Говь-Алтай аймагтаа бөхөөр дээгүүр жагсах сумдын нэг нь Цээл юм. Монгол улсын 300 гаруй сумаас улсын цолтонгүй сум нэлээн олон байхад нэг сумаас улсын цолтой дөрвөн бөх төрнө гэдэг чамлахааргүй үзүүлэлт билээ. 1980-аад онд гайхуулж явсан Дугарын Нэмэхбаяр, 90-ээд онд шуугиулж явсан Сэдбайдарын Баатар нарын араас залган төрсөн бөх бол уран барилдаант улсын начин Лхагвасүрэнгийн Гантулга билээ. Бөхийн шинж төрх сайхантай, шуурхай түргэн барилдаантай шилдэг начны тухай чадан ядан эвлүүлснээ уншигч танаа хүргэе.

 

Өсвөрт өнгөлж, аймагт арслан болсон нь

 

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд С.Мөнхбат, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр нартай өрсөлдөж дэд аваргаар шалгарч байсан Гантулга хүү хорь шүргэх насандаа аймгийнхаа наадамд үзүүрлэж заан цолд хүрчээ. Хойтон жилийнх нь наадамд торолгүй түрүүлж “Аймгийн арслан” цол авч “Улсын цолд зүтгэж болох нь” хэмээн урам орж, итгэл нэмсэн байна.

 

Анх зодоглосон наадамдаа начны даваанд барилдсан нь

 

Арслан цолд хүрснийхээ хойтон жил төрийн их баяр наадамд зодоглон барилджээ. Цол бодож зодоглоогүй болоод тэр үү, бэлтгэл сургууль сайн байсных уу ямартай ч дөрөв давж улсын өсөх идэр начин До.Ганхуягт амлуулан барилдаж шороодсон байна. Магадгүй ахлах цолтнууд амлалгүй үлдээсэнд урамшин, цолд хүрэх боломж дүүрэн байгааг ойлгосон наадам байсан болов уу.

 

Аймаг цэрэгт олон түрүүлбэл ахих цол ойрхон

 

1990-ээд онд “Анагаахын” хэмээн нэршиж, улсын цол горилж, улам дээшээ ахиж байгаа залуусыг нээн тодруулдаг байсан барилдаан бол эдүгээ бөх сонирхогчдын эчнээ мэдэх аймаг цэргийн цолтны барилдаан юм. Энэхүү барилдааныг жилд арав илүү удаа зохиодог агаад тухайн жилээ хамгийн олон түрүүлсэн бөх цол ахиж, улсын цолд хүрдэг бичигдээгүй ч, батлагдсан “хууль” байдаг. Эрдэнийн Батбаатар, Түмэнсанжаагийн Мөнгөнцоож, Цэрэндашийн Цогтжаргал нар энэ л барилдаанд илүүрхэж, хамгийн олон түрүүлсэн бөхөөр тодорсон жилээ улсын цолд хүрч байсан билээ. Уг “бичигдээгүй хууль”-ийн дараагийн төлөөлөл нь Лхагвасүрэнгийн Гантулга билээ.

 

2007 оны аймаг цэргийн цолтны барилдаан тун ширүүн болж байсныг бөх шимтэн сонирхогчид андахгүй. Арай түрүүчийн сайчуул Р.Түвшинбаатар, Т.Санчир, Ж.Оргил, Б.Бадамдорж, Ж.Отгонбаяр, Ш.Тогтохбаяр, А.Сүмбээ, Б.Дамба, Б.Соронзонболд, Ш.Жаргалсайхан нар, араас нь залгасан дөмгүүд А.Бямбажав, Л.Нямсүрэн, Б.Золбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Түвшинбаяр нар энэ барилдаанд “чихэлддэг” байлаа. Тэр жилийн аймаг цэргийнхний барилдаанд нэгээс илүү түрүүлэх бөх нэг л байсан нь Л.Гантулга. Түрүүлэх түрүүлэхдээ дараалан түрүүлж байлаа.

 

Хос начны нэгээр тодорсон хойтон жилийн наадам

 

Нэг сумаас бүү хэл, нэг аймгаас хоёр начин хамтдаа төрөх тохиолдол тун цөөн байдаг. Ойрын жишээ гэвэл 2000 онд Архангайн Цэнхэрээс, 2004 онд Өвөрхангайн Бүрдээс хос начин төрж байлаа. Түүхийг түүчээлсэн дараагийн сум нь Говь-Алтайн Цээл байв. Ардын хувьсгалын 86 жилийн ойн их наадмаар Цээлээс хос начин төрж, ховор амжилт гаргасан юм. Тэр жил Л.Гантулга Баян-Өлгий аймгийн арслан М.Төртулга, улсын начин Н.Түмэннаст, улсын заан Д.Бумбаяр, улсын заан Ц.Мягмарсүрэн нарын бөхчүүдийг шороодуулж “Монгол улсын начин” цолд хүрсэн билээ.

 

Дараа онуудын наадмын даваа унаа

 

Цолд хүрснийхээ хойтон жил үе тэнгийн анд, Завхан аймгийн арслан Т.Энх-Амгаланг гурвын даваан амлан авч өвдөг шороодуулжээ. Гэсэн ч дөрвийн оноолтод мөн Завхан нутгийн бөх, улсын начин Ц.Сумьяабээст барьц сонгуулан өвдөг шороодсон билээ.

 

88 жилийн ойгоор уран дайчин барилдаант, аймгийн начин Ц.Чимэддоржийг амлан барилдаж орхисон бол, дөрвийн оноолтод өсөх идэр начин Ш.Уламбаяртай учирч өвдөг шороодуулсан юм. Улмаар тавын даваанд улсын харцага Л.Пүрэвжавт амлуулан тун тэмцэлтэй барилдсан ч унаган мэхэнд нь орж унасан билээ. Манлай харцагад шахаж татуулан унаж буй зургийг бөх сонирхогчид маань санаж буй нь лавтай.

 

2010 оны наадамд хоёр даваад нутгийн бөх аймгийн арслан Б.Суманчулуунд, 90 жилийн ойгоор дөрвийн даваанд Сүхбаатар аймгийн арслан О.Баярхүүд, 2012 онд дөрвийн оноолтод улсын начин П.Ганхүүд, 2013 онд гурвын даваанд Сэлэнгэ аймгийн арслан Б.Дэлгэрсайханд, 2014 онд гурвын даваанд аймгийн арслан Б.Суманчулуунд, 2015 онд дөрвийн оноолтод улсын начин Л.Цэрэнтогтоход тус тус шороодсон байна. Хоёр жил бяртай начингуудтай оноолт таарч өвдөглөсөн бол хоёр удаа аймгийн арслан Б.Суманчулууныг даваа ахиулсан байна. Өнөө жил тэгш ой тохиож, олон бөх зодоглоно. Тиймээс начин маань хэн нэгнийг дэмжилгүй, өөрийн санасан бодсоноо гүйцээж, наанадаж тав, цаанадаж зургаа, долоо давах нь дамжиггүй биз ээ.

 

Төрмөл бөх

 

Бөх сонирхогчид, судлаачдын хэлдгээр Гантулга начин төрмөл бөх юм. Биеийн хийц галбир, шинж төрх анх барилдаж эхэлсэн цагаасаа бусдаас ялгардаг байсан даа. Сүүлийн үед дуулдах болсон, допинг сэргээш зэрэгт үнэн голоосоо дургүй тэрээр улсын заан Ч.Санжаадамбын хамтаар “Үнэн хүчийг үзэн барилдъя” хэмээн бөхчүүддээ уриалж байсан билээ.

 

Уран барилдаан, урамтай даваанууд

 

Гантулга начин уран хурц мэхтэй, удаж төддөггүй барилдаантай бөх. Тэрбээр хөл авах, хонгодох, хутгах, тонгорох зэрэг мэхийг даалгаж хийдэг. Хааяа хааяа өмсчихөж харагддаг. Нэгэн барилдаанд Ховд аймгийн арслан Д.Бадамгаравыг өмсөж давж байсан бол улсын харцага Ц.Содномдоржийг өмсөөд тун ойролцоо газардаж байсан билээ. Мөн дээр өгүүлсэн аймаг цэргийн цолтны барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлэхдээ Төв аймгийн арслан Б.Дамбыг хутгангуут залгуулан тахимдаж хаясан бөгөөд тухайн үед мэргэжилтэн, багш нар угсраа мэх биш давхар мэх хийлээ хэмээн магтацгааж байсан юм. Ер нь Гантулга начны барилдаан зоримог шийдмэг, дайчин байдаг онцлогтой.

 

Бөхчүүд түүнийг үнэлдэг

 

Олон сайн бөх “Манай Гантулга ч эр хүн шиг эр хүн дээ” гэж хэлэхийг сонсож байлаа. Юуны учир ингэдгийг мэдэхгүй ч олны яриа ортой гэдэгчлэн Гантулга начин маань “мужик” эр байх аа. “Мужик” гэж эрс шулуухан, хэлсэндээ хүрч, зорьсноо биелүүлдэг хүнийг хэлдэг. Өнөө зун начин маань зорьсноо биелүүлж, цолоо ахиулах биз ээ.

 

Т.Түмэндэмбэрэл

 

ЭХ сурвалж: МҮБХ