УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэгийг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа. Тэрээр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Д.Төмөр-Очир агсны зээ хүү, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсны дотнын нөхдийн нэг байв.

Бид түүнтэй арванхоёрдугаар сарын 2-ны өдөр уулзаж, ярилцсан юм. 1998 оны энэ өдөр тэрээр УИХ-ын хэсэг гишүүний хамтаар С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг мөрдөн байцаах ажилд туслах чиг үүрэг бүхий УИХ дахь Ажлын хэсэг байгуулахыг санаачилж, ахлагчаар нь томилогдож байсан юм.

 

-Та С.Зориг агсны ойрын нөхдийн нэг. Талийгаачтай анх танилцсан тухайгаа эргэж дурсахгүй юу?

 

-Би МУИС-д сурч байсан юм. 1988 онд төгсөх курсэд байлаа. С.Зориг тэр үед манай философийн багш байсан. Философийг коммунизмтай заавал уяж, ямар нэгэн сэжмээр холбож үздэг байлаа. Тийм үед бидэнд шинжлэх ухаан-коммунизмын онол лекцүүд уншиж байв.

 

Нэг их айхтар онолын мэдлэг шалгуулаад л, янз бүрийн юм шаардаад байдаггүй. Ерөнхийдөө оюутнуудынхаа дундаж баллыг харж байгаад дүн тавьчихдаг. Өөрөө тэр үед зэрэг горилогч аспирант байсан болохоор ч тэр үү, оюутнуудад нарийн юм цээжлүүлэх гэж учиргүй шамдаад байхгүй, шалгалтан дээрээ болохоор юу ч дуугарахгүй унагана, дахиж өгүүлнэ гэж үгүй, мэргэжлийн хичээлүүд дээр ямар баллтай явж байна харж байгаад мэдэж байвал өсгөнө, мэдэхгүй байвал книжкэн дээрх түвшнээс нь бууруулаад байхгүй шүүсээ шахуулах вий гэж айх юмгүй хичээлийг нь сонирхдоггүй оюутнуудад их амар байж билээ. С.Зоригийг анх харж, таньж мэддэг болсон минь тэр.

 

-Ардчилсан холбооны үйл хэрэгт хэдийнээс хамтрах болсон юм бэ?

 

-Сургуулиа тэр жил амжилттай төгсөөд байж байтал, 1989 онд Ардчилсан холбооны анхны жагсаал болж, залгуулаад энд тэнд олон үйл явдал өрнөсөн юм. Миний хувьд манайд ардчиллын үйл явц хэзээ жинхэнэ утгаараа өрнөх бол гэсэн хүлээлт дүүрэн угтаж авсан, эхлэнгүүт нь мэдээж хэрэг байдаг бүхнээрээ л дэмжиж оролцохсон гэж боддог байв. Гэрийнхэн, ялангуяа эмээ маань их хорино. Ингээд 1989 оны сүүлч, 1990 оны нэгдүгээр сард Ардчилсан холбоонд элсэх болж, оюутан цагийн нэг найзын хамт Их сургуулийн III байранд болж байсан цугларалтуудад сонирхож очдог байлаа.

 

Гишүүнээр нь ч төдөлгүй элсч билет шиг нэг үнэмлэх авч байлаа. Нэг тийм цугларалтын үеэр юмдаг. Д.Бошигт гуай, Зоригоо багш хоёр намайг цаад өрөөндөө дуудаад бусад хүмүүсийг “Гарч байхгүй юу” гэдэг юм байна.Зоригоо наад зааландаа гарч ирж олныг хамарсан арга хэмжээнд оролцох нь ховор, наад зохицуулагч нар нь мань хүний суудаг нууцхан өрөөнд цуглаж нарийн ширийн зөвлөлгөөнөө хийж байгаа харагддаг байсан. Д.Бошигт гуайн хувьд манай гэр бүлийг бүр эртнээс мэддэг болж таараад, тэдний хүүхэд энд юу хийж явдаг билээ гэж нэг асуусан санагдаж байна.

 

Харин С.Зоригийн хувьд намайг зүгээр нэг оюутан шавь нь байна даа гэхээс өөр юмгүй. Тэгээд тэр хоёр, намайг ямар мэргэжилтэй,хаана ажиллаад байгааг сонирхлоо. Би тэр үед ШУА-ийн Философийн хүрээлэнд дөнгөж ороод хэдэн сар болж байсан. Энэ утгаараа С.Зориг бид хоёр мэргэжил нэгтэй гэж болно.

 

Ойр зуурын юм сонирхож яриулсныхаа дараа тэр хоёр намайг “чи судалгаа хий, энүүгээр чинь дагнаж ажилладаг манайхны ийм ийм хүмүүс бий, тэдэнтэй шууд холбогдож ав” гээд чиглэл өгсөн. Тэр дагуу би чадах, ядахаараа тусалж, дэмжиж явсан. 1990 оны хавар сонгууль ч болсон, АИХ шинэ бүтцээр ажиллах болсон. Хүрээлэнгийнхээ ажлыг өөрчилж Засгийн газрын шинээр байгуулагдсан судалгааны төвд Монгол-Хятад-Оросын харилцааны чиглэлээр ажиллах болсон.

 

-1990 оны сонгуулийн дараахнаас С.Зориг агсан таван хүний хамт нам байгуулсан гэдэг юм билээ. Та анхны тавын нэг байх аа?

 

-1990 оны хавраас “Ардчилсан холбоо, эвслийнхэн өндөр албан тушаалд гарч, С.Зориг маань жаахан ганцаардаад эхэлсэн. Улстөрд тийм үзэгдэл болдог, байдаг л зүйл. Харин ямар аргаар, хэн ямар албан тушаалд очих хүсэлтэй вэ, зорилго нь юунд оршиж байна вэ гэдэгт л хамаг учир байдаг бололтой. Жишээ нь, С.Зоригтой Р.Гончигдорж, Да.Ганболд нар БНМАУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд яаж өрсөлдсөн билээ.

 

Тэр мэтээс эхлэн явсаар 1991 он гэхэд С.Зориг ганцаардмал, Ардчилсан холбооныхоо дотор ч ялгаагүй наадуулдаа нэлээн шахагдмал байдалд орчихсон байсан цаг. Тэгээд тэр намар З.Нармандах, Н.Туяа, улстөр судлаач Л.Эрдэнэтуул, С.Зориг бид тавуул нам байгуулах нь зүйтэй юм гэж ярилцсан. Тэгэхэд С.Зориг маань МоАХ-ныхоо ерөнхий зохицуулагчийн сонгуульт ажилд хэвээр байсан юмдаг.

 

Гэхдээ Ардчилсан холбоо хэдэн зуугаараа төрсөн бусад төрийн бус байгууллагаас өөрцгүй, дангаараа бол улстөрийн үйл ажиллагаанд бодитоор оролцох боломжгүй, учир нь хууль гаргахдаа зөвхөн намууд л сонгуульд орж суудал авч болдог, гагцхүү намаар л дамжиж улстөрийн албан тушаал гэх юм уу, эрх мэдлийн хуваарилалт явагддаг байдлаар нэгэнт хийчихсэн байлаа. Тийм хайрцагт оруулчихсан учраас хаашаа ч үгүй.

 

Харин Ардчилсан холбоо нийт ард түмний дунд нөлөө ихтэй, тэр эрчээрээ л явж байсан хэрэг. Дотроо янз бүрийн урсгал бий болох маягтай. Яриад байвал сайн, муу зөндөө зүйлийг эргэж сануулах хэрэг болох байх. Тэр бүгдийг энд нуршиж цаг аваад яахав.

 

-Тэгээд намаа хэдийд нь байгуулсан юм бэ?

 

-Бид тавын (гарын таван хуруугаар түр зуур намын бэлгэдэл хийж байв тэр үед) нам байгуулах үйл явц 1991 оны есдүгээр сард өрнөсөн юм. Бидэн дээр Ардчилсан холбооноос Ц.Ганхуяг гэж залуу нэмэгдсэн /Хүнс, хөдөө аж ахуйн сайд байгаад сүүлд Болгарт Элчин сайдаар ажиллаж байгаад ирсэн/.

 

Эрдэнэтээс Баттүвшин гэж залуу ирж байлаа. Ардчилсан холбоо өөрийнхөө аппаратад ажилуулахаар хоёр хүнийг хөдөөнөөс зориуд хот руу татсан нь тэр хоёр байсан юм. Алтангэрэл /Англи, АНУ-д элчин сайдаар томилогдож байсан/ зөвлөхүүдийх нь нэг, С.Зоригийн өрөөгөөр байнга орж гарна, Дорнодын Батцэнгэл салахгүй.

 

Тэгэхэд мань хүний алба хашдаг Олон улсын парламентын гүйцэтгэх хороо бас бяцхан аппараттай, Баярмаа (одоо ХХААЯ-нд байгаа), Батгэрэл, Лхагва гээд тусалдаг залуучууд нь шинэ намын ажилд их нэмэртэй. Миний хувьд яг энэ цагаас хойш Зоригтой дотносч байлаа даа.

 

-Парламентын бүлгийн дарга гэдэг тэр үедээ бас л албан тушаал биз дээ?

 

-Эрх баригчид Ардчилсан хүчниийхэнд албан тушаалыг хооронд нь өрсөлдүүлэх замаар өгч С.Зоригоос холдуулсан ч түүнд өөрт нь бас нэг юм өгөхгүй бол болохгүй санагдсан уу яасан, мань хүнд Парламентын бүлгийн дарга гэх сэтэр зүүлгэсэн юм. Онцын хэрэггүй ч магадгүй өөрт нь зориулж бий болгосон шиг байгаа юм. Ер нь бол ардчилсан парламенттай улс бүрт байдаг нэгж л дээ. Тэр үед бүх юм шинэ байлаа.

 

Ямар сайндаа 1920-1930-аад оны юмыг санагалзаж Улсын Бага хурал гэх нэр өгч байх вэ. Шинээр юм зохиох цаг зав ч байгаагүй байх. Нийгмийн зүгээс улстөрчдийг чөлөөт нийгэмд амьдарна гэх хандлагаар яаруулсан байдалтай. Улстөрчид нь тэр бүхний араас анхаарах, амжих ямар ч боломжгүй, ийм л байсан.

 

Парламентын бүлэг гэдэг нь Төрийн ордны баруун урд өнцгийн нэг давхарт нэлээн том өрөө байх. Тэнд бид заримдаа өдөр алгасахгүй цуглаж, намдаа ямар нэр өгөх вэ гэдгээс эхлээд ярьж тохирох гэж үздэг. С.Зориг нийгмийн чиглэлээр сэдэв авсан ч хамгаалж амжаагүй, аспирант хэвээр байсан. Тэгээд неоконсерватив гэх үзэл хамгийн тохиромжтой гэж нэг удаа ярьж, бидэнд ойлголт өгсөн.

 

Түүгээр нь тийм үзэлтэй, Монголын хөрсөнд ийм чиг баримжаатай улс төрийн институц байх ёстой гэж ярина. Хийж буй өөрчлөлтүүдийг нэлээд шүүмжилнэ. Мордохын хазгай гэгчээр буруу солгой хийгдсэн зүйл ч бишгүй байсан. Үндсэн хууль ч гараагүй завсрын /шилжилтийн/ үе шүү дээ. Ихэнх суудлыг шинэ хүчнүүд авч чадаагүй алдчихсан, МАХН /МАН/ -д молигодуулсаар байгаад 1990 оны ардчилагчид нийгэм даяар илэрхий гарч ирсэн өөрийн улс төрийн капиталыг бодит эрх мэдэл болгож чадаагүй. Гэхдээ ганц намын дарангуйллын тогтолцоотой харьцуулбал, мэдээж хэрэг эрх чөлөөний урь орж, юмаа чөлөөтэй ярьж хэлдэг болсон цаг. Халуун цочмог зүйлүүд ч бишгүй болж байсан.

 

-Жишээ нь...?

 

-Тэр үед жирийн багш байсан хүнийг Сайд нарын зөвлөлийн орлогч болгочихно гэдэг орвонгоор нь эргүүлсэн зүйл шүү. Ардчиллын лидерүүдийн амыг тийм байдлаар хааснаас ардчиллын партизанууд түүнээс болж их бухимддаг, дотроо их зөрчилтэй болчихсон. Үндсэндээ албан тушаалын механик хуваарьлалтыг дагаад задралын зах зух явагдаад эхэлчихсэн цаг үе байлаа.

 

 

 

Үргэлжлэл бий.