Эрхэм хүндэт Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

1992 оны шинэ Үндсэн хууль батлагдан үйлчилснээс хойш 23 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын нийгэм, улс төрд болсон үйл явдлуудын эерэг сөрөг нөлөө, түүнээс авах сургамжууд биднийг улс төрийн систем, төрийн тогтолцооныхоо мөн чанар, тулгамдаж буй асуудлуудын талаар эргэцүүлэн тунгааж, судлан шинжлэх, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байна. Иймд энэ асуудлаар тусгайлан илтгэл бэлдэж өөрийн санал, дүгнэлтийг хэлэх боломжийг олгосон форумыг зохион байгуулагчдад талархаж байгаагаа илэрхийлье.

 

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ

1990 онд бид нийгмийн бүх хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэлийг нэгэн зэрэг хийсэн. Энэхүү өөрчлөлтийн тэргүүлэх чиглэл нь улс төрийн тогтолцооны шинэчлэл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 1990 онд Монголд олон намын систем бүрэлдэн бий болж, ард түмэн ардчилсан чөлөөт сонгуулиар төрөө байгуулах эрхийг олж авсанаар энэ үйл явц эхэлсэн. 1992 онд батлагдсан Үндсэн хууль үүнийг улам баталгаажуулсан юм. Монгол улсын гавьяат хуульч Б.Чимид “Шинэ үндсэн хууль нь Монгол улсын оршин хөгжихүйн шинэ эриний тулгуур үндсийг бататгасан, мөн чанарын хувьд өмнөхөөс эрс өөр, ардчилсан хэв маягийн баримт бичиг мөн....төр нийгмийн байгууллын өнөө, ирээдүйн үндэс тулгуурыг бэхжүүлсэн утгаар нь үндсэн хуулийн үр өгөөжийг өгүүлэвч баршгүй билээ” хэмээн шинэ үндсэн хуулийн ач холбогдолыг үнэлсэн байдаг. Тиймээс ч бид үндсэн хуулиараа улс төрийн тогтолцооны ардчилсан хэв загварыг бий болгож дэлхий дахины ардчилсан хөгжлийн жишиг хандлага руу тэмүүлж байгаа билээ. Ийнхүү үндсэн хуулиар тогтсоон улс төр, төрийн тогтолцооны шинэ хэлбэрийг хөгжүүлэх амаргүй сорилтуудыг даван туулах явц өнөө хэр үргэлжилж байна. Онож алдахын аль алиныг хослуулж ирлээ.

Үндсэн хуулийг хэрэгжүүлэх явцад өнөөгийн улс төр хийгээд төрийн тогтолцооны механизмд зарим согог илэрч, энэ нь цаашид төрийн үйл ажиллагааг гажуудуулах хэмжээнд хүргэж буй тухай, түүнийг засаж залруулах зайлшгүй шаардлага байгаа талаар эрдэмтэн судлаачид судлан дүгнэж, улс төрчид, улс төрийн намууд ярьж бичих болсноор нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хандлага нийгэм, улс төрийн сэтгэлгээ, ухамсарт улам бүр хүлээн зөвшөөрөгдөх шинжтэй боллоо. Үнэхээр манай улс төрийн тогтолцоо гажуудчихаад асуудал үүсээд байна уу? эсвэл түүнийг зориудаад “гажуудсан” болгож хандаад байна уу? Тийм зорилго аль нэг улс төрийн хүчин, нийгмийн тодорхой бүлэгт байна уу? Эсвэл үгүй юу? гэдэгт хариулт өгөх ёстой. Мэдээж үүнийг нэг илтгэлээр бүрэн дүүрэн гаргаж, шийдэх арга замуудыг тодорхойлох боломж хомс юм. Тийм учраас судлаачийн хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулж Та бүхэнтэй санал бодлоо солилцохоор энэхүү илтгэлийг бэлдлээ.

Институциональ талаасаа авч үзвэл бид улс төрийн тогтолцооны ардчилсан хэв шинж (хэлбэр)-ийг бүрдүүлэх үйл явц үндсэн хуулийн эрх зүйн системийн хүрээнд чамгүй сайн явагдсан гэж үзэх үндэс бий. Өөрөөр хэлбэл улс төрийн ардчилсан тогтолцооны “бодит байдал” харагдах талаасаа нийгэм-улс төрийн амьдралын тодорхой хэв маяг болсон гэсэн үг. Үүнийг тодорхойлвол,

  • Төрийн ардчилсан байгуулал (иргэд төрөө байгуулах эрхтэй болсон, төрийн эрх мэдэл хуваарилах онол хэрэгжих хөрс бүрдсэн)
  • Олон намын систем
  • Сонгуульт ардчилал
  • Иргэдийн эвлэлдэн нэгдэх, оролцоогоо хангах бүх эрх
  • Өмчийн олон хэлбэр бүхий чөлөөт эдийн засгийн тогтолцоо
  • Олон ургаль үзэл, санал бодол, хэвлэлийн эрх, эрх чөлөө
  • Хүний эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн гэх мэт. Тогтолцоо талаасаа энэ бүгд бидний амьдралд бодитой бий болжээ. Харин бодитой байгаа тогтолцоогоо цаашид бэхжүүлэх, боловсронгуй болгоход бид юу хийж байна вэ? Юу хийж чадах вэ? гэдэг л хамгийн их анхаарал татсан асуудал юм. Чухамхүү үүн дээр л цаашид анхаарах учиртай. Ардчилал хүний сайнд найдахаасаа илүү тогтолцооны давуу талд тулгуурлан хөгждөг. Тийм учраас юуны урьд тогтолцоогоо, тэр дундаа улс төрийн тогтолцоогоо зөв бүрдүүлж бэхжүүлэх нь нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж хөгжилд хөтлөх хөтөч болно. Ардчиллын бэхжилт, чанарыг судалж буй олон улсын хүрээлэн, төвүүдийн хийж буй судалгаанаас харахад ардчиллын бэхжилтэд эерэг болон сөргөөр нөлөө үзүүлж буй чухал хүчин зүйлсийн нэгэнд улс төрийн тогтолцоог оруулсан байна. Улс төрийн тогтолцооны төлөвшил сул, бэхжээгүй улс оронд ардчилал хөгжих боломжгүй, харин зөв бүрэлдэж, хэвшсэн орнуудад ардчилал бэхжин чанаржих зүй тогтолтойг судлаачид нотолсон байна.

Ази дахь ардчиллын шилжилт, бэхжилт, чанарыг судлан дүгнэсэн Азийн барометр судалгааны эмхэтгэлд судлаач Роүз, Линц нар аливаа орны (тухайлан судалгаанд хамрагдсан 7 орон буй. Тэдгээрийн нэг нь Монгол) улс төрийн тогтолцоог компьютерийн техник хангамж, программ хангамжтай зүйрлэсэн. Компьютер техник хангамж, программ хангамжийн бүрдэл бий болсон нөхцөлд ажилладаг. Тэрээр улс төрийн тогтолцоог компьютерийн техник хангамжтай, улс төрийн сайн бодлого, хөтөлбөр, хууль дүрмийг программ хангамжтай зүйрлүүлж жишсэн. Монголын хувьд компьютерээр бол техник хангамж буюу улс төрийн тогтолцоо нь тодорхой түвшинд бүрдэж бий болжээ. Харин тэрхүү тогтолцоог ажиллуулж, хөгжүүлдэг бодлого буюу компьютерээр бол программ хангамж нь маш сул байна гэсэн үнэлгээг өгсөн байна. Өөрөөр хэлбэл манай улс төрийн тогтолцооны институциональ шинж нь бүрэлдэж чадсан хэдий ч түүнийг функциональ чиг үүрэгтэй нь оновчтой уялдуулах ажлууд сайн хийгдээгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Миний хувьд ч ийм дүгнэлттэй санал нэг байгаа юм.

Өнөөдөр Монголын улс төрийн тогтолцооны функциональ шинж алдагдсаны сөрөг үр дагавар олон шинж хандлагаар илрэх болсон бөгөөд үүнд дараах обьектив болон субьектив хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзэж байна.

Обьектив талаасаа,

  • ардчилсан улс төрийн тогтолцооны уламжлал бага байсан (монголын уламжлал, онцлогоос урган гарсан шинэ мэдлэг, онол бүтээж ардчиллын нийтлэг үнэт зүйлтэй уялдуулах замаар бүрэлдүүлэх, одоо ч шаардлага их бий.)
  • нийгмийн бүх хүрээг хамарсан шилжилтийг нэгэн зэрэг хийсэн нь олон хүндрэл бэрхшээлүүдийг бодит амьдралд бий болгосон
  • чөлөөт зах зээл нь материаллаг байдлыг хэт шүтэх үзэл, хандлага руу хөтөлсөн
  • гадаад орчны (хоёр хөрш) нөлөө зэрэг байгаа бол

Субьектив талаасаа,

  • бүх зүйлийг шинээр эхлэх, шинэ мэдлэг олж авах, суралцах шаардлага тулгарсан
  • нийгмийн сэтгэлгээг хэт задалж нийтээрээ хөгжлийг баримжаалах концепцгүй болсон
  • улс төрийн намуудын бодлого, үзэл суртлын саармагжилт явагдсан
  • хувийн ашиг сонирхол улс төрийг хөтлөх хандлагтай болсон
  • хуулиас хэтийдсэн улс төржилт асуудлыг шийдэх арга механизм болж хувирсан зэргийг дурьдаж болно.

Аливаа тогтолцоо, систем тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэж бий болдог. 1990 онд өнөөгийн улс төрийн тогтолцооны үндсийг тавихдаа улс төрийн тогтолцооны төвлөрсөн илэрхийлэл болсон төрийн тогтолцооны эрх мэдэл хуваарилалтын зарчмыг алдагдуулсан нь өнөөдөр бүх асуудлын гол зангилаа болж байна. Эрх мэдэл хуваарилах сонгодог зарчмаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн төрийн гурван салаа мөчрийн эрх мэдэл нь энэ тэнцүү, харилцан бие биеэсээ урган гарсан цогц байхын зэрэгцээ хоорондоо хянал-тэнцэлтэйгэээр тус тусынхаа чиг үүргийг хэрэгжүүлдэг. Төрийн эрх мэдлийг хуваарилах онолыг үндэслэгчид үзэхдээ төрийн эрх мэдлүүд зөвхөн үйл ажиллагаа ч биш тэдгээр нь бүр анхнаасаа үүсэж бий болох, бүрэлдэн тогтох үеэсээ л бие даасан байдалтай байх ёстой гэсэн зарчмыг тунхагласан байдаг. Өөрөөр хэлбэл төрд буй “нэг цул” эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх чиг үүрэгт хуваарилж тус бүрийнх нь хараат бус бие даасан, харилцан нэг нэгийгээ нөхцөлдүүлж, хянал тэнцэлтэй байх суурь зарчмуудыг л үндсэн хуулиар баталгаажуулсан байх учиртай билээ. Гэтэл манайд энэ зарчмыг гажуудуулсан нь даамжирсаар төрийн механизмыг гацаах хэмжээнд хүргээд байгаа билээ. Төрийн механизмын гацаа, түүнээс үүдсэн тогтолцооны гажуудал нь улс төрийн тогтолцоондоо шууд нөлөө үзүүлж системийг бүхэлд нь хямрахад хүргэж байгаа юм. Үүний нэг илрэл нь хууль тогтоох чиг үүрэг өөрт байгаа давуу эрх мэдлээ ашиглан гүйцэтгэх эрх мэдлийг эрхшээлдээ оруулах байдал сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон. Энэ талаар судлаач О.Машбат “Эрх мэдлийг хуваарилсан байх гол үндэс бол эрх мэдлийн хооронд хянал-тэнцлийн баттай хөшүүрэг байх явдал юм. Ийм хөшүүрэг байхгүй бол парламент улс төрийн давуу байдлаа ашиглан засгийн газрыг эрхшээлдээ оруулах боломжтой” гэж дүгнэсэн байна.

Ийнхүү төрийн эрх мэдэл хуваарилах зарчим Монголд алдагдсан шалтгаан нь Үндсэн хуульд бус харин улс төрчид, шийдвэр гаргагчдын буруутай үйл ажиллагаа, бодлогод бий хэмээн үзэх судлаачид байна. “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёр бараг нийлсэн. Шалтгаан нь улс төрчид санаачилгаараа үндсэн хуулийг өөрчилж, нам, төр хоёр хутгалдсан” гэж профессор Б.Чимид үзсэн бол доктор Н.Лүндэндорж “өдгөө монгол улсад төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилан хэрэгжүүлэх бус, харин төрийн эрх барих дээд байгууллага төрийн дээд эрхээ дангаараа эдэлж байна. Тэр байгууллага үндсэн уугуул чиг үүргээ (төлөөлөх, хууль тогтоох) бараг хэрэгжүүлэхгүй нөгөө дээд эрхээ л хэрэгжүүлж байна” гэж тус тус дүгнэжээ.

Төрийн тогтолцооны функциональ чиг үүрэгт гарч буй энэхүү гажуудал нь парламентад суудалтай улс төрийн намын “тоглоомын дүрэм”-ийг өөрчилж, үндсэн хууль болон бусад хуулиас давсан улс төржилтийг гааруулж улс төрийн тогтолцоогоо эвдэх, хямруулах зам руу хөтөлж байна. Гавьяат хуульч Б.Чимид энэ тухай “Монголчууд ардчиллыг сонгосон нь буруу биш, харин түүний уг чанар болсон ардчилсан улс төрийн тогтолцоог зөв төлөвшүүлж, механизмыг зөв ашиглаж чадахгүй, жишээлбэл намууд шиг гуйвуулж, далимдуулагчид ардчилсан ёсыг хувьдаа шунхайран ашиглаад байгааг ойлгох хэрэгтэй. Бид сахилгатай зохион байгуулалт, зохион байгуулалттай ардчиллыг л дэмжинэ” гэсэн нь бид бурууг тогтолцоонд өгөхөөс өмнө өөрсдийн үйл ажиллагаанаас олж засаж залруулах ёстойг анхааруулсан хэрэг юм.

Нэгэнт бодит байдал иймийн учир УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар болон парламентад суудалтай болон суудалгүй намуудын хүрээнд зөвшилцлийн механизмыг бий болгох замаар үүссэн гажуудлыг засаж залруулах гарцыг хамтаараа эрэлхийлэх явдал юу юунаас чухал байна.

ГУРАВ. АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА МЕХАНИЗМ БОЛ

УЛС ТӨРИЙН ЗӨВШИЛЦӨЛ МӨН.

 

Нийгэм бол олон ашиг сонирхолын нэгдлээс бүрдэж байдаг. Сонирхлын давхцал байхгүй нөхцөлд төр болон зохион байгуулалттай сонирхлын бүлэг нийтлэг шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэх нь улс төрийн зөвшилцөл хийх шаардлагыг зайлшгүй бий болгодог. Зөвшилцөл байхгүй нөхцөлд нэг бол шийдвэр гаргахгүй, эсвэл ямар нэг хэмжээний хүчирхийллийн арга хэрэгслийг хэрэглэх нь зайлшгүй болно. Тиймээс нийгэм улс төрийн амьдралын тогтвортой байдлыг хангахад зөвшилцөл чухал ач холбогдолтой. Монголд улс төрийн тогтолцоог төлөвшүүлэх үүний тулд төрийн тогтолцооны тулгуур асуудлууд (төрийн эрх мэдэл хуваарилах суурь зарчмыг тогтоох)-аа оновчтой шийдвэрлэх, улс төрийн зөвшилцөлийн механизмыг бий болгож, бэхжүүлэх шаардлага улс төрийн амьдралаас урган гарч байгааг дээр өгүүлсэн. Улс төрийн зөвшилцлийг доорх чиглэлүүдээр өрнүүлэх нь чухал ач холбогдолтой. Үүнд,

  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар төрийн тогтолцоогоо эрх мэдэл хуваарилах онол, зарчмыг дагуу боловсронгуй болгох
  • Улс төрийн намын институтжилтийг хангахад үйлчлэх эрх зүйн орчныг бий болгох
  • Сонгуулийн системийн оновчтой хувилбар сонгож, төлөвшүүлэх
  • Төрийн албаны тогтвортой байдал, улс төрөөс ангид байх үндсийг тогтоох
  • Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон төслүүдийг урагшлуулах
  • Эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах зэрэгт эн тэргүүнд анхаарвал зохино.

Яагаад улс төрийн зөвшилцөл чухал вэ? Өнөөдөр нийгмийн бүлгүүд, улс төрийн намууд, тэр атугай төрийн эрх барьж буй болон парламентад суудалтай намуудын хүрээнд, төрийн өндөрлөгүүдийн хооронд үндэсний шинж, агуулгатай аливаа асуудлыг зөвшлийн аргаар, зөвшилцөлийн зарчмаар шийддэг ур ухаан дутагдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, намын эрх зүйн шинэтгэл, сонгуулийн реформ, төрийн албаны шинэтгэлийн хийгдэхгүй байгаа нь ингэж дүгнэхээс өөр аргагүйд хүрч байна. Таван толгойн төсөл ч урагш хөдөлсөнгүй. Сонгуулийн хууль, намын хууль, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал зэрэгт намууд өөр өөр байр суурьтай байгаа нь үүний илэрхий жишээ юм. Энэ бүх асуудлыг шийдэхэд улс төрийн намуудын эрүүл саруул ойлголцол, зөвшилцөл хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Нийгэм, улс төрийн тулгамдсан тулгуур асуудлуудаа зөвшилцөлийн зарчмаар шийдэж чадаагүйгээс үүдсэн сөрөг үр дагаврыг нийгэм нийтээрээ л амсах болно. Улсаараа л хохирно. Харин хожил, хонжоо хүлээсэн нийгмийн цөөнх байхыг үгүйсгэхгүй. Иймд төрд, улс төрийн намуудад ойлголцол, зөвшилцөлийн эрүүл саруул соёл төлөвших нь юу юунаас чухал байна.

Улс төрийн зөвшилцлийг эрхэмлэн хамтдаа хөгжицгөөе.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.