Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхнээс өөрт тохиолдоод буй асуудлаа хэрхэн яаж шийдэх талаар зөвлөгөө авах гэсэн юм.
Би эхнэртэйгээ танилцаад, үерхээд, нэг гэрт орж амьдралаа холбоод 8 жилийг ардаа үджээ. Анх би эхнэртэйгээ Оросд сургуульд сурахаар очихдоо танилцаж байсан юм. Анхандаа 2 биендээ тусалж, өдөр хамт хоол идэж, хааяадаа хамт кино үзэж, зугаалж явсаар 2 биендээ дасаж дурлан, албан ёсоор үерхэж эхэлсэн юм. Шинэ дээрээ мэдээж бүх зүйлс сайхан байдаг байлаа. Нэгнийхээ алдаа дутагдалтай талыг гүйцэд сайн мэддэггүй болохоороо тийм байсан байх л даа. Өдөр хоног, цаг хугацаа явах тусам 2 биенийхээ алдаа дутагдалыг мэдэж түүн дээрээ хааяадаа маргадаг байлаа. Заримдаа бүр салах дээрээ ч тулдаг байсан. Гэвч 2 биенээ гэсэн хайр байгаа болохоор үсрээд л 2, 3 хоног дуу муугаа хурааж, гомдож тунирхаад буцаад эвээ олдог байлаа.
Үерхэж явсаар бид 2 нэг гэрт хамт амьдрахаар шийдсэн юм. Нэг гэрт ороод л өглөөнөөс орой хүртэл, өглөө сэрсэн ч хамтдаа байх нь бид хоёрт сайхан санагддаг байлаа. Мэдээж хэсэг хугацаа өнгөрнө, хоёр өөр амьдралын хэв маяг гэх зүйлээс болж мөн л зөрчилдөөн гарна. Мэдээж бүх гэр бүлүүдэд ийм асуудал тулгардаг байх л даа.
Би эхнэрээ баярлуулах дуртай. Өөрийн зүгээс хийж чадах бүх зүйлээрээ түүнийгээ баярлуулахыг хичээдэг. Түүнийхээ хүслийг биелүүлнэ гэдэг надад аз жаргал авчирдаг. Тэр нэг жил би Оросд төгсөх ангийн оюутан байсан ч эхнэр маань Монгол явах хүсэлтэй, энд байх хэцүү байна гээд байхаар нь сургуулиа орхиод хамтдаа Монгол руу буцаж байсан юм. Эхнэр маань л жаргалтай байвал болоо гэж бодоод би шийдсэн юм.
Хамт амьдраад 5 жилийн дараа бид хоёр хүүхэдтэй болсоноо мэдсэн юм. Бөөн аз жаргал, баяр хөөр болж байлаа. Хүү маань 10 сарын дараа аав, ээж 2 дээрээ ирж аз жаргал бэлэглэв. Хүү маань ч төрлөө, амьдралын хэв маяг ч дагаад өөрчлөгдлөө. Ажил төрөл олдохгүй санхүүгийн асуудал тиймхэн байсан ч эхнэр маань хурим хийх хүсэлтэй байсан болохоор бүхнээ шавхаад л хурим найраа хийлээ. Эхнэр маань ч их баярласан. Удалгүй тусдаа гарч шинэ байранд орьё гээд байхаар өр шир тавиад шинэ байранд орж амьдралаа эхлүүлсэн юм.
Жирэмсэн байх үе, мөн төрсний дараа эмэгтэй хүний зан араншинд өөрчлөлт ордог гэсэн. Манай эхнэрт ч адилхан өөрчлөлт бүр илт орсон. Хэт жаахан юманд эмзэглэх, уурлах, түүнээсээ болж маргалдах асуудал ихээр гарах болсон. Тэр болгон дээр өөдөөс нь дагаад маргалдаад байвал асуудал улам хүндэрнэ гэдгийг мэдээд би зүгээр л дуугаа хураагаад сонсоод байж байдаг болсон. Одоо хүү маань удахгүй 11 сар хүрнэ. Гэтэл эхнэрийн маань зан ааш энэ хэвэндээ тогтоод улам л зан нь бүр ч эвдрээд байх шиг сэтгэгдэл ойрд төрөх боллоо.
Эхнэрээ би муулах гээгүй ч эхнэрт маань байдаг нэг дутагдалтай тал байдаг юм л даа. Өөрийнх нь талаар болохгүй байгаа, алдаа дутагдалын талаар ярьж хэлэхэд уурлан, огт түүнийгээ хүлээн зөвшөөрч засах хүсэл байдаггүй тал байдаг юм. Тийм байж намайгаа болохоор чи ингэдэг тэгдэг, ийм тийм гэж бүх л алдааг маань хэлдэг. Би ч түүнийгээ хүлээн зөвшөөрч засахыг их л хичээдэг. Мөн юмыг өнгөрөөж мартана гэж огт байхгүй. Маргаан болоход л түүнийг сөхөж хэрүүлдээ оруулдаг. Бас нэг юм нь бүхнийг үргэлж өөрийнхөөрөө байлгах дуртай зан юм. Өөрийнх нь буруу байсан ч зөв гэж зүтгэн эцэстээ буруутан нь би болоод л дуусдаг. Эмэгтэй хүний бардам зан гэж байдаг ч хааяадаа өөрийн зүгээс буулт хийж байвал уг нь харилцаанд маань сэв суух нь бага юмдаа. Гэвч тийм биш, эр хүн гэхээрээ гомдож болохгүй, гуниглаж болохгүй, бүхнийг тэвчээд байж байх ёстой юм шигээр л надад аашилдаг.
Намайг гунигтай эсвэл сэтгэл санаа жоохон тиймэрхүү байх үед асууж лавлан сэтгэл засах биш өөр дээрээ тусгаж аваад л дагаж уурлаад дуугаа хураачихдаг. Бас өөрөө өвдөхөөрөө надаас их л халамж хүсдэг. Би ч уг нь чадахаараа л хоол унд хийж өгч, хүүхдээ өөрөө харж, эм тариаг нь гаднаас зөөж авчирч өгдөг. Гэтэл намайг өвдөхөөр арчаагүй, хэнэггүйгээр нь дуудаад л өөрийгөө авч явж чадахгүй барихгүй гээд л уурлачихдаг. Хүний нөхөр л болсон хойно халамжыг би бас хүснэ шүү дээ.
Би өөрөө тийм ч төгс хүн биш гэдгээ мэднэ л дээ. Мэдээж надад алдаа дутагдал их л байгаа. Гэхдээ би уг нь аливааг аль болох эвээр шийдэхийг хүсдэг. Энэ дээр бичсэн зүйлс ч яахав ээ угаасаа эхнэрийнхээ ая эвийг тааруулсаар байгаад бараг дасчихсан. Харин сүүлийн хэдэн сар нэг зүйл бүр сэтгэл санааг минь зовоох боллоо. Өмнө тэгдэггүй байсан ч сүүлийн үед би гэртээ амьдарч байгаагаа эсвэл айлын хажуу өрөө түрээсэлж байгаагаа ялгахаа байлаа.

Гэртээ хийх юмаа өөрийн дураар хийж болохоо байсан. Бүх юмыг зааж, хориглож байх боллоо. Юм угаасан ч, хоол унд хийсэн ч, бүр 00 ороод жаахан удаж ч болохоо байлаа. Тэгээд л энэ жижиг сажиг асуудлыг чинь дэвэргэж асаагаад л хэрүүл өдөж, юм хумаа шидэлдэг боллоо. Би бүр гайхширалд ороод сууж байна. Би гэртээ өөрийн дураар байж болох уу гээд хэлчихвэл ёстой бөөн юм болж аягүй бол би энэ гэрээс чинь явлаа гээд гараад явж мэдэх хүн. Чухам яаж ойлгуулж яаж энэ асуудлыг шийдэх аргаа үнэндээ хайгаад олохгүй байна. Магадгүй хүмүүс сал барь гэх байх л даа. Би хүүгээ бодоод юу ч болсон бай эхнэрээсээ салж чадахгүй. Би өөрөө хагас өнчин өссөн болохоор хүүхдэдээ энэ зовлонг амсуулахыг би хүсдэггүй юм.
Та бүхэн надад туслаач. Яавал эхнэр бид хоёр ойлголцож чадах вэ? Яавал дээр вэ? Та бүхэн минь надад зөвлөөч. Баярлалаа.