П.Гантулга: Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог зээлийг нээлтэй, ил тод болголоо

Дотоодын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөл дээр нь босгох жижиг дунд үйлдвэрийг төрөөс сүүлийн үед илүүтэй дэмжих чиглэлээр бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд зээл олголт шударга бус, төрөөс мөнгө зарцуулаад байдаг, жинхэнэ эзэнд нь хүрэхгүй байна гэдгээр шүүмжлэлийг дагуулсаар байдаг. Тиймээс зээл авах төслийн сонгон шалгаруулалт, зээл олголтыг ил тод болгох шаардлагатай болжээ. Энэ талаар Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулгатай ярилцлаа.


-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн үед их анхаарч байгаа нь харагддаг юм. Ер нь төрөөс ямар дэмжлэгийг ЖДҮ-лэгчдэд үзүүлж байгаа вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Энэ асуудлыг зөвхөн нэг талаас нь дэмжээд төсөв хөрөнгө зарцуулаад байхдаа гол нь биш. Олон талаар хамтарч ЖДҮ-ийнхнийг дэмжин ажиллана. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэхэд 2009 оноос хойш бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ. ЖДҮ-ийн шаардлагатай 1000 гаруй тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөллөө. Ингэхдээ Мэргэжлийн холбоод, салбар яамдуудаас ирсэн саналыг нэгтгээд Гаалийн ерөнхий газартай тохирч, гаалийн татварыг тэглэсэн. Мөн сүүлд Зээлийн батлан даалтын сан байгуулагдсанаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгардаг хамгийн том асуудал болох барьцаа хөрөнгийг шийдвэрлэх том алхам хийлээ. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдаж, тусдаа статустай ч бид хоорондоо уялдаа холбоотой ажилладаг юм.

-Сүүлд ЖДҮ-ийн аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогоос нь хамаарч, татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Татварын хөнгөлөлтийн асуудал одоо бүрэн эцэслэгдээгүй, зорилтын төвшинд л байна. Ер нь энэ асуудлыг шийдэхийн тулд хуулиудад нэмэлт оруулах шаардлагатай. Гэхдээ үзэл баримтлалын хувьд, 1-9 ажиллагсадтай, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөг байвал тэдэн хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ гэх зэргээр шатлал оруулна л даа.

-Зээлийн батлан даалтын санг хүмүүс их сонирхож байгаа ч шалгуурт нь бүдрээд байх юм. Одоогоор ер нь хэрхэн ажиллаж байгаа бол?

-Санд хүмүүс их ханддаг ч яг батлан даалгах гэхээрээ бүдэрчихдэг гэх юм. Санг идэвхжүүлж, зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй юм бол оо?

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдсанаар зээл хүсэгчдийн барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувийг батлан даах юм. Одоогоор сангаас 23 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд 1.9 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байгаа мэдээлэл бидэнд ирсэн.

-Жижиг дунд үйлдвэрлэлээр төрөлжсөн зээл өгөөд удаж байгаа л гэдэг. Зээлийн шаардлага, нөхцөл нь ямархуу байдаг юм бэ?

-ЖДҮ-ийг чиглэсэн гэдэг утгаараа аль ч арилжааны банкинд байдаггүй хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэй. Жилийн долоон хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай зээлийг 2009 оноос олгож эхэлсэн. Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид эхний жилд үндсэн зээлийн төлбөрөөс 100 хувь чөлөөлж, зөвхөн хүүг төлнө. Харин хоёр дахь жилээс үндсэн зээлээ төлж эхлэх бөгөөд үйлдвэрлэгчдийг зээлийн дарамтанд оруулахгүйн тулд ийнхүү уян хатан нөхцлийг санал болгодог.

-Энэ хугацаанд хэчнээн хүнд хэдий хэмжээний зээлийг олгосон бэ?

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 5.549 аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төслийг шалгаруулж нийт 489.5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлсэн. Ажлын байраар авч үзвэл, 26.492 үндсэн ажлын байр нэмэгдэж, 17.365 ажлын байрыг хадгалж үлдсэн.

-Зээлийн зарцуулалт ер нь жинхэнэ хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстээ очиж чадаж байгаа болов уу. Таньдаг мэддэг ар, өврийн хаалгаараа зээл гаргаад байна гэж шүүмжилдэг шүү дээ?

-Ер нь зээлийн асуудал их шүүмжлэл дагуулдаг л даа. Ер нь зээлийн эх үүсвэрийн зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалтыг ил тод байлгахын тулд зээл олгох бүхий л явцыг нийтэд мэдээллэж байхаар болсон.  Хамгийн гол асуудал энэ болоод байна л даа. Зээлийг хэрэгтэй байгаа эзэнд нь олгож байгаа шүү гэдгийг харуулахын тулд нээлттэй болгож байгаа юм.

-Энэ хэмжээний зээлийг эцэс төгсгөлгүйгээр гаргана гэж байхгүй. Эх үүсвэрийг хэрхэн шийдсэн юм бэ?

-Зээлийн эх үүсвэрийг жил бүрээр нь авч үзье. 2009 онд улсын төсвөөс 30 тэрбум төгрөг, банкны оролцооноос 8.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, нийт 38.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. 2010 онд улсын төсвөөс 30.4 тэрбум төгрөгийг санхүүжилт авч, банкны оролцооноос 9.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. 2011 онд УИХ-ын А/30 дугаар тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн салбар болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргаж, бондын эх үүсвэрээс 150 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, үүн дээр нэмэгдэн нийт 175.1 тэрбум төгрөгийн зээл олгосон. Мөн Засгийн газрын бондын хөрөнгөөс ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх чиглэлд 150 тэрбум төгрөгийг тухайн үеийн ХХААХҮЯ-аас байгуулсан ажлын хэсгийн шийдвэрээр олгосон. Бондын хүүг төрөөс хариуцаж 44.5 тэрбум төгрөгийн хүүг төлсөн бол бондоос олгосон зээл 2016 онд бүрэн төлөгдөх төлөвлөгөөтэй. 2012 онд дээрх зээлийн эргэн төлөлтөөс эх үүсвэрийг болгож байсан. 2013 онд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилт оруулж, одоогоор ЖДҮ-лэгчдэд 39 тэрбумыг зээлээр гаргаад байна.

-Энэ жил ахиж зээл олгох уу?

-Хөгжлийн банкнаас оруулсан эх үүсвэрийн үлдэгдлийг зээлээр гаргана. Одоо 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээл хүсэгчдийн материалыг авна. Харин 11 дүгээр сарын 11-нд ирүүлсэн төслүүдийг  Төсөл сонгон шалгаруулах комисс  хуралдана. Ингээд дүнгээ гаргаж Хөдөлмөрийн яамны цахим хуудсаар нийтэд мэдээллэнэ.

-Зээлийн ерөнхий шалгуур ямар байдаг юм бэ?

-Монгол Улсад хэрэгтэй, шинээр ажлын байр бий болгох, хуучин байгаа ажлын байраа хэрхэн хадгалах юм гэдгийг харгалзахаас гадна үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүдийг дэмжих гол чиглэлтэй. Арилжааны банкууд бол харин эрсдлээ өөрсдөө тооцон, зээлийнхээ ерөнхий шаардлагыг тавина. Гэхдээ үүнд ямар асуудал хамгийн хэцүү вэ гэхээр, барьцаа хөрөнгө. Үүнийг шийдэх нь л Зээлийн батлан даалтын сан шүү дээ. Тэгэхээр төслөө сайн бичиж орж ирсэн ЖДҮ-ийнхэнд зээл нээлттэй.

-Төслөө танилцуулаад зээл авах гээд ирж байгаа  хүмүүсээс ямар дутагдал гарч байна вэ. Зээл гаргахад бизнес эрхлэгчдийн зүгээс ямар хүндрэл гардаг вэ?

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид их ханддаг болохоор ч тэр үү. Төслөө боловсруулаад ирэхдээ алддаг юм бий л дээ. Гэхдээ энэ бүрт манайхаас төслийн зөвөлгөө өгөх, сургалтыг хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулаад явуулдаг.

У.БОЛОР