нь энэ 40 хүнээ автобусанд, улмаар дараагийн хэсэг 30-40 хүний хамт суудлын вагонд суулгачихсан. Энэ 70-аад хүн вагонд 15 цагийн турш түгжээтэй, цонх нь хаалттай байдалтайгаар суусан. 

Мөн сүүлд нэгдэж ирсэн нэгдэж ирсэн хүмүүс вагонд зургаан цаг байсан. Тэнд халдвар хамгааллын дэглэм, хоёр метрийн зайтай байх, агаар нэвтрэлт сайн байх зэрэг дүрмүүд хэрэгжээгүй. Мөн Монголд ирэнгүүт эхний ээлжид 70-аад хүний хамгаалалтын хувцсыг нь тайлуулж, ариутгал хийгээд автобус, фургонд хувааж суулгасан. Автобусанд 50 хүн, үлдсэнийг нь багтахгүй байна гэсэн ч багтахаас өөр аргагүй гээд фургонд суулгасан. Харин сүүлд ирсэн иргэдийг тэр чигт Баянбуурал амралт руу явуулсан. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн вагонд суусан 70 хүнээс 37 нь халдвар авсан бол сүүлд ирсэн хүмүүсээс нэг нь ч халдвар аваагүй. Миний хувь халдвар авсан ч энэ хүмүүсийг надад өгчихлөө гэж эмзэглээгүй” гэж байр сууриа илэрхийлжээ.