Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч Н.Амаржин хэмээх залууг Комеди Лаб клубын комедиан гэдгээр нь илүү мэдэх болов уу.  Авьяаслаг Монголчууд шоунд Stand up Comedy төрлөөр оролцож, шилдэг тавд шалгардаг “Амаржий” болсон. Харин одоо журамт багш, Comedy Lab клубын комедиан, энтерпренёр, сайхан нөхөр, бас сайн аав. Түүний хувьд АНУ-д гэр бүлийн хамтаар байгаа бөгөөд хөл хорионы улмаас эх орондоо ирж чадалгүй өдийг хүрсэн олон монголчуудын нэг билээ. 

Тэгвэл тэрбээр энэ байдалд нэлээд бухимдан өөрийн үзэл бодлоо цахим орчинд ийн илэрхийлжээ. 

 

Энэ постыг бичих өдөр бүү ирээсэй гэж зөндөө л өөрийгөө барьлаа. Бичээд ч хэн ч хожихгүй. Гэхдээ дотроо байгаагаа ядаж гаргахгүй бол болохгүй нь ээ.

Нэг хүний төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулан байж тэмцдэг учраас АНУ энэ дэлхийн хамгийн хүчирхэг улс байх. Харин өөрсдийхөө хар амийг бодоод нэг муу вируснаас айгаад хаалгаа тас түгждэг аймхай иргэдтэй учраас Монгол улс өдийд ийм байдаг байх. Би маш их найз нөхдөө алдлаа. Эх оронгүйгээ мэдэрлээ. Дэндүү баян засгийн газраа өмөөрч “тааруу боломж бололцоо” ярьсан төлбөртэй бичээчидтэйг мэдлээ. 20 цаасаар саналаа худалдахаас долоондор шүү.

2012 онд АНУ-ын иргэншлээс татгалзаж эх орон гэж боддог байсан газартаа ирсэн шийдвэртээ харамсдаггүй ээ. Тэр шийдвэр нь надад 3 сайхан эрдэнэ заяасан юм. Эх орон гэж боддог байсан газрынхаа ирээдүй хойч үе, боловсрол, нийгмийн сайн сайханд чадахаараа хувь нэмэр оруулах гэж хичээсэн гэдгээ бардам хэлмээр байна. 2020 онд жинхэнэ бут авна, сургалтаа өргөжүүлж, 2 ч шинэ бизнес нээж, хүүхдийн асрамжийн газруудад өгдөг хандиваа ихэсгэж, өөрийн анхны том Special Show хийнэ гэж бодож байсныг яана. Гэхдээ одоо бүх юм дууссан. Ганц муу вирус биш Монголчууд ямар гэдгийг харуулсан нь илүү нүд нээлээ.

Миний хувьд ч ганц муу вирус давж чадахгүй ажил хийгээд яахавдээ гэж бодогдлоо. Олонд танигдах шаардлагатай ажил дараагийн цар тахал дээр ахиад л унахыг ойлгож авлаа. Багшлах сүүлийхээ өдрийг товлоход хоолой зангираад нэг л болж өгөхгүй байсан ч зориг гаргалаа. Удахгүй зарлах байх. Комеди ч мөн адил. Зохиолын дуучид, бөхчүүд шиг ард түмэнд хайрлагддаг биш зөвхөн харьцуулагддаг, доромжлуулдаг байсан учраас тайзан дээр гарах сүүлийн өдрөө товлоход амархан байв. Аль болох нийгмийн болж бүтэхгүй зүйлсийг олонд хүргэх талаас нь хичээдэг байсан шүү.

Одоо угийн очоод элэг нэгт гэж бодож байсан Монголчууддаа нулимуулна. Гадуурхагдана. Бүгд намайг болон нялх үрсийг маань вирус гэж харна. (Тийм болоод л биднийг авбал 3 сая иргэн бла бла гэж ярьдаг биз). Төрийн мөнгө идсэн, бидний эзэмших ёстой орд газрыг хулгайлсан хулгайчидаа тахин шүтээд байдаг байж хэнд ч гай болоогүй, сонгуулиар биеэ үнэлээгүй мань мэтийг яадгаа нэг тунгаана биз. Бүхэл бүтэн 6 жил босгосон үр хүүхдээс ялгаагүй сургуулиа шинээр эхлэлтэй нь биш. Очоод үзэн ядалтаас өөр манай гэрт юу ч байхгүй. Ковидийн сураг ч байхгүй байхад гараад явтал өөдөөс сонин сонин юм яриад Монгол хүмүүсийн мөн чанарыг таньж авлаа. Хэдэн хүний өмнөөс дуугарсан биш Монголчууд ямар хүмүүс гэдгийг нь мэдэж авсан учраас тэнд амьдрах сонирхол үгүй болж байна гэхэд болно. Одоо юу ч хийсэн өмнөх оч ассан сэтгэл зүрх, эх орноо гэрэлтүүлнэ гэсэн итгэл үгүй болсон байх. Эцсийн цэгээ тавих гэж л очих байх. Сайхан цаг ирнэ, энэ бүх зүйл түр зуурийн гэдэг бодол л аюултай юм байна. 1941, 1942 оны үед ч тэр Auschwitz-д дайн дууслаа гэдэг цуу ярианд итгэсэн Евречүүд олон байсан. Гэхдээ дайн дуусаагүй. Тэдний хувьд бүх зүйл үүрд өөрчлөгдсөн. Одоо бас дэлхий ертөнц ахиж хэвийн болохгүй. Юунд ч найдах билээ.

Хэт их comfort zone-доо ороод байсан надад ч хэрэгтэй career change байх. Олон нийтийн өмнө гарах ажил ахиж хийхгүй учраас хэнд ч хамаа байхав. Монгол улс минь намайг алдах нээх сонин биш л байх. Харин үр хүүхдүүдийг минь алдаж байгаа нь л том хохирол болно доо.

Жич: Танд хэлэх сайн үг байхгүй бол алгасаад явчихаарай. Сүүлийн бүжиг сайхан төгсвөл сайхан.