Д.Мөнх-Эрдэнэ: Хуулийн шинэчилсэн найруулгаар хар тамхины эрх зүйн орчныг тодорхой болгож, хариуцлагыг чангаруулна
2 цагийн өмнө

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх- Эрдэнэтэй ярилцлаа.
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар бодлого баримтлах вэ. Онцгойлон ямар асуудлуудыг анхаарч байгаа вэ?
-Энэхүү хууль анх 2002 онд батлагдсан. Нийгэмд үүссэн нөхцөл байдалд тулгуурлан хуулийн хэрэгжилт, үр дагаварт судалгаа шинжилгээ хийхэд ноцтой үр дүн гарсан учраас эрх зүйн шинэтгэлийг шуурхай хийх шаардлага үүссэн. Хар тамхины хэрэглээ, гэмт хэргийн нөхцөл байдал нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Тиймээс хуулийг шинэчлэхээр Монгол Улсын Засгийн газар, ХЗДХ-ийн яам ажиллаж байна. Хуулийн хүрээнд дөрвөн асуудалд онцгойлон анхаарч байгаа. Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил, боловсрол, гэр бүл, нийгмийн хүрээнд хийх ажлууд маш их байна. Мэдлэг мэдээлэл дутмаг, хар тамхины хор хөнөөлийг ойлгодоггүйн улмаас эцэг эх болон боловсролын байгууллагын зүгээс яг ямар хариу арга хэмжээ авахаа мэдэхгүй байх тохиолдол олон гарч байна. Нөгөө талаас хууль сахиулах байгууллагууд хүний нөөцөө бэхжүүлэх, сургах, техник тоног төхөөрөмжөө сайжруулах, лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлууд байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраас Хар тамхитай тэмцэх газрыг Хар тамхитай тэмцэх алба болгон өргөжүүлсэн.
Мөн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нь шийдвэрлээд явж байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторийг орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон. Өөрөөр хэлбэл, ямар ч шинэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг тогтоох, шинжлэн судлах хүчин чадал бүрдсэн. Дараагийн чухал асуудал бол донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх асуудал байна. Эмчилгээний арга зүйг цогцоор нь өөрчилж, нарийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх хэрэгтэй байна. Манай улсын хувьд донтох эмгэгтэй иргэдийг эмчлэх арга зүй, стандартыг сайн хэрэгжүүлж чадахгүй байна. Тийм учраас олон улсын стандартад нийцсэн эмчилгээний арга зүй, хүний нөөц, сэтгэл зүйч, сэтгэцийг сэргээх засах төвүүдийг байгуулах шаардлага үүсч байгаа. Мөн нэг чухал зүйл бол олон улсын хамтын ажиллагаа байдаг. Монгол Улс 1961, 1971, 1988 оны НҮБ-аас баталсан конвенцод нэгдэн орсон. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэхэд Монгол Улсын хүлээсэн үүрэг гэж бий. Энэ үүргээ бүрэн биелүүлэх ёстой. Хар тамхины нэг онцлог бол үндэстэн дамнасан гэмт хэрэг. Олон улсын гэмт бүлэглэлүүд хүртэл идэвхтэй оролцдог. Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцье гэвэл олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа шаардлагатай. Эдгээр дөрвөн цогц бодлогын хүрээнд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдана гэж ойлгож болно.
-Сүүлийн үед хар тамхи хэрэглэгчид хүрээгээ тэлсээр байна. Үүнийг дагаад нийгэмд учрах сөрөг нөлөө нь ч их байна. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгаар ял шийтгэл, хариуцлагыг чангатгах уу?
-Бас нэг онцгой анхаарах зүйл бол Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд байгаа ял шийтгэлийн бодлогыг чангатгах асуудал. Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон хэн нэгэн хариуцлагаас мултрах, ял шийтгэлгүй өнгөрөх ёсгүй. Үүнийг бид даруй засаж, төрийн бодлогын хүрээнд ял шийтгэлийг чангатгана. Хэн нэгэн хүн ял завшдаг, хариуцлага хүлээдэггүй, эсвэл хөнгөн ял эдэлдэг зүйл байх ёсгүй. Тодруулбал, үйлдэл болгон хариуцлагатай болж байгаа. Жишээ нь, хар тамхи, мансууруулах бодис давтан хэрэглэж, зөрчлийн хуулиар шийтгүүлчихээд дахиад хар тамхи хэрэглэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг болно. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн шинэчилсэн найруулгаар хар тамхины эрх зүйн орчныг тодорхой болгож, хариуцлагыг чангаруулна.
-Одоогийн мөрдөж буй хар тамхины тухай хуульд ямар учир дутагдалтай зүйлүүд байна вэ?
-Манай хуулиудын нэг дутагдал нь хэт ерөнхий бичигддэг. Ерөнхий байгаа учраас зохицуулах ёстой нийгмийн харилцаагаа бүрэн зохицуулж чадахгүй, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрддэггүй. Гэхдээ аливаа нийгмийн харилцаа хууль дээдлэх зарчмын хүрээнд хуулиар зохицуулагддаг. Үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн байгууллагууд, алба хаагчдын хувьд эрх зүйн орчин тодорхойгүй байгаа нь ажлаа үр дүнтэй явуулахад саад болж байна. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд хэн, ямар, үүрэг, хариуцлагатай юм, ямар үр дүнд хүрэх юм, төрийн нэгдмэл бодлогын хүрээнд юуг зөв зүйтэй зохион байгуулж чадах вэ гэдэгт анхаарч ажиллана. Мэдээж хууль сахиулах байгууллагууд тодорхой үр дүн гаргаж ажиллаж байгаа. Гэхдээ хангалтгүй байгаа учраас хууль эрх зүйн орчноо шинэчилж, хууль сахиулах байгууллагуудаа чадавхжуулах, мэргэшүүлэх зорилго тавьж байна.
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа гэсэн. Энэ асуудлыг хэрхэн анхаарах вэ?
-Хүүхэд залуучууд шохоорхож мансуурах бодис хэрэглэх тохиолдлууд олон байдаг. Эцэг эхийн хараа хяналт дутмаг, мөн хор аюулын талаарх мэдээлэл сул байгаа учраас эдгээр асуудлууд үүсч байна. Улмаар хар тамхины хэрэглээ нийгмийн том асуудал болчихоод байна. Тиймээс залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүл, эцэг эх, сургуулийн зүгээс тавих хараа хяналтыг нь сайжруулахын тулд бүх түвшинд анхаарч ажиллах ёстой. Монгол Улсын Засгийн Газар болон ХЗДХ-ийн яам УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийн төслийг өргөн барьж, батлуулахаар ажиллана. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хар тамхитай тэмцэх төрийн бодлого тодорхой болж, илүү үр дүнтэй ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Г.БАЛГАРМАА







Зочин · 1 цагийн өмнө
SEKSEER TAICHNA MERGJLN SEXSY ODOOGCH80955877ZYGAATSI
Зочин · 1 цагийн өмнө
SEXSEER MANSYYRI SEKSDMEER BOOW XXI BOOW DOLOOMOOR80955877