Манай улсын эдийн засгийн хөгжил дэвшил нь эрх баригчдын гавьяа, харин хямарсан нь ямар ч бодит эрх мэдэлгүй хэдэн популистуудын гай гэж бидэнд сүүлийн үед итгүүлэхийг оролдох боллоо. Жишвээс, ОХУ-ын эдийн засгийн өсөлт нь Путины зүтгэлийн үр дүн, уналтанд нь Жириновский буруутай гэвэл хэнд ч хачин сонсогдох биз.

Харин манайд бол... Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн гэдэг хөгтэй юм гарч байсны дайтай марзан популизмын эсрэг популист аян өрнөх шив. Хойд Солонгосын хөдөлмөрчид удирдагчдаа хэн нь илүү хайртайгаа уралдан илэрхийлэх шиг хэн нь илүү популизмыг үзэн яддагаа гайхуулах нь цаанаа л нэг панаалтай. Том популизм, түүнийг далдлах гэсэн неолибералуудын жижиг популизмын аль нь илүү хортой вэ гэдгийг бас бодох л ёстой. Ер нь бол, хулгайчийг барь гэж хулгайч өөрөө хамгийн чанга орилдог гэдгийг санахад илүүдэхгүй.

 

Аливаа хямрал өөрөө боломж мөн гэдэг. Бидний хувьд ч гэсэн жижиг, том бүх популизмын дууг хааж тайван бодох, эдийн засаг маань чухам юунаас болж сөнөв гэдэгт дүгнэлт хийж, (одоо хямрал гэж өөрсдийгөө хуурахаа болих цаг аль хэдийн болсон мэт) алдаануудаа засах том боломж энэ гэж бодож байна. Сохор азаар баяжсан шуналт эр алтаар өндөглөгч галууныхаа гэдсийг хүү ярсаны адил хомхой олон хууль тогтоомжууд баталсныхаа хорт үр дагаваруудыг одоо л хэлэлцмээр байна.

Монгол Улсын эдийн засгийн зүрх нь уул уурхай, судас нь барилгын салбар, цус нь валютын нөөц мөн. Эдийн засгийнхаа зүрхийг зогсоож алчихаад одоо хиймэл амьсгаа хийн барилгын салбараа босгоно гэж дүйнгэтэж байх хооронд валютын нөөц маань ч шавхагдаж дууслаа. Уул уурхайн салбарын амийг тасалсан гол зүйл бол стратегийн орд гээч нэгэн жинхэнэ популист ойлголт мөн. УИХ-ын зарим гишүүд “хөөцөлдөж байгаад тойрогтоо байгаа ордыг “истарчегийн” жагсаалтад арай гэж оруулчихлаа” гэж гайхуулж явсны амьд гэрч нь би өөрөө байна. Ямар ч стратеги гаргаагүй байж, стартегийн гэх сүржин нэр томъёогоор далимдуулж нам дамнасан улстөр-санхүүгийн бүлэглэлүүд улс орны эрдэс баялгийн үүцэнд гар дүрэх, бусдын хөрөнгийг дээрэмдэх эрх зүйн үндсийг тийнхүү тавьсан билээ. Хонь туранхай бол чинийх, тарган бол стратегийнх гэсэн утгагүй логик аль ч салбарт хэрэгжихгүй нь ойлгомжтой шүү дээ. Энэхүү аугаа хийрхлээс болж ОТ ч, ТТ ч хоёулаа гацсан болохоос ганц хоёр хүний популизмаас болоод зогсчихдаг ч юм биш.

Манай улсын хувьд магадгүй цорын ганц стратегийн ашигт малтмал бол алт мөн гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Гэвч эрх баригчид үүнийг жинхэнэ стратеги болгох сонирхол дутаад барахгүй, 2007 онд “Гэнэтийн ашгийн албан татварын тухай” гээч нэгэн популист хууль батлан гаргасны харгайгаар Монголбанкинд жил бүр 10,5 тонн алт тушаадаг байсныг 2010 он гэхэд 2,5 тонн хүртлээ буурахад хүргэсэн юм. 2007, 2008 онд тус тус 10,493.5 кг алт тушаасныг суурь гэж үзвэл манай улс 2009 - 2013 онуудад нийлбэр дүнгээрээ 32,615.35 кг алт алдсан байна. Дээрх бүх мэдээг Монголбанкны өөрийнх нь цахим хуудаснаас илхнээ үзэж болно. Харин олон улсын металлын бирж дээр 1кг алтны үнэ 2011 онд 61,000 доллар байсан, өнөөдөр 35,000 ам. доллар гэдгийг хайлтаар олж мэдэхэд бэрхгүй. Иймд, энэ том хийрхлийн шууд өртөг нь багаар бодоход 1,5 тэрбум доллар болж байна.

 

Энэ хуулийн балаг үүгээр дууссангүй. 2007 онд манайд цорын ганц компани л зэсийн хүдэр баяжуулдаг байсан нь Орос-Монголын хамтарсан Эрдэнэт үйлдвэр. Иймд, дээрх хуулийг нэг компанид зориулж баталсан гэж хойд түншүүд маань үзэх нь аргагүй шүү дээ. Бид өрмөө авч, хусмаа Оросуудад өгөх болсон нь тэдний эгдүүг хүргэж, үүний хариуд тэд төдөлгүй түлшнийхээ крантыг хааж биднийг чангалсныг бүгд санаж байгаа биз. Популизмын шууд бус өртөг: хоёр улсын харилцаанд суулгасан олон сэвүүдийн магадгүй хамгийн том нь энэ байв.

 

Төрийн өндөр албан тушаалтнуудын амнаас гарах ёсгүй үгнүүд, олон нийтийг урд хөршийн эсрэг турхирсан популист мэдэгдлүүд ч зүгээр өнгөрсөнгүй. Манай улс 2011 онд түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 21,3 сая тонн нүүрс экспортонд гаргаж магнайгаа хагартал баярласан. Мөн жил БНХАУ 3,8 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэдний нүүрсний жилийн хэрэгцээний 0,56% нийлүүлэхэд л манай улсын эдийн засаг бялхаж, цалгидаг аж. Тэд манай нүүрсийг авсан ч яалаа, байсан ч яалаа, харин манай нүүрсийг авахаа болиход юу болдогийг бидэнд үзүүлж байгаа нь өнөөгийн манай байдал юм. Неолибералууд манай эдийн засаг сүйрч байгаагийн гол шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоотой мэтээр тайлбарлаж байгаа нь тун өрөөсгөл юм. Хятад улс нүүрсээ түлж л байгаа. Нүүрсний хэрэгцээ нь багаслаа багаслаа гэхэд 1% ч хүрэхгүй хэмжээний нүүрсээ тэр улс хойд хөршөөсөө авч чадахаа байлаа юу? Бидний эдийн засгийн сүйрэл нь БНХАУ, ОХУ, АНУ, Камбожоос, дэлхийгээс болоогүй, манай улсын гадаад харилцааг сүйдэлсэн аугаа популизмаас болсон гэдгээ бид ухаарах цаг ирлээ.

“Гуравдагч хөршийн” бодлого гэж ярьдаг боловч үйлдлээрээ бүх хөрөнгө оруулагчдаа хөөж дөнгөв. Үүний хамгийн яруу тод жишээ нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гэгч байна.

Нэг парламент энэ хуулийг батлаж, үзэгний бэх нь хатаж амжаагүй байхад хүчингүй болгосон. Нөгөө л стратеги нь байхгүй хэрнээ “стратегийн ач холбогдолтой” популизм. Улсын гадаад бодлого элдэв мэдэгдэл, гэрээ, конвенцээс илүү бусад улс орнуудтай тогтоосон эдийн засгийн харилцаагаар л илэрхийлэгдэж, баталгааждаг. Орос, Хятад болон бусад байж болох бүх хөршүүддээ салаавч үзүүлж, эцэст нь дунд хуруугаа гозойлгон ганцаараа үлдснийгээ төвийг сахисан бодлого гэж тайлбарлав.

 

Нам дамнасан гэмт бүлэглэлийг хүрээлсэн хамжлага хэдэн компаниуд үлэмж мөнгөөр гараа угаан, асар өндөр өртөгтэй ээлжит популизм дэгдээж байгаа нь ACEM-ийн уулзалт юм. Улс төрийн тогтворгүй байдал, тахир дутуу эрх зүйн орчин, хүчний байгууллагуудын харанхуй инквизици, ухаангүй татварын систем, бурангуй шүүхийн тогтолцооныхоо алиныг ч засаагүй байж, өндөр хэмжээний уулзалт зохион байгуулахаар л хөрөнгө оруулагчид эргээд манайхруу мөнгөө бариад гүйгээд ирнэ гэж биднийгээ л хуурч байгаа хэрэг. Баян гүрнүүдтэй хэрээ мэдэхгүй зиндаархаж, тэдний өглөөний цайг гэрийнхээ сарын орлогоор дааж байгаа популизм нь ямар ч үр дүн өгөхгүй. Яг л Берлины яармагт хэдэн сая доллар цацаад сая жуулчин ирнэ гээд хэн ч ирээгүй шиг. Уул уурхайн салбараас орж ирсэн үлэмж их мөнгийг хүүхдийн, гэрлэгсдийн, оюутны гэж тараан юу ч биш болгосон шиг. Эдийн засгийн форумд очиж шоолуулсан шиг. Чингис, Самурай бондын мөнгийг тойрон хүрээлэгсэддээ тараачихаад одоо болтол тайлагнахгүй байгаа шиг.

 

Манай улс үнэхээр их баялагтай, сайхан байгаль, баялаг хөрс шороотой. Бид энэ бүхнээ түшин хөгжих боломж байсан. Гэтэл манай неолибералууд үүний оронд шинэ цагийн феодалын нийгэм байгуулж, хүн амын 10 хүрэхгүй хувь тансаг амьдарч байгааг хөгжил цэцэглэл, түүнийг хэдэн популистууд нураачихлаа гэж одоо тархи толгой угаана. Зайлуул муу Ганбаатар төгсгөж чадаагүй хаясан сургуулиудаа жагсаасан нь яахын аргагүй ёс зүйн алдаа мөн. Гэвч түүнийг нь мөн их олзуурхан тойрон бүжиж, эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэнэт л Монголд урьд хожид байгаагүйгээрээ дэлгэрэн, хэсэг сэтгүүлчид “амиа өрөн” архив уйгагүй ухаж, муу сурлагатан, худалч Ганбаатарыг илчлэхээр хэдэн арван жилийн лавлагаа авсан нь бүүр биширмээр санагдав.

Нийслэлийн газрыг яаж “үнэгүй тараасан”, өмч хувьчлалаар улсын том объектуудыг “бараг л зах зээлийн шахуу үнээр” хэрхэн хувьчилсан, Эрдэнэт, Оюу толгойн үйлдвэрүүдэд хэн ямар инээдмийн үнээр ямар бараа шахсан, Газар тариаланг дэмжих мэтийн сангуудаас хэдэн зуун тэрбумаар нь улсын мөнгийг нүднээ ил дээрэмдэж байгааг эрэн сурвалжлахгүй мөртлөө шүү дээ!

Алтан өндөгтэй галууг алж идэгсэд хоосон шөлийг нь халбагадсан төдий хүмүүст буруугаа ийнхүү тохож ирсэн нь тэдний мундагийнх уу, дипломоо тэврэн хошгорох бидний мунхагийнх уу?

 

Т.Бат-Оргил