Монгол улсын нийт хүн амын  тал хувь нь нийслэлд төвлөрөөд байгаа энэ цаг үед  гэмт хэргийн улмаас 10 хүн өдөрт гэмтдэг.  Гэмтэл авсан тэдгээр хүмүүсийн нэгээс хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг.

 Мэдээж гэмт хэргийн улмаас гэмтэл авсан ч  улсын хэмжээнд нэг ч хүн нас бараагүй өдөр ч   байдаг.  Гэхдээ  гэмт хэргийн бус шалтгаанаар нас барсан хүмүүсийн  тоо  үүн дээр нэмэгдэнэ.  Тэгэхээр нийслэлд  нас барж байгаа хүмүүсийн  тоо  манай улсын хэмжээнд тухайн өдрөөсөө шалтгаалаад янз бүр байдаг гэж хэлж болохоор байна.  Улсын хэмжээнд жилд дунджаар 15,8 мянган хүн нас бардаг гэсэн статистик судалгаа бий. Нэг хүн дунджаар 7 м.кв газар олгодог жишигт үндэслэвэл жилд 11,0 га эдэлбэр газрыг оршуулгын ажилд зориулдаг. Харин нийслэлд жилд 7,6 га эдэлбэр газрыг ийм зориулалтаар олгожээ.

Бурхан болоочдоо манайхан ихэвчлэн  Далан давхраас эхлээд Их наран, Маахуур толгой, Алтан-Өлгий, Мянган лан  зэрэг ачаалал нь хэтэрсэн, дахин хүн “тавих” боломжгүй гэсэн газруудад  оршуулдаг.  Энэ нь эргээд ойр орчимдоо байгаа  хүн малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ  хөрсний, агаарыг бохирдуулдаг. Өөрөөр хэлбэл   бурхан болоочийг чандарлах бус байгаль дэлхийдээ шингэг хэмээн булшилбал хүний бие 60 орчим жилийн дараа задардаг байна.  Тодруулбал,  эхний 3-5 жилд зөөлөн эдүүд, 40-50 жил ба түүнээс цааш хатуу эд ясууд задардаг. Ингэж удаан хугацаагаар задрал явагдахдаа агаар мандалд 20 шахам төрлийн хорт хий хүчлүүд ялгаруулдаг байна. Тухайлбал цууны хүчил, шоргоолжны хүчил, амиак, хүхрийн хүчил, нүүрс хүчлийн дутуу исэл хүхэрт утөрөгч, метан зэрэг хорт хий хүчлийг ялгаруулж агаарт дэгдээдэг. Хөрс газрын хэвлийд оршуулсан шарил нь тодорхой өвчний нянгуудаар газрын хэвлийг бохирдуулж тэр нь маш олон жил амьдарч өвчлөл тараах гол нөхцөл болдог. Жишээ нь: Боомын савханцар 30 жил, сүрьеэгийн савханцар 30-40 жил, тарваган тахал 40 жил ба түүнээс дээш хугацаанд оршин амьдарч өвчлөл үүсгэх боломжоо хадгалж байдаг.

Бурхан болоочдын бие задарч байхад нь  хулгайч, дээрэмчид нь булш ухаж, тонодог.   Дээрээс нь оршуулгын газартай хаяа дэрлэн хамт байдаг  нийслэлийн  30 000 гаруй айл өрхийн  нохой нь талийгаачийн цогцос дээр  сарина.  Мөн  хүүхдүүд нь  оршуулгын хөшөөн дээр нь гарч тоглож байхад  тэдний аав ээж  ах эгч нь  оршуулган дээр хээв нэг  алхаад гарна.  Өөрөөр хэлбэл бурхан болоочдоо Монголчууд  хүндэлж,  ясыг нь  өндөлзүүлнэ байг хэмээн  хөгшид цээрлэдэг. Тэгтэл энэ ёс заншил өнөө үед утгаараа алдагдчихаад байна.  

Тэгвэл дэлхийн бусад улс орнууд  бурхан болоочдоо  ил тавих, чандарлах зэрэг олон арга хэрэгэлдэгэ.  Манай улсын хувьд  ил тавих арга нь халдварт өвчин дэгдээхээс эхлээд олон сөрөг талтай.  Өнөөдөр хэрэглэж байгаа булшлах арга нь  хүний эрүүл мэндэд сөргөөр  нөлөөл хөрсний бохирдол үүсгэж байгаа.  Тэгвэл өнөөдрийн нөхцөлд хамгийн тохирох арга нь  чандарлах болж байгаа юм.  

Оршуулгын энэ зан үйл нь монголчуудын хувьд шинэ зүйл огт биш. Хутагт хувилгаад, эгэл хүний чандрыг суваргалан шүншиг зай хийж мөнхжүүлэх нь ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотныхонд нь хамгийн сайн. Нас барагсдын хойноос суварга босгох нь тухайн хүний хойноос хийж буй их буяны нэг, амьд сэрүүн ахуйдаа ямар буянтай ачлалтай байсан тэр хэвээрээ байж, зуурдын харанхуй ертөнцөд сүнс нь торолгүй дээд төрлийг олдог хэмээн бурхны номд бичсэн байдаг. Ер нь оршуулгын энэ хэлбэр сайн нөлөөтэйгөөр барахгүй нийслэлийн хүн амын эрүүл амьдрах орчин, байгаль экологид ч өндөр ач холбогдолтой. 2004 онд анх нийт нас баралтын 20 хүрэхгүй хувь нь чандарлах зан үйлээр оршуулдаг байсан бол жил ирэх тусам энэ хувь хэмжээ өсч, өнөөдрийн байдлаар 43 гаруй хувь нь бурхан болоочдоо чандарлаж байна. Дэлхий нийтийн чиг хандлага чандарлаж оршуулах хэлбэрт шилжсэн.  Санхүүгийн хувьд ч энэ арга нь харьцангуй хямд байдаг.  

“Чандарлахын гол увидас бол галд өргөж бүх зүйлсийг таван билгийн мөн чанар дор хувирган, өнгөрсөн хүний хүрийг гал мандлын олон бурхадын өмнө сайн эд болгон өргөж байна гэсэн үг. Ингэж өргөх нь сүнсийг тэтгэж өгнө. Сайн төрөл авч зуурдад төөрөхгүй, амьд ахуйдаа хураасан нүгэл хилэнц түүтгэрийг гүн цэвэрлээд өгөхөөр сайн заяанд явах зам засарч байна гэж ойлгож болно” хэмээн бурханч лам Г.Пүрэвбат тайлбарласан байдаг.  

Бурхан болоочдоо чандарлуулчихбал  хулгай, тонуулчдаас айж, санаа зовохгүй, цогцсыг нь хэн нэгний нохой зууж явахгүй, сэглүүлэхгүй байх олон давуу талтай.  

Тиймээс бурхан болоочдоо хүндэтгэлтэй хандаж,  чандарлах ёсыг сонгоцгоое нийслэлчүүдээ ...

Э.Мөнгөн