Ярьдаггүй, хөдөлдөггүй  цагаан цаасыг амь оруулж , үнэд хүргэж чаддаг нь сэтгүүлчийн чадвар. Сэтгүүлчийн үг гэдэг тийм л хүчтэй бас чухал “зэвсэг”.

Нийгэмд бүхэлд нь хүрч, нөлөөлж, өөрчилж чаддаг сэтгүүл зүйн хөгжил манай улсад аль түвшинд байгаа бол? Юуны өмнө сүүлийн үеийн  тоо баримтаас дурдъя.

Манай улсад 2012-2013 оны байдлаар 500 гаруй  хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа нь Хэвлэл хүрээлэнгээс гаргасан судалгаагаар тогтоогджээ. Үүнээс 135 сонин, 99 сэтгүүл, 84 радио, 166 телевиз, 68 веб сайт тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Хэвлэл мэдээллийн эдгээр хэрэгсэлд 5000 орчим хүн ажилласан  бөгөөд энэ тоо өмнөх оныхоос 16 хувиар өссөн дүн юм.

Насны хувьд нийт мэдээллийн хэрэгсэлд 30 хүртэлх насныхан давамгайлж сонин сэтгүүлийн салбарт 46 хувь, радио телевизийн салбарт 57 хувь байжээ. Харин  2012 оны туршид нийтдээ 25,8 сая ширхэг сонин борлогдсон бөгөөд энэ нь 2011 онд борлуулсан сонины тоо ширхэгтэй ижил төстэй байгаа аж.

Үүнээс харахад бид хэвлэл мэдээллийг маш олон хэрэгслээс авдаг нь харагдаж байна. Мэдээж бүх хэвлэлийн байгууллагууд өөр өөрсдийн онцлог давуу талаа ашиглан мэдээллийг дамжуулдаг.  Харин эдгээрээс  алийг  нь сонгож ашиглах нь зөвхөн уншигч, үзэгчдийн асуудал байдаг аа.

Хүний сонирхлыг татсан, үр өгөөжтэй,  үнэн бодит мэдээлэл дамжуулах нь сэтгүүлчийн зорилго.  Бид үүний тулд л ажилладаг.  Хэдий чухал сэдвээр том хэмжээтэй материал бичсэн ч хүний сонирхлыг татахаар биш бол  тэр  л янзаараа “булшлагдана”. Хэдий цаг үеэ олсон чухал сэдвийг сонгосон байлаа ч бусдаас онцгойрч чадахгүй бол ард нь хоцордог. Энэ бол сэтгүүл зүйн өрсөлдөөн. Бид ийм л нөхцөлд цаг хугацаатай уралдаж ажилладаг. Мэдээлэл бол минутаар биш секунтээр хэмжигдэж байдаг. Гэхдээ өрсөж л байвал болоо гээд хам хум бичвэл үнэхээр л хариуцлагагүй сэтгүүл зүй, чадваргүй сэтгүүлч гэсэн үнэлгээ авах болно. Тийм учраас хурдтай давхисан нь бус уран жолоодсон нь барианд ордог гэсэн үг гарсан биз.

Өрсөлдөөн дундаас онцгойрно гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ онцгойрч гарахаас өөр сонголтгүй. Ингэж чадаж гэмээнэ өөрийн орон зайг бий болгож, байгаа гэдгээ бусдад мэдрүүлж чадна. Түүнээс биш юу ч хамаагүй бичиж, зай бөглөж суух бидний зорилго биш.  Хүний санаа бодол асар хурдан өөрчлөгдөж байдаг тогтворгүй зүйл. Тиймээс бид ч бас түүнд таарч өөрчлөгдөж, зөв жолоодлогоор ажиллах хэрэгтэй.

Таныг өглөө сэрэхэд телевиз ажиллахгүй, радио нэвтрэхгүй, сонин, сэтгүүл байхгүй,  цахим ертөнц идэвхгүй байвал танд ямар санагдах вэ?

   Б.Хорлоо