Хэдхэн жилийн өмнө улсын төсөв нь 200 тэрбумд эргэлдэж байсан төсөв өнөөдөр хэдэн их наядаар тоологдох болж, уул уурхайн баялаг Монгол Улсыг дэлхийн баячуудын эгнээд авчирна гэгдэж байна. 

Өнгөрсөн 20 гаруй жилийн турш эдийн засагт дутагдаж байгаа мөнгийг хаанаас олох, суларсан валютын ханшаа хэрхэх гэх мэт үйлдэл дээр тоглож байсан бол харин одоо эерэг нөхцөлийн хүндрэлтэй тулгарч байна.

Энэ нь авдартаа байгаа мөнгийг гарынхаа салаагаар урсгасан төрийн бодлогогүй, үрэлгэн авгай шиг захиран зарцуулалтаас үүдэлтэй орлого зарлагын алдагдал, монгол төгрөгийн үнэгүйдэл ба харийн мөнгөний ноёрхол юм.  

Нэгэн үе эдийн засаг гэхээр хэдхэн хүнд хамааралтай, сонирхолтой бус сэдэв шиг нийтээрээ ойлгодог байсан бол өдгөө энэ салбар хэн хүний өөрийн эрхгүй өнгийх хэмжээний яриа болжээ. Учир нь хоног тутамд ам.доллар, юанийн ханш өсөж, энэ хэрээр монгол төгрөг үнэгүйдэж бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа, нүүрс, зэс, алт гэх мэт стратегийн чухал ач холбогдолтой салбарууд ханшийн өсөлтөд өртөж үнийн хөөсрөлд иргэдийг сөхрүүлж байхад эдийн засгийн тухай ярианд иргэн бүр эрхгүй автах нь тодорхой юм. 

Жишээ дурьдвал, сүүлийн долоо хоногийн байдлаар гэхэд л 1721.85 байсан ам.долларын ханш 1723.22 болтлоо өсөв. Энэ ханш өнгөрөгч нэгдүгээр сарын 29-ны өдрөөс эхэлж улмаар өчигдрийн байдлаар ам.доллар 1722.89 болж буурах төлөв байгааг Монгол банкны хаалтын ханшаар мэдээллээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1620.27 төгрөг болтлоо буурч байсан ам.долларын ханш сар гаруйн хугацаанд даруй 103 төгрөгөөр өсөөд байна. 

Харин өнгөрөгч нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хойш 284.48 төгрөг байсан юанийн ханш өчигдрийн байдлаар 284.26 болж буурчээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын дунд үед 268.4 төгрөг болтлоо буурч байсан юанийн үнийн хувьд шинэ жил, цагаан сарыг угтсан өсөлт гэцгээх олон ч байгаа юм. Тэгэхээр хэдийгээр БНХАУ-ын хил нээгдэж байгаа ч цагаан сарын баяр шувтарч байгаа учраас гадаад валютын үнэ нэг их өсөхгүй болов уу хэмээн “Найман шарга” захын ченжүүд таамаглаж байна. 

Нэг хэсэг л уул уурхай дагаж орж ирэх мөнгөний их хэмжээний урсгалыг хэрхэн зохицуулах тухай яриа манай сайд дарга нарын амнаас байсгээд гардаг байв. Гэтэл өнгөрөгч оноос эхлэн байдал хурцдаж Монгол Улсын саалийн үнээ гэгдэж байсан Оюутолгойн хөрөнгө оруулагчид нүүр буруулж үүнийг дагасан гаднынхан харцаа буруулцгаасан. Өөрөөр хэлбэл, хар алтны зах зээл хямарч бараг л модоо барихдаа тулсан байв. Тэгэвч 2014 он гарсаар энэ сабарын үзүүрт гэрэл ёлтойж салбарынхан уул уурхай, ашигт малтмал тойрсон элдэв ярианд цэг тавьж хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин сайжирлаа. Дахин уул уурхайгаа түшиж хөгжих боломжтой боллоо гэцгээж байна. 

Сайны хажуугаар саар гэгчээр энэ бүх цөс хөөргөсөн яриаг намжаах гэсэн туршлагатай юм үзсэн цөөн “толгой” нь “Уул уурхайн баялагтаа хэт шүтэн эдийн засгаа эмгэгшүүлсэн түүх дэлхийд бий. Голланд өвчин хэмээгдэх эдийн засгийн өвчлөлийн талаар хэн хүнгүй мэдэх болсон. Уул уурхайн их орлого бусад салбаруудыг үнэгүйдүүлж, өрсөлдөх чадваргүй болгодог. Мэдээж баялаг гэдэг дуусч дундаршгүй биш юм хойно эдийн засгаа хэрхэн эмгэгшүүлэхгүй байх вэ гэдэг асуудал чухал. Үүнд Чили зэрэг улсууд ирж буй орлогыг дотоодын эдийн засагтаа аль болох оруулахгүй байх бодлогыг баримтладаг.  

Ямар ч эдийн засаг өөрийнхөө мөнгөн урсгалыг шингээх хэр хэмжээтэй байдаг юм хойно. Тогтвортой байдлын сан гэх мэт Голланд өвчнөөс сэргийлэх олон янзын арга зам байдгийг сануулъя. Тийм учраас бид аз, лай алийг нь ч дагуулах магадлалтай баялгийн орлогын урсгалыг хүлээн авахад бэлтгэлтэй байх ёстой” гэх голчтой, аль нэг рүү нь туйлшрахаас сэргийлсэн үг хэлж анхааруулж байгаа юм. 

Монгол банкны өчигдрийн хаалтын ханшны мэдээгээр юань, ам.доллар ч гэлтгүй бусад валютын үнэ багахан хэмжээгээр буурсан байдалтай байна. Манай улс шиг авсаархан эдийн засагтай орны хувьд гадны мөнгөн дэвсгэртийн үнэ ханшийн савлагаанаас шууд хамаарч амьдрал хөвөрч байдаг нь нуух зүйлгүй үнэн. Тэгэхээр “чандмань эрдэнэ” болсон валют шүтэх хандлага улам бүр нэмэгдэж байгаа энэ үед ханшийн өсөлтийг барих бодлого үгүйлэгдсээр байгааг анхааруулъя. 

Саяхан даа саяхан, юм сайхан байхад нэг боодол биш шүү, хайрцаг шүдэнз 20 төгрөгийн үнэтэй байв. Гэтэл өнөөдөр лангуун дээр “Валютын ханш өссөн шүү дээ” гэх гоё үгээр ченжүүд иргэдийн амыг таглаад хайрцаг шүдэнзийг 100 төгрөгөөр борлуулж байгаа нь ямар ч тайлбаргүй жишээ биш гэж үү.  

М.Мөнхтунгалаг