2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль мажоратори системээр явагдах нь тодорхой боллоо. Уг нь сонгуулийг 28:48 гэсэн холимог системээр явуулахаар хуульчилсан.

Намын жагсаалтаар 28 нь , томсгосон 26 тойргоос 48 сонгогдохоор хуульд заасан. Харин намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн талаар нэр бүхий иргэд ҮХЦ-д өргөдөл гаргасан. ҮХЦ иргэдийн гомдлыг хэлэлцээд пропорцианал системийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн юм.

 

Учир нь Үндсэн хуульд иргэн төрийн төлөөллөө шууд сонгох зарчмаар парламентыг бүрдүүлнэ гэж зааснаас бус ямар нэгэн байдлаар намыг сонгох талаар тусгаагүй билээ. Өмнөх 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Өмнөх сонгуулийн хуулиудад “УИХ-ын сонгууль явагдахаас 6 сарын өмнө уг хуульд ямар нэг өөрчлөлт хийж болохгүй” гэсэн заалт үйлчилж байлаа. Харин энэ удаагийн Сонгуулийн хуульд дээрх заалтыг хасч, нэмэлт өөрчлөлт оруулахыг нь нээлттэй үлдээсэн. Тиймээс л сонгуулийн цаг хугацааны хуваарь энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхээ эдлэн, Сонгуулийн хуульд нэмэлт оруулах хэд хэдэн төсөл өргөн барьж , ҮХЦ ч дүгнэлт гаргах эрх нээгдсэн. Хэрвээ уг дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй бол ҮХЦ их суудлын хуралдаанаараа дахин хэлэлцээд тогтоол гарна. Энэ тохиолдолд УИХ ҮХЦ-ийн тогтоол хэлэлцэх эрх байхгүй. Зөвхөн хэрэгжүүлэх л үлдэх юм. Тиймээс хүлээж авахаас өөр гарц парламентад үлдээгүй биз.

 

Хуулиараа тавдугаар сарын 2-8-ны өдрүүдэд намууд сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Үүнээс өмнө хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлага, шахуу хуваарьтай парламентад туллаа. “Жагсаалт”-ыг халсан ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авч, Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулах нь сонгуулийн санал авах хугацааг хойшлуулах нөхцөл бүрдэнэ гэж зарим улстөрчид үзэж байсан. Гэхдээ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авснаар сонгууль явагдах хугацааг хойшлуулах шалтаг болохгүй гэж МАН үзэж байна. Тэд томгосон 26 тойрогт жагсаалтын 28 мандатыг хуваарилах асуудал байгаа. Хөдөө орон нутгийн тойргуудад 20-ийг, хотын тойрогт 8 мандатыг хуваарилах зохицуулалт хийнэ” гэсэн байр суурьтай байна лээ. Түүнээс 76 жижиг тойргийг гаргах шаардлагагүй гэж үзжээ. Түүнчлэн МАН-ынхан мажораторийг халснаар ухарсан үйлдэл болохгүй, сонгогчдын сонгох эрхийг нээсэн урагштай алхам гэж байна лээ. Харин эрх баригч хүчин АН одоогоор байр сууриа тодорхой илэрхийлээгүй байгаа юм.

 

Зарим улс орнуудад намуудын төлөвшилтэй уялдуулж холимог системээр сонгууль явуулдаг. Харин манай намын жагсаалтаар сонгох нь одоохондоо төлөвшөөгүй улс төрийн хүчнүүдэд “хүндэдсэн” үйлдэл. Намын жагсаалтыг үлдээснээр дахин оймсноос шидэгдэн парламентын цонхоор орж ирэх нь хэвийн үзэгдэл болно гэж үзэх хэсэг байна. Нөгөөтэйгүүр сонгуулийн холимог тогтолцоогоор явуулж намын жагсаалтыг оруулснаар зарим нэг эрхмүүд намын удирдлагадаа тал засахад найр тавихад илүүтэй анхаарч, намыг төлөвшүүлэх бус задаргахад хүргэж байгааг шүүмжлэх хүмүүс ч бий.

 

Жагсаалтад багтахгүй тойргоос нэр дэвшихээр өрсөлдөөнд бэлтгэж байсан горилогчид өнгөрсөн хугацаанд сонгогчидтойгоо хэдэнтээ уулзаж, ярилцаж, бараагаа үе үе харуулаад амжсан байгаа. Харин жагсаалтад багтана хэмээн нүүр бардам гэдийж явсан эрхмүүдийн хувьд байдал бишдэж, асуудал эргэх хандлагатай. Тиймээс тэд сонгогдохоор горилж байгаа тойргоо бараадаж, сонгогчдоо тойглох шахуу хөтөлбөртэй туллаа. Парламент сонгуулийн сурталчилгааны хугацааг сар хүрэхгүй богиносгож, саналын хуудасны тоог ч нөөцгүйгээр баталсан. Нэгэнтээ мажораториар сонгуульд оролцох бол нэр дэвшигчид сурталчилгааны хугацаагаа чамлах магадлалтай. Гэвч сонгуулийн сурталчилгааны хоногийг сунгах хугацаа байхгүй, давчуу. Ямартай ч 60 чавганц уралдвал нэг нь төрүүлдэг гэгчээр сонгогчдын хувьд сонгууль болдгоороо болж, саналаа өгдгөөрөө өгөх нь дамжиггүй.

 

Сонгуулийн хуулиа батлаад өөрчлөлт оруулах асуудлыг нээлттэй үлдээсэн парламент бүрэн эрхийн сүүлийн хугацаандаа тулсан ачаалалтай ажиллах нь. Гэхдээ сонгуульд хэрхэн оролцох талаар өөрсдөдөө зориулсан хуульд эрхэм 76 гишүүд ухаанаа уралдуулах биз ээ.

 

Н.Энхлэн

fact.mn